Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/40

 

2019          05            01                                        2019/ДШМ/40

 

М.Б-д холбогдох

                                                              эрүүгийн хэргийн тухай                                                                                                                               

                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Б-д холбогдох, эрүүгийн 1906016180067 дугаартай, 1 хавтас, 110 хуудас хэргийг хохирогч Ц.Агийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19......оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн ........ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “...........” төрийн өмчит хувьцаат компанид харуул ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн ...... сумын 4 дүгээр баг, ....... гудамж ...... байр ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хуульч овогт М-ын Б/РД:ЕА.......15/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч М.Б  2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хуульч овогт М-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  М.Б-ийг  500 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу  500 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-оос 126800 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ад олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.А давж заалдсан гомдолдоо: М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаах, прокурор хянах, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд хохирогч миний хуулиар баталгаажуулсан эрхийг зөрчиж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь мөрдөн байцаалт, прокурорын хяналт, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд хохирогч Ц.А надад эрүүгийн хэргийн материалтай танилцуулсангүй, шүүх хуралдааны товыг 1 хоногийн өмнө мэдэгдсэнээр шүүх хуралдаанд оролцож, учирсан хохирлоо бүрэн нэхэмжилж, нотлох баримт гаргах боломж олдсонгүй. Хохирогч Ц.А миний бие ялтан М.Б-ийн гэмт үйлдлийн улмаас 219-02-23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл  эмчилгээ хийлгэсээр байна. Хамрын таславч мурийсан тул Клиникйн 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орсон бол ирэх 7 хоногоос Улсын төв клиникийн нэгдүгээр эмнэлэгт нүдний ухархайн цөмөрсөн хугарал нөхөх мэс засалд орохоор эмчийн шийдвэр гараад байна. Компьютер томографикийн шинжилгээгээр нүдний ухархайн хугарлын улмаас нүдний булчин гэмтэж, нүд шахагдсан гэсэн хариу гарч яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Энэ нь хохирогч Ц.А миний биед учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд эргэлзээтэйг нотолж байгаа бөгөөд дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хохирогчийн эрхийг хязгаарласан. Мөрдөгчөөс шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа хохирогч миний эмчилгээний зарим материалыг шинжээчид хүргүүлэлгүйгээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл гэж дүгнэсэнд гомдолтой байдаг. Бодит байдалд миний бие гэмтэл авснаас хойш өдийг хүртэл эмчлүүлсээр байна. Иймд ялтан М.Бид холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: М.Б-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцуулаагүй гэдэг гомдлыг хохирогч А гаргасан байдаг. Гэтэл хавтаст хэргийн материалтай танилцуулах боломжоор хангасан нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцуулах боломжийг мөрдөгч хангана гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Үүнтэй холбогдуулан хохирогч А-гаас 2019.03.30-ны өдөр өгсөн мэдүүлэгт “2019.04.02-ны өдөр нүдний хагалгаанд орох тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байдаг. Мөн хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд мөрдөгчөөс хохирогчид хэргийн материалыг танилцуулахаар дуудсан боловч хохирогч танилцахгүй гэдэг талаараа утсаар хэлсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл авагдсан байдаг. Дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчид танилцуулах ажиллагааг хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлд зааснаар заавал хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагаа явуулахаар зохицуулсан хэрэг. Мөрдөгчийн зүгээс хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасны дагуу прокурор 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх 72 цагийн дотор хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр хуулийн зохицуулалттай. Гэсэн хэдий боловч хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба шүүх хуралдаанд оролцохгүй, харин гарсан эмчилгээний зардалтай холбоотой материалыг факсаар ирүүлж хянан хэлэлцсэн байгаа. Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой иргэний нэхэмжлэлийг гаргасан гэж байгаа боловч эрүүгийн шүүх хуралдаанаас гарсан шийтгэх тогтоолын 6 дахь заалтанд цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтыг нэхэмжлэх эрхийг нь хуульд заасны дагуу дурдаж өгсөн. Энэ тохиолдолд хохирогчийн эрх ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гомдолд  дурдсан  асуудлаар  хязгаарлахгүйгээр  хэргийг  бүхэлд  нь  хянаад  дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Харин хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд шүүгдэгч М.Б нь 2019-02-23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Энэ хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан шаардлагад нийцсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байх төдийгүй мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, хохирогчоос хавтаст хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдснийг мөрдөгчөөс тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргасан байх ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2898 дугаар дүгнэлт/хх 23/-ийг тэдэнд танилцуулсан/хх-24, 25/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогчоос уг дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

            Түүнчлэн шинжээчийн дээрх дүгнэлтэд 2019-02-25-ны өдрийн “IT med” эмнэлгийн гавал тархины тодосгогчгүй КТГ-ын шинжилгээнд: Зүүн талын нүдний ухархайн дотор хана 2.4 см өргөн сууриар этмойд хөндий рүү 1.2 см гүн цөмөрсөн хугаралтай. Зүүн талын этмойд хөндийд шингэнтэй /цус/...зүүн талын нүдний эргэн тойрон зөөлөн эд хавантай. Их тархины эд болон бага тархи, баганан хэсэгт хурц цус хуралт болон эзэлхүүнт өөрчлөлтгүй гэж,           

2019-02-25-ны өдрийн гавал тархины КТГ/сд-1ш/-р: Тархинд эзэлхүүнт өөрчлөлтгүй, дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн болон 3, 4-р ховдлууд хэвийн, гавал ясанд гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй, зүүн нүдний ухархайн дотор хана хугарсан, хугарлын түвшинд этмойд хөндийнүүдэд цустай. Хамрын таславч бага зэрэг мурийсан/шинэ/. Хоёр талын гайморын хөндийнүүдэд доод хэсгээр салст зузаарсан/синусит/ гэж тус тус тэмдэглэгджээ.

Дээрх КТГ-ын шинжилгээнд дурдсан нөхцөл байдлыг үндэслэж, хохирогчийн “зүүн нүдний ухархайн дотор ханын  хугарал,  хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи,  хацар,

хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт”-ыг гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна гэснээс тус тус үзэхэд хохирогчоос гаргаж өгсөн КТГ-ын шинжилгээг үндэслэж, гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарчээ.

Тиймээс шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш хийсэн, хохирогчийн эрхийг хязгаарлаж гарсан гэж үзэхгүй төдийгүй шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгт дахин нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй болно. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний  тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс дурдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэсэн” байх ба хохирогчоос шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн нь шүүхийн мэдэгдэх хуудас/хх-88/-аар тогтоогдож байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.   

Улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцсэн,  шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шийтгэх тогтоолд хохирогчийг өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь  тодорхой, ойлгомжтой зааж өгсөн байх ба хохирогчоос хохиролтой холбоотой давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн баримтаа мөн адил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38, 44 дүгээр зүйлүүдэд заасны дагуу нотлох баримтын шаардлагад нийцүүлсний эцэст дээр дурдсан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэж байна.  

Иймээс  хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.А-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА