Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/442

 

  

                                                           

 

 

 

   

2022        05         17                               

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Баярчимэг,

хохирогч М.Уранчимэг, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Нанжидын Дд холбогдох эрүүгийн 2211 00000 0278 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүүд овгийн Нанжидын Д, / РД: ./,

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 32-1а тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Нарны хороолол” хотхоны 18 дугаар байрны 903 тоотод оршин суудаг,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, хуучнаар “Ард” кино театрын дэргэд иргэн М.Уранчимэгээс “Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гэгчид өвс өндөр үнээр зарж ашиг олж хамтран ажиллая” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 40,000,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 176 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Д нь.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, “би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Ард” кино театрын дэргэд иргэн М.Уранчимэгээс “Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гэгчид өвс өндөр үнээр зарж ашиг олж хамтран ажиллая” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 40,000,000 төгрөгийг залилан авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч М.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны зун ээлжийн амралтаар Дундговь аймагт нөхөр дээрээ очиж амарч байхад Д гэх өндөр бол залуу манай нөхрийн гэрт байнга орж гардаг байсан...Түүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын эхээр манай нөхөр Улаанбаатар хотод ирэхдээ надад Д нь Дорнод аймагт байх Мягмардорж /Бөк/ гэх хүнээс 1 боодол өвсийг 4,000 төгрөгөөр авч Дундговь аймаг руу ачуулах ачилтын зардал 3,000 төгрөг нэмээд нийтдээ 7,000 төгрөгөөр Дундговь аймагт аваачаад Дундговь аймгийн засаг дарга Мөнхбат гэх хүнд өндөр үнээр зарахаар болсон. Учир нь Дундговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул аймгийн захиргаа өвөлжилтийн бэлтгэл ажилдаа зориулж өвс авах юм. Мөнхбат бид 2 найзууд болохоор нэг боодлыг нь 12,000 төгрөгөөс 15,000 төгрөгийн хооронд өгөхөөр ярьчихсан мөнгийг нь аймгаас гаргаж өгөх болохоор ямар нэгэн асуудал байхгүй. Хамгийн гол нь уг өвсийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд Дундговь аймагт аваачиж өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Энэ ажил нь бүтвэл 10 орчим сая төгрөгийн ашиг олох юм байна гэхээр нь би нөхөртөө бэлэн мөнгө байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь хурдан хугацаанд 10 сая төгрөг олох юм чинь өөрсдийнхөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 401-11 тоотод 98.5 мкв орон сууцаа 3 сарын хугацаатай ББСБ-д тавьчихъя гэсэн. Тэгэхээр нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн нэр дээрх орон сууцаа “Голд Капитал” ББСБ-д 40,000,000 төгрөгт 3 сарын хугацаатай нэг сарын 2.65 хувийн хүүтэй барьцаалж уг мөнгөө 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кинотеатрын Хаан банкнаас өөрийн 5007388205 дугаарын данснаас 40,000,000 төгрөгөө бэлнээр нь авч уг банкны гаднах зогсоол дээр бэлнээр Д гэх хүнд өгсөн...” гэх /хавтаст хэргийн 15-р тал/,

 Гэрч Б.Мягмардорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дтай 2017 оны улсын наадмаар бөх үзэж яваад танилцаж одоо найз нөхдийн холбоотой байдаг...Би түүнд өвөлжилтийн боодол өвстэй холбоотой мөнгө өгсөн, авсан зүйл байхгүй. Тийм зүйл огт яриагүй...Би өвсний талаар бол ямар ч мөнгө өгөөгүй надтай энэ талаар ярилцаагүй 2021 оны 09 сард байх над руу залгаад бензин хийх гэсэн юм гээд 50.000 төгрөг гуйсан тухайн үед нь би надад ямар юмны мөнгө байдаг юм гэж хэлээд салгасан тэрнээс хойш надтай мөнгө төгрөгийн талаар нэг ч удаа яриагүй...Надад Дтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 тал/,

 Гэрч З.Шүрэнчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын сүүлээр Д Дундговь аймагт надтай уулзаад ашигтай санал байна манай найз Бөөк /Мягмардорж/ гэх хүн Дорнод аймагт өвс тариалдаг юм би өөрийн найз Дундговийн засаг дарга Мөнхбаттай уулзаад аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд юм авч нийлүүлэхээр тохиролцсон, Бөөк /Мягмардорж/-өөс 1 боодол өвсийг 4,000 төгрөгөөр худалдаж аваад наашаа ирэх ачилтын зардал 3,000 төгрөг нэмэхэд 1 боодол өвс 7,000 төгрөгөөр Дундговь аймагт авч ирэх боломжтой юм байна. Дундговь аймагт авч ирээд Дундговь аймгийн тамгын газарт нийлүүлэхэд багадаа 12,000 төгрөг, чадвал 15,000 төгрөгөөр нийлүүлнэ гэж ярьж байсан. Ингээд нэг хүний 10 саран сая төгрөгийн ашиг олох боломжтой юм байна гэж надад хэлсэн. Эхний байдлаар намайг 40 сая гаран төгрөг гаргаач гэж хэлсэн...Ингээд 2021 оны 09 cap гарсан тэр үед Д яриад яаралтай мөнгө хэрэгтэй байна өвсөө ачуулах гэж байна гээд ятгаад байсан...эхнэр Уранчимэг Хаан банкны Ард салбараас 40 сая төгрөг бэлнээр авч Дд Чингэлтэй дүүрэгт байрлах Засгийн газрын 4 байрны гадаа өгсөн байсан...” гэх /хавтаст хэргийн 26-р тал/,

Гэрч Ц.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д намайг засаг дарга болсны дараа 2-3 удаа ирж уулзаж байсан. Уулзахдаа бол өвсний талаар огт ярьж байгаагүй...Сүүлийн 4-5 сарын хугацаанд би Дтай уулзаагүй...” гэх /хавтаст хэргийн 23-р тал/,

Шүүгдэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Уранчимэгээс 40 сая төгрөг авсан. Уг мөнгийг Уранчимэгийн нөхөр Шүрэнчулуунаас зээлж авсан...” гэх /хавтаст хэргийн 37-р тал/,

шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний буруу үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Д нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгийг торгуулийн ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг  тал бүрээс нь харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулж энэ хугацаанд хохирогч М.Уранчимэгт учруулсан 40,000,000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Уранчимэгийн гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Нанжидын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               П.АРИУНБОЛД