Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 36

 

С.Сэлэнгэ нарын 4 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0700 дугаар магадлалтай, С.Сэлэнгэ нарын 4 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нарын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Б.Коля, Д.Даваадорж, Я.Чойжамц, Г.Ганзориг,С.Пүрэвсүрэн, Б.Отгонжаргал, М.Нямдаваа, Ж.Энхбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.Сэлэнгэ, Д.Онон, П.Сэргэлэн, Ц.Саранзаяа нарт холбогдох хэсгийг” хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 700 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг баримтлан С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг болон гуравдагч этгээд Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат нарын бие даасан шаардлагыг тус тус хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн С.Пүрэвсүрэн нарын 5 иргэнд холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.Сэлэнгэ, Д.Онон, П.Сэргэлэн, Ц.Саранзаяа нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарын бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хоёр дахь заалтыг нэмж, шийдвэрийн хоёр дахь хэсгийн дугаарыг “3” гэж өөрчлөн мөн хэсгийн “гуравдагч этгээдүүдэд” гэсний дараа “Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.    

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0700 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 592 дугаар шийдвэрийн хууль бус үндэслэлгүй дүгнэлтүүдийг хянан хэлэлцэж, нөхцөл байдлыг зөв тогтоож шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд магадлалын “гуравдагч этгээд Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат нарын бие даасан шаардлагыг хангаж” шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэрийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Магадлалын зөвшөөрөөгүй хэсгийн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдож буй үйл баримттай харьцуулан үзэж, шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлээр тодорхойлоогүй үйл баримтыг үнэлж, шийдлийнхээ үндэслэл болгож дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргыг буруутгасан дүгнэлтийн хувьд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, түүнчлэн хэлэлцэгдсэн нотлох баримтад хөтөлбөргүй, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийсэнгүй гэж үзэж, гомдлын үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.1-д зааснаар тодорхойлж байгаа болно.

Магадлалын “хянавал” хэсэгт хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамж болох захиргааны актыг гаргасан үйл ажиллагаатай холбогдуулан дараах дүгнэлтийг хийж, уг маргаан бүхий акт нь гуравдагч этгээд болох иргэдийн “хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхол зөрчигдсөн” гэж үзсэн байна.

Үүнд: “...газар эзэмших хүсэлтийг цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан” гэж, “...НӨХГ-ын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 дүгээр албан бичгээр ирүүлсэн гуравдагч этгээд нарын хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгч нарын хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр захирамж гаргасан нь ...газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй байна” гэж, “...хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэж...” гэж зааснаас үзвэл эрх бүхий этгээд нь газар эзэмших хүсэлтийг хүлээн авсан дарааллын дагуу шийдвэрлэхээр байна” гэж, “...дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газарт шинээр газар эзэмшүүлэх талаар тусгагдаагүй, дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суурьшин амьдарч байсан иргэдэд эзэмшүүлэхээр тусгасан байхад төмөр замын ажилтан биш, тухайн газар өмнө нь амьдарч байгаагүй нэхэмжлэгч нарт ...газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4-д заасныг тус тус зөрчжээ” гэж тус тус дүгнэлт хийжээ.

Гэтэл НӨХГ-ын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 дүгээр албан бичгээр “амины орон сууц барих газар олгох”-ыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасан ажиллагааг хийгээгүй байна хэмээн хариуцагчийг буруутгаж, улмаар нэхэмжлэгч иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимт нийцэхгүй байна. Энд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

Баянзүрх дүүргээс НӨХГ-ын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 дүгээр албан бичгийн хариуг өгсөөр байтал маргаан бүхий газарт эрх хэмжээгүй Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан, гэрээ гэрчилгээгүй, хуульд заасан журмын дагуу хүсэлт болон зайлшгүй хавсаргагдах баримт, мэдээллээ өгч хандаагүй гуравдагч этгээдийн хууль ёсны эрх болон ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн Улаанбаатар төмөр замын 2-р ангийн хүсэлт 2012 гэсэн огноотой байх ба 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан бүртгэлтэй боловч хариуцагчийн төлөөлөгчийн “дахин өгөгдсөн хүсэлт” гэсэн тайлбар зэргийг харгалзан үзэлгүй НӨХГ-ын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 дүгээр албан бичгээр уламжлагдсан гуравдагч этгээдийн хүсэлтийг цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан болох нь хөтөлбөргүй үнэн, шалгаж тогтоогдсон үйл баримт гэж үзэх нь учир дутагдалтай.

Ийнхүү дээд шатны байгууллагаар уламжлуулан дутуу мэдээлэлтэй хүсэлт гаргасан иргэдийн эрх ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын 2-р ангийн хүсэлтийн хавсралтад дурдагдсан иргэдийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга ажилладаг, ажилладаггүй эсэхийг мэдэх боломжгүй, мөн шаардлагагүй юм.

Иймд, магадлалын гомдол бүхий хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн П.Сэргэлэн, Д.Онон, С.Сэлэнгэ, Ц.Саранзаяа нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0700 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын гол үндэслэлийг үзвэл үндсэн нэхэмжлэлийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/502 дугаар захирамжаар Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарт газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн тус хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин тус захирамжаар Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат нарт эзэмшүүлсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн /инженерийн шугам сүлжээ бүхий буюу түүнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт Нийслэлийн Засаг дарга эзэмших эрх олгодог/, Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчсөн тул нэр дурдсан 5 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байна.

Гуравдагч этгээд Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарын хувьд газар давхцаагүй тул тэдгээрийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат нарын бие даасан шаардлагын хувьд гуравдагч этгээд нар нэхэмжлэгч нараас түрүүлж хүсэлт гаргасан байхад түүнийг шийдвэрлэлгүй нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргасан нь Газрын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчимд нийцэхгүй байна. Хүсэлтийг бүртгэж авсан цаг хугацаагаар нь шийдвэрлээгүй, төмөр замын ажилтан биш, тухайн газарт өмнө нь амьдарч байгаагүй нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4-д заасныг зөрчсөн тул нэр дурдсан 5 гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын шаардлагыг тус тус ханган шийдвэрлэсэн нь шүүхээс гомдол гаргагчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан иргэн Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарын газар нь нэхэмжлэгч иргэдийн газартай давхцаагүй тул тэдний эрх ашгийг хөндөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч гуравдагч этгээд Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат нарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан буюу дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.Сэлэнгэ, Д.Онон, П.Сэргэлэн, Ц.Саранзаяа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэлийг “гуравдагч этгээд нар нэхэмжлэгч нараас түрүүлж хүсэлт гаргасан байхад түүнийг шийдвэрлэлгүй нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргасан нь Газрын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчимд нийцэхгүй байна, хүсэлтийг бүртгэж авсан цаг хугацаагаар нь шийдвэрлээгүй, төмөр замын ажилтан биш, тухайн газарт өмнө нь амьдарч байгаагүй нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21.5.3, 33.1.1, 33.4-д заасныг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, дүүргийн Засаг дарга дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэний гаргасан хүсэлтийг шийдвэрлэж захирамж гаргасан байтал ийм эрхгүй гэж үзэж, Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иргэдийн гаргасан саналын дагуу дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагддаг бөгөөд тэрхүү төлөвлөгөөнд саналаа тусгасан иргэдийн хувьд санал өгсөн байршилд газар эзэмшүүлэх зарчимтай. Гуравдагч этгээд нарын хувьд Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд анх өргөдөл гаргахдаа байршил тодорхойгүй байсан талаар шүүх хуралдаанд хэлсэн байдаг.

Түүнчлэн анхан шатны шүүх гуравдагч этгээд Я.Чойжамц, Г.Ганзориг, М.Нямдаваа нарын шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тэдгээрийн мэдээллийн санд зураг орсон зураг нь өөр 3 иргэний газартай давхцаж байгаа зураг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/908 дугаар албан бичгээр ирүүлсэн зургийн хавсралтад тодорхой харагдаж байхад эрх ашиг хөндөгдөнө гэдэг үүднээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хамааруулж татах ёстой байхад энэ талаар дээд шатны шүүх нь огт дүгнэлт хийгээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх үндэслэх боломжгүй хуулийн заалтыг барьж, бие даасан шаардлагыг хангасан байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0700 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Б.Коля, Д.Даваадорж, Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, Б.Отгонжаргал, М.Нямдаваа, Ж.Энхбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Б.Коля нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн тухайд:

Анхан болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хүрхрээ” нэртэй газарт иргэн С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нарт тус бүрт 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нар Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангиар дамжуулан Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт гаргасныг тус алба 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн № 482-т бүртгэсэн, “Бөртэ” ТӨҮГ нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2012 оны 10 дугаар сар, 2013 оны 11 дүгээр саруудад Б.Коля, Д.Даваадорж, Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, Б.Отгонжаргал, М.Нямдаваа, Ж.Энхбат нарын иргэдэд газар эзэмшүүлэх хүсэлт гаргасныг 2012 оны бүртгэл-хяналтын картын 5890, 2013 оны картын 8315-д тус тус бүртгэсэн, өөрөөр хэлбэл Б.Коля нарын иргэд нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нараас цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан, мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 тоот албан бичгээр гуравдагч этгээдүүдэд газар олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, А/145 дугаар захирамж гарган, гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газарт иргэн С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нарт газар эзэмшүүлсэн нь тогтоогджээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суурьшин амьдарч байсан иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байтал тус дүүргийн Засаг дарга тухайн газарт амьдарч байгаагүй, төмөр замын ажилтан биш, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангаагүй, газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу гаргаагүй иргэдэд газар эзэмшүүлж, хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхүүд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/145 дугаар захирамжийн С.Сэлэнгэ, Д.Онон, Ц.Саранзаяа, П.Сэргэлэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож зөв шийдвэрлэсэн байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн тухайд:

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Б.Коля, Д.Даваадорж, Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, Б.Отгонжаргал, М.Нямдаваа, Ж.Энхбат нарт амины орон сууцны зориулалтаар, тус бүрт 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Гуравдагч этгээд Б.Коля нар нь Нийслэлийн Засаг даргад, маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрхрээ” нэртэй газарт газар эзэмших хүсэлтийг 2012 оноос хойш удаа дараа гаргасан байх ба Засаг дарга хүсэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тухайн газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж газар эзэмших эрх олгохоор хойшлуулж шийдвэрлэсэн, мөн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5/1864 тоот албан бичгээр эдгээр иргэдийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд шилжүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй учир Техникийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэн, А/502 дугаар захирамжаар Б.Коля, Д.Даваадорж, Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, Б.Отгонжаргал, М.Нямдаваа, Ж.Энхбат нарт газар эзэмшүүлжээ.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий, Нийслэлийн Засаг даргын А/502 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарт газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

Учир нь, хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нарын болон Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зураг, кадастрын мэдээллийн сангийн 2014-2016 оны зурган мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч болон эдгээр гуравдагч этгээдийн газар ямар нэгэн байдлаар давхцалгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй учир эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хоорондоо зөрчигдөхгүй юм.

Мөн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/502 дугаар захирамжийн Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан мөртлөө магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон агуулгын алдаа гаргасан, зүй нь газрын давхцалгүй нь тогтоогдвол нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлагуудыг адилхан хэрэгсэхгүй болгох атал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь агуулгын зөрчилтэй болсон, энэ үүднээс магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин гуравдагч этгээд Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат нарын эзэмшил газар нь нэхэмжлэгч иргэдэд олгосон газартай давхцалтай, Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж эдгээр иргэдэд газар олгосон гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ээр хуульчилжээ.

Нийслэлийн Засаг даргын, дээрх 5 иргэнд олгосон газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, бусдын эзэмшил газартай давхцалтай байх тул давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргыг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Я.Чойжамц, Г.Ганзориг, С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, давж заалдах шатны шүүхээс захирамжийн эдгээр иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гуравдагч этгээд нар гомдоогүй байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтүүдийг оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0700 дугаар магадлалын 1 дэх заалтын “С.Пүрэвсүрэн нарын 5 иргэнд” гэснийг “С.Пүрэвсүрэн, М.Нямдаваа, Ж.Энхбат, Я.Чойжамц, Г.Ганзориг нарын 5 иргэнд” гэж, “нэхэмжлэлийн үлдэх хэсгийг” гэсний дараа “болон гуравдагч этгээд Б.Коля, Д.Даваадорж, Б.Отгонжаргал нарын шаардлагыг” гэж нэмж тус тус өөрчлөн, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                            ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА