Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0438

 

“Голден гоби майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, Ц.Монгол нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 278 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Голден гоби майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голден гоби майнинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр "Голден гоби майнинг" ХХК-ийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон ХҮ-014490 хайгуулын тусгай зөвшөөрөл, Хавцлын худгийн хөндий талбайд олгогдсон ХҮ-014289 хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч байгаа ба Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан боловч одоо хүртэл хариу өгөхгүй байна. Кадастрын хэлтсийн даргын 439 дүгээр шийдвэр гаргах үндэслэл болсон Дүүргийн хяналтын прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 164 дугаар Тогтоол нь эцсийн шийдвэр байгаагүй бөгөөд Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очирын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна. Иймд хүчингүй болсон тогтоолыг үндэслэл болгож Шийдвэр гаргасан байх тул уг Шийдвэр нь илтэд үндэслэлгүй байна. Мөн энэ тогтоолыг Прокурорын байгууллагаас албан ёсоор хүргүүлээгүй байхад хэрхэн олж авсан нь тодорхойгүй байна.

Манай компани 2012 онд "Геофизикийн хайгуулын ажил"-ыг "Дашмаг инж" ХХК-иар гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Геологийн албанаас дахин хянаж 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 516 дугаар тоотоор баталгаажуулсан болно. Ашигт малтмалын газар нь манай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухайгаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу манай компанид мэдэгдэл өгөөгүй бөгөөд үүний улмаас компанид мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар эрхээ эдлэх боломж олгогдоогүй, хуулиар зохицуулсан урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдсөнд гомдолтой байна. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ““Голден Гоби майнинг" ХХК-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд

олгогдсон 014490 хайгуулын тусгай зөвшөөрөл, Хавцлын худгийн хөндий талбайд олгогдсон 014289 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон 014490 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Голден гоби майнинг” ХХК нь анх 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Хавцлын худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон 014289 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Голден гоби майнинг ХХК нь анх 2008 оны 10 дугаар сарын 16-ний өдөр авсан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байсан байна. Улмаар “Эс Би Ди эй” ХХК-наас 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлсэн 2012 оны хайгуулын ажлын жилийн тайлантай танилцахад тус хоёр тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайланд хавсаргасан гэрээ нь үндсэндээ нэг гэрээ бөгөөд хуулбарлаж 2 талбайд хийсэн байсан бөгөөд тайланд хавсаргасан, гэрээнд тусгасан тусгай зөвшөөрлийн дугаар, байршил буруу байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “...тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох...”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “...тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн...” гэж хуульд заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр 014289, 014490 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд “Голден гоби майнинг” ХХК-иас гаргасан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон 014490 хайгуулын тусгай зөвшөөрөл, Хавцлын худгийн хөндий талбайд олгогдсон 014289 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 278 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож ХҮ-014490, ХҮ-014289 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс давж заалдах гомдолдоо: ““Голден Гоби майнинг” ХХК-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон 014490 хайгуулын тусгай зөвшөөрөл , Хавцлын худгийн хөндий талбайд олгогдсон 014289 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын         14-ний өдрийн 278 тоот шийдвэрээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг хүргүүлж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон 014490 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Голден гоби майнинг” ХХК нь анх 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байсан байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Хавцалын худгийн хөндий гэдэг талбайд олгогдсон 014289 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Голден гоби майнинг” ХХК нь анх 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр авсан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байсан байна.

Улмаар “Эс Би Ди Эй” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлсэн 2012 оны хайгуулын ажлын жилийн тайлантай танилцахад тус хоёр тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайланд хавсаргасан гэрээ нь үндсэндээ нэг гэрээ бөгөөд хуулбарлаж 2 талбайд хийсэн байсан бөгөөд тайланд хавсаргасан, гэрээнд тусгасан тусгай зөвшөөрлийн дугаар, байршил буруу байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “...Тусгай зөвшөөрөл эзэмшигт нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “... тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “...тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн ...” гэж хуульд заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дугаартай шийдвэрээр 014289, 014490 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн.

Шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр “Голден гоби майнинг” ХХК-ийн эзэмшлийн 14499, 14289 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2012 онд хийгдсэн Геофизикийн хайгуулын ажлын тайланг хуурамчаар бүрдүүлэн Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь 2015250001774 дугаартай эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж прокурорын хүчин төгөлдөр тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Кадастрын хэлтэс нь хуульд үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгодог.

Иймд “Голден гоби майнинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 278 тоот шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчаас гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.6-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс дээрх чиг үүргээ хэрэгжүүлэн “Голден гоби майнинг” ХХК-ийн ХҮ-014499, ХҮ-014289 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажлын тайланд хяналт тавьсны үндсэн дээр “...2012 онд хийгдсэн “Геофизикийн хайгуулын ажлын тайлан”-г хуурамчаар бүрдүүлэн Ашигт малтмалын газарт хүргүүлсэн...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хуульд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх “... Ашигт малтмалын газрын Геологийн албаны болон Эрдэс баялагийн судалгааны тасгийн эрх бүхий албан тушаалтнуудын дүгнэлтээр нэхэмжлэгч “Голден гоби майнинг” ХХК хайгуулын ажлын тайланг хуурамчаар бүрдүүлж ирүүлээгүй нь тогтоогдсон байна” гэж зөв дүгнэсэн байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 33.2-т “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах буюу тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөл бүхий талбайнуудад хайгуулын ажил хийсэн тайлангаа төрийн захиргааны байгууллага тайланг баталгаажуулах үүрэгтэй, харин хуульд заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ төрийн захиргааны байгууллагад олгогдсон байна.

Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлснийг Ашигт малтмалын газрын Геологийн албаны болон Эрдэс баялагийн судалгааны тасгийн эрх бүхий албан тушаалтнуудын 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр[1]-ээр нэхэмжлэгч нь “Голден гоби майнинг” ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил бодитоор хийсэн болох талаар тогтоосон байх ба хариуцагчаас Дүүргийн прокурорын 2015 оны 164 дүгээр тогтоолыг үндэслэн “... 2015250001774 дугаартай эрүүгийн хэрэгт цугларсан баримтаар “Голден гоби майнинг” ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2012 онд хийгдсэн “Геофизикийн хайгуулын ажлын тайлан”-г хуурамчаар бүрдүүлэн хүргүүлсэн нь тогтоогдсон гэж үзэж тус хуулийн этгээдийн  ХҮ-014490, ХҮ-014289 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тус тус цуцалсан нь үндэслэлгүй, илэрхий алдаа бүхий шийдвэр болжээ. Учир нь,   

2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Голден гоби майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал АНУ-ын иргэн Марк Уэймент, мөн компанийн гүйцэтгэх захирал асан Т.Лхагвадорж нарт холбогдуулан “Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үүргээс чөлөөлөх бичиг баримтыг хуурамчаар байнгын шинжтэй үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлтэй гэж үзэн 2015250001774 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн  байх бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01а тоот прокурорын тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 5/264 дүгээр тогтоолоор “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй болохыг мөн тогтоосон байна. өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын үндэслэл болсон Дүүргийн прокурорын газрын Прокурорын 2015 оны 164 дүгээр тогтоол хүчин төгөлдөр бус болсон байх тул  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр цуцалсан ХҮ-014490, ХҮ-014289 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА                                                                                          ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

 ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ