Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1733

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Мядагбадам

иргэдийн төлөөлөгч: Б.Алтанцэцэг

шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д   заасан гэмт хэрэгт Б.Г-д  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806040371113   дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........., 1985  оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр 7 дугаар гудамжны 2252 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй гэх, ........     

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Г нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр 7 дугаар гудамжны 2178 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж найз Б.Лхагварагчаагийн цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.  

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-7/

          Хохирогч Б.Лхагварагчаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 19.00 цагийн орчимд найз Гандалайгийн гэрт Гандалай, Бадамцэцэг бид гурав архи ууж байгаад баруун талын орон дээр нь хэвтэж байхад гаднаас Гандалайгийн хадам аав Тулга гэгч ах орж ирсэн ба Тулга ах охин хүргэн хоёртой агсам тавиад байсан. Тулга гуай охин Бадамцэцэгээ зодтол Гандалай эхнэрээ өмөөрөөд Тулга гуайтай зодолдсон. Би болиочээ гэж хэлтэл Гандалай гал тогооны шургуулагнаас хутга гаргаж ирээд шууд намайг баруун орон дээр хэвтэж байтал ямар овоо юм бэ гэж хэлээд зүүн суганы ар талд нэг удаа хутгалсан. Намайг хутгалчихаад шууд зугтаасан гэжээ. / хх-н 8-15/

          Шүүгдэгч  Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 100 айл руу ажилдаа яваад би чадна ажил хийж байгаад гэртээ 18.00 цагийн орчимд ирсэн. Гэртээ ирээд хоол хийж идээд байж байтал манай найз Б.Лхагварагчаа нь хуурай дүү Н.Баяржаргалынхаа хамт  согтуу ирсэн. Тэр хоёр 0.5 литрийн архи авч ирээд тэр архийг манай хадам аав Ж.Баттулга, Лхагварагчаа, Баяржаргал бид 4 хувааж уугаад архи дуусхаар нь дахин 0.75 литрийн архи авч ууцгаасан. Манай хадам аав согтуу байсан мөн манай эхнэр намайг ирэхэд архи уучихсан байсан юм. Лхагварагчаа манай хаалгыг эвдэж ороод хоолны кострул аваад явчихсан байсан юм. Тэгээд тэр талаар маргалдаад Лхагварагчаа намайг цохих гээд далайхаар нь би хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад түүний далан дээрээс нэг удаа хутгаараа хатгасан. Би гэртээ эрүүл ирээд тэд нартай нийлж архи уусан гэжээ. /хх-ийн 19/

           Гэрч Б.Бямбарагчаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр манай ах Лхагварагчаа Гандалай гэх айлд байж байх хугацаандаа Гандалай хадам аавтайгаа муудалцаад байхаар нь настай хүнтэй маргалдаад хэрэггүй гэж хэлээд буруу хараад хэвтэж байтал нь Гандалай араас нь хутгаар хутгалсан гэжээ. / хх-н 16-17/

           Гэрч Б.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 4-ны өдөр 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр 7 дугаар гудамж 2252 тоотод гэртээ 2 хүүхдийн хамт сууж байтал нөхөр Гандалай найз Лхагварагчаатай хамт согтуу орж ирсэн. Тэр хоёр юм яриад сууж байснаа гараад явчихсан. Би хүүхдүүддээ хоолыг нь өгчихөөд хүүхдүүдээ дагуулаад аав Баттулгынд очсон. Гэрт ортол Гандалай, Лхагварагчаа, Шаагаа нар байсан ба Гандалай нь Лхагварагчааг хутгалчихсан гээд Лхагварагчаагийн нуруунаас цус гарч байсан. Манай аав Баттулга Хэнтий аймаг руу мал маллахаар явсан. Холбоо барих утас байхгүй гэжээ. / 20-22/

          Гэрч Ж.Баттулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 4-ны өдөр би гэртээ ганцаараа архи уусан. Намайг гэртээ байж байхад манай охин Бадамцэцэг гэрт хүргээд өгөөч гэж ирсэн. Тэгээд охиноо хүргэж өгөхөөр Гандалайгийнд очсон. Намайг ороход миний танил Лхагварагчаа тэднийд байж байсан ба түүний нуруунаас цус гарчихсан Гандалай боож байсан. Би юу болсон юм бэ гэхэд тэр хоёр хоёулаа танд хамаагүй гээд юм хэлээгүй. Одоо Лхагварагчаа хаана байгаа талаар би мэдэхгүй байна гэжээ. / хх-н 93-94/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 95/

           Шүүх сэтгэц эмгэг судлалын 928 дүгнэлт:

1.Б.Г нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.

2.Б.Г нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх бичиг баримт үгүй байна.

3.Б.Г нь хэрэг үйлдэгдэх үед болон одоогийн нөхцөл байдалд хэрэг хариуцах чадвартай байна.

4.Б.Г нь бие даан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна гэжээ.  /хх-н 96-97/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 96/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 23-24/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 5936 тоот дүгнэлтэд:

1.Б.Лхагварагчаагийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд цус хуралталд гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  хэрэг  учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 25 /

          2018.5.25-ны өдрийн 5462 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг цагаан өнгийн даавуу дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна гэжээ.  /хх-н 28/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 29/

          Б.Лхагварагчаагийн цэргийн төв эмнэлэгийн өвчний түүхийн хулбар /хх-н 31-40/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-27/

          Б.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 43/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 42/,  гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 45/, зөрчлийн талаарх баримтууд /хх-н 48-50/              

         Б.Гд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 52/, прокурорын тогтоол /хх-н 53-54/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-57,74/

         Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 58-59/

          Б.Гг эрэн сурвалжилсан баримтууд /хх-н 60-71

         Б.Гд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-н 75-86/, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай   шүүгчийн захирамж / хх-н 125-126/

          Б.Г нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өвөр 7 дугаар гудамжны 2178 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж найз Б.Лхагварагчаагийн цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Б.Лхагварагчаагийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд цус хуралталд гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  хэрэг  учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 5936 тоот дүгнэлт /хх-н 25 /

          Хохирогч Б.Лхагварагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тулга гуай охин Бадамцэцэгээ зодтол Гандалай эхнэрээ өмөөрөөд Тулга гуайтай зодолдсон. Би болиочээ гэж хэлтэл Гандалай гал тогооны шургуулагнаас хутга гаргаж ирээд шууд намайг баруун орон дээр хэвтэж байтал ямар овоо юм бэ гэж хэлээд зүүн суганы ар талд нэг удаа хутгалсан. Намайг хутгалчихаад шууд зугтаасан гэсэн мэдүүлэг  / хх-н 8-15/

          Шүүгдэгч  Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Лхагварагчаа манай хаалгыг эвдэж ороод хоолны кострул аваад явчихсан байсан юм. Тэгээд тэр талаар маргалдаад Лхагварагчаа намайг цохих гээд далайхаар нь би хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад түүний далан дээрээс нэг удаа хутгаараа хатгасан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 19/ болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.Г нь архи ууж байгаад хувийн таарамжгүй харьцаанаас  болж харилцан маргалдаж улмаар хохирогчийн  цээжин тус газар нь хутгалсанаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Б.Ггийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-д  заасан хүний эрүүл мэндэд хүнд   хохирол  санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Хохирогч эмчилгээний зардлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.         

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тамгын хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэв.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл  байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-д  заасан хүний эрүүл мэндэд хүнд   хохирол  санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Б.Гг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Ггийн 2018 оны 8  дугаар  сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны  өдөр хүртэл цагдан хоригдсон  92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт  шилжүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                       С.ӨСӨХБАЯР

          

                                                                                Н.БААСАНБАТ