Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2455

 

“Ххб” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03076 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ххб” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Л-ид холбогдох

 

45 213 077,80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч Б.Л-,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л- нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус банктай ЗГ-РСС2014121721-2 тоот Зээлийн гэрээ, БГ- RCC2014121721-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 90 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Л- нь ЗГ-RCC 2014121721-2 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн 000179337 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204040358 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоотын 72.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 90 000 000 төгрөгөөс 48 031 149,22 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 37 657 984,66 төгрөгөөс 36 561 496,20 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг олгож байсан боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 41 968 850,78 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 913 740,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 182 748,08 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 8 500 төгрөг.

Иймд зээлдэгч Б.Л-оос зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 43 073 839,24 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 519 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ-RCC2014121721-2 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан зээлдэгчийн өмчлөлийн 000179337 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204040358 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоотын 72,32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү болох 2 139 238,56 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 45 213 077,80 төгрөг нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 41 968 850,78 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 696 439,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 539 287,84 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 8 500 төгрөг.

Зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 45 213 077,80 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 697 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Зээлдэгчээс төлсөн мөнгийг банк программын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож суутгаж авсан байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дараалал шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой дараалал гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 сард Ххб-наас 90 000 000 төгрөгийн зээл авсан. Манай улсад манай улсын эдийн засагт үүсээд буй хямрал болон бараа бүтээгдэхүүний борлуулалт муудсан, төгрөгийн ханшийн уналт, хувь хүн компаниудын хооронд өрийн гүн сүлжээ үүссэн зэргээс улбаалан тогтсон цаг хугацаандаа зээлээ төлж чадаагүй. 2017 оны 5 дугаар сарын 03-нд авлагаас орж ирсэн мөнгөнөөс 30 000 000 төгрөг шилжүүлж үндсэн зээлээс хасуулахаар шилжүүлсэн боловч үндсэн зээлээс 30 000 000 төгрөг хасалт хийлгүй үндсэн зээлээс 20 031 149.22 төгрөгийг хасаж тооцсонд гомдолтой байна. Дээрх шилжүүлсэн мөнгийг үндсэн зээлээс хасахгүй байгааг гайхаж, гомдолтой байгаа. Ххб-ны гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэл нь урьд гаргасан нэхэмжлэл дээрх тооцооллын алдааг засаагүй болон хүүгийн тооцоолол дээр маргаантай байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л-оос 42 242 434.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ххб” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 970 643.22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үрэг гүйцэтгэгч Б.Л- үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Б.Л-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13344/, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоот хаягт байрлах Ү-2204040358 улсын бүртгэлийн дугаартай, 72.32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 42 242 434.58 төгрөгийг гаргуулж, “Ххб” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-оос 369 162 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ххб” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03076 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу доорх үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийн маргаагүй зүйл дээр үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон бөгөөд 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж хуульчилсан. Зээлдэгч Б.Л- нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг төлөхөд банк шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан бөгөөд дээрх хуулийн эхний нөхцөл болох шүүхийн зардал банкнаас гараагүй байсан болно. Иймд гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн төлөлт хийгдсэн байна. Харин анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бичмэл нотлох баримт болох зээл, зээлийн хүүгийн тооцоололд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буюу гэрээний хугацаа дууссан өдрийн үлдэгдлийг буруу тооцож, тэр дүнгээсээ төлөлт хийсэн дүнг хасаж хийсвэрээр тооцоолол хийсэн нь хууль зөрчсөн байна. Арилжааны банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг “Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална”, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралт “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тoд байдлын журам”-ыг удирдлага болгож “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол”-ыг хийдэг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дууссан байхад зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа зээлдэгчээс зээлийн хүү илүү тооцоолж нэхэмжилсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээл, зээлийн хүүгийн тооцооллыг эргэн хянаж үзвэл дараах хоёр байдлаар тооцоолол хийж болох юм. Үүнд:

Анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тооцоолол болох 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар: Үндсэн зээлийн үлдэгдэл 41 968 850,78 төгрөг, үндсэн хүү 2 696 439,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 539 287,84 төгрөг, зардал 8 500 төгрөг нийт 45 213 077,80 төгрөг. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн төлсөн 30 000 000 төгрөгийг үндсэн зээлээс төлөлт хийлгэж тооцоолж үзвэл үндсэн зээл 32 000 000 төгрөг, үндсэн хүү 10 811 119.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 644 631,09 төгрөг, зардал 8 500 нийт 44 464 250,16 төгрөг болж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” хэмээн заажээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж гэрээний үүргийн хариуцлагыг хуульчлан тогтоож өгсөн.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Ххб” ХХК нь хариуцагч Б.Л-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 073 839,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 45 213 077,80 төгрөг болгосныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 34 317 788 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-RCС2014121721-2 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 1,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 90 000 000 төгрөгийг хариуцагч Б.Л- нь нэхэмжлэгч “Ххб” ХХК-иас зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2206016122 дугаартай, 000334286 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 2 тоот 72.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ. /хэргийн 4-8 дугаар тал/

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээл 90 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч нь үндсэн зээл 90 000 000 төгрөг, зээлийн хүү 28 910 433 төгрөг, нийт 118 910 433 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны дотор тохирсон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэрээний хугацаанд хариуцагч зээл 28 000 000 төгрөг, зээлийн хүү 26 539 974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52 672 төгрөг, нийт 54 592 646 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөгийг тус тус төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн төлсөн 30 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч үндсэн зээл 34 317 787,58 төгрөг, хүү 6 581 554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 334 593 төгрөг, нийт 42 233 934,58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой үүрэгт зээл 62 000 000 төгрөг, хүү 2 370 459 төгрөг байгаагаас хариуцагч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 30 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад зээлийн үлдэгдэл 32 000 000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар мөн өдрийг хүртэл 62 000 000 төгрөгийн зээлд 4 сар 10 хоногийн хүү 4 567 330 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 32 000 000 төгрөгийн зээлд 3 сар 20 хоногийн хүү 1 994 800 төгрөг, нийт зээлийн хүү 8 932 589 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн байна.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан байх ба хариуцагч уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү 1 786 517 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон тул хариуцагч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн мөнгийг нэхэмжлэгч нь дээрх гэрээний 7.1.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүд тооцон авах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээ дуусгавар болсноос хойш төлсөн төлбөрийг хуульд заасан журмын дагуу үндсэн зээлд суутгаж тооцно.

 

Иймээс үндсэн зээлд 32 000 000 төгрөг, зээлийн хүүд 8 932 589 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 786 517 төгрөг, нийт 44 505 623 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Мөн хариуцагчаас төлбөр гаргуулахтай холбоотой гарсан зардалд 8 500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03076 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “42 242 434.58” гэснийг “44 514 123” гэж, “2 970 643.22” гэснийг “698 954” гэж,

3 дахь заалтын “369 162” гэснийг “380 520” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД   

 

                                                     ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

                       

                                                                                                        С.ЭНХТӨР