Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1718

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: И.Ариунсанаа

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806084721893  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******, 1995  оны 01 дүгээр  сарын 02ы өдөр Орхон аймгийн Бор-Өндөр суманд  төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин   мэргэжилтэй, Тэс петролум шатахуун түгээх станцад шатахуун түгээгч ажилтай,  ам  бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 807-22 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр  шүүхийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 119/55 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан,  2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоолор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,2,1,181,2,3 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн улмаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тус шүүхийн  304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр оргох ялаар шийтгүүлж, уг торгох ялыг энэ хэрэгтээ цагдан хоригдсон  50 хоногийг оруулан тооцож торгох ялыг эдлэсэнд тооцсон байна,

Холбогдсон хэргийн талаар:

          ******* нь 2018 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар төвийн Айриш пабад О.Золбоог цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч  ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар төв зочид буудлын Айриш пабад найз Ууганбат, Нямдаваа, Азбаяр болон түүний найз охин Халиунаа нарын хамт сууж үйлчлүүлсэн. Тэгтэл гаднаас Азбаярын найз гэх 2 залуу орж ирсэн. Тэснээ Азбаярыг тухайн хоёр залуу наадхыг чинь аваад явчихья гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу авч явах гээд байгаа юм бэ гэхэд тууралтай банди минь дуугүй бай гээд байсан. Тэр үед би цохиогүй харин нүүрэн тус газар нь түлхсэн. Тэгээд бид нарын дунд маргаан үүсч тухайн хоёр залуу над руу дайраад намайг газар унагааж дээрээс нэг нь миний духны баруун хэсэг рүү өшиглөсөн. Бид нарыг тухайн пабын хамгаалагч ирээд салгасан. Тухайн хоёр залуу гарчихаад буцаж орж ирээд дахин над руу дайрсан. Манай найз Нямдаваагийн нүүрэн тус газар мөн цохисон. Тэгээд цагдаа дуудна гэхэд нөгөө хоёр залуу гараад явчихсан. Би удалгүй пабаас гарсан. Гэтэл Азбаяр манай найз чамаас уучлалт гуйя гэнээ гэсэн. Тэгсэн чинь Золбоо гарч ирээд намайг цохисон. Ууганбат, Азбаяр хоёр гарч ирээд бид хоёрыг салгасан. Золбоо намайг доромжлоод цаашаа явсан. Гэтэл Золбоо эргэж ирээд надтай зодолдсон. Нөгөө хоёр Золбоод хандаад одоо болио гэхэд Золбоо би танай найзтай үзнээ гээд байсан. Тэгээд бид хоёр зодолдсон би Золбоогийн хамар луу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унасан. Би унахдаа зүүн хөлний өвдөг хэсгээрээ хүчтэй цементэн дээр унасан. Азбаяр нар Золбоог авч явсан. Миний  биед баруун дээд 4 дэх шүд хугарсан. Баруун шанаа хэсэг рүү хүчтэй нэг удаа гараараа цохисон. Энэ гэмтлүүдийг Золбоо учруулсан гэжээ.  / хх-н 20/

          Хохирогч О.Золбоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би хамт ажилладаг Баярсайхан гэх залуутай 19 дүгээр хорооллын кафед нэг шил 0.75 граммын архи 5-уулаа хувааж уусан. Тэгээд би машинтай явж байсан болохоор дуудлагын жолооч дуудаад машинаа өгч явуулсан. Тэгээд Баярсайхан бид хоёр Амар төвийн караокед ортол хамт ажилладаг Азжаргал найз нарынхаа хамт сууж байсан. Азбаярын ширээний хажуугаар явахдаа сайн уу  хэзээ ирсэн юм бэ гэж хэлээд өнгөрсөн. Баярсайхан бид хоёроос хамт явж байсан хүмүүс нь та хоёр юу нь юм бэ гэхээр нь хамт ажилладаг юм гэсэн. Тэгээд сууж байтал тухайн ширээнд сууж байсан нэг залуу босч ирээд миний нүүр хамар луу шууд цохиод авсан.  Мөн хальт Баярааг цохиод авах шиг болсон. Миний хамар нүд сонин болоод манарсан. Зохион байгуулагч нь ирээд бид нарыг салгасан. Би хэрэлдээд гараад явсан. Баярсайхан дотор үлдсэн. Би машин дотор хэсэг суугаад манараагаа гаргаад 30 орчим минутын дараа Баярсайханыг дуудхаар гартал намайг цохидог залуу 2 залуутай мөн Азбаяр нар байж байсан. Саруул гэх залуу над руу дайраад дахиад нүүр рүү цохиод авсан. Азбаяр салгах гээд дийлэхгүй байсан. Саруул намайг гараараа цохиогүй байх өөр зүйлээр л цохиод байх шиг байсан. Надад учирсан гэмтлийг Саруул учруулсан гэжээ.  /хх-н 8-15/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 2/

          Гэрч У.Азбаяр  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 20-21 цагийн орчимд би Өмнөговьд хамт ажилладаг Золбоотой уулзаад 1 шил 0.75 граммын архи уусан. Бид хоёрыг байж байхад манай найз Халиун ирсэн. Би Халиуныг дагуулаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Амар төвд орсон. Тэнд намайг Нямдаваа, Ууганбат, Саруул 3 хүлээж байсан юм. Бид 5 суугаад үйлчлүүлж байсан чинь Золбоо гаднаас ажлын газрын залуу гээд Баярсайханы хамт орж ирсэн. Золбоо намайг тэнд очихыг мэдэж байсан юм. Тэгээд Золбоо намайг авч явна гэхэд Саруул үгийн зөрүүгүй Золбоогийн нүүрэн тус газар нь цохисон. Баярсайханыг мөн цохиод авсан. Баярсайханы хаашаа цохисныг би хараагүй. Золбоо, Баярсайхан хоёр хойшоо болсон чинь Саруул дайраад байсан. Намайг салгах гээд очиход Золбоо гараад явчихсан. Би Золбоогийн араас гартал Саруул болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд гараад ирсэн. Саруул гадаа гараад дахиад л Золбоо руу дайраад байсан. Тэгж байснаа тооцоогоо хийхээр орсон. Тэгэхээр нь би Золбоог дагуулж яваад уучлалт гуйсан. Саруул дотроос гарч ирээд дахиад Золбоотой маргасан. Саруул Золбоогийн биед гэмтэл учруулсан. Гэхдээ юугаар учруулсаныг би хараагүй гэжээ. /хх-н 22-24/

          Гэрч Э.Ууганбат  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 10 дугаар сарын 17-ны орой найз Саруул, Нямдаваа бид 3 Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар төвийн Айриш пабад сууж байгаад Азбаяр луу залгаад Нямдаваа дуудсан.  00.00 цагийн орчимд найз охин Халуинаагийн хамт Нямдаваа ирсэн. Тэр хоёрыг орж ирээд удаагүй байж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэгээд хоёулаа Азбаяртай гар бариад байсан. Тэр хоёр бага зэргийн архи уучихсан байсан. Тэгээд тэр хоёр залуу Азбаярыг авч явна гэсэн. Гэтэл Саруул босоод тэр хоёртой маргалдаад тэр хоёр залууг цохисон. Тэгээд маргаан үүссэн. Тэд нар зууралдсан юм болоод байсан би Азбаярын найз болох Халиунаатай юм яриад зогсож байсан. Гадаа гараад мөн л бөөн зодоон болоод байсан. Саруул анх зодсон залуугаа гадаа гараад ч зодоод байсан. Юунаас болоод байгааг нь би мэдээгүй. Азбаяр бид хоёр архи уучихсан байсан болохоороо Саруулыг нөгөө залуугаас салгаж чадахгүй байсан юм гэжээ. /хх-н 25-27/             

          Гэрч Э.Халиунаа  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 22.00 цагийн орчимд найз залуу Азбаярын хамт түүний  найз Золбоо дээр ирсэн. Тэгээд хамт байж байтал Азбаяр луу Саруул гэж найз нь залгаад кино үйлдвэрийн Айриш пабад байна гэсэн. Тэгээд Золбоод хаана орох гэж байгаагаа хэлчихээд Азбаяр бид хоёр Золбоогоос салаад Айриш пабад ирсэн.  Пабад Саруул, Ууганбат, Нямдаваа нар байсан. 23.40 цагийн орчимд Золбоо араас нэг найзтайгаа хамт орж ирсэн. Золбоо мэнд мэдээд байх шиг байсан. Гэтэл Золбоо уурлаад нэг юм хэлэх шиг болсон. Би ширээний нилээн хойно суучихсан байсан юм. Гэтэл Саруул босч ирээд Золбоогийн нүүр лүү цохисон. Тэгээд муудалцаад явцгаасан. Гэтэл Золбоо танихгүй хүний ширээн дээр байсан хутгыг аваад Саруул руу дайраад байсан. Нөгөө хэд архи уучихсан байсан болохоор хутгыг анзаараагүй байх. Тэнд байсан хүмүүс хутга бариад байна ш дээ гэж орилход хамгаалагч нь ирээд тэд нарыг салгасан. Тэгээд түүнээс хойш нэг их зодоон болоогүй би таксинд суугаад явсан гэжээ. /хх-н 28-30/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12575 тоот дүгнэлт:

1.О.Золбоогийн биед баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх жижиг голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, хамрын угалзны шарх, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 32/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 33-34/

          Эмчилгээний зардлын талаарх баримт  /хх-н 35-43/

          *******ын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 39 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 31/

          *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 44-45/

          *******д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 46/, прокурорын тогтоол /хх-н 47-48/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-50/ зэрэг болно.

         ******* нь 2018 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар төвийн Айриш пабад О.Золбоог цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч О.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... сууж байтал тухайн ширээнд сууж байсан нэг залуу босч ирээд миний нүүр хамар луу шууд цохиод авсан.  Мөн хальт Баярааг цохиод авах шиг болсон. Миний хамар нүд сонин болоод манарсан. Зохион байгуулагч нь ирээд бид нарыг салгасан. Саруул гэх залуу над руу дайраад дахиад нүүр рүү цохиод авсан. Азбаяр салгах гээд дийлэхгүй байсан. Саруул намайг гараараа цохиогүй байх өөр зүйлээр л цохиод байх шиг байсан. Надад учирсан гэмтлийг Саруул учруулсан гэсэн мэдүүлэг   хх-н 8-15/

О.Золбоогийн биед баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх жижиг голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, хамрын угалзны шарх, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12575 тоот дүгнэлт  /хх-н 32/

          Гэрч Э.Халиунаагийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Золбоо уурлаад нэг юм хэлэх шиг болсон. Би ширээний нилээн хойно суучихсан байсан юм. Гэтэл Саруул босч ирээд Золбоогийн нүүр лүү цохисон. Тэгээд муудалцаад явцгаасан. Гэтэл Золбоо танихгүй хүний ширээн дээр байсан хутгыг аваад Саруул руу дайраад байсан. Нөгөө хэд архи уучихсан байсан болохоор хутгыг анзаараагүй байх. Тэнд байсан хүмүүс хутга бариад байна ш дээ гэж орилход хамгаалагч нь ирээд тэд нарыг салгасан гэсэн мэдүүлэг/хх-н 28-30/

          Гэрч У.Азбаярын  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Золбоо намайг авч явна гэхэд Саруул үгийн зөрүүгүй Золбоогийн нүүрэн тус газар нь цохисон. Баярсайханыг мөн цохиод авсан. Баярсайханы хаашаа цохисныг би хараагүй. Золбоо, Баярсайхан хоёр хойшоо болсон чинь Саруул дайраад байсан. Намайг салгах гээд очиход Золбоо гараад явчихсан. Би Золбоогийн араас гартал Саруул болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд гараад ирсэн. Саруул гадаа гараад дахиад л Золбоо руу дайраад байсан гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/

          Гэрч Э.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Саруул босоод тэр хоёртой маргалдаад тэр хоёр залууг цохисон. Тэгээд маргаан үүссэн. Тэд нар зууралдсан юм болоод байсан би Азбаярын найз болох Халиунаатай юм яриад зогсож байсан. Гадаа гараад мөн л бөөн зодоон болоод байсан. Саруул анх зодсон залуугаа гадаа гараад ч зодоод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/

           Шүүгдэгч  *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ..би  юу авч явах гээд байгаа юм бэ гэхэд тууралтай банди минь дуугүй бай гээд байсан. Тэр үед би цохиогүй харин нүүрэн тус газар нь түлхсэн. Тэгээд бид нарын дунд маргаан үүсч тухайн хоёр залуу над руу дайраад намайг газар унагааж дээрээс нэг нь миний духны баруун хэсэг рүү өшиглөсөн. Бид нарыг тухайн пабын хамгаалагч ирээд салгасан. Тухайн хоёр залуу гарчихаад буцаж орж ирээд дахин над руу дайрсан. Манай найз Нямдаваагийн нүүрэн тус газар мөн цохисон. ...Тэгсэн чинь Золбоо гарч ирээд намайг цохисон. Ууганбат, Азбаяр хоёр гарч ирээд бид хоёрыг салгасан. Золбоо намайг доромжлоод цаашаа явсан. Гэтэл Золбоо эргэж ирээд надтай зодолдсон, ..би Золбоогийн хамар луу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унасан. Би унахдаа зүүн хөлний өвдөг хэсгээрээ хүчтэй цементэн дээр унасан. Миний  биед баруун дээд 4 дэх шүд хугарсан. Баруун шанаа хэсэг рүү хүчтэй нэг удаа гараараа цохисон. Энэ гэмтлүүдийг Золбоо учруулсан гэсэн мэдүүлэг  /хх-н 20/ зэрэг болно

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          *******д холбогдох хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд *******аас 1.500.000 төгрөгийг гаргуулж О.Золбоод төлүүлэхээр шийдвэрлэв.       

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1д эх хэсэгт  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар *******ыг 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    ******* нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ******* нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

 

8.Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******аас 1.500.000 төгрөгийг гаргуулж О.Золбоод олгосугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

                       ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН