Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1732

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч:О.Багшбаяр

хохирогч : М.Улаанбанди

шүүгдэгч: М.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт М.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806089882119  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Х 1974  оны 11 дүгээр  сарын 21ий өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ноолуур авдаг ажилтай,  ам  бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  1 дүгээр хороо 17а дугаар байрны 10 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй

Холбогдсон хэргийн талаар:

          М.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн  1 дүгээр хороо 17а дугаар байрны 10 тоотод М.Улаанбандитай маргалдаж түүний цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би өмнөх өдөр нь Гэсэртэй архи уугаад, өглөө найз Гэсэрийн найз Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй яриад Улаанбандийг дуудсан. Бид нар бөх ярьж байгаад  нэг шил архи уусан. Тэгээд маргалдсан. Яаж хутгалснаа санахгүй байгаа. Хутга  ширээн дээр ил байсан. Хаана хутгалсанаа санахгүй байна. Би гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна гэв.

     Хохирогч М.Улаанбанди  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эмнэлэг дээр явж байсан. Өдөр 12.00 цаг өнгөрөөгөөд Хосбаяр манай найз Бат-Эрдэнэ, Гэсэр нар намайг дуудсан. Би архи ууж байвал очихгүй. Архи уугаагүй байвал очиж ярьж сууя гэж хэлсэн. Гэтэл уугаагүй байна. Чи хүрээд ир гэсэн. Тэгээд очиход нэг шил архи гаргасан. Би эхлээд эрүүл очсон. Намайг очиход согтуу хүмүүс маргалдах, мэтгэлцэх аятай байсан. Тэр архиа 4- үүлээ уугаад дуусаагүй байсан. Тэгээд Хосбаяр “би жагсаалын дарга байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь би цэрэгт явсан болгон дарга болдог гээд хэлсэн. Гэтэл “ална шүү” гэхээр нь би ална гэсэн хүн бүрээс айдаг нь би биш. Алвал ал гэж хэлсэн. Гэтэл шүүгээнээс шар иштэй хутга авчираад зүрхэн тус газар 2 удаа хатгасан. Тэгээд би хутгалчихлаа болиоч дээ новшоо гэж хэлсэн. Гэтэл алчихна шүү гэж дайрсан. Тэгээд би гараад шатны уруу буухад араас дахиж өшиглөсөн. Би гомдолтой байна. Энэ хүнийг зүйлчилж байгаа зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг санаатай алах гэж байсан. Надтай нэг ч удаа уулзаагүй. Утсаар ярихаар завгүй байна гэдэг. Сая гадаа тааралдаад надад “ би чамаас айдаг хүн чинь биш шүү” гэж хэлж байна. Энэ ямар учиртай болоод энэ зүйл ангиар зүйлчилж байгаа юм бэ. Би хөлөө хүрэх газар явна. Би эр хүмүүс шиг уулзаад ярилцая гэж өөрөө хэлж байсан. Энэ бол санаатайгаар зүрхэн тус газар хоёр хутгалаад, тэгээд шатны уруу явж байхад араас өшиглөсөн ийм байхад ингэж зүйлчилж байгааг эсэргүүцэж байна. Би өөрөө хэрэгт орж  үзсэн. Би зөвхөн хүн рүү аяга шидсэний төлөө 5 жил 1 сарын ял авч байсан. Шатны уруу явж байхад араас өшиглөсөн. Надтай нэг ч удаа уулзаагүй. Би зүйлчлэлийг үгүйсгэж байна гэв.

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-6/

           Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 7-8/

          Шүүгдэгч М.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай найз болох Гэсэр, Батбаяр нар манайд ирж бид архи ууцгаасан. Хэд хоногийн өмнө Дундговиос ноос аваад жаахан шатсан байсан болохоор шаталтаа тэмдэглэж байна гээд архи ууцгаасан. Би 11.00 цаг болж байхад урд нь бас хамт ноос ноолуур авч байсан найз болох Улаанбандийг утсаар дуудсан. Улаанбанди бид хоёр бөх ярьж байгаад маргалдаад байх шиг байсан. Нэг мэдсэн чинь цагдаа ирээд намайг хүн хутгалсан байна гэж хэлсэн. Би Улаанбандитай ямар нэгэн байдлаар маргалдсан өр авлага өш хонзон ярьсан зүйл байхгүй. Би архи ууснаас болоод ийм зүйл гаргачихлаа маш их гэмшиж байна гэжээ.  /хх-н 36/

          Хохирогч М.Улаанбанди   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр би Баянзүрх дүүрэг дээр ажилтай явж байтал миний хуучны танил болох Хосбаяр миний 99990987 утсанд 13.00 цагийн орчимд Гэсэр гэдэг хүний утаснаас залгаад Гэсэр, Баадкаа бид 3 байна. Манайд хүрээд ир гэсэн. Ингээд би архи дарс хэрэглэхгүй, таван үг сольж болно гээд гэрт нь буюу Сансарт байх 17 а байрны 4 давхарт байдаг гэрт нь ирсэн. Гэрт нь очиход тэр гурав нилээн согтуу нэг шил архи авчихсан байж байсан. Тэгээд ойр зуурын юм яриад бизнес хийж байгаад шатах зүйл байлгүй яахав гэсэн юм ярилцсан. Гэтэл Хосоо би чамайг алчих уу гэхээр нь би тэг л гэж хэлсэн. Тэгтэл шургуулагнаас шар алаг иштэй хутга гаргаж ирээд шаана гэхээр нь би шаа гэхэд шууд намайг дүрэх гэхээр нь жоохон зайлж бултсан. Тэгтэл 3-4 удаа нүүр лүү цохиод дахин хутгаараа цээжний зүүн талд эгэмний доор хутгалсан. Тэгээд би гарлаа чи хүн амины хэрэгт орох нь байна би чамайг цохиж зодохгүй хэрвээ чи надад цохиулвал ухаан алдана шүү гэж хэлээд гэрээс нь гарч өөрийн дүү Чулуунтамирт хутгалуулсан талаараа хэлсэн. Миний хувьд архи дарс хэрэглээгүй, дуудахад нь очоод хөзөр тоглож инээж наргиж байгаад явья гэж бодож л очсон. Би архи уухгүй гэдгээ ч хэлсэн гэтэл ингэж хутгалж байгаад нь гайхаж байна.  Намайг ямар нэгэн шалтгаангүйгээр хутгалсан гэжээ. / хх-н 9-12/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/

          Гэмтлийн эмчийн үзлэг,өвчний түүхийн хуулбар /хх-н 15-23/

          Гэрч Б.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр өглөө 06.45 цагт ажилдаа явахаар гарахад манай гэрт нөхөр Хосбаяр, найз Гэсэрийнхээ хамт үлдсэн. Би 11.59 цагийн орчимд нөхөр лүүгээ ярихад Баадка гэдэг найз нь ирсэн бид нар юм яриад сууж байна гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй миний утас руу скайтелийн утаснаас залгаад цагдаагаас ярьж байна гэртээ ир гэсэн. Ингээд би ажил ихтэй байсан учраас яасан бэ гэхэд хүрч ирээд уулзаад гэрээ цоожлоодхи гэсэн. Намайг гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн Хосбаяр, Гэсэр хоёрыг гавалчихсан байж байсан. Би юу болсон юм бэ гэхэд танай нөхөр чинь юм уу Гэсэр юм уу хүний зүрхэнд хутгалсан байна гэж хэлсэн. Би сандраад ажил дээрээ эргэж очиж чөлөө авчихаад гэртээ эргэж ирсэн. Гэсэр хөдөөнөөс ирээд манай нөхөртэй хамт байсан. Тэр манай нөхөртэй хамт ажилладаг юм. Манай нөхөр  хүн хутгалаад байх хүн биш. Манай нөхөр бид хоёр 17 жил хамт амьдарч байна. 15 настай хүүтэй. Энэ хугацаанд хүн хутгалах нь битгий хэл надад гар хүрч үзээгүй хүн гэжээ. /хх-н 24-

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13642 тоот дүгнэлт:

1.М.Улаанбандийн биед цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы түвшинд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, шарх орчмын цус хуралт, өвчүүний зүүн доод хэсэгт шарх, оочинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

        4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-н 13-14/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 45-46/

          Шинжээч эмч Ц.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд М.Улаанбандийн цээжний зүүн хэсэгт хавж хатгагдсан шархтай гэж онош тавьж эмчилгээ хийгдсэн байсан. Хавж хатгагдсан гэдэг нь цээжний хөндий нэвтрээгүй, зөөлөн эд дундуур явсан гэсэн үг. Цээж гэрэлд харсан хэвлийн эко зэргээр цээж, хэвлий хэсэгт шингэн хуралтгүй, дотор эрхтэн гэмтээгүй гэсэн шинжилгээний  хариунууд байсан. Шархны ирийг тогтоох боломжгүй. Зөөлөн эдийг хавж хатгагдсан шарх байна. Ингэхээр цээж, хэвлийн хөндий нэвтрээгүй, дотор эрхтэн гэмтээгээгүй учраас энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Дотор эрхтэн гэмтээд, цээжний хөндийд цус, хий хурвал хүнд гэмтэл гэж үздэг юм гэжээ. / хх-н 49-50/

           М.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 38 /

          М.Хт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 41-42/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44/ зэрэг болно.

          М.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн  1 дүгээр хороо 17а дугаар байрны 10 тоотод М.Улаанбандитай маргалдаж түүний цээжин тус газар нь хутгалж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          М.Улаанбандийн биед цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы түвшинд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, шарх орчмын цус хуралт, өвчүүний зүүн доод хэсэгт шарх, оочинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13642 тоот дүгнэлт  /хх-н 13-14/

          Шинжээч эмч Ц.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М.Улаанбандийн цээжний зүүн хэсэгт хавж хатгагдсан шархтай гэж онош тавьж эмчилгээ хийгдсэн байсан. Хавж хатгагдсан гэдэг нь цээжний хөндий нэвтрээгүй, зөөлөн эд дундуур явсан гэсэн үг. Цээж гэрэлд харсан хэвлийн эко зэргээр цээж, хэвлий хэсэгт шингэн хуралтгүй, дотор эрхтэн гэмтээгүй гэсэн шинжилгээний  хариунууд байсан. Шархны ирийг тогтоох боломжгүй. Зөөлөн эдийг хавж хатгагдсан шарх байна. Ингэхээр цээж, хэвлийн хөндий нэвтрээгүй, дотор эрхтэн гэмтээгээгүй учраас энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Дотор эрхтэн гэмтээд, цээжний хөндийд цус, хий хурвал хүнд гэмтэл гэж үздэг юм гэсэн мэдүүлэг  / хх-н 49-50/

           Хохирогч М.Улаанбандийн  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...                                                                     ойр зуурын юм яриад бизнес хийж байгаад шатах зүйл байлгүй яахав гэсэн юм ярилцсан. Гэтэл Хосоо би чамайг алчих уу гэхээр нь би тэг л гэж хэлсэн. Тэгтэл шургуулагнаас шар алаг иштэй хутга гаргаж ирээд шаана гэхээр нь би шаа гэхэд шууд намайг дүрэх гэхээр нь жоохон зайлж бултсан. Тэгтэл 3-4 удаа нүүр лүү цохиод дахин хутгаараа цээжний зүүн талд эгэмний доор хутгалсан. Тэгээд би гарлаа чи хүн амины хэрэгт орох нь байна би чамайг цохиж зодохгүй хэрвээ чи надад цохиулвал ухаан алдана шүү гэж хэлээд гэрээс нь гарч өөрийн дүү Чулуунтамирт хутгалуулсан талаараа хэлсэн. Би архи уухгүй гэдгээ ч хэлсэн гэтэл ингэж хутгалж байгаад нь гайхаж байна.  Намайг ямар нэгэн шалтгаангүйгээр хутгалсан гэсэн мэдүүлэг  / хх-н 9-12/

           Шүүгдэгч М.Хын өгсөн ... Улаанбанди бид хоёр бөх ярьж байгаад маргалдаад байх шиг байсан. Нэг мэдсэн чинь цагдаа ирээд намайг хүн хутгалсан байна гэж хэлсэн. Би Улаанбандитай ямар нэгэн байдлаар маргалдсан өр авлага өш хонзон ярьсан зүйл байхгүй. Би архи ууснаас болоод ийм зүйл гаргачихлаа маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг   /хх-н 36/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           М.Х нь архи ууж согтуурсан үедээ Улаанбандитай маргалдан түүний цээжин тус газар нь нэг хатгасанаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

  Прокуророос М.Хын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.      

          Шүүгдэгч М.Х нь хохирогч  М.Улаанбандийн нэхэмжилсэн эмчилгээний зардалд 1.150.000 төгрөгийг төлсөн, мөн ноолууран цамцыг нөхөн төлсөн, хохирогч одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  М.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.             

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М.Х-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар М.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    М.Х нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар М.Х нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. М.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уг хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Х нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

        8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Хт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН