Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 247

 

220/2019/0159

 

 

 

 

 

 

 

 

Б.О,  Т Т Ю нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Хосбаяр,

яллагдагч Б.О  түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

яллагдагч БНХАУ-ын иргэн Т Т Ю-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/243 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ш.Хосбаярын бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцлээр Б.О  Т Т Ю нарт холбогдох эрүүгийн 1809043770296 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн О, 19... оны ..... сарын ...-ны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

2. Хятад улсын иргэн, Т Т Ю, 19. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ......... тоотод түр оршин суух бүртгэлтэй, /................... дугаартай гадаад паспорттай/;

Б.О  нь БНХАУ-ын иргэн Т. Т. Ю үйлдсэн зам тээврийн ослын эрүүгийн 180300727 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1,420,000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөндөө 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хахуульд авсан, мөн 20,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Т  Т Ю  нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч Б.О  эрүүгийн 180300727 дугаартай хэрэгт шалгагдах явцдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд 1,420,000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг түүний Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөнд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т Т Ю ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан гэж мөрдөгч үзсэн бол хэргийн материалтай танилцахыг яллагдагч, тэдний өмгөөлөгч нарт хэрхэн яаж мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй байх ба хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд Лхагвасүрэн овогтой Эрдэнэ нарт холбогдох хэргийн материалыг Б.О  танилцуулсан гэж үзэхээр байна.

Хавтас хэргээс нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах хүсэлтийг гаргасан байхад уг боломжоор хангаагүй болох нь өмгөөлөгч нарын хүсэлт болон тайлбарт дурджээ. Оролцогчийн уг хүсэлтийг мөрдөгч хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хуульд заасныг зөрчиж хавтас хэргийн материалтай танилцах хугацаа боломж, нөхцөлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар оролцогч нарын гаргасан хүсэлт бодитой байна.

Хэргийн материалтай танилцаад гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг прокурор шийдвэрлэсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт тусгагдаагүй.

Мөн “уг гэмт хэргийн талаарх мэдээллийг анх өгсөн албан тушаалтан болох н.Мөнхтамга гэгчийг уг хэрэгт гэрчээр асууж мэдүүлэг авах” тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Цагдаагийн алба хаагчийг томилогдож, шилжиж ажиллахад ажлын байрны нөхцөл боломжоор хэн, хэрхэн, яаж хангах талаарх холбогдох байгууллагын журам болох баримт бичиг хэрэгт авагдаагүй байгаа нь хэргийг шийдвэрлэхэд саад болж байна.

Хэрэгт гэрчүүдийн мэдүүлсэнчлэн ажиллах нөхцөл боломжоор нь хангасан, хэрэглэгдэх тавилгуудыг өгсөн гэдэг нь хэрхэн нотлогдож байгаа талаарх эх сурвалж байхгүй байна. Яллагдагчид эд хөрөнгө хариуцуулсан, хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх учир Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр асууж мэдүүлэг авах нь зүйтэй ба хэрэгт дээр дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэсний дараа хэргийг шийдвэрлэх боломжтой гээд, хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар яллагдагч Б.О  БНХАУ-ын иргэн Т Т Ю нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Хосбаяр бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт Ч.Тогосоо гэрчээр “...Би төв Замын цагдаагийн газрын хэн гэдэг хүнтэй уулзсанаа тухайн үед мэдэхгүй байсан болохоор энэ асуудлын талаар өмнөх мэдүүлэг дээр хэлээгүй юм... Тухайн хүнийг одоо харвал танина, намхавтар тарган шар царайтай 50 гаран насны хүн байсан, тэр хүн тухайн үед костюм өмссөн, зангиа зүүсэн харахад дарга байрын хүн байсан” гэж, яллагдагч Т Т Ю мэдүүлэхдээ “Үүний дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны намайг Замын цагдаагийн албанаас ирж уулзахыг мэдэгдсэн. Очоод уулзахад дарга нь бололтой хүн, түүний хажууд 2 хүн байсан. Тэр 2 хүн намайг Цагдааг ерөнхий газар руу дагуулан авч яваад ахлах мөрдөгч Отгонд тавилга авч өгсөн асуудлын талаар мэдүүлэг авсан байгаа... Миний хувьд цагдаагийн ахлах мөрдөгч Отгонд миний хэргийг аятайхан шийдээд өгөөч гэж өөрөө сайн дураараа албан тасалгааны тавилга авч өгсөн зүйл байхгүй. Харин ахлах мөрдөгч Отгоны шахаж шаардсан, дарамталсны дагуу яах ч аргагүй эрхэнд албан тасалгааны тавилга авч өгсөн байгаа” гэж тус тус мэдүүлсэн.

Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтэс мэдээллийн дагуу албаны шалгалт явуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Уг албан бичигт Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шалгуулахаар хүргүүлсэн талаар дурдсан. Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д мөн хуулийн 4.1-д заасан этгээд /Төрийн, Улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан/ албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасан.

Дээрх баримтууд болон албаны шалгалт явуулсан материалд авагдсан баримтуудаар Ч.Тогосоо болоод яллагдагч нар нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх мэдээллийг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх нь шүүхийн эрх, хэмжээнд хамаарна. Өөрөөр хэлбэл, тээврийн цагдаагийн албаны алба хаагч Мөнхтамга гэгчийг гэрчээр байцааснаар тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, яллагдагчийн хувьд эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Мөн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны нягтлан бодогч С.Мөнхжаргал, тус албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ц.Насанбат, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст Мэдээлэл технологийн операторч ажилтай Г.Ганзориг нар гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд яллагдагч В.Отгонд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст албан өрөө гаргаж ширээ, сандал зэргийг тавьж өгсөн талаар мэдүүлэгтээ дурдсан. Мөн хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, Тээврийн цагдаагийн алба шинээр байгуулагдсантай холбоотойгоор албан өрөөний хүрэлцээ байхгүй учраас Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажлын байраа түр шилжүүлсэн талаар хангалттай баримтууд авагдсан.

Шүүх яллагдагч В.Отгон нь ямар учраас бусдаас тавилга авсан, шалтгаан нөхцөлийг тогтоох талаар захирамжиндаа “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, оногдуулж болох ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд шууд нөлөөлөхөөр байгааг анхаарах нь зүйтэй” гэж дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал”-д хамаарахгүй, хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 243 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хэргийн материалтай танилцах боломж бололцоог маш бага олгосон. Өмгөөлөгчтэй хамт очиж “хуулбарлах боломж байна уу” гэхэд “прокурорын шатанд хуулбарлаж ав” гэж хэлсэн бөгөөд 1 хоногийн дараа шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна...” гэв.

Яллагдагч Т Т Ю өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн. Хэргийн бодит байдлыг тогтоохдоо бүрэн гүйцэд тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй байхаас гадна хэд хэдэн заалтуудыг давж заалдах шатны шүүхээс нэмж оруулах хүсэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөн байцаагч, прокурорын үүрэг. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийг хэн үйлдсэн...”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” гэж заасан.

Манай үйлчлүүлэгч Т Т Ю өөрт давуу байдал үүсгээд яллагдагч Б.О  тавилга өгсөн гэдэг. Гэтэл ямар давуу байдал үүсгэсэн нь хэрэгт тодорхойгүй. Энэ гэмт хэрэг нь зам тээврийн гэмт хэрэг. Зам тээврийн гэмт хэргээс Т Т Ю нь ямар давуу байдал өөртөө үүсгээд байгаа, ямар ашиг хонжоо харж Б.О тавилга өгсөн, эсхүл өөр ашиг сонирхлоор өгсөн үү гэдгийг тогтоогоогүй. Прокурор зам тээврийн хэргийг мэдэхгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Т Т Ю үйлдсэн гэмт хэрэгтээ Б.О-ы шаардсан зүйлийг өгөөд давуу байдлыг бий болгосон эсэх, эсхүл тухайн хэрэг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт байхгүй. Авто тээврийн ослын дүгнэлтийг хуулбарлаж авсан зүйл байхгүй байна. Харин шинжээчийн дүгнэлт, техникийн дүгнэлт, акт зэрэг нь хэрэгт авагджээ. Прокурорын яллах дүгнэлтэд “Б.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн” гэж байгаа тул гэм буруугийн санаа зорилго, сэдэлтийг үндэслэлтэй тогтоож өгнө үү.

Мөн ял оногдуулахдаа хөнгөрүүлэх хувийн байдлыг огт тогтоогүй. Т Т Ю БНХАУ-ын иргэн гэж үзэж хувийн байдлыг тогтоогоогүй. Яллах дүгнэлтийг гардуулж өгөхдөө эх хэлээр буюу Хятад хэл рүү орчуулж гардуулж өгөөгүй.

Энэ гэмт хэрэгт зөвхөн мэдүүлгүүдийг үндэслэн буруутгасан байна. Эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, бусад бичиг баримтуудаар нотлох үүрэгтэй. Энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий газраас Авилгатай тэмцэх газар руу нууцын зэрэглэлтэй хүмүүс мэдээлсэн гэж албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу хэрхэн, хэнд мэдээлсэн бэ гэдгийг шалгаж, иргэний үүргээ биелүүлж, мэдээлэхдээ ямар санаа зорилгоор мэдээлснийг тогтоосны үндсэн дээр гэм буруутай эсэх асуудал яригдана.

Б.О таньж олуулахдаа хууль зөрчсөн. Б.О  зургийг ганцхан бусдаас нь жижиг хэлбэртэй хайчилж, таниулсан.

Эд мөрийн баримтыг хураан авахдаа эд мөрийн баримтыг хураан авах тогтоолоо 2 хувь үйлдэж, Б.О  Т Т Ю нарт гардуулж өгөөгүй бөгөөд хэн гэдэг нь тодорхойгүй этгээд гарын үсэг зурсан байдаг.

Гомдлыг хүлээн аваад хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Яллагдагч Б.О өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 55 минутад Авилгатай тэмцэх газарт очиж, хэргийн материалтай танилцсан. Авилгатай тэмцэх газрын мөрдөгч н.Ганбат “Хэргийг прокурорт шилжүүлэх гэж байна, яаралтай танилцана уу” гэсэн шаардлага тавьсан. Тэр цаг үед энэ хэрэгт анх удаа өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас хавтас хэрэгт ямар материал байгаа талаар судлах зорилгоор “Бид нар хуулбарлаж авах хүсэлтээ байна” гэхэд “Хэргийг прокурорт шилжүүлж байгаа тул прокурорт хүсэлтээ гарга” гэсэн. Тухайн танилцуулсан материалд энэ тухайгаа бичсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр прокурорт бичгээр хүсэлт гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ үйлдлийг нь өмгөөлөх эрхийг хясан боогдуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзнэ. Хавтас хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хавтас хэргийн материалтай танилцахад яллах талын нотлох баримтуудыг цуглуулж, цагаатгах талын ямар ч нотлох баримт байгаагүй. Ийм учраас хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах хүсэлт гаргаж, хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.О  болон түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарт хэргийн материалтай танилцуулжээ. /2 хх-22/ Мөрдөгч хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлдээ “...Лхагвасүрэн овогтой Эрдэнэ нарт холбогдох хэргийн оролцогч Б.О  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссаныг мэдэгдэж...” гэж техникийн алдаа гаргаж бичсэнээс үүдэн Б.О  түүний өмгөөлөгчид өөр хэргийг танилцуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тэд танилцсан болох нь яллагдагч Б.О  түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын тайлбараас тодорхой байна. “Хэргийн материалыг хуулбарлан авах” талаарх хүсэлтийг прокурор шийдвэрлээгүй шүүхэд шилжүүлсэн талаарх гомдол үндэслэлтэй боловч хавтаст хэргийн материалаас нотлох баримтыг хуулбарлаж, хувилж авах эрхээ шүүхийн шатанд ч хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Мөн анхан шатны шүүхийн хэргийг буцаасан гэмт хэргийн талаарх мэдээллийг анх Т Т Ю авсан гэх н.Мөнхтамга гэгчийг уг хэрэгт гэрчээр асуух; Б.О ажлаа гүйцэтгэх боломжоор хангасан эсэх, хэрэглэгдэх тавилгуудыг түүнд өгсөн эсэхийг тогтоох ажиллагааг заавал хийх шаардлагагүй ба яллагдагч Б.О  Т Т Ю нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хянан хэлэлцэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 243 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, тухайн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/243 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.О  Т Т Ю нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийн шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл яллагдагч Б.О  Т Т Ю нарт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ