Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

       Нэхэмжлэгч Боржигон овогт Т-ийн О

       Нэхэмжлэгч Харчин овогт Х-ын А нарын нэхэмжлэлтэй

 Хариуцагч “Ю э  ” ХХК-д холбогдох 4.260.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , хариуцагчийн төлөөлөгч Б.Г , хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 Нэхэмжлэгч Т.О , Х.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Ю э  ” ХХК-тай 3-40/17 дугаартай “Бизнес аялалд оролцох, оролцуулах гэрээ” байгуулж, БНСУ-д 2017 оны 9 дүгээр сарын 4 дэх 7 хоногт зохион байгуулагдах “Хөдөө аж ахуйн бизнес аялал” сэдэвт судалгааны аялалд оролцохоор харилцан тохиролцсон.

 Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэг хүний аялалын зардал 4.200.000 төгрөг ба урьдчилгаа 30 хувь болох 1 хүний 1.500.000 төгрөг, 2 хүний 3.000.000 төгрөгийг бэлнээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр компанид төлсөн.

 Тус компанийн зүгээс гэрээнд заасан хугацаанд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн виз мэдүүлж, аялалд оролцуулаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгүүдэд “...арга хэмжээ зохиогдож буй улсад нэвтрэх виз болон түүнтэй холбоотой боловсруулах, мэдүүлэх асуудлыг захиалагч оператор компани хариуцана” гэж заасан.

Бидний зүгээс компанид виз мэдүүлэхэд шаардлагатай бүх баримтуудыг гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл холбогдох баримт бичгийг БНСУ-ын элчин сайдын яаманд виз гаргуулахаар өгөөгүй. Үүссэн асуудлыг компанийн менежер, захирлаас тодруулахад виз мэдүүлэхийн тулд хүн тус бүрийн 5.000.000 төгрөгийг байршуулах шаардлагатай гэсэн тайлбарыг өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд аялалын зардал 4.200.000 төгрөг байхаар заасан бөгөөд өөр ямар нэгэн зардлын талаарх зохицуулалт байгаагүй.

 Тухайн аялалд оролцохын тулд урьдчилгаа төлбөр 3.000.000 төгрөгийг бусдаас хүүтэй зээлээд, өнөөдрийг хүртэл хүү төлж хохирол хүлээсээр байна.

  Иймээс хариуцагчаас урьдчилгаа  төлбөр 3.000.000 төгрөг, Улаанбаатар хотод 6 удаа ирж очсон шатахууны зардал 360.000 төгрөг, зээлийн гэрээний 2 сарын хүү 900.000 төгрөг, нийт 4.260.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нар БНСУ-д зохиогдох бизнес аялалд оролцохоор гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөгийг төлж, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч виз гараагүйн улмаас явж чадаагүй. Яагаад, гэхээр хариуцагч 5.000.000 төгрөг байршуул, тэгэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн гэдэг. Гэрээнд энэ мөнгийг байршуулна гэсэн заалт байхгүй. Мөн албан ёсоор БНСУ-ын виз ийм учраас гараагүй гэдэг хариу бичгийг бидэнд өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтаар виз авахдаа бас нэг компанид хандаж авдаг юм шиг байгаа юм. Тэр компанийн “боломжгүй” гэсэн албан бичиг байдаг. Нэхэмжлэгч нар аялалд оролцохын тулд зардал их гаргасан. Урьдчилгаа мөнгийг төлөхийн тулд хүнээс зээл авч өгсөн. Одоо энэ мөнгөний хүүг сар бүр төлж байна.

  Иймд хариуцагчаас урьдчилгаа  төлбөр 3.000.000 төгрөг, ирж очсон шатахууны зардал 360.000 төгрөг, зээлийн гэрээний 2 сарын хүүгийн төлбөр 900.000 төгрөг, нийт 4.260.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

   Хариуцагчийн төлөөлөгч Б.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд БНСУ-д зохиогдох аялалд оролцохоор гэрээ байгууллагдсан. Урьдчилгаа төлбөрт бэлнээр 3.000.000 төгрөг төлсөн.

    Гэтэл тухайн иргэнд виз олгох, олгохгүйн консулын газрын эрх хэмжээний асуудал. Биднээс шалтгаалахгүй. Компани бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн. Ганцхан шаардлага бол нийгмийн даатгал төлдөг бол дэвтрээ, төлдөггүй бол дансанд 5.000.000 төгрөг байршуулах, элчингийн журамтай. Нэхэмжлэгч нар нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас мөнгөө байршуул гэхэд байршуулаагүй. Маш олон удаа шаардуулж байж “ шимтгэл төлдөггүй” гэсэн бичиг авчирч өгсөн. Энэ талаар манай ажилтан сайн танилцуулсан. Аялалд оролцох хүмүүсээс 3 хүн мөнгөө байршуулаагүйн улмаас явж чадаагүй. Бусад аялагчдаас шимтгэл төлсөн нь баримтаа өгөөд, төлөөгүйн 5.000.000 төгрөгийг байршуулаад, яваад ирсэн. Хүн бүр Солонгос улсын визэнд ороход мөнгө байршуулдаг болохыг мэддэг болсон. Гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримтууд хэрэгт байгаа. Байршуулсан 5.000.000 төгрөгийг би болон компани, элчингийн аль аль нь авдаггүй. Баталгаа болгож өгөөд, буцаад ирэхээр нь эргүүлж өгдөг мөнгө гэдгийг хэлсэн. Консулын газрын тусгай дансанд хийдэг.

   Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

         Нэхэмжлэгч Т.О , Х.А нар, хариуцагч “Ю э  ” ХХК-д холбогдуулан 4.260.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

        Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч нар үүргээ биелүүлээгүйгээс виз гараагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Х.А , Т.О  нар, хариуцагч “Ю э  ” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, 3-40/17 дугаартай, “Бизнес аялалд оролцох, оролцуулах гэрээ”-г зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна. 

       Нэхэмжлэгч нар гэрээний дагуу үйлчилгээний урьдчилгаа хөлсөнд 3.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус компанид бэлнээр төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, талууд энэ тал дээр маргаагүй.

        Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “аялалд оролцогчийн хувийн баримт бичгийг  холбогдох улсын элчингийн консулын журмын дагуу заасан хугацаанд бүрдүүлэн өгнө” мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “шаардлагатай тохиолдолд компанийн дотоод журмын дагуу оролцогчийг тухайн улсаас буцаж ирэх баталгаа болгож барьцааг компанийн дансанд байршуулна. Энэ нь тухайн үеийн виз мэдүүлэгчийн нөхцөл байдал, элчингийн шаардлагаас хамаарна” гэж зааснаар хариуцагч, нэхэмжлэгч нарт нийгмийн даатгал төлдөг бол нийгмийн даатгалын дэвтрээ, төлдөггүй бол          БНСУ-ын элчингийн журмын дагуу 5.000.000 төгрөг байршуулах нөхцлийг  танилцуулахад, нэхэмжлэгч Т.О  ГовьСүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 308 дугаартай, Т.О  нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болно” гэсэн албан бичгийг өгч, шимтгэл төлдөггүй болохоо мэдсэн атлаа консулын газрын журмын дагуу дансанд 5.000.000 төгрөгийг байршуулаагүй нь тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэгч нар гэрээний үүргээ зөрчөөгүй, хариуцагчийг БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлээгүй гэдгээ нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

        Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагч гэрээнд заасан ажил үйлчилгээг үзүүлж, гэрээний гол нөхцөл биелэгдэн, захиалагчийн төлсөн мөнгөний хэмжээнд дүйцэхүйц ажил үйлчилгээ үзүүлсэн болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

        Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн өмгөөлөгч “Бид үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчид БНСУ-ын элчингийн газрын шаардсан 5.000.000 төгрөгийг байршуулаагүйн улмаас асуудал үүссэн ч визний хураамжийн үлдэгдэл 1.535.088 төгрөг төлөхийг зөвшөөрнө” гэх тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээнд 1.535.088 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

         Мөн нэхэмжлэгч нар төрийн байгууллагыг төлөөлөн аялалд оролцоогүй, тухайн хүн өөрийн хүсэл зоригийнхоо дагуу хийж байгаа үйлдэл учраас аялалд явахын тулд бусдаас зээл авч, урьдчилгаа мөнгө төлсөний 2 сарын хүү,  Улаанбаатараас ГовьСүмбэр аймаг ирж, очих унаа, бензиний зардал нэхэмжилснийг хангах боломжгүй байна.

         Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас  1.535.088 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39.511 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

         115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ю э  ” ХХК-иас  1.535.088 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогт Т-ийн О, Харчин овогт Х-ын А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.724.912 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.511 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА