| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1686/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1697 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгч: *******, Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******, Г.Т нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806026671956 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунднарангийн 13 дугаар гудамжны 405 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ...............
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Т 1997 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ТТДС-н цахилгаан хангамжийн инженерийн 3 дугаар курст сурдаг, ам бүл 3 , эцэг, эх нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 5 дугаар гудамжны 153 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, .................
Холбогдсон хэргийн талаар:
*******, Г.Т нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Чулуун овооны автобусны буудал дээр таксины үйлчилгээ үзүүлж байсан Ц.Итгэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр найз Түвдэндорж болон зүс таних 3 эмэгтэйтэй хамтаар Гачууртын Монгол шилтгээн амралтанд өдөр 15.00 цагийн орчимд очиж амарсан. Орой 23.00 цагийн орчимд Гачууртаас 5-уулаа такси бариад нөгөө 3 эмэгтэй Чулуун Овооны зүүн талын автобусны буудал дээр буугаад цаашаагаа такси бариад явсан. Түвдэндорж бид хоёр үлдсэн. Тэгээд миний утас алга болчихоор нь би утсаа машинд чинь үлдээсэн юм шиг байна гээд таксины жолоочид хэлэхэд битгий машин луу ороод бай гэж тэр жолооч хэлсэн. Тэгээд бид хоёр цаашаагаа алхаж яваад такси бариад 50 орчим метр явж байтал машинтай цагдаа нар ирээд бид 2-ыг бариад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн эрүүлжүүлэх байранд хийсэн. Бид нар 5-уулаа Монгол шилтгээн амралт дээр 2 шил 0.75 литрийн архи уусан. Намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваачаад согтуурал хэмждэг багжаар хэмжихэд 1.3 хувийн согтолттой байсан. Бид хоёр таксины жолоочийг зодоогүй. Миний утас алга байсан болохоор утсаа үзэх гээд хойноос нь хөөсөн байх. Машины хойд талын хаалгыг онгойлгож хараад утсаа байхгүй байхаар нь буцаагаад хаачихсан. Машин дээрээ байхад нь би нэг удаа нүүр лүү нь цохисон. Өөр асуудал гаргаагүй гэжээ. /хх-ийн 16/
Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр найз Баттөмөр болон Баттөмөрийн найз гэх 3 эмэгтэйгийн хамтаар Гачууртын Монгол шилтгээн амралтанд өдөр 16.00 цагийн орчимд очсон. Тэгээд орой 23-24 цагийн орчимд Гачууртаас 5-уулаа такси барьсан. Би машины урд талд нөгөө 4 хойд суудал дээр суусан. Чулуун овооны зүүн талын автобусны буудал дээр нөгөө 3 охин буугаад цаашаагаа такси бариад явсан. Баттөмөр бид хоёр үлдсэн бөгөөд би найзыгаа дуудах гээд Баттөмөрөөс утсыг нь асуутал Баттөмөр утсаа үзсэнээ байхгүй байна гэсэн. Тэгээд нөгөө такси руугаа эргэж орж үзэж гэхэд жолооч нь гар утас чинь байхгүй гээд машинаа түгжээд бид хоёроос зугтсан. Тэр жолооч намайг дээрэмдэх гээд байна гээд тэр хавиар гүйгээд байсан. Бид хоёрын хувьд түүнийг дээрэмдэх ямар нэгэн санаа зорилго байгаагүй юм. Тэр жолооч өөрөө л бид хоёрыг дээрэмдэх гээд байна гэж бодоод зугтаад байсан байх. Би түүний хойноос хөөгөөд машиныг нь тойрч гүйгээд ч баригдахгүй байсан. Тэгж байгаад уг жолооч Баттөмөрт баригдсан. Баттөмөр машин руу нь орж утсаа үзчихээд байхгүй болохоор нь өөр машин бариад дөнгөж хөдлөөд байж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг барьж цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Бид хоёрт тухайн үед бэлэн мөнгө байгаагүй юм. Тэр жолооч ч бид хоёроос мөнгө нэхээгүй тэгэхээр нөгөө 3 охин мөнгийг нь төлсөн байсан байх. Миний хувьд уг жолоочид хүрээгүй. Баттөмөр цохисон эсэхийг би мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 18/
Хохирогч Ц.Итгэлт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 25-ны орой 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Чулуун овооны хойд талын автобусны буудлын дэргэд 4 хүн гар өргөсөн. Үүнээс 2 эмэгтэй 2 эрэгтэй байсан. Тэр 4 хүн бүгд машины арын суудал дээр суусан. Би машинаа бага зэрэг хөдөлгөөд явах гэж байтал өмнөөс Приус 10 маркийн машин шахаж зогсоод наадуул чинь мөнгөө өгөөгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө төлчихөөд яв гэхэд хорооллын эцэс явна хөдөл гэсэн. Би мөнгөө төлөөд яваа гэж хэлээд эргээд хартал нэг туранхай залуу миний шанааруу гараараа нэг удаа цохьсон. Би яадаг муу пязда бэ гээд уурлаад хэлсэн чинь нөгөө хамт явсан бүдүүн залуу нь араас хамгаалалтын бүстэй хамт хоолой шахаж татсан. Тэр хооронд хамт байсан 2 эмэгтэй нь аллаа гэж хэлээд буугаад явчихсан. Би суудлыхаа бүсийг тайлж мултарч машинаас буугаад ууснаа зөв шингээ ингээд яваа хангалттай зодлоо болоо юм биш үү гэж хэлсэн. Гэтэл туранхай залуу нь дахин хоолой гараараа багалзуурдаад шахсан. Мөн миний нүүр лүү цохьсон. Би машинаа хаяад зугтсан. Гэтэл нөгөө нэг залуу нь миний утас алга байна гээд байсан. Тэгснээ намайг утсаа өг гээд байсан. Тэр хоёр залуу намайг ээлжлээд зодсон. Би тэгж байхдаа цагдаа дуудсан. Тэр хоёр залуу утсаа хайж байхдаа миний машины жижиг хайрцганд байсан 14,500 төгрөгийг авчихсан байсан. Мөн миний зүүн гарын чигчий хуруунд байсан монетэн бөгж алга болсон байсан. Би таксинд явахгүй мөнгөө төлөөд яв гэсний төлөө намайг зодсон гэжээ. /хх-н 11-14/
Гэрч М.Түвшинтамир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тэр өдөр би а/д Ц.Лхагва-Очирын хамтаар Гачуурт-115 чиглэлд өглөөний 08.30 цагаас маргааш өглөөний буюу 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 8.30 цаг хүртэл 24 цагийн хугацаанд Баянзүрх дүүргийн 08,12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэв журам сахиулах хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Яг цагийг нь бол сайн санахгүй байна оройн 00.00 цагийн орчимд байх жижүүрээс чулуун овооны автобусны буудлын хойд талд таксины жолооч дээрэмдүүлсэн байна гэсэн дуудлага өгсний дагуу хэргийн газар дээр очиход хохирогч бололтой нэг залуу тосч уулзаад тэр хоёр хүн урд талын машинд суугаад яваад өглөө гэхээр нь араас нь машинтайгаа яваад чанга яригчаар ярьж саарал өнгийн Приус маркийн машиныг Тэнгэр плаза худалдааны төвийн орчимд зогсоогоод дотроос нь холбогдогч хоёр этгээдийг албаны машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирч өгсөн. Тэр хоёр залуу замдаа Гачууртад хэрэггүй архи уулаа гэж ярьж байсан. Тэр хоёрын биед үзлэг хийхэд мөнгө төгрөг гарч ирээгүй гэжээ. / хх-н 19/
Гэрч Ц.Лхагва-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Түвшинтамирын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэв журам сахиулах хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2018 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 00.00 цагийн үед байх жижүүрээс Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овооны автобусны буудлын хойд талд таксины жолооч дээрэмдүүлсэн байна гэсэн дуудлагын дагуу очиход 1 залуу байсан. Уг залуу урд талын машинд хоёр хүн суугаад явсан гэхээр нь бид хоёр тэр машиныг зогсоогоод холбогдогч 2 залууг албаны машиндаа суулгаад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст авчирч өгсөн. Тэр хоёр залуу согтуу байсан болохоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгч саатуулсан. Би биед нь үзлэг хийсэн юу гарч байсныг нь санахгүй байна. Тэмдэглэл хөтөлдөг болохоор тэнд тодорхой байгаа гэжээ. /хх-н 60/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4156 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ц.Итгэлтийн биед тархи доргилт, хамрын хянга ясны үзүүр хэсгийн хугарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд 2 шүдний сулрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 21/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 22/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 23/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25/,
Г.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 26/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, эрүүлжүүлэгдсэн талаарх баримт /хх-н 30-34/
Г.Тид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 56-57/
*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 58-59/
*******т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 47/, прокурорын тогтоол /хх-н 48-49/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51/
Г.Тид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 52-53/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-55/ зэрэг болно.
*******, Г.Т нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Чулуун овооны автобусны буудал дээр таксины үйлчилгээ үзүүлж байсан Ц.Итгэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...Ц.Итгэлтийн биед тархи доргилт, хамрын хянга ясны үзүүр хэсгийн хугарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд 2 шүдний сулрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4156 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ц.Итгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Би мөнгөө төлөөд яваа гэж хэлээд эргээд хартал нэг туранхай залуу миний шанааруу гараараа нэг удаа цохьсон. Би яадаг муу пязда бэ гээд уурлаад хэлсэн чинь нөгөө хамт явсан бүдүүн залуу нь араас хамгаалалтын бүстэй хамт хоолой шахаж татсан. Тэр хооронд хамт байсан 2 эмэгтэй нь аллаа гэж хэлээд буугаад явчихсан. Би суудлыхаа бүсийг тайлж мултарч машинаас буугаад ууснаа зөв шингээ ингээд яваа хангалттай зодлоо болоо юм биш үү гэж хэлсэн. Гэтэл туранхай залуу нь дахин хоолой гараараа багалзуурдаад шахсан. Мөн миний нүүр лүү цохьсон,хоёулаа ээлжлээд цохиод байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
*******, Г.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогчид хохирлыг төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
*******, Г.Т нар нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Г.Т нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******, Г.Т нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, Г.Т нар нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, Г.Т нар нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. *******, Г.Т нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******, Г.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН