| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1615/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1715 |
| Огноо | 0018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
0018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Г.Эрдэнэ
хохирогч : И.Нэргүй
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806080341952 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* , 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Эвридэй салонд үсчин ажилтай, ам бүл 6, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 307 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ............
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны гудамжинд И.Нэргүйтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар зүйлийн 01-ний өдөр өглөө гэртээ амарч байсан. Жорлон ороод явж байхад Нэргүй эгч гарч ирсэн. Өглөө 9 цаг 30 минут өнгөрч байсан. Нэргүй эгч араас явж байснаа дүү нь байна уу гэхээр нь би байхгүй гэтэл намайг дарж унагаасан. Нэргүй эгч согтуу байсан. Бид хоёр адилхан нэгнийгээ үстэлцсэн. Би тэр үед ажилтай завгүй байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгсөн. Цагдаа гэрт нь ирэхэд Нэргүй эгч гэртээ байгаагүй. Би цагдаа дээр 2,3 удаа Нэргүй эгчийн талаар гомдол гаргаж байсан гэв.
Хохирогч И.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хөдөө ажилладаг тул хотод гэртээ 7 хоног л байдаг. Би тухайн өдөр согтуу байгаагүй. Цэцэнтэгшийн дүү манай ахыг зодсон байсан. Би гэрээсээ гарч ирээд Цэцэнтэгштэй таарсан. Яагаад чи ингэж байгаа юм бэ гэтэл элдвээр доромжлоод намайг үстсэн. Тэгээд би зөрүүлээд үстсэн. Тэр дороо цагдаа дээр очсон. Би энэ Цэцэнтэгштэй согтуу олон удаа таарч байсан. Бид хоёрыг эрэгтэй дүү нь гарч ирээд намайг цохиод салгасан. Модоор намайг цохьсон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би 7 хоног ажилдаа яваагүй. Би 3 хүүхэдтэй хүн. Энэ хэргээс болж миний толгой хавдаад, нуруу хөдөлж чадахгүй байсан. Нурууны зураг авахуул гэсэн боловч надад мөнгө байгаагүй. Гэмтлийн эмч нь 240.000 төгрөг өгвөл зураг авна гэсэн. Цэцэцтэгшээс толгойны зураг авахуулсан 120.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн 8000 төгрөг зэргийг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 10 дугаар сарын 1-ны өглөө 08-09 цагийн үед гэрээсээ гараад 00 орчихоод гарч явтал хажуугаар өнгөрч байсан эмэгтэй намайг хөөе дүү чинь байна уу гэхээр нь би байхгүй байна гэхэд юу гээд байгаа юм гичий авгай минь гэсэн. Би яагаад хүнийг янз бүрээр хэлээд байгаа юм гэтэл миний хажууд ирчихээд үснээс зулгаагаад доош дараад байсан. Би орилж хашгирсан боловч хүн ирээгүй. Тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө эмэгтэйн үснээс зулгаагаад хөл рүү нь өшиглөсөн. Тэгж байтал манай 2 дүү гарч ирсэн. Нэргүй гэдэг хүүхнийх манай хойд талд байдаг юм байлаа. Тэр үед согтуу байх шиг байсан. Би өөрийгөө хамгаалах зорилгоор л үснээс нь зулгаасан. Би өмнө нь Нэргүй гэх эмэгтэйн дүү болох Туяатай маргалдаад чулуу авч шидэж байсан юм бий гэжээ. / хх-н
Хохирогч И.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манай гэрийн ойр орчимд дандаа хашаагүй айлууд байдаг юм. Надтай маргалдсан хүүхнийх манай урд байдаг юм. Манай хүүхдүүдийг хажуугаар нь явахаар байнга хэл амаар доромжилж байдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 09.00 цагийн орчимд би гэрээсээ гараад явж байсан чинь манай урд талын айлын хүн болох Цэцэнтэгш бие засчихаад явж байсан тэгэхээр нь би чи яахаараа жоохон хүүхдүүдийг байнга явуулахгүй янз бүр болгоод байдаг юм бэ би цагдаагийн байгууллагад очиж хэлэх гээд явж байна гэтэл Цэцэнтэгш гичий нохой минь гээд бид хоёр хэрэлдсэн. Гэтэл намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдсэн. Тэр үед Цэцэнтэгш орилоод гэрээс нь 2-3 хүн гарч ирсэн. Гэрээс гарч ирсэн хүмүүс бид хоёрыг салгаад та хоёр юунаас болж маргасан юм бэ гэхээр нь тайлбарлаад байж байтал Цэцэнтэгш түлээний модоор миний нүүрэн тус газарт цохисон гэжээ. /хх-н 12-14/
Гэрч П.Бямбажаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр би гэртээ унтаж байтал гэнэт эгч Цэцэнтэгш орилсон. Эхлээд ах Баасандорж гараад би араас нь гарсан. Тэгтэл арын айлын Нэргүй манай эгчийн үснээс зулгаачихсан доош нь дараад байж байсан. Бид хоёр очоод болиочээ та яагаад байгаа юм гэж хэлээд салгах гэтэл Нэргүй гэгч нь энүүнийг ална гээд байсан. Бид арай гэж салгасан. Тэр хүнээс маш их архи үнэртэж байсан. Нэргүй танайхыг гэртээ чинь шатаана гээд дайраад байсан. Нэргүй бол нөхөртэйгээ хоёулаа архи уудаг юм гэжээ. /хх-н 24/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11900 дүгнэлтэд:
1.И.Нэргүйгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13811 тоот дүгнэлт:
1.Б.Цэцэнтэгшийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-н 28/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17,23/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20 /
*******ид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 21/, прокурорын тогтоол /хх-н 22,31-32/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/ зэрэг болно.
******* нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны гудамжинд И.Нэргүйтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...хохирогч И.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... би чи яахаараа жоохон хүүхдүүдийг байнга явуулахгүй янз бүр болгоод байдаг юм бэ би цагдаагийн байгууллагад очиж хэлэх гээд явж байна гэтэл Цэцэнтэгш гичий нохой минь гээд бид хоёр хэрэлдсэн. Гэтэл намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсэдсэн. Цэцэнтэгш түлээний модоор миний нүүрэн тус газарт цохисон гэсэн мэдүүлэг / хх-н 12-14/, *******ид үсдүүлсэний улмаас И.Нэргүйгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11900 дүгнэлт /хх-н 17/, Гэрч П.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэнэт эгч Цэцэнтэгш орилсон. Эхлээд ах Баасандорж гараад би араас нь гарсан. Тэгтэл арын айлын Нэргүй манай эгчийн үснээс зулгаачихсан доош нь дараад байж байсан. Бид хоёр очоод болиочээ та яагаад байгаа юм гэж хэлээд салгах гэтэл Нэргүй гэгч нь энүүнийг ална гээд байсан. Бид арай гэж салгасан гэсэн мэдүүлэг /хх-н 24/, Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хажуугаар өнгөрч байсан эмэгтэй намайг хөөе дүү чинь байна уу гэхээр нь би байхгүй байна гэхэд юу гээд байгаа юм гичий авгай минь гэсэн. Би яагаад хүнийг янз бүрээр хэлээд байгаа юм гэтэл миний хажууд ирчихээд үснээс зулгаагаад доош дараад байсан. Би орилж хашгирсан боловч хүн ирээгүй. Тэгэхээр нь би зөрүүлээд нөгөө эмэгтэйн үснээс зулгаагаад хөл рүү нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
******* нь хувийн таарамжгүй харьцааны улмаас И.Нэргүйтэй маргалдаж улмаар харилцан үсэлдцсэнээс И.Нэргүйгийн биед хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогоогдож байна.
Иймд *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч И.Нэргүй нь 128.000 төгрөг нэхжмилсэнийг *******ээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоногүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 183.333 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтооусгай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 307 тоотод оршин суудаг, /РД: ИЗ86080100/ *******ээс 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Нэргүйд олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН