| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00382/И |
| Дугаар | 146/ШШ2018/00027 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2018/00027
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, Архангай аймагт оршин суух, Ш овогт Ч.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1972 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршин суух, Ч овогт Н.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваарилах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ж, хариуцагч Н.Д, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Би Н.Д-тэй 2005 онд гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2006 онд хүү Д.Б, 2009 онд охин Д.Б, 2012 онд охин Д.Б нар төрсөн. Н.Д нь 2006 оноос хойш архи ууж, агсам тавьж, намайг элдвээр доромжлон, зодох болсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа талаар цагдаад өргөдөл гаргаж Н.Д-д шүүхээс баривчлах шийтгэл ногдуулж байсан. Би цаашид хамт амьдрах боломжгүй, би өөр хүнтэй хамтран амьдарч хүүхдийг нь төрүүлсэн. Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгийг хуваалгах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Н.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Зурагтаар янз янзын зүйл гарч байгаа тул хойд эцгийн бараа хүүхдүүддээ харуулмааргүй байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгө болох хашаа, байшинг хуваалгах хүсэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч Н.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваарилах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Ч.Ж, Н.Д нар 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2006 онд хүү Д.Б, 2009 онд охин Д.Б, 2012 онд охин Д.Б нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэгчдийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Д.Б-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Б-ийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Б-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүд эрүүл өсөж байгаа талаарх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эмчийн тодорхойлолтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгч тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 146/ШЗ2017/01381 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Гэрлэгчдийг эвлэрүүлэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон талаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/04 дугаартай тэмдэглэлийг шүүхэд ирүүлсний дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-т “...гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрүүлээгүй бол шүүгч гэрлэлт цуцлуулах шийдвэр гаргана...” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Ч.Ж, хариуцагч Н.Д нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигч 2006 онд төрсөн хүү Д.Б, 2009 онд төрсөн охин Д.Б, 2012 онд төрсөн охин Д.Б нарын асрамжид маргаантай бөгөөд нэхэмжлэгч хүү Д.Б-ийг эцэг Н.Д-гийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн, 12 настай хүү Д.Б, 9 настай охин Д.Б нараас саналыг асуухад хүү Ц.Б нь эцэг Н.Д-гийн, охин Д.Б нь эх Ч.Ж-ын асрамжид үлдэх саналтай болохоо илэрхийлсэн байна.
Н.Д-г 2013 оноос хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, согтуурсан үндэслэлээр захиргааны арга хэмжээ авахуулж байсан нь Хархорин сум дах цагдаагийн хэлтсээс ирүүлсэн хайлтын системээс гаргасан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ч.Ж нь хүү Д.Б-ийг эцгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тул хүү Д.Б-ийг эцэг Н.Д-гийн асрамжид, охин Д.Б, Д.Б нарыг эх Ч.Ж-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Б-т эцэг Н.Д-гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Зохигчдын дундын эд хөрөнгө болох Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Одын 03-14 тоотод орших өвлийн сууцны барилга, 2 тал хашаа, өмчлөгдсөн хашаа зэргийг үнэлүүлсэн Лэндс ХХК”-ийн үнэлгээг хэрэгт ирүүлсэн байна.
Гэрлэгчид дундын эд хөрөнгө болох Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Одын 03-14 тоотод орших өвлийн сууцны барилга, 2 тал хашаа, өмчлөгдсөн хашааг Н.Д-гийн өмчлөлд үлдээж, түүний нэр дээр шилжүүлэх, хариуцагч Н.Д нэхэмжлэгчид 6000000 / зургаан сая/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг батлах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гээс хүүхдийн тэтгэлэг нэг жилд төлөх хураамжид ногдох улсын тэмдэгтийн хураамж 29539 төгрөг, 6000000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55475 төгрөг нийт 85009 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж-т, нэхэмжлэгч Ч.Ж-аас дундын эд хөрөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ш овогт Ч.Ж, Ч овогт Н.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Б, 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Б нарыг эх Ч.Ж-ын, 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Д.Б-ийг эцэг Н.Д-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Д-гээс сар бүр тэтгэлэг гаргуулж эх Ч.Ж-т олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дундын эд хөрөнгө болох 70 мкв талбайтай хашаа, байшинг хариуцагч Н.Д-гийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч Н.Д-гээс хашаа, байшингийн үнэ 6000000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж-т олгохоор тохиролцон гэрлэгчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гээс 85009 төгрөг гаргуулж улсын орлогод, 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Жт, нэхэмжлэгч Ч.Ж-аас 55475 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжих, сэтгэхүй оюуны хувьд төлөвших, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах, суурь боловсрол эзэмшихэд эцэг эхийн эрх, үүрэг хэвээр болохыг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцлуулсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчинтэй болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Хонгорзулд даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэмжийн хэмжээ түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА