Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0350/Э |
Дугаар | 2022/ШЦТ/432 |
Огноо | 2022-05-12 |
Зүйл хэсэг | 11.1.2.4., |
Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/432
2022 05 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч С.Солонго,
иргэдийн төлөөлөгч Ө.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Аюушжав нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Баасанжавын Ад холбогдох эрүүгийн 2111 01513 0820 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хатиган овогтой Баасанжавын А /РД:./,
Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 4 дүгээр баг, 27-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2-15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Бурмаатай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2-15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Бурмаатай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2-15 тоотод 15 цагийн үед гэртээ 1 шил “Хараа” 0,5 литрийн хэмжээтэй архи, хоол хүнс цалингаараа аваад гэртээ хамтран амьдрагч Бурмаагийн хамт ирсэн. Бид хоёр тус авчирсан архиа хувааж уучхаад хэсэг унтаж байгаад оройны 22 цагийн үед намайг сэрэхэд Бурмаа утсаараа “Наранжаргал гэх хүнтэй хүрээд ир, архи ууя, А бид хоёр хоёулаа байна” гэж утсаар ярьж байсан. Тэгэхээр нь би яах гэсэн юм бэ? гэр орондоо хүн цуглуулаад байх гэтэл Бурмаа урдаас уурлаад, тэр хүнээр би архи авхуулж уумаар байна гээд байхаар нь би утсыг нь шүүрч аваад, Наранжаргалд, ирээд хэрэггүй ээ, яах гэсэн юм гэж хэлсэн. Тэгтэл Бурмаа надад өөрөөсөө 12,000 төгрөг гаргаж ирээд, нэг шил архи аваад ир гэхээр нь би мөнгийг аваад нь дэлгүүр ороод, 0,5 литрийн “Хараа” архи ундааны хамт авчаад орж ирэхэд, Бурмаа мөн л Наранжаргалтай гар утсаараа “хүрээд ирээ” гээд ярьж байхаар нь яах гээд байгаа юм бэ? хэрэггүй гэж хэлээд хоёулаа авчирсан архиа талыг нь хувааж уугаад байж байтал Наранжаргалаас болж бид хоёр маргалдсан. Урьд нь Наранжаргалтай хамт самарт явж байсан ба бусад хүмүүст Наранжаргал Бурмаа надад 300,000 төгрөгөөр биеэ үнэлсэн гэсэн цуу яриа гаргасан байсан юм. Ер нь бол би хардаж Бурмаатай маргалдсан юм. Тэгтэл Бурмаа “би чамайг ална, би чамд хайргүй, хөгшин өвгөн минь” гээд хутга бариад над руу далайхаар нь би хутгатай гарыг нь барьж аваад уурандаа хутгаар нь дал руу нь хатгачихсан юм. Тэгтэл нуруунаас нь цус гарахаар нь би өөрийн цагаан өнгийн цамцаараа цусыг нь тогтоогоод бид хоёр эвлэрээд хамт буцаад унтсан. би 04 цагийн үед сэрэхэд Бурмаа байхгүй байсан ба би буцаад унтаж байтал үүр цайх үед Бурмаа 2 ундаа барьсаар гадаа хүйтэн байна, хөлдөж үхлээ гэсээр орж ирсэн ба ундаагаа уугаад 2 давхарт жижүүр эмэгтэйн өрөө орохоор нь би араас нь очтол Эрдэнэчимэг эгчид А намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би Бурмааг дагуулаад буцаад гэр лүүгээ орсон. Тэгтэл Эрдэнэчимэг эгч араас орж ирээд, та хоёр одоо хэрэлдэж, архи дарс уухаа боль, гээд Бурмаагийн нурууг хараад, наадахаа цэвэрлээрэй гэтэл Бурмаа цэвэрлэхгүй гэхээр нь Эрдэнэчимэг эгч түргэн дуудаад, А чи яв, гээд намайг тэндээс хөөж гаргасан юм. Тэгээд нэг гудам тойроод буцаад иртэл, цагдаа нар ирсэн байсан ба хэргээ хүлээе, буруу юм хийсэн юм чинь гэж бодоод цагдаа нар дээр очтол намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авчирсан юм...” гэх /хх-ийн 60-61 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,
Хохирогч Э.Бурмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 72 дугаар хотхоны ойролцоо байх Түргэн үйлчилгээний цэгийн ажлаасаа 13 цагийн үед бууж байхад А ажил дээр ирж намайг тосож аваад бид хоёр Баянбүрдийн ойролцоо байх хүнсний зах орж хоол хүнсний зүйл, 1 шил 0,5 литрийн “Хараа” архийг худалдаж аваад гадуур явж байгаад гэртээ 19-20 цагийн үед ирээд хоол ундаа хийж идчихээд авчирсан 1 шил архиа хувааж уугаад байж байгаад А жорлон орох хойгуур Агийн нутгийн ах бид хоёрын танил Насанжаргал гэх ах миний утас руу 21 цагийн үед залгаад та хоёр хаана байгаа юм бэ, би хөдөөнөөс ирлээ гэртээ байгаа бол яваад очъё гэхээр нь за тэг тэг гээд утсаа салгачхаад байж байтал гаднаас А орж ирэхээр нь Насанжаргал ах манайд ирье гэнээ гэтэл тэр хүнээр яах гээд байдаг юм бэ гээд над руу уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд байж байтал А гартаа шар өнгийн иштэй гал тогооны хутгыг аваад над руу орны хажууд зогсож байтал нуруу руу хатгах шиг болсон. Тэгтэл нуруугаар халуу дүүгээд цус гарч эхэлсэн. Тэгээд маргалдахаа болиод миний цусыг өөрийнхөө цамцаар арчиж өгөөд би тухайн үедээ шархаа тоолгүй амрахаар хэвтэцгээсэн. Тэгээд унтаж байгаад шөнө үүрийн 04 цагийн үед миний нуруу хутгалуулсан хэсэг өвдөөд байхаар нь би босоод цэвэрлэгээний зүйл авахаар гарч аптек хайтал олдоогүй. Тэгээд буцаж ирээд жижүүр эгч Эрка гэж дууддаг өрөө рүү очоод намайг А хутгалчихлаа, миний нуруу ийм болсон гэтэл Эрдэнэчимэг эгч түргэн дууд гээд дуудаад байж байтал А араас орж ирээд гэртээ оръё гэхээр нь за гээд Эрдэнэчимэг эгч бид 3 манай гэрт ороод байж байгаад намайг хутгалсанд Ад би уурлаад “чи миний нурууг хутгалж ийм болголоо, тэнэг мал” гэх зэргээр хэлтэл А гараа зангидаж байгаад миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд байж байтал түргэний эмч ирээд миний шархыг цэвэрлэж өгөөд намайг эмнэлэг дээр очиж шархаа оёулах шаардлагатай байна гэсээр түргэний машинд суулгаж гэмтлийн эмнэлэгт аваачсан...” гэх /хавтаст хэргийн 15-20 дугаар тал/,
Гэрч С.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2-15-206 тоотод байх гэртээ байсан. 07 цагийн үед манай 1 давхрын 104 тоотод оршин суух Бурмаа /88463661/ гэх эмэгтэй хаалга тогшоод “миний бие өвдөөд байна, хаалгаа нээгээч” гэж хэлсэн. Тэгээд би хаалгаа нээж өгөөд Бурмааг оруултал надад нуруугаа харуулсан чинь нуруу нь цус болчихсон байхаар нь би цай халааж өгөөд сууж байсан чинь араас нь Бурмаагийн нөхөр А орж ирээд Бурмааг зодох гээд дайраад байхаар нь би тэр хоёрыг доод давхарт байрлах тэдний өрөө болох 104 тоот руу хамт орсон чинь орон дээрх цагаан цамц нь цус болчихсон байсан. Тэгээд Бурмаа надад шар өнгийн үзүүр нь цус болсон хоолны хутга харуулаад “энэ хутгаар А намайг хутгалсан” гэж хэлэхээр нь би хутгыг аваад хөргөгчийн цаад талд тавьсан. А тэр үед Бурмаа өөрөө тогоон дээр унаад гэмтсэн гэж хэлээд байхаар нь тэр тогоо руу хартал ямар нэгэн үзүүртэй зүйл эсвэл цус болсон зүйл байгаагүй. Тэгээд би эргээд хартал А, Бурмаагийн шанаа руу нь гараа зангидаж байгаад 4-5 удаа цохисон. Тэгээд тэр хоёр салахгүй байхаар нь би хажуугийн 108 тоот өрөө рүү ороод Батсүрэн гэх залууг цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан чинь цагдаа дуудсан байсан. Тэгээд би буцаад 104 тоот руу ороход тэр хоёр муудалцсан хэвээрээ байхаар нь Бурмааг өрөөнөөс нь гаргаад Ад түлхээд бас нөгөө коридорын буланд аваачсан. Тэгээд би Бурмаа дээр эргэж ирээд байж байтал 108 тоотод амьдардаг Батсүрэн цагдаа дуудчихлаа гэж хэлсэн чинь А гараад зугтаачихсан...” гэх /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11539 дугаартай дүгнэлтэд:
Э.Бурмаагийн биед цээжний зүүн хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт, хамар, ууцанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, хамар, ууцанд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
Цээжний зүүн хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, хамар, ууцанд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Аг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2-15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Э.Бурмаатай маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч: “...гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх, шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар
Хохирогч Э.Бурмаа хохирол нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй /хавтаст хэргийн 79 дүгээр тал/ гэх тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 14.5 см, өргөн нь 2.4 см, 11.8 см бариултай, нийт 26.3 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатиган овогтой Баасанжавын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 14.5 см, өргөн нь 2.4 см, 11.8 см бариултай, нийт 26.3 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Д.РЕНЧЕНХОРОЛ