Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0052

 

2014 оны 01 сарын 23 өдөр                    Дугаар 52                        Улаанбаатар хот

 

Г.Ж-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Г.Ж-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /0038217/, Булган сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 116 тоот шийдвэрээр 425 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр болсон юм. Гэтэл Булган аймгийн Засаг дарга О 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/331 тоот захирамжаар миний эзэмшлийн 425 м.кв газраас Булган сумын 5 дугаар багийн иргэн Ө.Б-т "С.Магсаржавын гудамжинд буй хувийн **А байрны ** тоотод байрлалтай 285 м.кв газрыг кадастрын зургийн дагуу шинэчлэн олгосугай" гэсэн захирамж гаргажээ.

Г.Ж миний хууль ёсны эзэмшлийн газрыг хууль ёсоор эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр хууль бусаар авсан нь иргэн Ө.Б-тай холбоотой байна. Учир нь миний бие Булган сумын 5 дугаар багт байршилтай **А байрны ** тоотод оршин суудаг бөгөөд уг байрны ** тоотын өмчлөгч гэж өөрийгөө бодож явтал иргэн Ө.Б өөрийгөө ** тоот орон сууцны өмчлөгчөөр, мөн миний эзэмшлийн 425 м.кв газрын 285 м.кв газрыг эзэмшигчээр тус тусад нь улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваад 2013 оны 5 сард бусдад худалдсан байна. Ингээд би тус шүүхэд хандан "Булган аймгийн Засаг дарга М.О-ын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/331 тоот захирамжийг хүчингүй болгуулах"-ыг хүсэж нэхэмжлэлийг гаргав гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Булган сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаар захирамжаар иргэн Г.Ж-д 425 м.кв газрыг олгосон байна. Дээрх 116 тоот захирамжийг үндэслэж түүний хүү Д.Б нь 425 м.кв байх ёстой газрыг 819 м.кв болгон нэмэгдүүлж, кадастрын зургаар баталгаажуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд Булган сумаас Г.Ж-д нэмж 140 м.кв газар олгохоор кадастрын зурагт оруулсан байна.

Иймд иргэн Ө.Б-гийн оршин сууж байсан **А байрны ** тоотын 32 м.кв талбай бүхий орон сууц, 285 м.кв газар нь Г.Ж гуайн 96 м.кв орон сууц 425 м.кв газартай эзэмшлийн хувьд ямар ч холбоогүй тул аймгийн Засаг даргын 2012 оны А/331 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Харин Г.Ж-д  өөрийн амьдарч буй орон сууц, түүнд хамаарагдах газрыг хүсэлтийнх нь дагуу шинэчлэн баталгаажуулж өгөхөд татгалзах зүйлгүйг уламжилъя гэжээ.

Гуравдагч этгээд Д.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 5 дугаар сард иргэн Ө.Б-аас энэ байрыг 12 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Би тэр үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь хараад л худалдаж авсан болохоос газар эзэмших эрхийн зөрчилтэй гэдгийг мэдээгүй байсан. Би одоо шүүхээр маргаанаа шийдвэрлүүлье гэсэн саналтай байгаа. Манайх уг байрыг худалдаж аваад блокон байшин барьсан. Уг барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд зохих байгууллагаас техникийн зөвшөөрөл аваагүй юм. Зөвшөөрөл авах гэхээр 2013 оны 5 дугаар сараас хойш газрын маргаантай, түүнийгээ шүүхээр шийдвэрлүүлсний чинь дараа зөвшөөрөл өгөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гээд зөвшөөрөл өгөхгүй байгаа. Тэр үед Ө.Б-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн эрхийн зөрчилгүй байсан. Би Ө.Б-аас газарт нь болж л байрыг нь худалдаж авсан гэжээ.

Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр, Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/331, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/93 дугаарын захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.П давж заалдах гомдолдоо: Булган аймгийн Булган сумын 5-р баг, **А байрны * тоотод оршин суугч Г.Ж-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Засаг даргад холбогдох Булган аймгийн Засаг даргын 2012 оны А/331, 2013 оны Б/93 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар шийдвэр нь гуравдагч этгээд миний эрх ашигт хохиролтой байх тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Д.П миний бие нь 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэн (Ө.Б гэгчээс Булган сумын 5-р багийн Магсаржавын гудамжны **А байрны ** тоот орон сууцыг худалдан авсан учир уг байрны доорх газрыг эзэмших эрх мөн шилжсэн. Уг байрыг зарах тухай зар орон нутгийн телевизороор явсны дагуу зарлуулагчтай уулзан худалдан авахаар тохиролцоход байрны бичиг баримт банкны барьцаанд байсныг очиж үзэхэд үл хөдлөх болон газрын гэрчилгээтэй баримт бичгийн ямар нэг зөрчилгүй байсан тул бид худалдах, худалдан авах гэрээ хийж, холбогдох бүх баримт бичгийг хууль тогтоомжийн дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэтэл нэхэмжлэгч Г.Ж нь уг байрыг өөрийн өмчлөлийнх гэж маргаснаа нэхэмжлэлээсээ татгалзаж, Аймгийн Засаг даргын газрын асуудлаар гаргасан 2 захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүллээ. Эдгээр захирамжууд нь иргэн Д.П миний болон миний өмнөх уг газрын эзэмшигч байсан Ө.Баянбулагийн газар эзэмших эрхтэй холбоотой захирамжууд юм.

Шүүх бүрэлдэхүүн үндэслэх хэсэгтээ: Нотлох баримтуудаас дүгнэхэд ... Булган аймгийн ИТХ-ын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10/07 тоот тогтоолоор баталсан "Булган хотыг 2017 он хүртэл хөгжүүлэх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай **А байрны ойр орчмын маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа болох нь Аймгийн ИТХ-ын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10/07 дугаар тогтоол, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна" гэжээ. Үүнээс үзэхэд дээрх захирамжууд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар " ... Инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ" гэж заасны дагуу газар эзэмшүүлэх эрх олгосон хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

Хуульд заасны дагуу аймгийн Засаг дарга үндэслэл бүхий шийдвэр гаргаад байхад "2002 онд Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Булган сумын Засаг дарга нь Булган сумын нийт нутаг дэвсгэрт хамааруулан 2003 оны 10 дугаар сарын 24- ний өдөр 116 тоот захирамж гаргасан байх ба аймгийн ИТХ-ын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10/07 дугаар тогтоолоор инженерийн шугам сүлжээ бүхий газарт Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг хамааруулахаар болсон

байхад Булган аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнууд нь 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 116 тоот захирамжид өөрчлөлт хийлгүй өдий хүрч иргэдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 23-р зүйлийн 23.3.7, 23.4.2, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг тус тус зөрчсөн байх тул” гээд бусдын бурууг энэ захирамжтай холбон дүгнэж, Булган аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шинэчлэн олгох тухай" А/331 дугаар, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" Б/93 дугаарын захирамжуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна гэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д "Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэснийг шүүх анхаарч үзэж хэрэгжүүлсэн бол дээрх 2 захирамж шүүхийн журмаар хүчингүй болж миний эрх ашиг хохирохгүй зохистойгоор шийдвэрлэгдэх боломж байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд Засаг даргын дээрх захирамжуудыг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч буй тул хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Булган аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д заасныг үндэслэн Ө.Б-т Булган сумын 5-р багийн **А байрны ** тоотод байрлалтай 285 м.кв газрыг олгосон байх ба мөн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар Ө.Б-ийн эзэмшиж байсан 285 м.кв газрыг Д.П-д шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Ж нь “Булган аймгийн Засаг дарга миний эзэмшлийн 425 м.кв газрын 285 м.кв газрыг, хууль ёсны эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр, хууль бусаар авч Ө.Б-т эзэмшүүлж, улмаар Д.П-д шилжүүлж хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр Булган аймгийн Засаг даргын дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар захирамжийг үндэслэн Г.Ж-д нэгж талбарын 050401911 дугаар бүхий, 425 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар олгож, түүнтэй газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байх боловч хэрэгт авагдсан, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Булган сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/543 тоот албан бичиг /хх-41/, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар 425 м.кв газар түүний оршин суугаа байрны хаана, ямар байрлалд олгогдсон нь тодорхойгүй, газар эзэмших нэгж талбарын хувийн хэрэг байхгүй, кадастрын зураглал үйлдээгүй /газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан албан ёсны тойм зураг байхгүй/, кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, эзэмшил газрын байршлыг тодорхойлох боломжгүй байдлууд тогтоогджээ.

Харин шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн байх ба шүүхээс Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн “ ... нэхэмжлэгч Г.Ж-ийн эзэмшлийн газрын кадастрын зураглалыг одоо бодит байгаагаар гаргаж ирүүлэх” тухай 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/48 тоот албан бичгийн дагуу тус газар 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/758 дугаар албан бичгээр Г.Ж-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураглалыг гаргаж ирүүлэхэд тэрээр байрны орчмын 229 м.кв газрыг, оршин сууж буй байрны доорх 32 м.кв газрын хамт нийтдээ 261 м.кв газар эзэмшиж байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн, түүний хүү Д.Б нь тус **А байрны ** тоотыг эзэмшин амьдардаг ба мөн сумын Засаг даргын дээрх, 2003 оны 116 дугаар захирамжаар эхлээд, 2004 онд байр, түүний орчмын 756 м.кв газрыг эзэмшиж байснаа 2012 оны 8 дугаар сард газрын хэмжээг нэмэгдүүлэн 819 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасны дагуу сумын Засаг даргын, 2003 оны 116 дугаар захирамжийг үндэслэн 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн 0390951 тоот гэрчилгээ олгогджээ.

Ийнхүү нэхэмжлэгч Г.Ж-д анх олгосон 425 м.кв газрын байршил тодорхойгүй учир гуравдагч этгээд Д.П-ийн эзэмшил газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй, хөрш зэргэлдээ амьдрагч Г.Ж 261 м.кв газар, Д.П 285 м.кв газрыг эзэмшиж буй бөгөөд Д.П нь өөрийн оршин суугаа байрныхаа орчмын газрыг бусад өмчлөгч нарын адил эзэмших эрхтэй байна.

Иймд, аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар Ө.Б-т түүний өмчлөлийн, оршин сууж буй байрны нь орчмын 285 м.кв газрыг эзэмшүүлсэн, улмаар гуравдагч этгээд Д.П-д тус газрыг шилжүүлж эзэмшүүлсэн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/93 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгч Г.Ж-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Ийм байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн 164 м.кв газар нь давхцалтай болохыг ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ж-ийн “Булган аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/331, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/93 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.