| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1591/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1696 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Б.Чимгээ
хохирогч: Л.Ариунжаргал
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаагчууд овогт Намжилдоржийн Наранбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806060831829 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******, 1977 оны 7 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Гацуурт ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,1994 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Орхон аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан, 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Орхон аймгийн сум дундын шүүхийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 35.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялуудыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан, РД: ФМ77072712,
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвин дэвжих ХХК-ны нийтийн байранд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Ариунжаргалын нүүрэн тус газар нь хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Гацуурт ХХК-д жолооч хийдэг. Хөдөө байнга байдаг. Улаанбаатар хотод ажилаар орж ирдэг. 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгээс Улаанбаатарт орж ирсэн. Тэр өдрөө хохирогчтой хамт байсан нийтийн байранд очсон. Тэгээд наадмын үе байсан тул дэлгүүр орж хүнсний зүйл авсан. Би хотод ирэхээр гэртээ зурагт үзээд хэвтэж амардаг байсан. Би 7 дугаар сарын 15-ны өдөр эргээд хөдөө ажилдаа явах байсан. Хохирогч архи байнга хэрэглэдэг байсан. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр надад архи авч өгсөнгүй гэж уурлаад байсан. Дэлгүүрт явж байхдаа хүртэл архи нэхээд уурлаад байсан. Тухайн өдөр 13 цагт хэрүүл хийгээд, загнаад, элдвээр хараагаад байсан. Би хариу үзүүлэхгүй зурагт үзэж байсан. Тухайн үед Дэлхийн хөл бөмбөгийн аварга гарч байсан. Тэгээд зурагт үзээд хэвтэж байтал гэнэт ширээн дээрээс гарт таарснаа авч над руу шидсэн. Би бултаагүй бол нүд сохлох байсан. Зовхины зүүн хэсэгт эсгээд өнгөрсөн. Би хариуд нь юу ч хийгээгүй боль гэж хэлсэн. Энэ хэрэг маргаан гарах болсон шалтгаан бол архины 100 хувь хамааралтай гэж үзэж байна. Энэ хүн архинаас болж байнга салгалж, гар нь чичрээстэй байдэг. Би өөрөө архи хэрэглэдэггүй. Би энэ хүний архи уудагтай нь эвлэрч чадахгүй байгаагаас болсон. Намайг зайл гэж хараагаад хувцас бүгдийг нь гаргаж шидээд, гал тогооны хэрэгсэл бүгдийг нь шидэж байсан. Би юмаа янзалж байхдаа гарт хоолны халбага таархаар нь аваад бухимдаад шидсэн. Би энэ хүний хаана нь оносныг мэдээгүй. Аринжаргал тэр үед гараад гүйснээс хойш өнөөдөр л уулзаж байна. Утсаар ярьж байсан. Би гар утсан дээр бичлэг, мессеж бичсэн байгаа. Тэр шөнөдөө гэртээ ирээгүй. Би маргааш нь 7 дугаар сарын 15-ны өдөр 13 цагт хөдөө ажилдаа явсан байгаа. Хэрэв Ариунжаргалын биед нь өөр ямар нэг хүнд гэмтэл байгаа бол тэр шөнө гадуур хоносон учраас юу болсныг мэдэхгүй. Гэрч Заяа гэдэг хүнтэй холбоотой байх. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
Хохирогч Л.Ариунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Наранбаатартай 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр танилцсан. БНХАУ-ын Ганц мод гэдэг газар хамт амьдарч байсан. Ядарч яавахад тусалсан нь үнэн. Түрээс төлөөд миний гэрт амьдарч байсан. Тэнд байхад өөрөө ажил хийдэггүй, миний олсон мөнгийг хулгайлж амьдарч байсан. Би төмрийн худалдааны ХХК-д нягтлан хийж байсан. Байрны түрээс 260.000 төгрөг байсан. Би тухайн байрны цэвэрлэгээг 150.000 төгрөгөөр хийж амьдарахаар болсон. Тэрнээс өмнө Энхзаяа эгчийн хүүхэд машинд дайруулаад, тэгээд бид нар хамт явж байгаад гэртээ ирсэн. Тэгээд коридор хамт цэвэрлээд өгөөч гэхэд уурласан. Би зүрхний өвчнөөсөө болж чичирдэг. Би юм Наранбаатар луу юм авч шидсэн нь үнэн. Гэхдээ шидсэн болгон оноогүй. Би чи яв гэж олон хэлж байсан. 2, 3 удаа өөрөө хаалга онгойлгоод ороод ирчихээд явдаггүй байсан. Халбага яг өөдөөс далайж зогсож байгаад цохьсон. Намайг байнга утсаар дарамталж байсан. Цагдаагаас өргөдлөө ав гэдэг байсан. Цохиход нүүр рүү халуун цус урссан. Тэгээд алчуураар дараад гүйж гараад цагдаа дээр очсон. Цус болсон байсан бүтээлэг даавууг хураагаад, шалан дээрх цус арчсан байсан. Би эгчтэйгээ хамт гэмтэл очиж оёдол тавиулсан. Цагдаагийн газраас гэртээ ирэхэд зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд уучлалт гуйх байх гэж бодсон чинь намайг тавалж, доромжилж байсан. Тэгээд би дахин цагдаа руу гүйж очиж хэлсэн. Тэр орой би эгчийндээ хоносон. Тэгсэн маргааш нь залгаад намайг загнасан. Гадуур хонолоо хувцсаа авмаар байна гэсэн. Өдий болтол надаас уучлалт гуйгаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа намайг зодож байсан. Би надаас уучлалт гуйвал уучилна гэж бодсон гэтэл намайг доромжилсон. Энэ хүнээс болж ажлаасаа гарсан. Бүтэн жил зодож, нүдэж надаар тэжээлгэж, шулж ирсэн. Би энэ хүнд гомдолтой байна. Би өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа. Эмчилгээ хийлгэе гэж бодсон ч мөнгө байхгүй. Миний ээмэг бөгжийг барьцаанд тавиад одоо хүү нь 1 сая төгрөг болсон байгаа. Би 750.000 төгрөгийн нягтлан хийж байсан. Одоо ажил, цалингүй байна. Би энэ хүнээс болж үнэтэй байранд орсон. Тэр байрны төлбөр, мөн эмнэлгээр явж үзүүлмээр байна, минйи ясанд тултал цохьсон байсан. Эдгээр надаас гарсан зардлуудыг төлүүлмээр байна гэв.
Хохирогч Л.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс Арвин дэвжих ХХК-ийн төмрийн худалдаанд ерөнхий нягтлан хийдэг байсан юм. Би уг компанийн байрны нэг өрөө байрыг түрээслэн амьдарч байсан. Наранбаатар Сэлэнгэд байдаг Гацуурт ХХК-д нь ажилладаг байсан. Тухайн үед ажлаасаа ирчихсэн байсан юм. Би тухайн байранд цэвэрлэгээ хийгээд түрээсийн тал мөнгөө төлдөг байсан. Тэгээд Наранбаатарыг ирсэн дээрээ жоохон цэвэрлэгээ хамт хийлцээд өгөөч гэхэд тоохгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд би шүүгээнээс хувцасыг нь аваад шидэхэд ширээн дээр байсан хоолны шанага аваад миний духны гол хэсэгт цохьсон. Миний толгой эргээд хэсэг манарч байгаад би ухаан алдсан. Би дахиад зодож магадгүй гэж бодоод толгой дээрээ алчуур тавиад гарч цагдаад хандса******* бид хоёр БНХАУ-ын Ганцмод хилийн боомтод танилцаж байсан юм. Тэр үед л намайг хардаж ажил хийлгэдэггүй байсан. Намайг олон удаа зодож байсан. Би энэ хүнээс болж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирч байна гэжээ. /хх-н 15-21/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Арвин дэвжих ХХК-ийн байранд хамтран амьдрагч Ариунжаргалын хамт байж байгаад өглөө босож цай ундаа уучихаад буцаж хэвтсэн. Ариунжаргал ажлаа хийнэ гээд компьютер дээрээ сууж байсан. Тэгээд 10-11 цагийн орчимд Ариунжаргал намайг дуудаж сэрээгээд хамаатны 13 настай охин машинд шүргүүлсэн байна хамт яваад ир гэхээр нь гэрээс гарч Замын цагдаагаар явж байгаад ирсэн. 13.00 цагийн орчимд гэртээ эргэж ирээд Ариунжаргал хоол хийсэн байхаар нь түүнээс нь идчихээд 14.00 цаг өнгөрөөгөөд 13 настай охиныг аваад шүүх эмнэлэг орох ёстой байсан юм. Тэгээд шүүх эмнэлэг авч оччихоод эргээд 16.00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд халуун наранд яваад байсан болохоор тэгсэн юм уу нам унтчихсан байсан. Унтаж байхад Ариунжаргал шал угаагаад өгчихгүй хүнд тус нэмэр болохгүй сэтгэлгүй гээд байхаар нь би чи ямар сэтгэл гаргасан юм гэж хэлсэн. Тэгтэл Ариунжаргал над руу төмөр шугам аваад шидсэн. Тэр нь миний зүүн хацарт оносон. Би шидсэн шугамыг нь авч ширээн дээр тавьчихаад зурагт хараад хэвтэж байтал Ариунжаргал шүүгээнээс хувцас гаргаад шидээд одоо манайхаас зайл гээд байсан. Би босож ирээд болилдоо ханиа гээд хувцаснуудаа түүж байхад Ариунжаргал араас ширээн дээр байсан аяга таваг халбага сэрээ авч шидээд байсан. Тэгэхээр нь би хоолны халбага байхаар нь аваад шидэхэд духан дээр нь оносон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамт амьдраад нэг жил болж байна гэжээ. /хх-ийн 24/
Гэрч Т.Энхзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 14-ны орой би гэртээ байж байтал Ариунжаргал манайд ирсэн. Ирэхдээ толгойны дух хэсгээс нь цус гарчихсан ядарсан царайтай ирсэн. Би хүйтэн жин тавиад цусыг нь тогтоогоод болсон асуудлыг асуутал Наранбаатар халбага шидээд толгой оночихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагуулаад эхлээд цэргийн төв эмнэлэг орсон чинь гэмтлийн эмнэлэг ор гээд тэнд очиж оёдол тавиулсан. Бид хоёрт ямар ч мөнгө байгаагүй тул Ариунжаргалын даргаас 30.000 төгрөг зээлж авч үзүүлсэн. Тэндээсээ цагдаа орж гомдлоо гаргасан. Шөнө 01.00 цагийн орчимд дахиад Наранбаатар зодлоо гээд манайд ирсэн. Ариунжаргал бол манай ээжийн эгчийн охин юм. Би хар багаас нь харж өссөн юм. Ариунжаргал бол цагаахан, хүнтэй эвтэй зүйтэй харьцдаг, уурлахаараа түргэн ааштай гэжээ. / хх-н 28-29/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 8725 тоот акт:
1.Л.Ариунжаргалын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх-н 32/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 34,36/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38,41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/,
*******т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 60/, прокурорын тогтоол /хх-н 61-62/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 63-64/
******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 65-66/ зэрэг болно.
******* нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвин дэвжих ХХК-ны нийтийн байранд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Л.Ариунжаргалын нүүрэн тус газар нь хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Л.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Наранбаатарыг ирсэн дээрээ жоохон цэвэрлэгээ хамт хийлцээд өгөөч гэхэд тоохгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд би шүүгээнээс хувцасыг нь аваад шидэхэд ширээн дээр байсан хоолны шанага аваад миний духны гол хэсэгт цохьсон. Миний толгой эргээд хэсэг манарч байгаад би ухаан алдсан гэсэн мэдүүлэг, Л.Ариунжаргалын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 8725 тоот акт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Унтаж байхад Ариунжаргал шал угаагаад өгчихгүй хүнд тус нэмэр болохгүй сэтгэлгүй гээд байхаар нь би чи ямар сэтгэл гаргасан юм гэж хэлсэн. Тэгтэл Ариунжаргал над руу төмөр шугам аваад шидсэн. Тэр нь миний зүүн хацарт оносон. Би шидсэн шугамыг нь авч ширээн дээр тавьчихаад зурагт хараад хэвтэж байтал Ариунжаргал шүүгээнээс хувцас гаргаад шидээд одоо манайхаас зайл гээд байсан. Би босож ирээд болилдоо ханиа гээд хувцаснуудаа түүж байхад Ариунжаргал араас ширээн дээр байсан аяга таваг халбага сэрээ авч шидээд байсан. Тэгэхээр нь би хоолны халбага байхаар нь аваад шидэхэд духан дээр нь оносон гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Ариунжаргал нь эмчилгээний зардал нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөөгүй байх тул эмчилгээгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Шүүх эмнэлэгт үзүүлсэний зардал 8000 төгрөг гарсаныг *******аас гаргуулж Л.Ариунжаргалд олгох нь зүйтэй.
******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******аас 8000 төгрөг гаргуулж Л.Ариунжаргалд олгох, Л.Ариунжаргал нь эмчилгээний зардлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН