Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

 

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

 

шүүгдэгч М.Ч, түүний өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Чт холбогдох эрүүгийн 2016 2501 3501 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд У хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Х дүүргийн 0 дугаар хороо, Н 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000000000, хэрэг хариуцах чадвартай, И монгол овогт М.Ч.

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Ч нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа гудамж талбайд үл ялих зүйлээр шалтаглаж Ж.Бын нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:..”Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Бын өгсөн мэдүүлэг /хх-15-17/, гэрч Э.Лхагвацэрэнгийн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Т.Мөнхтамирын мэдүүлэг /хх-20-21/, нүүрэлдүүлэн байцаалтад гэрч Э.Лхагвацэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-34-36/, нүүрэлдүүлэн байцаалтад гэрч Т.Мөнхтамирын өгсөн мэдүүлэг /хх-37-38/ шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №12982 дугаартай дүгнэлт /хх-40/, шүүгдэгч М.Чын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47-49, 51-52/, шүүгдэгч М.Чын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-58/, шүүгдэгч М.Чын хувийн байдлын тухай баримтууд /хх-74-75, 77-79/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-72/, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогч Ж.Бын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт зэрэг нотлох баримтууд болно.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

 

2

 

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ч нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа гудамж талбайд үл ялих зүйлээр шалтаглаж Ж.Бын нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Лхагвацэрэнгийн өгсөн:...“2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Бтай гадуур такси үйлчилгээнд явж байгаад Сансарын “Баянцээл”-ийн гудамжинд найз Д.Баяржавхлантай уулзаад М.Ч, Д.Баяржавхлан болон бусад хүмүүстэй “Парис” бааранд ирсэн. Тэгээд М.Ч ганцаараа баарнаас гарч ирээд надаас “мөнгө байна уу, зээлэх гэсэн юм” гэхэд нь би “байхгүй” гэж хэлээд байж байтал Ж.Б хажуунаас орж ирээд намайг “явъя” гэсэн чинь М.Ч Ж.Быг “чи яваа, чамтай ярих юм байхгүй” гэхэд Ж.Б өөдөөс нь “чи юу яриад байгаа юм бэ, чиний газарт байгаа юм уу” гэж маргасан. Тэгтэл М.Ч Ж.Быг 1 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд М.Ч баар руу ороод Ж.Б үлдээд цагдаад дуудлага өгсөн…Гараа атгаж цохих шиг болсон. Тэгэхдээ нарийн сайн харж чадаагүй” /хх-18-19, 34-36/ гэх мэдүүлэг,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхтамирын өгсөн:...”2016 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэр рүүгээ харих гээд Э.Лхагвацэрэнг машинтайгаа гадуур такси үйлчилгээд явж байгаа байх гэж бодоод залгасан. Тэгсэн чинь сансарт байна гэсэн. Сансарын “Парис” бааранд Э.Лхагвацэрэнтэй уулзсан. Тэгэхэд М.Ч, Д.Баяржавхлан, Ж.Б, Н.Пүрэвбазар гээд бөөнөөрөө сууж байсан. М.Ч Э.Лхагвацэрэн бид 2-той уулзая гээд гадагшаа гадуулаад гараад мөнгө байвал зээлчих гэхээр нь бид 2 байхгүй гээд тамхи татаад зогсож байтал Ж.Б ирсэн. М.Ч Ж.Быг “чи цаашаа түр очоод байж бай, би энэ хоёртой уулзаж байна” гэхэд Ж.Б “чиний газар байгаа юм уу, чи худалдаад авчихсан юм уу” гээд тэр 2 хэрэлдсэн. Тэгсэн чинь М.Ч Ж.Бын нүүр рүү нь 1 удаа цохисон…Ж.Б цохиулаад амнаас нь цус гарсан. Шүлсээ хаяхад шүлс нь цустай байсан бөгөөд шууд цагдаа руу дуудлага өгсөн. Хөлөөрөө өшиглөхийг нь хараагүй. Ямар ч байсан гараа атгаад цохиж байсан” /хх-20-21, 37-38/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Батжаргалын өгсөн: “...Намайг үүргээ гүйцэтгэж байхад Ж.Б шөнө дунд аавтайгаа орж ирсэн бөгөөд “Парис” баарны үүдэнд найзтайгаа явж байгаад Мишка гэж хүнд зодуулсан. Намайг гэдэс болон шилбэ рүү өшиглөж, шанаа руу 1 удаа цохисон гэж ярьсан байсан. Тухайн үед надтай уулзахад биед нь ил харагдах гэмтэл байгаагүй. Ингээд би болсон хэргийн талаар анхны тайлбарыг асууж шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хийж өгөөд явуулсан. Мишка гэдгийг өөрөө таньдаг гэж тайлбар өгч байсан. Тэгэхээр нь танидаг юм бол наад хүнээ олж уулзаарай, шанаа руу чинь цохиод эрүү чинь хугарсан байвал наадах чинь хэцүү шүү гэж хэлээд явуулсан…” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

3

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Ганхүүгийн өгсөн:...“М.Ч миний том хүү бөгөөд Улаанбаатар хотод төрсөн. Хан-Уул дүүрэгт цэцэрлэгээр хүмүүжээд 41 дүгээр сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд коллежид тогооч мэргэжлээр сурсан. Мэргэжлээрээ төгсөөд “Кемпински” зочид буудалд тогоочоор ажиллаж байгаад ажлаасаа гараад 2013 онд Солонгос улс руу гэрээгээр яваад 2016 оны намар 8 сард ирсэн. Түүнээс хойш онц хийсэн юмгүй гэр зуур байгаа. Эхнэр хүүхэдтэй одоо бөөнөөрөө амьдардаг. Зан аашын хувьд их томоотой, найз нөхөдтэйгээ нийтэч, найз нөхөд нь манайхаар байнга орж гараад явдаг. Архи дарс хэрэглэдэггүй, гэрийн хүмүүжил сайтай, гэрээсээ гараад байдаггүй” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнгөнжингийн өгсөн:...”Нөхөр маань их хүнд тусархаг, найзархаг, нөхөрсөг, буруу ааш араншин байхгүй, хүнтэй нийтэч, найз нөхөд хамт олон дундаа нэр хүндтэй, хэнтэй ч соёлтой харьцаж чаддаг” /хх-33/ гэх мэдүүлэг,

 

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №12982 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. Ж.Бын биед тархи доргилт, доод эрүү ясны хугарал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-40/ гэх

 

дүгнэлт,

 

-шүүгдэгч М.Чын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-54/,

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/,

 

-Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-58/,

 

-шүүгдэгч М.Чын хувийн байдлын тухай баримтууд /хх-74-75, 77-79/,

 

-хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э нь“...Миний үйлчлүүлэгч М.Чыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад прокуророос шүүгдэгчийн гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон нь хэрэгт цугларсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн авсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд

 

4

 

зэргээр тогтоогдож байх тул шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Иймд шүүгдэгч М.Ч нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа гудамж талбайд үл ялих зүйлээр шалтаглаж насанд хүрээгүй Ж.Бын нүүрэн тус газар цохиж биемахбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэрэгт шинээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Чт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

1. Шүүгдэгч Их монгол овогт М.Чыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

  1. Шүүгдэгч М.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 / гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Чт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Чт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг
 

5

 

тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Чт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

    1. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Чт урьд авсан бусдын батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                         Э.ЧИНГИС