Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

2019           4              4                                               2019/ДШМ/298                                              

 

         Л.Г- холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Г- холбогдох 1906000130084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Б овгийн Л-ийн Г- , .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

Л.Г-  нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм тауэр” хотхоны 216 дугаар байрны 4 тоотод буюу гэртээ охин Г.Чанцалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Г- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Г- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Г- ыг 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Г-  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсэгт шүүгдэгч Л.Г- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн боловч уг торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол дээрх биелэгдээгүй торгох ялыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурьдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс торгох ялын хугацааг тогтоох болон уг ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан торгох ялаас биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих асуудлыг хуульчлан зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтыг авч үзвэл хэргийг эцэслэн шийдвэрлэж буй шүүхээс гарч буй шийтгэх тогтоолын утга, агуулга, шийдвэрлэлт, оногдуулсан ялыг хэрхэн биелүүлэх, улмаар биелэгдээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг нь шүүгдэгчийн хувьд ойлгомжтой, тодорхой байх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж, шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг шүүгч, прокурор хуулийн талаас нь мэдэж байгаа хэдий ч торгох ялын хугацааг зааж өгөөгүй учраас хэзээ төлөхийг, төлөөгүй тохиолдолд ямар хариуцлагатай талаар шүүгдэгчид ойлгомжгүй байна. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Л.Г-  нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм тауэр” хотхоны 216 дугаар байрны 4 тоотод буюу гэртээ охин Г.Чанцалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Ээж аавтай маргалдаж байхад нь боль гэхэд аав Л.Г-  нь зодсон талаар мэдүүлсэн хохирогч Г.Чанцалын мэдүүлэг /хх 9-10, 15-16/,

хохирогчийн мэдүүлгийг нотолсон байдлаар өгсөн гэрч Ч.Болорсайханы мэдүүлэг /хх 17-18/,

хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Г- ын мэдүүлэг /хх19-20, 33-34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн “...Г.Чанцалын биед тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний салст, зовхи, 2 өвдөгт цус хуралт, доод урууланд язарсан шарх, баруун чамархай, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /хх 23/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч Г.Чанцалыг зодож, түүний эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний салст, зовхи, 2 өвдөгт цус хуралт, доод урууланд язарсан шарх, баруун чамархай, доод уруулын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учруулсан Л.Г- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Л.Г- оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирчээ.

 

Прокурор “оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, хэрхэн биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол дээрх биелэгдээгүй торгох ялыг хэрхэн шийдвэрлэх талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй” гэсэн үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.

 

Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно...” гэсэн дүгнэлтийг хийгээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ уг асуудлуудтай холбоотой заалтуудыг тусгаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж зааснаас үзэхэд торгох ялын хугацааг тогтоож болохоор зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг тогтоохгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж тус хуулиар заасан 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэхдээ, хуульд заасан хугацаанд төлөхийг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэсэн торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих заалтыг шийтгэх тогтоолдоо заагаагүй нь үндэслэлгүй болжээ.

 

Торгох ялыг биелүүлэх хугацааг зааж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж, түүний эрх зүйн байдал нь дордох, нийгмээс тусгаарлагдах талаар шүүгдэгч этгээдэд ойлгуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ...байхаар бичигдсэн байна...” гэсэн шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд улсын яллагчийн энэ талаар бичсэн эсэргүүцлийн хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял солихыг шүүгдэгч Л.Г- мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ