Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

            Иргэдийн төлөөлөгч Б.Энхзаяа,

            Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр,

            Улсын яллагч П.Даваасүрэн,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаа түүний өмгөөлөгч Б.Нарандолгор,

            Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түнтүүлэй овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201525012290 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон  аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6-286 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 157 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тогтоол биелүүлэхийг 02 жилээр хойшлуулсан, 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Түнтүүлэй овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаяр /РД: РЭ86070310/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 125 дугаар байрны 19 тоотод архины  мөнгө нэхсэнээс болж маргалдах явцдаа иргэн А.Хатанбаатарын зүүн чамархайн тус газар нь шилэн стаканаар цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өглөөний 10-аас 11 цагийн үед би таньдаг хүнтэйгээ уулзах гэж яваад гэрийнх нь гадаа хүлээж байгаад 14 цагийн үед гэр рүүгээ явах замдаа Бартогтохын гэрт очсон. Тэгтэл талийгаач хаалга онгойлгож өгөхөөр нь бид том өрөөнд сууж байтал талийгаач Бартогтохтой 1 шил архи уусан, Бартогтох одоо унтсан байна, надад 1 шил архи аваад өг гэсэн. Тэгээд мөнгө байхгүй гэхэд талийгаач миний цээж рүү цохисон. Би хэсэг зуур амьсгаа авч чадахгүй сууж байгаад босоход дахин цохих гэхээр нь гарт баригдсан стаканаар түүнийг цохисон. Тэгээд талийгаач нүүрнээсээ гарсан цусыг хараад яаж байнаа гээд намайг барих гэхээр нь би цонхоор гарах гэж байхад миний ар нурууг маажсан. Би цонхоор гараад явж байх замдаа дэлгүүрээс 1 шил пиво авч уугаад гэртээ харьсан. Гэртээ 15 цагийн үед очоод хажуу талын байшинд унтаж байгаад 19 цагийн үед гэртээ ороод зурагт үзэж байтал 21 цагийн үед ээж маань гэрээсээ айлын цайллаганд явсан. Намайг гэртээ унтаж байтал 22 цагийн үед Бартогтох манайд ирсэн. Өмнө нь Бартогтох манай гэрт шууд орж ирж байгаагүй тул би гайхаад авдранд байсан 0,5 литрийн хар чингис архийг задлан хувааж уусан. Тэр архийг ууж байх явцад Бартогтох талийгаачийг гэрт нь агсам тавьсан гэж хэлсэн. Мөн 00 цагийн үед Сайханбаяр, Хатанбаатар нар манай гэрт байгаа гэж Бартогтох хэлээд манайд очъё гэсэн. Тэгээд бид дэлгүүрээс 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад Бартогтохын гэрт очиж том өрөөнд нь ороод архиа ууж эхэлсэн. Намайг Сайхнаа хаашаа явсан юм бэ гэхэд гараад явсан байна гэж хэлээд Хатнаа ахыг гал тогоонд байгаа гэхээр нь очиж сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь биед нь хүрэхэд бие нь хүйтэн болсон байсан. Тэгэхээр нь би энэ хүн үхсэн юм биш үү гэж Бартогтоход хэлээд гэр рүүгээ 01 цагийн үед явсан. Өглөөний 08-аас 09 цагийн үед манай хорооны цагдаа гэрт ирж намайг авч явсан гэв. 

Би талийгаачтай дотно харьцаатай байсан. Би ийм зүйл болсонд талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Би талийгаачийг алах санаа зорилго байгаагүй юм гэв.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2015 оны 10 сарын 15-ны өдрийн 14-нөөс 15 цагийн орчим Бартогтохын гэрт нь очиход хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь цохиход Хатанбаатар нилээн согтуу хаалга нээгээд цугтаа дотогшоо ороход Бартогтох том өрөөнийхөө паарны урд газар унтаж байсан. ...Хатанбаатар араас гэрийн хаалганы цоожийг түгжээд түлхүүрээ халааслаад том өрөө рүү орж ирээд намайг хаанаас ирж байгаа юм бэ гэхээр нь би Өлгийгөөс ирлээ Нямка ахтай уулзах гэсэн чинь Нямка ах алга байна гэсэн чинь талийгаач Бартогтох бид хоёр түрүүхэн 1 шил архи уучихаад байж байна. Хатанбаатар намайг чи яасан морьгүй явж байх юм бэ? гэхээр нь за за юм байхгүй бол явъя даа гэсэн чинь чи одоо надад нэг шил архи аваад өг гэж хэлэхээр нь би надад мөнгө алга байна гэсэн чинь талийгаач битгий худлаа яриад бай алив үзье гээд миний халаасуудыг нэгжиж үзье гээд үзсэнээ мөнгө гарч ирээгүй болохоор чи мөнгөө хааш нь нуучихаад ороод ирвээ гээд миний цээж рүү хоёр удаа баруун гараагаа цохихоор нь би талийгаачийг та яаж байна аа гэтэл чам шиг гуйлгачинг алчихсан ч яадаг юм гээд зүүн гараараа намайг элэгдэхээр нь би доошоо сууж байгаад амьсгаа аваад газар тулаад босох гэтэл гарт шилэн стакан баруун гарт баригдахаар нь би дээшээ өндийгөөд босох гэтэл талийгаач намайг дахиад цохих гэхэд нь би цочихдоо стакантай гараараа талийгаачийн зүүн чамархай хэсэгт нэг удаа цохиод талийгаачийг харахад талийгаач нүүрээ дараад гараа харсанаа гар нь цус болчихсон байсан чинь чи муу яаж байна аа гээд чамайг ална гээд босоод ирэхээр нь би шууд цаашаа цонхоор гарч зугтаагаад гэртээ харихад 15 цаг өнгөрч байсан байхаа ээж ганцаараа байсан. ....22-н цагийн орчим Бартогтох ганцаараа архи нь гарчихсан бага зэрэг халамцуу орж ирээд гэрт Сайхнаа, Хатанбаатар хоёр унтаж байгаа Хатанбаатар согтохоороо ямар тавьтаргүй юм бэ одоо харихаараа хөөж явуулна аа гэж ярьж байсан. Тэгээд би авдар дотор байсан 1 шил 0.5-ын хар чингис архиа хувааж уугаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гэрт байсан үсний машиныг авч гараад манай гэрийн урд талын “ Тэргүүн айл” хүнсний дэлгүүр орж үсний машинаа 0,75-гр Монгол стандарт архиар солиод Бартогтохын гэрт ороход Хатанбаатар гал зуухны өрөөнд нь дээшээ харчихсан унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд би Бартогтохоос Сайханааг асуухад мэдэхгүй гараад явчихсан юм байгаа биз гэж байсан. Тэгээд Бартогтох бид хоёр том өрөөнд нь орж, авсан архиа задлаад дээрээс нь ганц нэг татаад сууж байхдаа би хөөе Хатанаа ах гээд дуудсан чинь босч ирэхгүй байхаар нь харсан чинь царай нь сонин болчихсон байхаар нь айгаад наад хүн чинь үхэж гай болж байгаа юм биш биздээ гээд ер нь больёо гээд би гарч яваад гэртээ ирээд унтсан. Бартогтохынхоос гарахад цаг 01 цаг л болж байсан байх. Тэгээд шууд гэртээ ирээд унтаад өглөө сэрэхэд 08-аас 09 цагийн орчим манай хорооны байцаагч Очирсүрэн орж ирээд намайг аваад гарсан. Намайг өдөр Бартогтохынд ороход Хатанбаатар цээж нүцгэн саарал өнгийн өмдтэй гуталаа тайлчихсан байсан. Орой очиход улаан өнгийн өмд өмсчихсөн өмд нь цус болчихсон байсан. Би угаасаа Бартогтохынхоор орж гардаг байсан учраас ямар нэг санаа зорилго байгаагүй. Хатанбаатар бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Бид хоёрт ямар нэг өс хонзон, өр авлага байхгүй.  Би Хатанбаатарыг цохихдоо эрүүл байсан. Түлхүүрээр хаалгаа цоожилчихоод Хатанбаатар намайг гаргахгүй байхаар нь уур хүрээд цохьсон өөр ямар нэг санаа зорилго, өс хонзон байгаагүй. Би өглөө 10 цагт гэрээсээ гараад Алтан-Өлгий орж Нямка ахынд очоод тэнд байж байгаад өдөр харих замаараа Бартогтохынхоор орсон. Ямар нэг архи дарс уугаагүй байсан. Намайг Хатанбаатарыг стаканаар цохих үед Бартогтох согтуу газар унтаж байсан. Байс хийгээд өндийж харчихаад буцаад унтаад байсан. Тийм учраас хараагүй байж болох юм. Намайг Хатанбаатарыг стаканаар толгой уруу нь цохиход Хатанбаатар толгойгоо дараад орон дээр суугаад үлдсэн. Толгойноос нь цус гарч байсан. Хамаатны хүн нас барсан гэхээр тухайн үедээ цочирдоод талийгаачийг намайг цохьсон үйлдэл болон энэ тэрийг яриагүй орхисон байна. Яагаад яриагүй гэхээр хамаатны хүн нас барчихсан байхад ёс зүйгүй юм болов уу гэж бодоод хэлээгүй юм /хх-1-р хавтас-194-195, 198-200х/ гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай дүү бэр гуйх байсан. Тэр өдөр манай аав ээж гэрээсээ гарах гээд байж байтал Цагдаагаас ээж рүү ярьсан. Тэгээд бид аавтайгаа цагдаа дээр очиж талийгаачийн зургийг нь харж, таних ажил хийгээд дүү маань мөн байсан тул шүүх эмнэлэг рүү очиж цогцос таних ажилд оролцсон. Нас барсан цаг хугацаанаас нь хойш 2 хоногийн дараа хөдөөлүүлсэн. Хамаатан байж яагаад дүүг маань хаяаад явсан юм бэ, эмнэлгийн тусламж яагаад үзүүлээгүй юм бэ гэдэгт их гомдолтой байна. Өмнө нь шүүгдэгч 2009 онд дүүгийн маань араас хутгалж, тэр хутгаа авч яваад алга болгосон. Би энэ талаар мөрдөн байцаагчид хэлж байсан. Тийм учраас манай дүү шүүгдэгчид дээрэлхүү хандаж байсан байх магадлалтай юм. Шүүгдэгч дүүд маань зодуулсан гэж хэлж байгаад итгэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн үед зодоон болсон баримт илрээгүй. Шүүгдэгчийг санаатай дүүг маань алсан гэж бодож байна. Дараа нь үхсэн эсэхийг нь шалгах гэж дахин ирсэн гэж үзэж байна. Дүү маань манай голомт залгах хүү байсан тул аавын маань санаа зовоод бие нь маш муу байгаа. Талийгаачийг нас барсны дараа шүүгдэгчийн ар гэрээс манай талтай ирж уулзаагүй. Яагаад бидэнтэй уулзахгүй байна, яагаад хохирол мөнгө төлөхгүй байна гэдэгт гомдолтой байна. Шүүгдэгчийг үхсэн хүн үг хэлэхгүй болохоор зарим зүйлийг дэгэсдүүлэн ярьж байна гэж хэлмээр байна. Нийт зардал 8.100.000 гаруй төгрөг болсон. Тухайн үед баримт цуглуулж чадаагүй. Зарим газар баримт өгөөгүй тул баримтгүй зардал байгаа. Би байсан баримтаа барагцаагаар 6.000.000 төгрөг болно гэж нэхэмжилсэн. Гэхдээ баримтаар 6.870.000 төгрөг болсон. 06 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэбаярын аав нь манайд ирж 1.000.000 төгрөг өгсөн байсан гэв. 

 

Гэрч  Д.Бартогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 10 дугаар сарын 14-ний орой 21-ээс 22 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байхад Сайханбаяр манайд 1 шил 0.5 гр Улаанбаатар архи барьчихсан ирсэн. Тэгээд авчирсан архийг нь манайд Сайханбаяр бид хоёр хувааж уугаад шөнийн 01-ээс 02 цагийн орчим дахиж Генерал зочид буудал орж, Улаанбаатар нэртэй 0.75 гр архи аваад буцаад манайд очиж шөнөжингөө зурагт үзэнгээ хувааж уугаад өглөөний 05-аас 06 цагийн орчим унтацгаасан. Би унтахдаа тархины эм уугаад унтсан. Би тархины өвчтэй болохоор унтах болгондоо нойрны эм ууж унтдаг юм. Тэгээд өглөө 11-ээс 12 цагийн орчим хаалга хүн тогшихоор нь Сайханбаяр очиж онгойлгоход талийгаач ганцаараа орж ирээд суусан Сайханбаяр зөрөөд явсан. Би архи уучихсан бас нойрны эм уучихсан байсан учир буцаад унтаад өгсөн. Талийгаач ганцаараа үлдсэн. Би 20-21 цагийн орчим сэрэхэд гэрээр дүүрэн цус болчихсон том өрөөний голын хивс,  том өрөөний суудаг буйдан нил цус болчихсон коридорын шал нил цус болчихсон байсан. Тэгээд хартал талийгаач гал тогооны өрөөнд цээж нүцгэн ширээний хажуугаар хэвтэж байхаар нь би хөөе бос гэж хэлсэн чинь босохгүй байхаар нь би тамхи татахаар гараад Эрдэнэбаярынд очиход Эрдэнэбаяр гэртээ ганцаараа байсан. Тэгээд намайг ирлээ гэж 1 шил 0.5 гр чингис архи задлаад тэрнийг нь хувааж уугаад Эрдэнэбаяр танайд очъё гээд бид хоёр манайд очихоор Эрдэнэбаярынхаас гараад дэлгүүр орж 0.75 гр Монгол стандарт архи аваад манайд очсоноо талийгаачийг харангуутаа би явлаа гээд буцаад гараад яваад өгчихөөр нь би талийгаач дээр очоод яачихсан юм болоо гээд цээжин дээр нь чихээ тавьж үзтэл амьсгалахгүй байхаар нь шууд цагдаа дээр ирж хэлсэн. Эрдэнэбаяртай уугаад байж байхад Эрдэнэбаяр би танайд өдөр очсон ш дээ гэж байсан. Манайд баахан архи уусан байх юм. Хэрүүл зодоон болсон эсэхийг би мэдэхгүй. Би тамхи асуух гэж Эрдэнэбаярынд очсон өөр санаа зорилго байхгүй /хх-1-р хавтас 48х/,

Би талийгаачтай хэзээ хаана тааралдсанаа мэдэхгүй байна. Урьд орой нь намайг гэртээ ганцаараа байж байхад гэгээ тасрах үеэр Нямка нэг залуугийн хамт манайд ирж бид гурав 1 шил 0.75 гр архи уугаад сууж байтал шөнө гаднаас Сайханбаяр ганцаараа орж ирэхдээ 0.33 гр нэг шил архи, пиво байсан учир Сайханбаярын архийг задлаад ууцгаасан. Тэгээд тэр шөнөдөө Сайханбаяр бид хоёр генерал буудал руу явж тэндээс цааш нь юу болсоныг би сайн санахгүй байна. Генерал баарнаас архи аваад ирэхэд Нямка болон Нямкатай цуг явж байсан Наранбаатар гэх залуу байсан. Бид дөрөв  архиа ууцгаасан. Архиндаа согтоод нэг сэрэхэд маргааш орой нь 19-ээс 20 цагийн орчим болж байсан. Гэрийн үүдний хэсгийн шал, буйдан сандал цус болчихсон том өрөөний цонх онгорхой байсан. Талийгаач гал тогооны өрөөнд ганцаараа цээж нүцгэн хэвтэж байхаар нь би согтуу тасраад уначихсан байна гэж бодоод за за эндээ унтаж байг гэж бодоод Эрдэнэбаярынх руу очиход Эрдэнэбаяр гэртээ ганцаараа аав ээж хоёр байхгүй гээд сууж байсан. Тэгээд надад 0.5 гр жижиг Чингис архи задлаад тэрнийгээ гэрт нь хувааж уугаад дуустал Эрдэнэбаяр танайд очъё ээж одоо ирнэ гээд Эрдэнэбаярынхаас цуг гараад замаараа дэлгүүрээс 0.75 гр архи аваад шууд бид хоёр манайд ирсэн. Тэгээд Эрдэнэбаяр талийгаачийг гал тогооны өрөөнд хэвтэж байхыг мөн гэрт цус болсон байсныг нь хараад өө би явлаа гээд буцаад гараад явчихаар нь би гал тогооны гэрлээ асаагаад талийгаачийг харсан чинь уруул нь цайчихсан байхаар нь шууд цагдаа дээр ирж дуудлага өгсөн.  Талийгаачийн бие хаа нь цус болсон зүйл байхгүй зүгээр байсан. Талийгаачтай архи уусанаа ердөөсөө санахгүй байгаа. Цуг гаднаас орж ирсэн эсэхээ ерөөсөө мэдэхгүй байна. Талийгаач хэзээ нь манайд орж ирсэн эсэхийг би мэдэхгүй байгаа. Яагаад гэхээр би архи уугаад согтуу байсан учраас зарим нэг юмнуудыг хольж сольж яриад санахгүй мэдэхгүй байгаад байна. Миний биед архи уухын өмнө шалбарч зулгарсан зүйл байсан эсэхийг би мэдэхгүй, анзаараагүй. Тухайн үед ч надаас цус илэрснийг би мэдэхгүй байна. Талийгаачийн хувцасыг хэн тайлсаныг ч би мэдэхгүй. Эрдэнэбаяртай арай ойр дотно учраас Эрдэнэбаярынд очсон. Би Эрдэнэбаярынд нэг удаа орж байсан тухайн үед Эрдэнэбаяр манай зурагтыг  авчихсан байсан учир би очиж зурагтаа очиж авч байсан юм. Хаалгыг нь нүдэж байгаад орж байсан юм. Сая ороход бол хашааныхаа хаалгыг тайлахгүй болохоор нь шууд орсон юм. Хэрэг болдог урьд өдөр нь бол манайхаар Нямка, Наранбаатар, Сайханбаяр нар ирсэн өөр хүн бол ирээгүй. Би тэр үед согтуу тасраад хэвтэж байна гэж бодсон түүнээс зодуулчихсан үхчихсэн байна гэж бол бодоогүй. Эрдэнэбаяр орой нь манайд орж ирээд шууд зугтаагаад гарахад нь би мэдсэн /хх-2 дугаар хавтас -124х/ гэжээ.

 

Гэрч Ц.Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 32 дугаар СӨХ-ийн 125,121 дүгээр хоёр байрны цэвэрлэгээг хариуцдаг юм. Энэ ажилд 2007 онд ороод 8 жил хийж байна. Бартогтох миний хариуцдаг 125 дугаар байрны 19 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн үед эхнэр нь ирж очин байгаа. Би Бартогтохыг ерөнхийдөө мэднэ. Бартогтохын ээж нь ирхээрээ Бартогтохыг дандаа захидаг байсан. Бартогтохыг архи уугаад ухаан алдаж унадаг гэдэг байсан. Одоогоос 3 хоногийн өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 40 минутын үед намайг СӨХ дээр байхад Бартогтох ганцаараа орж ирээд танд энэ гэрийнхээ түлхүүрийг өгчихье янз бүрийн юм болох юм бол та орж ирээрэй орж ирэх эрхийг би таньд өгч байна гээд нэг ширхэг гэрийнхээ түлхүүрийг өгөхөөр нь би наад тавиур дээрээ тавьчих гээд авсан. Тэгээд Бартогтох гараад явсан. Түлхүүр өгөх гэж орж ирэхдээ бол эрүүл саруул ганцаараа байсан. Надад түлхүүр өгсөнөөсөө хойш 2 өдөр архи дарс уугаагүй эрүүл саруул ганцаараа явж байгаа харагдсан. Ер нь согтуу бол харагдаагүй. Тэгсэн өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15-аас 16 цагийн орчим Бартогтохын гэрийн дээд давхарт нь байдаг өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй над руу утсаар яриад орцны хаалга эвдээд хаячихсан байна хүрээд ирээч гэхээр нь би найз Ариунтуяагийн хамт очоод хаалгыг янзалж байтал багш эмэгтэй энийг хараа нил цус коридороор дүүрэн байна. Бартогтохынхоос гарсан юм биш үү гэхээр нь хартал Бартогтохын гэрийн үүднээс цусан дуслууд дусаад коридороор дусаад орцоор гараад зам хөндлөн гараад баруун зүгрүү жижиг хашаа хүртэл дусалсан байхаар нь тэр цусыг дагаж үзээд шууд Бартогтохын гэрийн хаалгыг татсан чинь цоожтой байхаар нь гаднаас нь цохиод тайлахгүй байхаар нь түлхүүрээр нь цоожийг хоёр эргүүлж онгойлгоод ортол яг үүдэнд Бартогтох нилээн согтуу гөлөрчихсөн хаалга руу хараад зогсож байхаар нь дотогшоо оролгүй өө согтуу байна гээд хаалгыг нь хаагаад байрны араар ороод цонхон дээр нь ирээд харахад  цонхных нь салхивч онгорхой цонхны рамны гадна талыг хүн цустай гараараа барьчихсан юм шиг хоёр гурван газарт цус болчихсон байсан. Цонхны доод талаар архины шилнүүд их байх шиг байсан. Мөн төмөр ногоон зүлгэний хайснаас 2 алхам зайд нөжирсөн цус бас хажууд нь хэрэглэсэн бэлгэвч байсан. Тэгээд Ариунтуяа бид хоёр СӨХ ороод би ээж рүү нь утсаар залгаад Бартогтох согтуу байна зодоон хийсэн бололтой цус болсон байна гэж хэлсэн чинь Амгалан наадах чинь нэг бол хүнд алуулна нэг бол хүн алж хүн амины хэрэг гарна шүү миний дүү сайн харж байгаарай. Миний бие муу байна тархиар хатгуулаад байна гээд утасаа тасалсан. Бартогтохын хувцас хунар нь зүгээр байх шиг байсан. Гэр доторх нь цус болсон юм байгаагүй. Цаашаа ороогүй болохоор бусад өрөө нь ямар байсныг мэдээгүй. Бартогтох өөрийгөө унадаг татдаг, намайг унаж татах юм бол та ороод ирээрэй гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Ер нь манай байрны оршин суугч нар гадаад юм уу хөдөө явах болохоороо надад түлхүүрээ үлдээгээд явдаг юм. Тэрэн шиг л санаад түлхүүрийг нь авсан юм.  Бартогтохын гэрээс цус дуслаад гарсан учир мөн Бартогтох түлхүүрээ хаячихаараа цонхоороо болон тагтаараа орж гараад байдаг юм. Бартогтохын цуг архи уудаг найзууд нь хүртэл цонхоор нь орж гарч харагддаг. Би байнга тэр хавиар байдаг учраас мэдэж байна. Бартогтохын гэрт байнга хүмүүс ирж архи уудаг. Харвал би танина. Түүнээс нэр усыг нь би мэдэхгүй /хх-1 дүгээр хавтас 51-52х/ гэжээ.

 

Гэрч Д.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Манай хүү Ц.Эрдэнэбаяр айлын гурван хүүхдийн хоёр дахь хүүхэд байгаа юм. 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн. Бага насаа Эрдэнэт хотын цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1994 онд Эрдэнэт хотын Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж суралцаад 2004 онд 10 дугаар ангиа төгсөөд ТИС-ийн Механик инженерийн сургуульд орж суралцаад  3 дугаар курсээсээ төлбөрийг нь төлж барахгүй болоод сургуулиас гаргаж, барилгын курсэд орж суралцаад цахилгаанчин болж төгсөөд энд тэнд барилгын цахилгаанчинаар ажиллаж байсан. Яг тогтсон нэг газар ажиллаагүй. Зан чанарын хувьд бол хүү маань дэндүү зөөлөн зантай цайлган хүүхэд зантай гэнэн. Сурлагандаа бол сайн. Архи дарс бага зэрэг хэрэглэдэг архи уугаад агсам согтуу тавиад байдаггүй. Тийм хүүхэд байсан. Эхнэр хүүхэд бол аваагүй. Надтай амьдардаг байсан. Цуг ажиллаж байгаа хүүхдүүдтэйгээ нийлж нөхөрлөдөг байсан. Сүүлийн 1,2 сар Бартогтохынхоор орж гараад байдаг байсан. Би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 05 цагийн үед эмчилгээтэй гарсан. Намайг гарахад Эрдэнэбаяр унтаад үлдсэн. Тэгээд би 10 цагийн орчим гэртээ ирэхэд бүхлээрээ хэвтэж байхаар нь чи чинь одоо архи уучихсан юм биш биздээ гээд босооч гээд өшиглөсөн. Архи уусан байсан эсэхийг нь би мэдэхгүй. Эрдэнэбаяр босоод гараад явсан. Өдөр 14-15 цагийн орчим Эрдэнэбаяр бага зэрэг халамцуу орж ирээд ээжээ хоол хийгээгүй юм уу гэхээр нь би завгүй байна чи өөрөө хийчих гэж хэлсэн чинь буцаад гараад явчихсан. 19 цагийн орчим болов уу халамцуу гэртээ ирээд хуушуур идээд цай уучихаад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би чи одоо битгий гараарай гэж хэлсэн чинь Эрдэнэбаяр би гарахгүй гэж хэлээд орондоо орсон. Энэ үед манай хөгшиний дүүгийнх нь хүүхэд хуримтай, намайг дуудаад байсан учир 21 цагийн орчим би явсан. Намайг Эрдэнэбаяр ээж та ганц өдөр санаа амар явчихаад ирээч би одоо гарахгүй гэж хэлээд үлдсэн. Тэгээд би хуримнаас шөнийн 03-аас 04 цагийн үед гэртээ ирэхэд Эрдэнэбаяр ганцаараа унтаж байсан. Тэгсэн өглөө 9 цагийн орчим Очирсүрэн цагдаа ирээд аваад явсан /хх-1 дүгээр хавтас- 60х/ гэжээ.

 

Гэрч З.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим өөрийн ажиллуулдаг өдөр өнжүүлэх бүлэг рүү орж ирээд хүүхдүүдийнхээ хоолыг өгчихөөд байж байсан  чинь дүү Ариунаа нөхөр хүүхдийн хамт орж ирээд цай ууж байхдаа Бараа ахын хаалган дээр муухай үнэртэй 2 хүн хаалгыг нь нүдээд зогсож байна гэж хэлчихээд нөхөр хүүхэдтэйгээ хамт гараад явсан. Би 15 цаг 20 минутын үед өдөр өнжүүлэхээс гараад доошоо шатаар бууж явтал 29 тоот хаалган дээр 175 см орчим өндөртэй дээгүүр өмссөн куртик нь алаг буюу дээд тал нь улбар шар доод тал нь хөх өнгийн куртиктэй эрэгтэй хүн зогсож байсан. Ямар гутал өмд өмссөн байсанг нь санахгүй байна. Намайг хаалга нүдээд зогсож байсан хүний хажуугаар  өнгөрөхөд өвгөнтийн архичидаас үнэртдэг нихүүн муухай үнэр үнэртэж байсан. Би 125 дугаар байрнаас гараад хажуу талын өөрийн амьдардаг 121 дүгээр байрны 2 тоотод ороод сууж байхад манай дүү Ариунаа нөхөр хүүхдийн хамт манай гэрт орж ирээд манай орцны урд нил цус болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд гэрээсээ гараад өдөр өнжүүлэх рүү орох гээд дээш өгсөхөд 2 дугаар давхарын шат цус болсон байсан. Намайг шатаар дээш өгсөх үед 15 цаг 30 минут болж байсан байх. Би Бартогтохыг танина 125 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг болсоноос хойш таньдаг болсон. Би энд үйл ажиллагаа явуулаад 1 жил гаруй болж байна. Бартогтох өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан. Одоо сүүлийн үед эхнэр хүүхэд нь огт харагдахгүй байгаа. Энэ хүн маш их архи уудаг. Ойр хавийн архичдыг цуглуулаад байдаг. Их хэцүү хүн байгаа юм /хх-1 дүгээр хавтас 58-59х/ гэжээ.

 

Шинжээч эмч М.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Ир ирмэгтэй зүйл гэдэгт бол хагархай шилэн стакан орно. Шилэн стакан өөрөө хагарч байж ир ирмэгтэй зүйлийг үүсгэж байгаа. Шилэн стаканы хагархай хэсгийн ирмэгтэй зүйлээр үүсгэгдэж болно. Шилэн стаканы хагархай хэсгийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан нас барсаны дараах гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг хэлнэ. Богино хугацаанд эмнэлэгийн яаралтай тусламж авсан бол амьдрах боломжтой байсан. Талийгаачийн уг гэмтлийг аваад хэдий хугацаанд амьдрах боломжтойг тогтоох боломжгүй. Гэмтлийг аваад тэр даруйдаа эмнэлэгийн тусламж авсан бол амьдрах боломжтой. Талийгаач уг гэмтлийг  аваад идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Талийгаачийн биед  учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-2-р хавтас 133-134х/ гэжээ.

 

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1386 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр зүүн чамархайд гүн зүсэгдсэн шарх, духанд өнгөц шарх, духанд зулгаралт, зүүн хөмсөг, дээд уруулд өнгөц шарх, зүүн, баруун дал бүсэлхийд нас барсны дараах зулгаралт, зүүн, баруун өвдөгт хуучин шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Зүүн чамархай, дух, дээд уруул, зүүн хөмсөгт үүссэн шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь зүүн чамархайд үүссэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.

4. Талийгаач нь Ва(III) бүлгийн цустай байна.

5. Талийгаачийн цусанд 5,0 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг илэрхийлнэ.

6. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй /хх-1-р хавтас-78х/ гэжээ.

 

Шүүх эмнэлэгийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9206 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн аяганы хагархайнууд, хөвөн бамбарт шингээсэн толбо 13 ширхэг, буйдангаас авсан толбо 1 ширхэг, марьлд шингээсэн арчдас 2 ширхэг, порлон 1 ширхэг, үүдний өрөөний шалан дээрээс авсан толбо 1 ширхэг, цонхны гадна талд байх толбо дээр цус илэрсэн. Дээрх бүх эд зүйл дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна.

Хөх өнгийн асаагуур, Parliament тамхины хайрцаг, 4 ширхэг Parliament тамхины иш,  ширхэг CIGAR тамхины иш нь  дээр цус илрээгүй /хх-1х-90х/ гэжээ.

 

Шүүх эмнэлэгийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9218 дугаар шинжээчийн  дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын нөхөн үзлэгээр бэхжүүлж авсан №1, №2, №3, дугаартай цус мэт зүйлийн арчдас, буйдангийн завсараар үүрч бутарсан шилний хэлтэрхий, зочны өрөөний цонхны гадна давцан дээрээс авсан арчдас, зочны өрөөний цонхны доод ирмэгээс авсан арчдас, гандаж шарласан өвсөн дээрх цус мэт зүйл, цус зүйлээр бохирлогдсон шороо, төмөр хашлаганы доод  хэсгээс авсан цус мэт зүйлээр бохирлогдсон чулуун дээр цус илэрсэн. Дээрх бүх зүйлс дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна /хх-1х-101х/ гэжээ.

Шүүх эмнэлэгийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9390 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

Ц.Эрдэнэбаярын гэх цус  нь В(III) бүлгийн харьяалалтай байна /хх-1х-112х/ гэжээ.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын  1127 дугаартай дүгнэлтэнд:

           1. Ц.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна

            2. Ц.Эрдэнэбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

3. Ц.Эрдэнэбаяр нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

4. Ц.Эрдэнэбаяр нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ц.Эрдэнэбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна /хх-1х-177х/ гэжээ.

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14949 дугаар акт:

1. Ц.Эрдэнэбаярын биед баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-1х-229х/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Ц.Эрдэнбаярыг сэжигтэн, яллагдагчаар татан байцаасан тэмдэглэлүүд \хх-1х-194-195,198-200х\, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-1х-45-47, 2х-161х/, гэрч Д.Бартогтох /хх-1х-48х/, Ц.Амгалан /хх-1х-51-52х/, Д.Нямсүрэн /хх-1х-60х/, З.Амартүвшин /хх-1х-58-59х/,  шинжээч эмч М.Отгонбаатар /хх-2х-133-134х/ нарын мэдүүлгүүд, 1386, 9206, 9218, 9390 1127, 14949 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-1-78, 90,101, 112, 177, 229х/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х-3-8, 25-28, 245х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-9-24, 29-35х/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-36х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-27-28, 40-44х/, хохирлын баримтууд /2х-183-187х/, Ц.Эрдэнэбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-224х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-202х,/ мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2хх-181-182х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 125 дугаар байрны 19 тоотод хохирогч А.Хатанбаатартай  маргалдах явцдаа шилэн стаканаар зүүн чамархайн тус газарт нь цохиж, гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж, цочмог цус алдалтын улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, фото зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Эрдэнэбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай анггийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар  ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон гэм хор учруулсаны хохиролд 1000000 төлсөн байдлуудыг харгалзан үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаа оршуулгын зардалд 6877892 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч шашны зан үйлтэй холбогдолтой хэсгийг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч шүүх шүүгдэгчийн ар гэрээс төлсөн гэх 1 сая төгрөгийг хасаж, үлдэх 5877892 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 265 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохилтой байна.

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тамхины хайрцаг 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, шилэн аяганы хагархайнууд, порлон, Стандарт архины шил 2 ширхэгийг устгаж, Ц.Эрдэнэбаярын өмсөж явсан гэх хүрэн өнгийн үдээстэй 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Түнтүүлэй овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Цэнд-Аюушийн Эрдэнэбаярыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт оногдуулсан 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн цагдан хоригдсон 265 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тамхины хайрцаг 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, шилэн аяганы хагархайнууд, порлон, Стандарт архины шил 2 ширхэгийг устгаж, Ц.Эрдэнэбаярын өмсөж явсан гэх хүрэн өнгийн үдээстэй 1 хос гуталыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын хувьд ноогдох хөрөнгөөс 5877892 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаад олгосугай.

 

7. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ

 

                                       ШҮҮГЧИД                                С.ӨСӨХБАЯР

                                                                       

                                                                                  Д.МӨНХТУЯА