| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00493/И |
| Дугаар | 130/ШШ2017/00571 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2017/00571
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Орон нутгийн өмч болох 3792600 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч А дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Буянт сумын Сагсай голын модон гүүр-ийг цаашид ашиглах боломжгүй болсон тул задалж, хавсралтад заасан материалын үнээр худалдан борлуулж 11,5 сая төгрөгийг аймгийн Орон нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлэхийг Буянт сумын Засаг даргад үүрэг болгосон. Хөрөнгийн үнийг дахин тогтоох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 18-ний өдрийн дугаар 147 тогтоол голын модон гүүрийг акталж, материалын үнээр буюу 8050000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэж олон дахин зарласан боловч худалдан авагч гараагүй тул 30 хувиар бууруулан худалдан борлуулж үнийг орон нутгийн өмчийн албанд төвлөрүүлэхийг сумын Засаг даргад мөн үүрэг болгосон.
Уг төлбөрийн 4275400 төгрөгийг төлсөн ба 3792600 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөнгө барагдуулах хугацаа өгсөн боловч заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй өдий хүрч байгаа тул сумын Засаг даргын тамгын газраас шүүхийн журмаар гаргаж орон нутгийн өмчийн газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тогтоолоор Буянт сумын Сагсай сумын модон гүүрийг цаашид ашиглах боломжгүй болсон тул задалж хавсралтад заасан материалын үнээр худалдан борлуулж 11.5 сая төгрөгийг аймгийн Орон нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлэхийг Буянт сумын Засаг даргад үүрэг болгосон. Хөрөнгийн үнийг дахин тогтоох тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор голын модон гүүрийг акталж материалын үнээр буюу 8050000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэж олон дахин зарласан боловч худалдан авагч гараагүй тул 30 хувиар бууруулан худалдан борлуулж үнийг орон нутгийн өмчийн албанд төвлөрүүлэхийг сумын Засаг даргад мөн үүрэг болгосон.
Уг төлбөрийн 4275400 төгрөгийг төлсөн ба 3792600 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөнгө барагдуулах хугацаа өгсөн боловч заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй өдий хүрч байгаа тул сумын Засаг даргын Тамгын газраас шүүхийн журмаар гаргаж, Орон нутгийн өмчийн газрыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Тус сумын 2015 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хөрөнгийн үнийг дахин тогтоох тухай тогтоолын дагуу Сагсай голын модон гүүрийг 8 хүний бүрэлдэхүүнтэй 20 хоногийн дотор бүрэн буулгаж дууссан. Гүүрийн модыг ард иргэд, албан байгууллага /албан хаагч/ нарт худалдан борлуулж 4727400 төгрөгийг орон нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлсэн.
Үүнээс гадна гүүрийн үнэ 8050000 төгрөгт гүүр буулгах ажилчдын цалин хөлс суугаагүй бөгөөд бид сумаас 8 хүн гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 заасны дагуу 1 хүнийг өдрийн 25000 төгрөгөөр цалинжуулж 20 өдөр ажиллуулсан. Ажилчдын нийт цалинд 4000000 төгрөг гарсан ба цалингийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр өгч заримыг нь ажилласан иргэдийн хүсэлтийг харгалзан мод өгч цалингийн тооцоонд оруулсан. Дээрх зардлаас үзэхэд модон гүүрийг буулгахад илүү 4,0 сая төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг гүүрийн үнэ болох 8050000 төгрөгт оруулж тооцох ёстой гэж үзэж байна.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу орон нутгийн хөрөнгийг худалдан борлуулсны 10 хувийг орон нутагт нь өгөх заалттай. Тиймээс энэ бүх хөрөнгийн зардлыг тооцож үзэхэд манай сум мөн хохиролтой гэж үзэж байна. Иймд хууль журмын дагуу шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тогтоолоор 11,5 сая төгрөгийг аймгийн Орон нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлэхийг үүрэг болгосон. Дараа нь Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар тогтоолоор голын модон гүүрийг акталж материалын үнээр буюу 8050000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэж олон дахин зарласан боловч худалдан авагч гараагүй тул 30 хувиар бууруулан худалдан борлуулж үнийг орон нутгийн өмчийн албанд төвлөрүүлэхийг мөн үүрэг болгосон байсан.
Энэ дээр гүүрийг буулгах зардлыг тогтоолд оруулаагүй байсан. Үүнийг оруулж тооцож өгөхийг хүсэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу орон нутгийн хөрөнгийг худалдан борлуулсны 10 хувийг орон нутагт нь өгөх ёстой гэдгийг хэлмээр байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-с орон нутгийн өмч болох 3792600 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа Гүүрийн модыг ард иргэд, албан байгууллага /албан хаагч/ нарт худалдан борлуулж 4727400 төгрөгийг орон нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлсэн.
Үүнээс гадна гүүрийг буулгахад илүү 4,0 сая төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг гүүрийн үнэ болох 8050000 төгрөгт оруулж тооцох ёстой гэж маргажээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Хөрөнгө худалдах тухай тогтоолоор сумын Сагсай голын 1974 онд ашиглалтанд орсон, цаашид элэгдэж ашиглах боломжгүй болсон модон гүүрийг задалж, хавсралтад заасан материалын үнээр худалдан борлуулж, 11,5 сая төгрөгийг Орон нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлэхийг сумын Засаг даргад, хяналт тавьж ажиллахыг аймгийн А-д тус тус даалгасан байна.
Энэхүү тогтоолын дагуу сумын Засаг даргын тамгын газраас удаа дараа зарласан боловч худалдан борлогдоогүй тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн дугаартай, Хөрөнгийн үнийг дахин тогтоох тухай тогтоолоор Буянт сумын Сагсайн голын модон гүүрийг 11,5 сая төгрөгөөр худалдахаар олон дахин зарласан боловч худалдан авагч гараагүй тул 30 хувиар бууруулан худалдан борлуулж, үнийг аймгийн Орон нутгийн өмчийн албанд төвлөрүүлэхийг хариуцагчид даалгажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд модон гүүрийг буулгахад гарсан нэмэлт зардлыг нийт тооцоонд оруулан тооцох талаар харилцан тохиролцсон, эрх бүхий этгээдээс зөвшөөрсөн тухай нотлох баримт байхгүй байх тул хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн Модон гүүр буулгаж буй ажилчдын цалин хөлс, хангамж өгсөн тухай нягтлан бодогч Х-ийн тооцоолон гаргасан жагсаалтаар нэр бүхий 8 ажилчинд нийт 4000000 төгрөгийн зардал гарсан гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, хариуцагч байгууллагаас А-ийн дансанд нь төвлөрүүлсэн, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн дугаартай, Хөрөнгийн үнийг дахин тогтоох тухай тогтоолоор Буянт сумын Сагсайн голын модон гүүрийн үнийг 30 хувиар бууруулан материалын үнэ буюу 8050000 төгрөгөөр худалдан борлуулж, үнийг аймгийн Орон нутгийн өмчийн албанд төвлөрүүлэхийг хариуцагч болох Буянт сумын Засаг даргад шууд даалгасан уг тогтоол болон үйл баримтын талаар хариуцагчаас маргаагүй байна.
Иймд Б-нээс худалдан борлуулсан үнийн үлдэгдэл 3792600 төгрөгийг гаргуулан А-д олгох нь зүйтэй байна.
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн дугаартай тогтоолоор Буянт сумын Сагсайн голын модон гүүрийн үнийг 30 хувиар бууруулан материалын үнэ буюу 8050000 төгрөгөөр худалдан борлуулж, үнийг А-д төвлөрүүлэхээр тогтоосон байх тул А нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг нэхэмжилсэн мөнгийг А-ийн Засаг даргын тамгын газраас гаргуулах зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 2-ийн 3, 31 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Б-ийн тамгын газраас 3792600 төгрөгийг гаргуулж А-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Бгын тамгын газраас 75632 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М