Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1736

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгчийн өмгөөлөгч : Н.Мандах

Ц.А өөрийгөө өмгөөлж оролцов.

Хохирогч: Ш.Энхжин

Түүний өмгөөлөгч : С.Одгариг

шүүгдэгч: Х.Н, Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт ................. нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 201525013090 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................... 1946  оны 12 дугаар  сарын 27ы өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 72 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ялгуун прогресс компанийн захирал ажилтай,  ам  бүл 1, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк сайт хотхоны 821-1600 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ....................

           2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................., 1971  оны 8 дугаар  сарын 13ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Төмөрчины гудамжны 22-07 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: .............

Холбогдсон хэргийн талаар:

          Х.Н, Ц.А  нар нь бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээг хуурамч гэдгийн мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

      Шүүгдэгч Х.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв..

            Шүүгдэгч Ц.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Ялгуун прогрэсс” ХХК-д менежер хийж байсан. Энэ өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмнө нь захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байсан асуудлаас “Ялгуун прогрэсс” ХХК-ны Молормаагаас обьект худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөр яаж төлсөн баримтууд , “Монел” ХХК болон Молормаа нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ зэргийг захиргааны хэргийн шүүхээс хуулбар үнэн тамга даруулаад, нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд өгсөн. Иргэний хэргийн шүүхээс иргэн Молормаа, иргэн Болдын эрх залгамжлагч Энхжин гэх хүмүүсийг хариуцагчаар дуудсан. Шүүх хурал болж шийдвэр гарсан байгаа. Өөр хийсэн зүйл байхгүй. Өөр ярих зүйл алга гэв.

           Хохирогч Ш.Энхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 1990 онд өмч хувьчлалаар худалдан авсан. 1997 онд “Море” ХХК-ны захирал Молормаатай хамтарч ажиллаж байгаад худалдан авах, зарах гэсэн ярилцлага үүссэний үндсэн дээр 55 сая, 70 сая төгрөг гэсэн 2 үндсэн дээр амаар хэлцэл хийгдсэн. Газартай нь авбал 70 сая, газаргүй нь авбал 55 сая төгрөгөөр зарна гэсэн. Молормаад мөнгийг бөөнд нь өгөх шаардлага тавихад чадалгүй  цувуулж өгч байгаад бид мөнгө авахаа зогсоогоод хүнд өвчний улмаас хөдөө гарч амьдарсан байдаг. Хөдөө гараад байж байхад буюу 97 оны 03 дугаар сарын 01-ний  өдөр шилжүүлээгүй байхад худалдан худалдан авах гэрээ хийсэн байсан. Урьдчилгаанд байр машин зэрэг 20 гаруй сая төгрөгийг өгсөн байсан. Үүндээ тооцоод эзэмшүүлсэн. Үүнээс хойш бөөнд нь авна, цувуулж авахаа больё гэж хэлсэн. Тэгээд урд талын хэсгийг нь эзэмшүүлсэн. Тэнд нийт 51 түрээслэгч байсан. Бид нар өдөр болгон түрээсээ авдаг байсан. Гэтэл хөдөө явах хооронд Молормаа бүх түрээслэгч нарыг гаргаад, засвар хийгээд нийтэд нь ашиглаж эхэлсэн байсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Түрээслэгч нар хэл ам хийж байна гэдгийг хэлсэн. Гэтэл өдөр болгон та хоёр ирж түрээсийн мөнгө авна гэдэг хэцүү, хоёрдугаарт бид нар үлдэгдэл мөнгөө та нарт төлөх юм чинь бид нар бүрэн ашиглаж, засвар үйлчилгээ хийж байж мөнгөө төлье гэж тохиролцсон. Сард бид хоёрт 500.000 төгрөг түрээсийн төлбөр өгч байсан. Мөнгө гэж нэг их авч байгаагүй. Дандаа бараагаар авдаг байсан.Байрны төлбөрт 20 сая гаруй, бид нарын түрээслэж байсан ажилчдын мөнгө мөн 20 гаруй сая төгрөг болсон. Нийт барагцаагаар 40 сая төгрөг молормаагаас авсан. Бид нарт 70 сая төгрөг өгөх байсан. Тэгээд хуурамч гэрээ хийгэд Надмид гэдэг хүнд зарсан байсан байна. Надмид гэдэг хүнд зарсан байсныг яаж мэдсэн гэхээр бид нар хөдөөнөөс ирээд Молормаатай уулзах гэтэл нөхөр нь Надмид гэдэг хүнд таны барилыг зарчихсан гэж байсан. Тэгээд Надмид гэдэг хүнтэй уулзах гээд ажил дээр нь очиход байхгүй байхаар нь утсыг нь аваад залгасан чинь би Молормаа гэдэг хүнийг огт танихгүй гэсэн. Тэгэхээр нь би энэ байрны эзэн байсан Болдын эхнэр нь байна гэтэл чамтай уулзаж чадахгүй, би банкинд хаягдсан өр ширтэй байшин худалдаж авсан гэсэн. 2008-10-27-ны өдөр би бүртгэлийн байгууллага дээр очоод лавласан чинь Молормаа Болд гэдэг хоёр хүний гэрээ, Молормаа Надмид гэдэг хүний гэрээний үндсэн дээр  Надмид гэдэг хүний нэр дээр шилжсэн байна. Та албан ёсоор бичгээр хүсэлт гаргавал бичгээр хариу авч болно гэхээр нь бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргахад 28-нд хариу өгсөн. 29-ний өдөр Молормаа гэдэг хүн бид нарыг залилсан байна гэж мэдүүлдэг. Ингээд мэдүүлээд байж байтал 11 дүгээр сарын 04-ний өдөр Гансүх хошууч Золбоо төвийн барилгын төвийн шилжилт хөдөлгөөний талаар ирүүлнэ үү гэсэн албан бичиг явуулахад 11 дүгээр сарын 27-ны өдөр 30,40,50-аад хуудас хариу нь ирэхдээ дотор нь Болд, Молормаа, Надмид гэдэг хүмүүсийн гэрээнүүд гарч ирсэн. Бид нар ямар ч гэрээ хийгээгүй учир сонин харагдсан. Бас Болд хөрөнгөө шилжүүлнэ гэсэн албан тоот үйлдсэн бичгүүд орж ирсэн. Ингээд шалгагдаад байж байтал гэрээг нь  шинжилгээнд өгөх хүсэлт тавьсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс тэрийг шинжлүүлэх гээд бүтэн 1 жил дийлээгүй. Яагаад гэвэр гэрээний эх хувь хаана ч байхгүй учраас бид нар шинжилгээ хийхгүй гэдэг зүйлийг шинжилгээний төвийнхэн хэлсэн. Надмид бол энэ гэрээний эх хувь бид нарт байхгүй, мэдэхгүй гэдэг. Молормаа, Жаргалсайхан, Энхжин, Болд нарын аль нэгэнд нь байгаа гээд төөрүүлээд ерөөсөө гаргаж өгөөгүй. Тэгсээр байгаад хэрэг дууссан. Дуусахдаа Молормаа нь 148.3 аар болдыг залилсан нь тогтоогдсон гээд Алтанцэцэг, Бямбацэемаа прокуроруудын тогтоол гарсан байдаг. Ингээд шинжилгээнд эх хувийг гаргаж өгөөгүй учир эх хувьгүй материалыг шинжилдэггүй гээд эрүүгийн хэрэг дууссан. Бид нар иргэний шүүхэд хандах гэхээр Молормаа гадаадад байсан тул захиргааны хэргийн шүүхэд бүртгэлийн байгууллагыг хүний хөрөнгийг хууль бус баримтуудаар бүртгэсэн байна гэж өгсөн. Ийм гэрээ бид нар хийгээгүй гэж гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүхэд өгөхөд Отгонцэцэг шүүгч бүртгэлийн байгууллага руу яаж бүртгэл яаж хийгдсэн, хэнд яаж шилжсэн бэ? гэдгийг шалгуулахад дахиад нөгөө гэрээнүүд орж ирсэн. Түүнээс биш би ямар ч газарт эх хувьгүй материал өгч байгаагүй. Дандаа бүртгэлийн байгууллага өөрсдөө гаргаж өгч байсан. Захиргааны хэргийн шүүх дэээр энийг шинжлүүлмээр байна гэтэл эх хувь байхгүй. Надмидын өмгөөлөгч хурал дээр би эх хувийг нь олж ирлээ гээд хурал хойшлогдсон байгаа. Тэгээд хүсэлт гаргаснаар шинжилгээнд өгсөн. Тэгээд Болдын гарын үсэг зурагдаагүй, будагч бодис ашиглан хийсэн хуурамч гэрээ байна гэсэн дүгнэлт гарч ирсэн. Энэ дүгнэлттэй өмгөөлөгч нь танилцаж байсан, Надмидыг танилцаж байсныг санахгүй байна. Ингээд дахин шинжлүүлэх хүсэлт тавиагүй хүчинтэй үлдсэн гэв.

     Шүүгдэгч Х.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 1999 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Моори ХХК-ны захирал Молормаа гэх хүүхэнтэй уг дэлгүүрийн барилгыг 70 сая төгрөгөөр, тоног төхөөрөмжийн үнэ гэж 12 сая төгрөг, нийт 82 сая төгрөгөөр өгч авалцахаар тохирч уг өдрөө 10.000 төгрөг өгсөн. Тэгээд үүнээс хойш хугацаанд үлдэгдэл мөнгийг цувуулж өгсөөр 12 сая төгрөг дутуу байхад буюу 1999 оны 12 дугаар сарын 1-ны өдөр 70 сая төгрөгийг өгөөд 12 сая төгрөгийг нь 2000 оны цагаан сарын өмнө өгөхөөр тохирч гэрээгээ 82 сая төгрөгөөр худалдаж авсан гэдгээр хийсэн. Үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд дэлгүүрийн барилгыг худалдаж аваад байж байхад цагаан сарын өмнөхөн Хөдөө аж ахуйн банкнаас хүмүүс ирээд дэлгүүрийг битүүмжлэнэ гэхээр нь би худалдаж авсан гэрээгээ үзүүлээд, уг нэхэгдэж байсан 12 сая төгрөгийг нь өгөөд зээлийг нь хаая тэгвэл битүүмжлэхгүй байх уу гэхэд тэд болно гэсэн ба би Молормаагийн нүдэн дээр уг мөнгийг төлж дэлгүүрийн барилгыг чөлөөлж авья гэхэд тэг гээд уг банкныхан Молормааг дуудаад надтай уулзуулж би мөнгийг нь банкинд тушааж өрийг нь хаалгаж банкнаас уг барилгыг бидэнд хүлээлгэж өгсөн юм. Түүнээс хойш би уг барилгыг засаж янзалж одоо өдий зэрэгтэй болгоод байна. Намайг 70 сая төгрөг өгч авалцах үед Молормаагийн нөхөр Жаргалсайхан болон нягтлан бодох Баасанхүү нар байсан санагдаж байна. Би мөнгө төгрөгөө өгч уг барилгыг худалдан авсан гэжээ. /1-р хх-ийн 171/

          Шүүгдэгч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ Надмид гэж миний хамаатны эгчийн нэр л яваад байгаа болохоос бүх энэ хэрэг маргаанд би биечлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод яваад байгаа юм. Тэгэхээр би Надмид гуайгаас илүү мэдээлэлтэй байгаа юм. Энэ 1116 дугаартай шийдвэр гарах явцад би нэхэмжлэл гаргаж байсан юм. Би шүүхэд нотлох баримтуудыг гарган өгч байсан. Би шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө Энхжингийн өргөдөлд дурьдаад байгаа Болд гэж принтэлсэн гарын үсэгтэй гэрээг огт нотлох баримт гэж шүүхэд үнэлүүлэхээр гарган өгөөгүй. Надад одоо энэ Энхжингийн яриад байгаа гэрээ эх хувиараа болон хуулбараараа огт байхгүй. Би шүүхэд 1999 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн худалдах гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтууд, 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Монголын хөдөө аж ахуйн төв банкны төлбөр төлүүлсэн тухай 45 дугаартай баримт, шүүгч Гариймаагийн 1999 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 371 дүгээр захирамж, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын эд хөрөнгө битүүмжилсэн акт зэрэг нотлох баримтууд хуулбарлан хуулбараа нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгч байсан. Өөр баримт мартсан байж магадгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Энхжингийн яриад байгаа Болд гэх хүний хуурамч гарын үсэтэй гэрээ гэгчийг нягтлан шинжилсэн байгаа тэгээд уг Болдын гарын үсэгний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа огт үндэслээгүй харин ч үгүйсгэсэн байгаа. Бид нарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд дотор хуурамч баримт нэг ч байхгүй. Энхжингийн яриад байгаа дэлгүүрийн байр худалдах худалдан авах гэрээ, албан тоот, тамгын газрын тоот зэрэг нь бүгд манайхаас бүр өмнө Моори, Ману компанудын асуудал юм гэжээ. /1 дүгээр хх-ийн 83/

          Хохирогч Ш.Энхжин  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:   Миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрийн баруун талд байрлах одоогийн Золбоо төвийн байр объект манай нөхрийн Ману ХХК-ны нэр дээр байсан хөрөнгийг 1997 онд С.Молормаа гэх хүнд амаар тохиролцон зарсан боловч бүх мөнгөө авч чадаагүй энэ асуудал нь 2008 онд цагдаа дээр шалгагдаад залилан мэхлэх гэмт хэрэг хийгдсэн нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсээд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болсон. Тэгээд нөхөр бид хоёр 2009 онд Захиргааны хэргийн шүүхэд хандаж С.Молормаа нь өөр хүнд дамжуулж зарахдаа манай нэр дээр байгаа хөрөнгийг Надмид гэдэг хүн дээр зарж Надмид хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрчилгээ авсан асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шалгуулаад бүртгэлийг хууль бус бичиг баримт бүрдүүлж гэрчилгээг авсан байна гэдэг нь тогтоогдож шүүхээс гэрчилгээг түдгэлзүүлсэн 208 тоот шийдвэр гарсан. 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Надмид нь дахиж хөрөнгө тогтоолгохоор иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай нөхөр С.Болд, С.Молормаа нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээг хуурамчаар хийсэн, нэр шилжүүлэх хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичгийг манай нөхөр Болдын гарын үсгийг хуурамчаар хийж үйлдсэн, Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Бавуудоржийн тодорхойлолт хуурамчаар үйлдсэн зэрэг  баримт бичгүүдийн хуулбарыг шүүхэд гарган өгч өөрийнхөө талд 1116 тоот шийдвэр гаргуулсан   учраас энэ гурван бичиг баримтыг хуурамч эсэхийг шалгуулахаар хандаж байна. Манай нөхөр 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан ба би эрх залгамжлагчийн эрхтэйгээр оролцож байна. Нөхрийн Ману ХХК-ны нэр дээр байсан эд хөрөнгө шилжүүлж өгөөгүй авах ёстой мөнгөө бүрэн аваагүй байхад Молормаа нь Надмид гэдэг хүнд зарж Надмид нь бид хоёрын эд хөрөнгийг хууль бусаар өөр дээрээ гэрчилгээ гаргуулж авсан, өөрийнхөө эд хөрөнгө гэж иргэний шүүхээр гаргуулж авсан байна гэжээ. / 1-р хх-н 201-202/

          Х.Наас Ц.Ад олгосон итгэмжлэл /хх-н 159-160/

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаартай шийдвэртэй хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 98-105/

          Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээд А.Энхтөр 1997.03.01-ний өдрийн гэрээг олсон,эх хувийг өгч байна гэсэн мэдүүлэг /1-р хх-н 123/

          Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010.05.06-ны өприйн 208 дугаартай шийдвэр /1-р хх-н 61-64/                

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010.01.25-ны өдрийн 331 дугаартай дүгнэлт /хх-н 54/

        1997.3.01-ний өдрийн дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /3-р хх-н 165/

          Ц.Ад хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээ вавах тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-н 205-208/

          Х.Над хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээ вавах тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-н 209-210/

         Ц.А, Х.Н нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3-р хх-н 162-164/

         Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ / хх-н 3-р хх-н 211/

          Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ /хх-н 3-р хх-н 212-214/

         Х.Н, Ц.А нарын  хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 235-238/, зэрэг болно.

         Х.Н, Ц.А  нар нь бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон шинжээчийн 331 тоот дүгнэлт, хохирогч Ш.Энхжингийн мэдүүлэг, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бичиг баримтанд хийсэн үзлэг зэрэг  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Х.Нын бичиж өгсөн итгэмжлэлийн дагуу Ц.А нь 331 дугаартай шинжээчийн дүгнэлтээр С.Болдын гарын үсгийг ердийн хэвлэх төхөөрмж ашиглан хэвлэсэн ором мөр дээр хар болон цэнхэр өнгийн будагч бодис бүхий бичгийн хэрэгсэл ашиглан давхарлаж тодруулан зурсан байна гэсэн дүгнэлтээр уг дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээнд  зурагдсан С.Болдын гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон байгааг мэдсээр байж Захиргааны хэргийн шүүхийн хавтас хэргээс  хуулбарлан авч иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нотлох баримт буюу нэхэмжлэлийнхээ бүрдүүлбэр болгон хавсаргаж гарган өгсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

          Х.Н, Ц.А нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн нь тогтоогдсон бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалтыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

   Х.Н, Ц.А нар нь гэмт хэрэг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Захиаргааны хэргийн шүүхээр  уг баримтыг авч байх үед дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээн дээр С.Болдын гарын үсэг хуурамчаар зурагдсан байна гэдэг талаар шинжээчийн дүгнэлт гарсан байсныг мэдэж байсан атлаа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг баримтыг хавсаргаж өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас шүүх тэдний гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн Х.Н, Ц.А нар нь ямар учраас гэмт хэрэг үйлдээгүй гэж үзээд байгаагаа  нотлох баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэв. Хэрэгт авагдсан чухам ямар баримтаар гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотлоод байгаа талаар тодорхой нотлох баримт гаргасангүй  гэж үзэв.                  

  Хохирогч Ш.Энхжин хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   Х.Н, Ц.А нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ачирт овогт Хорхойн Надмид, Харчу овогт Цэнддоржийн Амарсайхан нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Х.Н, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.       

3. Х.Н, Ц.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай..

       4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Н, Ц.А нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

        5. Х.Н, Ц.А нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Н, Ц.А нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                       ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН