| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1647/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1708 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ч.Алтансүх
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806 09126 2133 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын гадна засал чимэглэлчин ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 17 дугаар гудамжны 415 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, .............
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян супермаркетын ойролцоо өөрийн хойд эцэг болох Ю.Оюунзулыг архи ууж агсан тавьлаа гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ах, бид хоёр ажлаа хийж байсан чинь Оюунзул согтуу утсаар ярьсан. Тэгээд хурдан ирэхгүй бол ээжгийг чинь ална гэж ярьсан. Тэгээд бид хоёр яваад очтол дэлгүүрийн урд согтуу зогсож байсан. Тэгээд би очоод 3 удаа цохьсон. Тэгэхгүй бол дэлгүүрийн лангууг нураах гээд байсан. Тэгээд ах намайг машин цоожил гэж явуулсан. Би машин цоожлоод иртэл, манай ах Оюунзул хоёр дэлгүүрээс эвлэрсэн байдалтай гарч ирж байсан. Тэгээд гэртээ очоод байж байтал эгч нь араас орж ирж цагдаа дуудсан гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 8-ны 23.00 цагийн орчимд ажлыхаа газрын түрээсийн байранд амарч байхад төрсөн ах болох Сүхбатын утас дуугараад ах нэг хүнтэй яриад байсан. Тэгснээ уурлаад босож ирээд гадуур хувцасаа өмсөөд эхэлсэн. Би юу болсон юм бэ гэхэд Оюунзул агсам тавиад байна гэнэ. Ээжийг ална тална гээд байна гэнэ гэж хэлсэн. Бид хоёр машиндаа суугаад ээжийх рүү явж байхад Оюунзул дэлгүүрийн үүдэн дээр байж байсан. Бид хоёр машинаасаа буугаад Оюунзул дээр очиход тэрээр ахыг цохих гээд гараа далайсан. Бид гурав дэлгүүр ороод бид хоёр эргээд ээжийх рүү явсан. Ээжээс очоод юу болсон талаар асуухад Оюунзул намайг ална хүүхдүүдээ дууд гээд байна гэсэн. Удалгүй Оюунзул өөрөө гэрт ороод ирсэн. Тэгээд аав нь гадаа хүнд зодуулчихлаа гээд хоёр хүүхдээ тэврээд үнсээд байсан. Тэгж байхад Оюунзулын эгч нь болох Алтай орж ирээд юу болсон юм гэхэд энэ хоёр намайг зодсон гэж хэлтэл эгч нь цагдаа дуудсан. Ах бид хоёрыг анх дэлгүүр дээр очиход Оюунзул хүнд зодуулсан байдалтай байсан гэжээ. /хх-н 15/
Хохирогч Ю.Оюунзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 8-ны шөнө 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян супермаркет дотор худалдан авалт хийгээд байж байхад миний эхнэрийн дагавар хүү болох Сүхбат над руу залгаад чи хаана байна би чамайг байгаа газарт чинь очоод ална гэж хэлсэн. Удалгүй Сүхбат, Сүх-Очир хоёр хамт ирээд Сүхбат нь миний араас тэврээд харин Сүх-Очир нь миний урдаас ирээд миний нүүр, цээж, бие рүү маш олон удаа цохисон. Би яг хаана хаана цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд намайг гэрлүүгээ чирч авч явсан. Миний ухаан санаа орж гараад байж байтал манай эгч Алтанзул орж ирээд цагдаа дуудсан гэжээ. / хх-н 7-11/
Гэрч *******үхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 8-ны 23.00 цагийн орчимд манай хойд аав болох Оюунзул нь над руу 91178291 гэсэн дугаараас залгаад чи яг одоо ирж янхан ээжийгээ ав надад энэ гэрт амьдрах арга алга ирж авахгүй бол би ална шүү гэхээр нь би өөрийн дүү Сүх-Очирыг дагуулаад ээжийх рүүгээ явсан. Бид хоёрыг явж байхад Оюунзул гэрийн ойролцоо байдаг дэлгүүр лүү орж харагдсан. Би дэлгүүрийн хаалган дээр очоод түүний араас тэвэрч авсан. Тэгээд тэр дэлгүүрийн худалдагч нараар цагдаад дуудлага өгүүлсэн. Тэрээр дэлгүүрийн лангуу эд зүйлийг нураах гээд байхаар нь би тэврээд байсан. Гэтэл машинууд сигналдаад байхаар нь би гарч машинаа холдуулсан. Тэр хооронд Оюунзул дэлгүүрээс гараад явж харагдсан. Би ээжийх рүүгээ очиход Оюунзул ирээгүй байсан. Төд удалгүй тэрээр ээжийнд ирсэн. Гэтэл Оюунзулын эгч нь гэрт орж ирээд та хоёр миний дүүг зодсон байна гээд цагдаад дахин дуудлага өгсөн. Би тухайн үед архи дарс хэрэглээгүй байсан гэжээ. /хх-н 12-13/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20-21/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13444 тоот дүгнэлт:
1.Ю.Оюунзулын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу ба зүүн угалз, уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, хүзүүний зулгаралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-н 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27 /
*******т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/
*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/ зэрэг болно.
******* нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 24 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян супермаркетын ойролцоо өөрийн хойд эцэг болох Ю.Оюунзулыг архи ууж агсан тавьж, янхан ээжийгээ ав надад энэ гэрт амьдрах арга алга ирж авахгүй бол би ална шүү хэлсэнээс болж ахын хамт очоод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ю.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сүхбат над руу залгаад чи хаана байна би чамайг байгаа газарт чинь очоод ална гэж хэлсэн. Удалгүй Сүхбат, Сүх-Очир хоёр хамт ирээд Сүхбат нь миний араас тэврээд харин Сүх-Очир нь миний урдаас ирээд миний нүүр, цээж, бие рүү маш олон удаа цохисон. Би яг хаана хаана цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд намайг гэрлүүгээ чирч авч явсан гэсэн мэдүүлэг/ хх-н 7-11/
*******ын цохисон улмаас Ю.Оюунзулын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу ба зүүн угалз, уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, хүзүүний зулгаралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13444 тоот дүгнэлт /хх-н 22/,
Гэрч *******үхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Оюунзул нь над руу 91178291 гэсэн дугаараас залгаад чи яг одоо ирж янхан ээжийгээ ав надад энэ гэрт амьдрах арга алга ирж авахгүй бол би ална шүү гэхээр нь би өөрийн дүү Сүх-Очирыг дагуулаад ээжийх рүүгээ явсан. Бид хоёрыг явж байхад Оюунзул гэрийн ойролцоо байдаг дэлгүүр лүү орж харагдсан. Би дэлгүүрийн хаалган дээр очоод түүний араас тэвэрч авсан. Тэгээд тэр дэлгүүрийн худалдагч нараар цагдаад дуудлага өгүүлсэн. Тэрээр дэлгүүрийн лангуу эд зүйлийг нураах гээд байхаар нь би тэврээд байсан гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... хурдан ирэхгүй бол ээжийг чинь ална гэж ярьсан. Тэгээд бид хоёр яваад очтол дэлгүүрийн урд согтуу зогсож байсан. Тэгээд би очоод 3 удаа цохьсон. Тэгэхгүй бол дэлгүүрийн лангууг нураах гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-н 15/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогчид хохирлыг бүрэн төлсөн хохирогч гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг хоёр сарын дотор нэг сард 225.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН