| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00439/И |
| Дугаар | 130/ШШ2017/00572 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2017/00572
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А сургуулийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А сургуулийн нэхэмжлэлтэй, Б-д холбогдох 110 м кв талбайтай 3 өрөө анги кабинетээс албадан гаргаж, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлж ирсэн цахилгаан, халаалтын үнэ болох 19559200 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч А сургуулийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А-тай Б нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай Хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний зорилго нь салбар сургуулийн зүгээс Б-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад орон байраар хангах, нөгөө талаас тус төв нь салбар сургуулийн эрдэм шинжилгээний, сургалтын чанарыг сайжруулахад туслан дэмжих замаар харилцан ашигтай ажиллах байсан. Гэвч тус Б нь байранд орсны дараа гэрээний хэрэгжилтэд анхаараагүй.
Одоогоор тус төв нь 110 м кв талбайтай 3 өрөө анги танхимд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хугацаанд манай байгууллагын зүгээс ямар нэгэн төлбөр түрээс авахгүйгээр Б-ийн хэрэглэсэн халаалт болон цахилгааны зардлыг дааж ирсэн. Тус сургуулийн зүгээс гэрээг шинэчлэн байгуулах санал гаргаж, түрээсний гэрээ байгуулахгүй бол байрыг чөлөөлж өгөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч дорвитой үр дүнд хүрч чадаагүй өдий хүрсэн билээ.
Тус сургууль нь энэ жилээс эхлэн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөн харьяа лицей сургууль байгуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаад байгаа ба тус газраас лиценз олгох гол шалгуур нь сурагчдыг нэг ээлжээр хичээллүүлэх сургууль өөрийн гэсэн байртай байх гэсэн шалгуур зааж байгаа. Тус шалгуурыг хангахын тулд тус сургууль нь зургаан ангийг шинээр ашиглалтад оруулах шаардлагатай. Мөн түүнчлэн багш, ажилчид, оюутнуудаас Цайны газар ажиллуулах тухай санал байнга тавьдаг. Тус саналыг үндэслэн багш, ажилчид, оюутны ажиллах, сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус байранд цайны газар ажиллуулахаар болсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг дээд шатны байгууллагаас удаа дараа мэдэгдэж байгаа ба тус хуулийг хэрэгжүүлэх шаардлагын дагуу байрыг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болж байгаа.
Иймд Б-ийн хууль бус эзэмшилд байгаа А сургуулийн Б байрны 110 м кв талбайтай 3 өрөө анги, кабинетыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А сургуулийн захирал Б-г Бэ гэж буруу нэрээр нэхэмжлэл гаргасан ба тус сургуулийн байрнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Манайх өөрийн гэсэн байргүй тул 2010 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт удаа дараа хүсэлт тавьсны дагуу Ховд их сургуулийн захирал В-д үүрэг өгч Ховд их сургуулийн захирлын 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1/103 албан тоотын дагуу тус байранд байрлаж өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.
Тухайн үед тус яамны Шинжлэх ухааны технологийн газрын дарга, доктор Ө.Сүхбаатар Баян-Өлгийд ирж манай салбарын ажлын байрыг үзэж танилцаад Ховд сургуулийн салбар сургуулийн байр бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны өмч мөн. Иймд төр хоосон байгаа байранд яамныхаа аль нэг салбарыг оруулж ажиллуулах нь өөрийн мэдлийн асуудал. Иймд байдлыг сайдад танилцуулж Ховд их сургуулийн захиралд үүрэг өгүүлнэ гэсний дагуу Ванчинхүү захиралд үүрэг өгч манайх 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус байранд орсон билээ. Тухайн үед манай эрдэмтэд оюутнуудад хичээл зааж, лекц уншиж, онолын их семинар удаа дараа зохион байгуулж байсан болно. А-ийн нэхэмжлэлд тус төв гэрээний хэрэгжилтэнд анхаараагүй гэж шалтаг тоочсон байна. 2015 оноос эхлэн оюутнуудын тоо цөөрч хичээл заах боломжгүй гэж сургууль мэдэгдсэн тул бид заавал хичээл заана гэж зүтгээгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа ба онолын их семинар зохион оюутны болон эрдэмтдийн дунд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцож ирсэн болно.
Тус салбар энэ байранд орохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Ховд их сургуулийн захирлын шийдвэрээр орсон тул салбар сургуулийн захирлын шийдвэрээр гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Нөгөө талаар тус аймагт шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага энэ байрнаас гараад хаана очих вэ. Шинжлэх ухааны судалгааны хүрээнд цуглуулсан түүхийн ховор баримтууд, бичмэлүүд, судалгааны тайлангийн архив, номын сан зэрэг үнэт материалуудаа хаана хадгалах вэ гэдэг асуудал бас байна.
А биднийг анх орж байхад 750 оюутантай байсан бөгөөд тухайн үед элбэг багтаж хичээллэж болоод байсан. Одоо 300 гаруй оюутантай, оюутны тоо 2 дахин буурсан, хичээлийн анги танхим чөлөөтэй хүрэлцэж байгаа, зарим анги танхим сул ч байгаа байх. Иймд шүүх асуудлыг тэнцвэртэй авч үзэж, зөв шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч А сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Тус гэрээний зорилго нь салбар сургуулийн зүгээс Б-н үйл ажиллагааг хэвийн явагдахад байраар хангаж өгөх, нөгөө талаас тус төв нь салбар сургуулийн эрдэм шинжилгээний, сургалтын чанарыг сайжруулахад туслан дэмжих замаар харилцан ашигтай ажиллах байсан. Тус төв нь 110 мкв талбайтай танхимд үйл ажиллагаа явуулдаг. Энэ хугацаанд манай сургууль нь тус төвөөс ямар нэгэн түрээсийн төлбөр авалгүйгээр ирсэн. Гэтэл тус төв нь гэрээний хэрэгжилтэд анхаараагүй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй. Бид нар лиценз сургууль байгуулахаар яамд хандсан. Энэ лиценз сургуулийг байгуулахад 6 анги, танхимыг ашиглалтад оруулах шаардлага гарсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Иймээс Баян-Өлгий аймаг дахь Нийгэм эдийн засгийн судалгааны төвийн хууль бус эзэмшилд байгаа А сургуулийн Б байрны 110 м кв талбайтай 3 өрөө анги, кабинетыг албадан чөлөөлүүлж, 19 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх бид нар энэ байранд гэрээ байгуулж орсон. Энэ гэрээ бол одоо хүртэл цуцлагдаагүй. Боловсролын тухай хуульд Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын хэв шинжтэй байна гэж заасан. Хоёрдугаарт 19 сая төгрөг гаргуулах тухай ярьж байна. Манайх бол жижигхэн байгууллага учраас тийм их хэмжээний цахилгаан хэрэглэх боломж байхгүй. Анх ороход тусдаа тоолуур байхгүй байсан. Хуульд зааснаар их, дээд сургуулийн цахилгааны төлбөрийг төр хариуцдаг. Танай байгууллагын цахилгааны төлбөр нь тогтмол зардалд орно гэдгийг Боловсролын яамнаас хэлж өгсөн. Гэтэл улсын төсөвт орсон байгаа мөнгийг яагаад манайхаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Мөн гэрээний үүрэг зөрчигдөөгүй. Бид нар жил болгон сургалт явуулж, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байна. Зарим багш нартай эрдэм шинжилгээний ажлаар хамтран ажиллаж ирсэн. Тэгэхээр эрдэм шинжилгээний тал дээр зөрчигдсөн асуудал байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А сургуулийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б-ийн хууль бус эзэмшилд байгаа тус сургуулийн Б байрны 110 м кв талбайтай 3 өрөө анги кабинетийг албадан чөлөөлүүлэхийг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, хариуцагч байгууллагаас гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлж ирсэн цахилгаан, халаалтын үнэ болох 19559200 төгрөгийг гаргуулах тус тус шаардсан байна.
Хариуцагч Б нь анх бид нар энэ байранд гэрээ байгуулж орсон. Энэ гэрээ бол одоо хүртэл цуцлагдаагүй. Боловсролын тухай хуульд Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын хэв шинжтэй байна гэж заасан. Хоёрдугаарт 19 сая төгрөг гаргуулах тухай ярьж байна. Манайх бол жижигхэн байгууллага учраас тийм их хэмжээний цахилгаан хэрэглэх боломж байхгүй. Анх ороход тусдаа тоолуур байхгүй байсан. Хуульд зааснаар их, дээд сургуулийн цахилгааны төлбөрийг төр хариуцдаг. Танай байгууллагын цахилгааны төлбөр нь тогтмол зардалд орно хэмээн маргажээ.
А сургуулийн өмнөх захирал Д, Б нар 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хамтран ажиллах 01 дугаартай гэрээ байгуулж гарын үсгээ зурсан ба уг гэрээг 2011 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Энэхүү гэрээний 2.1-т А нь сургуулийн Б байрнаас 3 тасалгаа бүхий өрөөг Б-д түр хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон байна.
Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусан, мөн талуудын хоорондоо 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээний биелэлт, гэрээг сунгах (цуцлах) талаар хийсэн хурлын тэмдэглэлд тэмдэглэснээр нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч болох Б-тэй хамтран ажиллах гэрээг цуцлах, орон байрны асуудал шийдвэрлэгдэх хүртэл түр байрлаж байхаар тогтоосон тул А сургуулийн Б байрны 110 м кв талбайтай 3 өрөө анги, кабинетыг Б-ийн эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч А сургуулийн Б-с гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлж ирсэн цахилгаан, халаалтын үнэ болох 19559200 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
Учир нь, хариуцагч байгууллага нь А сургуулийн Б байрны 110 м кв талбайтай 3 өрөө анги, кабинетэд байрлаж байх хугацаанд цахилгаан, халаалтын үнийг төлж байхаар талууд хооронд тохиролцсон, үүрэг хүлээсэн талаарх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгч байгууллагын хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлж ирсэн цахилгаан, халаалтын үнэ болох 19559200 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар А сургуулийн Б байрны 110 м кв талбайтай 3 өрөө анги, кабинетыг Б-ийн эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар цахилгаан халаалтын үнэ болох 19559200 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-д зааснаар А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б-с 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М