Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 123/ШШ2020/0009

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр                 Дугаар                                                    Зуунмод сум

                                             123/ШШ2020/0009

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.В.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн З.Д-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн З.Д-н 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн Л.В.Г ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дугаар зүйлийг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.В.Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч Төв аймгийн З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Б.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Г.Н, Б.Т, А.М, Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.В.Г ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.В.Г ХХК нь Люкс Вүүд Хаус ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж байхдаа Төв аймгийн З.Д-н 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/649 тоот захирамжийн дагуу Төв аймгийн Зуунмод сумын Номт баг, хуульчдын хотхоны урд талд орон сууцны хорооллын зориулалтаар 3 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшсэн. Уг газрыг эзэмшиж эхэлснээс хойш 2 давхар амины орон сууцны "Бугат Хотхон"-ыг барьж ашиглалтад оруулахаар "Ган харш" ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр "Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ", 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулж, ажлын хөлсийг шилжүүлсэн. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулж, түүний дагуу Инженер Геодизи ХХК-иар Барилгын талбайн инженер геологийн дэлгэрэнгүй судалгааг хийлгэсэн. Энэхүү судалгаагаар төслийг хэрэгжүүлэх талаар геологийн дэлгэрэнгүй дүгнэлтийг мөн гаргуулсан. Гэтэл тус аймгийн З.Д-н 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба уг газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар өмнө нь огт мэдэгдээгүй. Төв аймгийн З.Дас уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг баримтлаагүй байна. Учир нь уг захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газрыг ашиглаагүй гэсэн байна. Гэтэл манай компанийн зүгээс уг газрыг эзэмшиж эхэлснээс хойш хөрсний шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хийлгэж, барилгын ажлыг эхлүүлэхээр зураг төсөл боловсруулан, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан нийт 103,832,773 төгрөгийг төсөвлөн, 36,093,223 төгрөгийг зарцуулаад байсан. Дээрх бүх зардал нь газрыг ашиглахтай холбоотой гарсан зардал тул газарт хийсэн хөрөнгө оруулалт гэж үзнэ. Гэтэл З.Дас уг газрыг огт ашиглаагүй мэтээр дүгнэж газар эзэмших эрхийг цуцалсан нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй байна. Түүнчлэн газарт оруулсан дээрх хөрөнгө оруулалтыг үнэлж үзэхгүй эзэмших эрхийг цуцалсан нь захиргааны үйл ажиллагаанд оролцогчийн итгэлийг хамгаалах зарчмыг давхар зөрчсөн. Дээр дурдсан Барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээтэй холбоотой зураг төслийг дутуу, буруу гуйцэтгэсэн талаар Ган харш ХХК-тай 2016 оны 1 сараас маргаан гарч эхэлсэн бөгөөд зөвшилцөж асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байсан боловч уг компани нь дутуу гүйцэтгэсэн ажлыг дуусгаагүй, зөвшилдөхгүйгээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 онд нэхэмжлэл гарган уг маргаан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Бидний зүгээс 2016 оны 12 сард Төв аймгийн З.Д-д шүүхийн маргааны улмаас ажлыг гүйцэтгэж эхлэх хугацаа хойшилсон хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар мэдэгдсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх ба ингэхдээ мөн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан мэдэгдэх зарчмыг хангаагүй, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй буюу тайлбар, нотлох баримт өгөх боломжоор хангаагүй байна. Түүнчлэн захиргааны акт гарсан даруй акт гарсан тухай мэдэгдэж, захирамжийг хүргүүлээгүй байна. Дээрхээс үзвэл З.Д-н захирамжийн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь харагдаж байна. Манай компанийн зүгээс энэ захирамж гарсан талаар мэдсэн даруй 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн З.Д-д Захирамжийг хүчингүй болгох талаар гомдол гаргасан боловч албан бичгээр захирамжийг сэргээх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу зөрчигдсөн эрх ашиг, сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ба Төв аймгийн З.Д-н 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай Захирамжийн Люксвүүд групп ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн З.Д Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Б.О, өмгөөлөгч Г.Н нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.В.Г ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Төв аймгийн Зуунмод сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтын дагуу Л.В.Г ХХК-д Зуунмод сумын Номт баг Хуульчдын хотхоны урд талд 10.2 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай Зуунмод сумын З.Д-н 2014 оны А/145 дугаар захирамжийг аймгийн З.Д-н 2014 оны А/649 дугаар захирамжаар хүчингүй болгож, Л.В.Г ХХК-д 15 жилийн хугацаатайгаар 3 га газрыг эзэмшүүлсэн байдаг. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд олгосон.

Тус компани нь 2014-2017 оны хооронд газраа зориулалтын дагуу эзэмшээгүй буюу газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.Мөн 2014, 2015 оны газрын төлбөрөө төлөөгүй, 2016 оны газрын төлбөр болох 240000 төгрөг төлсөн. Дээрх үйлдүүд нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хууль хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс аймгийн З.Д-н 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй  байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу Аймгийн З.Д-н 2017 оны А/110 дугаар захирамжаар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийт иргэн, хуулийн этгээдэд хандан “Зууны мэдээ” сонины 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №49 дугаарт захирамжийн хуулбар болон мэдэгдлийг нийтлүүлэн хуулийн хүрээнд мэдэгдсэн болно. Аймгийн З.Д-н 2017 оны А/110 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7 дахь заалтуудыг зөрчөөгүй. “Люксвүүд Хаус” ХХК нь аймгийн З.Д-н 2017 оны А/110 дугаар захирамжийг нийтэд мэдэгдсэнээс хойш хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул уг газар дээр үйлчилгээний төв бүхий 42 айлын амины орон сууцны хороолол байгуулахаар төлөвлөж, Зуунмод сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган 2018 оны 12 сарын 03-ны өдөр уг газар дээр 43 байршил дээр цахим дуудлага худалдааг зарлан явуулж, ялагч болсон 43 иргэнээс дуудлага худалдааны үнийг төлсөн 32 иргэнд аймгийн З.Д-н 2019 оны А/29 дүгээр захирамжаар амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Мөн дуудлага худалдаанаас үлдсэн 11 байршилд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин дуудлага худалдаа зохион байгуулж, ялагч болсон 11 иргэнээс 8 иргэн дуудлага худалдааны үнийг төсөвт төлөөд байна. Уг газар инженерийн шугам сүлжээ байгуулах хөрөнгийг аймгийн 2019 оны төсөвт суулган шийдвэрлэж, одоо инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг нийтэд зарлаад байна. Дуудлага худалдаагаар олсон орлогоор тендер шалгаруулалт зарлаад  шугам сүлжээний асуудлаа шийдээд 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөөд цахилгаан гэрэлтүүлийн ажил хийгдээд дууссан. ... Захирамжид хоёр үндэслэлийг шууд зааж өгсөн байдаг. ...Газрыг хууль зөрчиж олгосон, газрыг гэрээнд заасны дагуу ашиглаагүй. Хэн ч хараад хоосон талбай гэдгийн мэднэ. Гэрээнд заасны дагуу ашигласан юм уу гэдгийг тодруулах шаардлага байхгүй. Анхнаасаа “Люксвүүд Хаус” ХХК хуульд заасан үндэслэл журмын дагуу аваагүй, төсөл сонгон шалгаруулалтаар өгөөгүй. Эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй учраас уг эрхийг хөндөгдөхөөс хамгаалах үүрэг захиргааны байгууллагад байхгүй. Илт хууль бус болохыг тогтоосноор субъектив эрх нь сэргэхгүй.  Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ш нарын 37 иргэн, тэдгээрийн төлөөлөгч Б.Т, Г.Н, А.М, Б.И нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн З.Д-н 2018 оны захирамжаар Зуунмод сумын Номт 1 багийн хуульчдын хотхон урд талд амны орон сууц барих дуудлага худалдаа явагдсан. Дуудлага худалдаанд 350 иргэн оролцож дуудлага худалдаагаар ялагч болж үнийн дүнгээ хуульд заасан журмын дагуу төлж газар эзэмших болсон. Аймгийн З.Д-н захирамж гаргахад “Люксвүүд групп” ХХК аймгийн засаг  дарга, газрын албанд шүүхэд гомдол санал хүсэлт гаргасан зүйл байхгүй байсан. Дуудлага худалдаа дуусаад газар дээр очиход газар дээр юу ч баригдаагүй хоосон тэгш газар байсан... З.Д-н захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэлтэй, бидний эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий захиргааны акт Төв аймгийн З.Д-н 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/110 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг зөрчиж газрыг дуудлага худалдаагаар олгоогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн гэсэн үндэслэл зааж, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 48.2.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн Төв аймгийн болон Зуунмод сумын З.Д-н захирамжуудыг хүчингүй болгохдоо “Люксвүүд хаус” ХХК-д 3 га газар эзэмшүүлсэн Төв аймгийн З.Д-н 2014 оны 12 сарын 26-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь 2016 оны 08 сарын  03-ны өдөр “Люксвүүд хаус” нэрээ  өөрчлөн Л.В.Г ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн[1] байна.

Маргааны үйл баримтын талаар авч үзвэл:

1. Төв аймгийн Зуунмод сумын З.Д-н 2014 оны 8 сарын 13-ны өдрийн А/112 тоот захирамжийн дагуу сумын 1-р баг, Хуульчдын хотхоны урд талд байршилтай 10,2 га газарт амины орон сууцны хороолол барих төсөл сонгон шалгаруулалтыг 09 сарын 15-ны өдөр явуулж, сумын З.Д 2014 оны 12 сарын 18-ны өдөр А/145 дугаар захирамжаар 10,2 га газрыг “Люксвүүд хаус” ХХК-д эзэмшүүлсэн.

Тус  захирамжийг Төв аймгийн З.Д 2014 оны 12 сарын 26-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар хүчингүй болгож, уг захирамжид заасан 10,2 га газраас 3 га газрыг нь “Люксвүүд хаус” ХХК-д орон сууцны хороолол барих зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж[2], 2015 оны 01 сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан[3], 03 сарын 27, 31-ний өдрүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэжээ[4].

Дээр дурьдсан Төв аймгийн З.Д-н 2014 оны 12 сарын 26-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий 3 га газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан  иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны З.Д дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг зөрчиж газар олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй байх бөгөөд хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар маргаан бүхий захиргааны акт 2017 оны А/110 дугаар захирамжаар өөрийн хууль бус шийдвэр болох 2014 оны А/110 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасан “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 01 сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 2.2-т газрын төлбөрт жилд 240000 төгрөг төлөх, 3.1-т гэрээний нөхцлийн дагуу газрыг эзэмших, ашиглах, 4.4-т газар эзэмших гэрээг жил бүр дүгнүүлэхээр тус тус заасан ч нэхэмжлэгч  2016 оны газрын төлбөрт 240000 төгрөг төлсөн, бусад онуудад газрын төлбөр төлөөгүй, гэрээгээ жил бүр дүгнүүлээгүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т заасан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 

3. Нэхэмжлэгч нь 2015 оны 02 сарын 12-ний өдөр “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г “Ган харш” ХХК-тай байгуулсан бөгөөд тус компани зураг төслийг дутуу буруу гүйцэтгэснээс маргаан үүсч, “Ган харш” ХХК иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн маргааныг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00676 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “2016 оны 12 сард Төв аймгийн З.Д-д шүүхийн маргааны улмаас гүйцэтгэж эхлэх хугацаа хойшилсон хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар мэдэгдсэн[5]” хэмээн тайлбарласан. Мөн хариуцагч шүүхэд “Люксвүүд” ХХК-ийн төлөөлөл  надтай 2016 онд уулзахдаа барилгын ажлын зургийн гүйцэтгэгч гэх Ган харш ХХК-тай шүүхийн маргаантай байгаа талаар огт дурдаагүй...захирамж гарснаас хойш 2018 оны 5 сарын албан бичгээр гомдол гаргахдаа энэ талаар дурьдан ...хүсэлт гаргаж байсан[6]” хэмээн тайлбарласан зэргээс үзвэл хариуцагчийг шийдвэр гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тайлбар, санал гаргах боломж олгосон гэж үзэх боломжтой байна. 

4. Хууль тогтоогчоос Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлээр төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг албан тушаалтан өөрөө хууль бус шийдвэрээ хүчингүй болгох, 40 дүгээр зүйлийн 40.11-40.1.7 дахь хэсгүүдээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тусгайлан зохицуулсан.

Хариуцагч маргаан бүхий 2017 оны А/110 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг үндэслэсэн нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн өөрийн А/649 дүгээр захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн, харин захирамжийн хавсралтад нэхэмжлэгчийг 2 жил дараалан ашиглаагүй тухай тайлбар бичсэн. Дээр дурьдсанаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй тул түүнд газар эзэмшүүлсэн хууль бус захирамжийг хүчингүй болгох эрхийг хариуцагчид Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлээр олгосон байна. Иймд маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших хугацаандаа Газрын тухай хууль, газар эзэмших гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх, газар ашиглах, хүндэтгэн үзэх шалтгаантай бол мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.  

Дээрх тогтоогдсон үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх тусгай зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ”Люксвүүд групп” ХХК-ийн “Төв аймгийн З.Д-н 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн Л.В.Г ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 108.5, 108.6, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг гардуулахыг шүүгчийн туслах Г.Шаравдоржид даалгаж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН

 


[1] 2-р хавтас хэргийн 137 дахь тал

[2] 1-р хавтас хэргийн 9 дэх тал,

[3] 2-р хавтас хэргийн 225 дэх тал

[4] 2-р хавтас хэргийн 106-107 дахь тал,

[5] 1-р хавтас хэргийн 3 дахь тал,

[6] 2-р хавтас хэргийн 226 дахь тал