Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1716

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: И.Ариунсанаа

шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806088131993  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Д 1992  оны 11 дүгээр  сарын 23ы өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан  суманд  төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, автозасварчин   мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, эхнэр,  2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 1 дүгээр гудамжны 503  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, .........

Холбогдсон хэргийн талаар:

           Х.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Генерал бааранд М.Базарсадын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

      Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Х.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 1-ны шөнө 01.00 цаг болж байхад Генерал бааранд 4 найзын хамт орсон. Бид тэнд пиво ууж бүжиглэсэн. Тухайн үед манай найз Мөнх-Эрдэнэ үл ялих зүйлээс болоод нэг хүнтэй ойлголцохгүй байх шиг байсан. Бидэнтэй хамт явж байсан Зулаагийн бөгсийг тэнд байсан залуучууд шүргэсэн юм шиг байсан би түүнийг нь хараагүй. Нэг залуу Зулаатай хэрэлдэж байсан би тэр залууг нь цохчихсон байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байгаа юм. Зулаа надад хэлэхдээ миний бөгсийг нэг залуу цохиод авахаар нь би маргаж байтал чи намайг өмөөрөөд тэр залууг цохисон гэж хэлсэн гэжээ. /хх-н 11/

          Хохирогч М.Базарсад  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 01.00 цагийн орчимд найз Мөнхбат, Эрдэнэбаатар нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал бааранд орсон. Бид бааранд ороод хүний хоёр ширхэг пиво авч уугаад бүжиглээд байж байтал манай ширээн дээр байсан задлаагүй нэг ширхэг пивоор хажуугийн ширээн дээр сууж байсан үл таних залуу миний толгой тус газарт цохьсон. Миний толгой эргээд цус нилээн гарсан. Тухайн үед намайг цохьсон залуу гараад зугтаах гэхээр нь би баарны хамгаалагч нартай хамтраад барьж авч байж байгаад цагдаад өгсөн гэжээ. /хх-н 4-9/

          Гэрч Б.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 1-ний шөнө цагаа санахгүй байна. 00.00 цагийн орчимд байх Генерал бааранд Мөнхбат, Базарсад бид 3 орсон. Манай гэрт цуг байж байгаад орсон. Манай ширээний хажууд 2 эмэгтэй, 3 эрэгтэй сууж байсан Ядаж байхад ширээ нь их ойрхон байсан. Тэр хүмүүс босоод явахаар манай ширээ хөдлөөд байсан. Гэтэл Базарсад жаахан холдчих гээд хэлтэл нэг залуу эргэж хараад манай ширээн дээр байсан дотроо пивотой шилээр Базарсадын толгойн тус газарт цохитол Базарсадын толгойноос цус гарсан. Бид сандраад хартал цохисон залуу зугтааж байсан. Тэгэхээр нь бид нар очоод бариад авсан. Базарсадын духнаас маш их цус гарсан гэжээ. /хх-н 18-19/

         Гэрч Ж.Энхзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн орой 01.00 цагийн орчимд Генерал бааранд 4 найзын хамт орсон. 2 эмэгтэй, 3 эрэгтэй байсан. Биднийг ороод удаагүй байхад 3 залуу орж ирээд бидний хажуугийн ширээн дээр суусан. Манай найз нар босоод бүжиглэж байхад би ганцаараа ширээн дээрээ сууж байгаад бостол нэг залуу миний бөгс рүү цохисон. Би согтуу юм байна гэж бодоод юм хэлээгүй. Хэсэг хугацааны дараа Дөлгөөн ширээн дээр ирээд пиво уухаар нь би босоод гарах гэтэл намайг дахиад цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гэхэд Дөлгөөн ууж байсан пивоны шилээ хана руу шидтэл хагараад шилний хагархай нь ирээд нөгөө залуугийн толгойг онож цус гаргасан. Тэгээд маргаан гарч байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-н 20-21/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13278 тоот дүгнэлт:

1.М.Базарсадын биед духанд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 24/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-26/

          Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:М.Базарсадын биед учирсан духанд шарх, хамарт зулгаралт гэмтэл нь хагарсан шилнээс үүсэх боломжтой. Тусад нь авч үзэх юм бол духанд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамарт зулгарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамааралгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.  /хх-н 27-28/

          Х.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 39 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 31/

          Х.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 29/

          Х.Дд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 33-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/ зэрэг болно.

         Х.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Генерал бааранд М.Базарсадын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч М.Базарсадын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ... Бид бааранд ороод хүний хоёр ширхэг пиво авч уугаад бүжиглээд байж байтал манай ширээн дээр байсан задлаагүй нэг ширхэг пивоор хажуугийн ширээн дээр сууж байсан үл таних залуу миний толгой тус газарт цохьсон. Миний толгой эргээд цус нилээн гарсан гэсэн мэдүүлэг  /хх-н 4-9/

М.Базарсадын биед духанд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13278 тоот дүгнэлт

          Гэрч Ж.Энхзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Дөлгөөн ширээн дээр ирээд пиво уухаар нь би босоод гарах гэтэл намайг дахиад цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гэхэд Дөлгөөн ууж байсан пивоны шилээ хана руу шидтэл хагараад шилний хагархай нь ирээд нөгөө залуугийн толгойг онож цус гарсан байсан гэсэн мэдүүлэг

          Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гэтэл Базарсад жаахан холдчих гээд хэлтэл нэг залуу эргэж хараад манай ширээн дээр байсан дотроо пивотой шилээр Базарсадын толгойн тус газарт цохитол Базарсадын толгойноос цус гарсан. Бид сандраад хартал цохисон залуу зугтааж байсан. Тэгэхээр нь бид нар очоод бариад авсан. Базарсадын духнаас маш их цус гарсан гэсэн мэдүүлэг. /хх-н 18-19/

          Шүүгдэгч Х.Дийн   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .... Бидэнтэй хамт явж байсан Зулаагийн бөгсийг тэнд байсан залуучууд шүргэсэн юм шиг байсан би түүнийг нь хараагүй. Нэг залуу Зулаатай хэрэлдэж байсан би тэр залууг нь цохчихсон байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байгаа юм. Зулаа надад хэлэхдээ миний бөгсийг нэг залуу цохиод авахаар нь би маргаж байтал чи намайг өмөөрөөд тэр залууг цохисон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг  / хх-н 11/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Х.Дд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Хохирогч М.Базарсадад хохирлын 100.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

   Х.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.    

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Х.Дийг 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Х.Д нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Х.Д нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Х.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Дд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН