Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1731

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Эрдэнэбаатар

Д.Д, О.О нар нь өөрсдийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Д.Д, О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.О, Д.Д нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806090472197  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.О, 2000  оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 3 , эцэг, эх, нарын хамт Баянзүрх  дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамжийн гудамжны 179 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

 

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б 1978  оны 3 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд  төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 5 , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 3б дугаар гудамжны 569 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ..............

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Д, О.О нар нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Хохирогч, шүүгдэгч   О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     Хохирогч, шүүгдэгч  Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хохирогч, шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо цэргийн замын хашаанд Хятад улсаас том оворын машинаар ирсэн барааг буулгаж байхад цэнхэр өнгийн портер машин ачаа буулгаж байгаад саад болоод байсан. Тэгэхээр нь би машинаа холдуулчих гэсэн чинь тэр жолооч залуу ах та эхлээд ачаагаа холдуулчих гэсэн. Би олон удаа машинаа холдуулчих гэсэн боловч хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би машины тэвшин дээр нь гараад машинаа холдуулчих гэхэд чадахгүй гээд суугаад байсан тэгэхээр нь би тэр ахын нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохисон. Нөгөө ах миний хацар хамар луу мөн цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гарсан. Би хамгийн сүүлд салахдаа нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Би тэр хүнийг гараараа цохиж хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэжээ.  /хх-н 14-17/

          Хохирогч, шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр 13.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Цэргийн замын хашаанаас каргоноос ачаа авч байтал ачаа тараадаг буулгадаг залуучуудын нэг нь болох 20-25 насны эрэгтэй хар куртик улаан малгайтай залуу надтай ачаа буулгалтаас болоод маргаж байтал 1 залуу хажуунаас орж ирээд пизда минь чи машинаа гарга наад дугуйг чинь би буулгахгүй гээд шууд дээш гарч ирээд куртикээ тайлж шидээд гараараа шанаа руу 1 удаа цохисон. Дараа нь нүүр лүү 2 удаа цохиод учир зүггүй толгой бие рүү өшиглөж дэвслээд машины ачаан дээр зодсон. Хашаанд камер байхгүй. Манай талаас хүн байгаагүй гэжээ.   /хх-н 9-13/      

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 13460 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Д.Дын биед хамрын нуруу, зүүн хацар, зүүн чих, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, уруулын дотор салстын язарсан шарх, эрүү, зүүн шуу, баруун сарвуу цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 19/

          Д.Дын толгойн компьютер томографийн шинжилгээ /хх-н 20/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 13461 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.О.Оын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 22/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

          Д.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 26/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 29/,              

         О.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 28/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,

          Д.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 41-42/

          О.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40/

          О.От  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 31/, прокурорын тогтоол /хх-н 32-33/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34/

          Д.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/зэрэг болно.

          Д.Д, О.О нар нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинаа холдуулах тухай асуудлаас болж маргалдан улмаар харилцан зодолдсоны улмаас бие биенийхээ  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         О.О, Д.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          О.О, Д.Д нар нь бусдад төлөх төлбөргүй болно.           

          О.О, Д.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  О.О, Д.Д нарыг тус бүр   450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар            О.О нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр, Д.Д нь  торгох ялыг гурван сарын дотор  нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар   О.О, Д.Д нар  нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 5. О.О, Д.Д нар  нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.О, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.О, Д.Д нар  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.О, Д.Д нарт  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН