Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2020/0011

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 30 өдөр               Дугаар                                                   Зуунмод сум

                                             123/ШШ2020/0011

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.Ө ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Ж сумын З.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Ж сумын З.Д-н 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Л, Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагч Төв аймгийн Ж сумын З.ДТ.Цолмонгэрэл, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Байгалдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Ө ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ж суманд 2000 оноос хойш газар тариалан эрхэлж байгаа болно. Гэтэл 2010 онд олгогдсон. Тээлийн голын 57 га тариалангийн талбайг жилийн өмнө хураан авч, бусдад хуваан олгосон байна. Манай компанид одоо үүнээс өөр нэг ч га газар байхгүй болно. Цолмонгэрэлийн энэ шийдвэрийн хууль зүйн үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаагаа дараах байдлаар тайлбарлаж байна. 1. Манай компани 2010 оноос хойш энэ 57 га талбайд жил бүр төмс, манжин, овьёос болон үрийн улаан буудайг 5-30 га-д сэлгэн тариалж ирсэн болно. Харин 2018 оны 49 га талбайг өнжөөсөн. Өөрөөр хэлбэл жил бүр бүрэн ашиглалттай байсан гэсэн үг.  2. Энэхүү 57 га талбайныхаа зүүн талын 8 га талбайд 2012-13 онуудад суулгацыг тухайн үед 10 сая төгрөгийн зардал гарган тариалж, жилд арчилан ургуулсаар ирсэн билээ. Гэтэл энэ модыг энэ хавар эвдэн сүйтгүүлж, улмаар газрыг нь хашиж байна. Хашааны шонгуудыг авч, төмөр торнуудыг авсан байна. Ингэж улаан цайм дээрэм тонуул хийж болдог юм уу? Би үүнийг Монголын газар тариалангийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй үйл явдал буюу албан тушаалын дээрэм тонуул гэж ойлгож байна. 3. Энэ 57 га-д 2010 оноос 240 сая төгрөгийн төслийн хөрөнгө оруулалт хийж, усалгааны систем байгуулан ашиглаж байсан. Энэ чинь улсад бүртгэлтэй услалтын систем. Одоо талбайд очоод үзэхэд услалтын суваг шуудуу, нөөцлүүрийн 3 том тогоо, толгойн барилга, далан хаалт бүгд байж байгаа. Харин услалтын 450м яндан турба, усны ноцос, усалгааны систем болон тоног төхөөрөмжүүд Жын төв дээр, компанийн агуулахад хадгалаастай байгаа болно. Зээлийг хэн төлөх вэ? Энэ компанийн байшин барилга, трактор, комбайн, машин техник, тоног төхөөрөмж, сахиулыг яахав? 4. Болсон явдал. 2018 оны 5 дугаар сарын 25-ны үед сумаас газрын төлбөр төлөөгүй гүйцэтгэх захирал миний хүү Ариунболдоор дамжин надад ирж байсан. Би шаардлагуудыг цаг хугацаанд нь биелүүлсэн. Гэтэл 8-р сард газрын төлбөр төлөөгүй, татварын өр ширтэй ААН-ийн газрыг хураах тушаал гарсан байгаа З.ДЦолмонгэрэлтэй өөрийн биеэр очиж уулзаж, манайх төлбөр төлөөгүй, татварын өр шир байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын төлбөр төлсөн баримт нь татварын байцаагч Хишигээд байгаа юм байна. Одоо амраад явсан алга байна. Иймээс манайхыг андуурсан байна шүү гэдгийг тайлбарлаад, ойлголцоод өнгөрсөн билээ. Гэтэл 2019 оны 05 сарын 20-нд манай манаачид танай чацарганы талбайг хүмүүс хагалж байна гэхээр нь очиж уулзахад бид мэдэхгүй, Цолмонгэрэл дарга өгсөн, тэр мэднэ гэж хэлээд газраа үргэлжлүүлэн хагалсан байна. Ингэж л газраа алдсанаа мэдэж, Цолмонгэрэлтэй утсаар ярьж асууж, тайлбарлахад одоо бүх юм өнгөрсөн. Ирж уулз гээд байхад ирж уулзахгүй байж утсаар ярилаа гээд таслав. Иймд миний бие Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

Мөн шүүх хуралдаанд, Манай компани нь Ж суманд 2000 оноос эхлэн газар тариалан, хүнсний ногоо тариалж үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оны хувьд талбай дээр тариалалт хийгээгүй учир, нь 8 жил дараалаад тариалалт хийсэн учир өнжөөсөн. Өнжөөхдөө улаан буудай юм уу овьёос тарина гэж тооцоолсон. Талбай дээрээ 240.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулсан. Талууд гэрээг жил бүр дүгнэнэ гэсэн бөгөөд хугацааг хэдэн жилээр сунгах талаар хуулинд заагаагүй. Хариуцагч талаас манайд мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийн дагуу газрын төлбөрөө төлсөн. Манайх газрын төлбөрийг 5 жилээр нь алдангитай нь 374.000 төгрөг төлсөн. Газрын тухай хуульд газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан ба гэрээгээр эзэмшүүлнэ гэж заагаагүй. 20 жилийн хугацаатай гэрчилгээ гаргасан юм чинь 20 жилийн хугацаатай гэрээ байгуулах ёстой. Харин гэрээгээ жил бүр дүгнэх ёстой. Манай гэрээнд 2 жил тутамд гэрээг дүгнэнэ гэсэн заалт оруулсан. Газар эзэмших гэрээ нь үндсэн акт биш газар эзэмших эрхийн гэрчилгээ л үндсэн акт. Газрын тухай хуулийн 40.1.1 газар эзэмших гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн гэх үндэслэл байгаа. Манай компани ямар ч зөрчил гараагүй. Харин ч улс орондоо хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байсан, гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Ж сумын З.Д-н 2010 оны 03 дугаар сарын 09-ийн өдрийн 46 дугаар захирамжаар Тээлийн гол гэх газарт 57 га газрыг эзэмшсэн. Энэ захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Гэрчилгээг үндэслээд талууд газар эзэмших гэрээ байгуулсан. 2018.05.28-ны өдөр Ж сумаас Ө.Ө ХХК-д мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдлийг хүлээн аваад компанийн захирал Л.Ариунболд газрын төлбөрийг алдангийн хамт төлсөн байдаг. Гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө төлсөн боловч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт гарсан. Энэ захирамжийг гаргахдаа хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх ажиллагаа огт хийгээгүй. Тус шүүхэд захиргааны хэрэг үүссэний дараа маргаан бүхий акт гарсан талаар олж мэдсэн. Маргаан бүхий актын үндэслэл нь хууль бус, учир нь газар эзэмших эрхийн захирамж гараад түүнийг үндэслэж гэрчилгээ гардаг, гэрчилгээг үндэслээд гэрээ байгуулдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр газар эзэмшигчид гэрээгээ дүгнүүлэх талаар ямар нэгэн үүрэг оногдуулаагүй бөгөөд харин Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гэрээг дүгнэх үүрэг өгсөн байдаг. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч гэрчилгээний хугацаа дууссаны дараа сунгуулах хүсэлт гаргаж болдог бөгөөд гэрээний хугацаа дууссан учраас гэрээгээ сунгуулаагүй гэдэг үндэслэл нь хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т тодорхой заасан гэтэл анх эзэмших эрх үүссэн захирамжийг 8 жилийн дараа хүчингүй болгосон нь хууль зөрчсөн. Тиймээс маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хамгаалж өгнө үү гэж хүсэж байна гэв.

   Хариуцагч Төв аймгийн Алтанбулаг сумын З.Д Т.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус суманд, хүнсний ногооны зориулалтаар 57 га эзэмшигч Ө.Ө ХХК нь 2013 оноос хойш газар эзэмших, ашиглах гэрээ огт дүгнүүлж байгаагүй, шинээр гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулж ажиллах талаар хүсэлт огт гаргаж байгаагүй байна. Мөн газрын төлбөрөө хугацаанд нь буюу 2014, 2015, 2016, 2017 онуудын төлбөрийг төлөөгүй, сүүлийн 3 жил тайлан мэдээ өгөөгүй зэргээр Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зөрчсөн байна. Мөн олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч газар дээрээ ашиглалт, хамгаалалт байхгүй, тарьсан гэх чацарганы мод нь хатаж хувхайрсан байдалтай байсан нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлын хэсэг очиж 57 га бүхий талбай дээр хийсэн үзлэгийн дүгнэлтээр батлагдана. Энэ бүх зөрчлүүдийг арилгуулахаар Газрын даамал 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ө.Ө ХХК-ийн захирал Л.Ариунболд суманд явж байна гэсэн мэдээллийн дагуу олж уулзаж, холбогдох бичиг баримтуудыг шаардан төлбөрөө төлж, гэрээгээ шинэчлэх талаар хугацаатай мэдэгдэх хуудсыг Л.Ариунболдод гардуулан өгсөн боловч дурдсан хугацаанд ирээгүй учраас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А/232 дугаар захирамж гарч Л.А-д шуудангаар явуулсан. Уг талбайг 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган хуваарилсан. Гэтэл 2018 онд асуудлыг шийдвэрлэснээс хойш жилийн дараа 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирэхдээ 2018 оны  05 дугаар сарын 29-ний өдрийн 374,018 /гурван зуун далан дөрвөн мянга арван найм/ төгрөг төлсөн гэсэн баримтын хуулгыг авчирч өгсөн. Нэхэмжлэгч тал 2013 оноос газартай холбоогүй болсон. Бүх газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгжүүд гэрээ байгуулаад жил бүр гэрээгээ дүгнүүлээд сумтайгаа хамтраад ажиллаад явдаг. Мэдэгдэл өгсөн хугацаанд баримт тайлбараар, төлбөр, гэрээг хийж өгөх ёстой байсан. Газрын тухай хуульд газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөх, гэрээгээ дүгнүүлж сунгуулах ёстой. Төлбөрөө 2018 онд бөөнөөр нь 5 жилээр хийсэн гэдэг нь  төлбөрөө 5 жилийн хугацаанд төлөөгүйг нь нотолж байна. 2013 оноос удаа дараалан газрын төлбөрөө төлөөгүй. 2013 онд байгуулсан гэрээний болон хуулийн үүргээ биелүүлээгүй 5 жил болсон байна, гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Ц дарга төлбөр тооцооны талаар би мэдэхгүй гэсэн боловч мэддэг юм шиг яриад байна гэжээ.

Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:  Би суманд насаараа амьдарч байгаа. Газар эзэмшээд газар дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Гуравдагч этгээд нар нь газар дээрээ зохих ёсоор үйл ажиллагаа явуулаад уринш хийсэн байгаа. Нэхэмжлэгч тал олон жил газраа ашигласан гэдэг нь худлаа. Олон жил юм тариагүй газар байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч: “Төв аймгийн Ж сумын З.Д-н 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахгэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө.Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ 20 жилийн хугацаатай учир гэрээний хугацаа 20 жилийн хугацаатай гэрээ байгуулах ёстой. Харин гэрээгээ жил бүр дүгнэх ёстой. Манай гэрээнд 2 жил тутамд гэрээг дүгнэнэ гэсэн заалт оруулсан. Газар эзэмших гэрээ нь үндсэн акт биш газар эзэмших эрхийн гэрчилгээ л үндсэн акт. Маргаан бүхий захирамжийн үндэслэл нь хууль бус юм, учир нь гэрээ дүгнүүлээгүй гэх үндэслэл дээр хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг гэрээн дээр гэрээг дүгнүүлэх талаар нэхэмжлэгч талд үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй, харин хариуцагч талд жил бүр дүгнэнэ гэсэн заалт байгаа. Хариуцагч талаас манайд мэдэгдэл ирсэн. Бид ноцтой алдаа гаргасан гэж би үзэхгүй байгаа. Өөр зориулалтаар газраа ашиглаагүй, бусдад зараагүй учир энэ нь ноцтой алдаа гэж үзэх боломжгүй. Гэрээг сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн хувьд Газрын тухай хуульд газрын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан ба гэрээгээр эзэмшүүлнэ гэж заагаагүй. гэж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “...Энэ захирамжийг гаргахдаа хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх ажиллагаа огт хийгээгүй. Тус шүүхэд захиргааны хэрэг үүссэний дараа маргаан бүхий акт гарсан талаар олж мэдсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр газар эзэмшигчид гэрээгээ дүгнүүлэх талаар ямар нэгэн үүрэг оногдуулаагүй бөгөөд харин Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гэрээг дүгнэх үүрэг өгсөн байдаг. Гэрээнд зааснаар газар эзэмшигч гэрчилгээний хугацаа дууссаны дараа сунгуулах хүсэлт гаргаж болдог бөгөөд гэрээний хугацаа дууссан учраас гэрээгээ сунгуулаагүй гэдэг үндэслэл нь хууль бус юм.  Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т тодорхой заасан гэтэл анх газар эзэмших эрх үүссэн захирамжийг 8 жилийн дараа хүчингүй болгосон нь хууль зөрчсөн. Мөн анхны нэхэмжлэлийн шаардлага, хангагдсан тохиолдолд газар давхцалгүй байх ёстой гэж үзэж уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хуульд зааснаар давуу эрхээр газар олгох асуудал нь багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж сумын З.Д-д саналаа хүргүүлэх ёстой байдаг. Гэтэл гуравдагч этгээд нарт давуу эрхээр газар олгосон үйлдэл нь процессын хувьд алдаатай, хууль зөрчсөн үйлдэл болсон Тиймээс маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хамгаалж өгнө үү” гэж,  

Хариуцагч Төв аймгийн Ж сумын З.Д Т.Ц: “Нэхэмжлэгч тал 2015 оноос газартай холбоогүй болсон. Бүх газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгжүүд гэрээ байгуулаад жил бүр гэрээгээ дүгнүүлээд сумтайгаа хамтраад ажиллаад явдаг. Мэдэгдэл өгсөн хугацаанд зөрчлөө арилгах, тайлбар өгөх, гэрээгээ хийх ёстой байсан. Гэтэл ямар нэгэн хариу өгөлгүй алга болоод, жилийн дараа маргаж байна. Газрын тухай хуульд газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөх ёстой. Мэдэгдэл аваад төлбөрөө бөөнөөр нь хийсэн гэдэг нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь нотолж байна. 2013-аас 2018 онуудад удаа дараалан газрын төлбөрөө төлөөгүй. 2013 онд байгуулсан гэрээгээ биелүүлээгүй  байна” гэж,

 Гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нэхэмжлэгч тал олон жил газраа ашигласан гэж хэлж байгаа нь худлаа юм тариагүй олон жил болсон газар байсан...” гэж тус тус тайлбарыг гарган маргажээ.

 

1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Төв аймгийн Ж сумын З.Д-н 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагын тухайд:

 Маргааны үйл баримтад холбогдох Ө.Ө ХХК-д Өгөөмөр 2 дугаар баг тээлийн голд 176/53 га-аас буюу 57 газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар Төв аймгийн Ж сумын З.Д-н 2010 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 45 дугаар захирамжаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0206545  дугаар бүхий газар эзэмших эрхийг гэрчилгээ олгон, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. [1]

Улмаар хариуцагч Төв аймгийн Ж сумын З.Д2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А/232 дугаар захирамжаар нэхэмжлэгч аж ахуй нэгж нь газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч аж ахуй нэгжийн тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. [2]

Хариуцагчийн газрын асуудал хариуцсан этгээд болох Төв аймгийн Ж сумын З.Д-н Тамгын газрын газрын даамлаас  нэхэмжлэгч аж ахуй нэгжид 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Газар эзэмшигчид хүргүүлэх мэдэгдэх хуудас”[3]-аар “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа нотолгоо болон Газар эзэмших гэрээгээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор дүгнүүлнэ үү“ гэж  гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн хугацаа тогтоож өгсөн байх боловч нэхэмжлэгч аж ахуй нэгжээс “...Хариуцагч талаас манайд мэдэгдэл ирсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг 5 жилийн алдангитай нь 374.000 төгрөг маргааш нь төлсөн, гэрээний хугацаа нь гэрчилгээнд зааснаар 20 жил байх ёстой, гэрээнд заасан 2 жил гэснийг дүгнүүлэх хугацаа, бид зөрчил гаргаагүй учир дахин сунгах шаардлагагүй гэж ойлгоод явж байсан” гэсэн тайлбараар, мөн үүнд холбогдох  2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 57 га газрын төлбөр Ө.Ө ХХК гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлгийн баримт [4] зэргээр нэхэмжлэгч аж ахуй нэгж байгууллага нь хариуцагч захиргааны байгууллагатай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний гурав дугаар зүйлийн 3.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, дөрөв дүгээр зүйлийн 4.4-д “Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх”, зургаа дугаар зүйлийн 6.2-т “Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаагаар байгуулав” гэх зэргээр байгуулсан гэрээний дагуу жил бүр газрын төлбөрийг төлөх, гэрээг жил бүр дүгнэх, хугацаа дууссан гэрээг шинэчлэн байгуулах үүргээ биелүүлэхгүй байсан болох нь нотлогдож байна.

        Үүнээс Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д  Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”,   40 дүгээр зүйлийн 40.1-д  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн З.Ддараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”  бол газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор хуульчилсан байхад дээрх байдлаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь хариуцагч захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүй байсан нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан нь тогтоогдож байна.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь гэрээгээр болон хуульд заасан гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүргээ огт биелүүлээгүй, гэрчилгээнд заасан хугацаанд хамаарахгүй гэж өөрсдөө дур мэдэн буруугаар тайлбарлан ойлгож, гэрээний талуудын үүргийг хариуцагчийн хийх үүрэг гэж тайлбарлан, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл,         болзлыг 5 жилийн туршид удаа дараа зөрчиж, өмнө нь хийсэн 2013 оны гэрээгээ сунгах үйлдэл хийгээгүй, хүчин төгөлдөр  газар эзэмших гэрээгүй, 5 жилийн туршид  гэрээгээ жил бүр дүгнүүлэх хууль болсон гэрээний үүргээр төлбөрөө хугацаанд нь   төлөөгүй таван жил болсон  зэрэг  нь  тогтоогдож байх  тул  Газрын тухай хуулийн  40      дүгээр зүйлийн 40.2-т  “Энэ хуулийн  40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн З.Дэрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий актыг гаргаж, актыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал Л.А-д хаяглан явуулж[5], нэхэмжлэгчид мэдэгдэх үүргийг гүйцэтгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэгч захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр газар эзэмших эрхтэй буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж хуульчилснаар нэхэмжлэгчид тус газрыг эзэмшүүлэхэд хийгдэж байсан гэрээнд, мөн хуульд заасан газар эзэмшигчийн үүрэг болох газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээнээс гадна хүчин төгөлдөр газар эзэмшүүлэх гэрээтэй байж, гэрээгээ жил бүр дүгнүүлэх, газар эзэмших эрхтэй байх бүрэн шаардлагыг хангаагүй этгээдэд хариуцагч захиргааны байгууллагаас хийгдсэн байх шаардлагатай гэрээний үүргийг дүгнэх, биелэлтийг нь хангах талаар мэдэгдэл өгсөнд нэхэмжлэгчийн зүгээс үл гүйцэлдүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй удаа дараа зөрчил гаргасан болох нь дээрх үйл баримтаар нотлогдож, улмаар энэхүү хууль, гэрээний үүргийн зөрчилд хамаарах асуудалд, мэдэгдэл хүргүүлж, хугацаа тогтоосны үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хийлгүй маргаан бүхий актыг гаргасан гэх боловч энэхүү мэдэгдэх сонсох ажиллагаа нь асуудлыг шийдвэрлэхэд хамаарах хүндэтгэн үзэх шалтгаант тайлбар, санал гаргах боломжийг хангах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан баримт, тайлбараар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь газар эзэмшигчийн хувьд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан талаарх ямар нэгэн баримт, тайлбаргүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэл нь захиргааны гэрээний үүргийн биелэлтэд холбогдох харилцааны үр дагаварт өөрчлөлт орох үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т   “... гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захиралд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдэгдэлд, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг  хүртэл  хугацаа  тогтоосон  атал  нэхэмжлэгчийн  зүгээс  уг  хугацаанд  газрын

 

төлбөрийг 5 жилээр нөхөн төлсөн байх боловч энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй /газрын даамал, хариуцагч өдөр бүр төлбөр төлөлтийг шалгах боломжтой байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд маргаан бүхий акт гарахаас өмнө төлбөр төлсөн эсэх талаар хариуцагчид мэдэгдсэн гэх баримтгүй/ байхаас гадна тус мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах, дүгнүүлэх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй /хүсэлт, өргөдөл гэх мэт ямар нэгэн баримтгүй/ байх тул  хариуцагч захиргааны байгууллагаас гэрээний нэг тал буюу газар эзэмшигч өмнө нь хийгдээд дуусгавар болсон гэрээнд өөрчлөлт оруулах сонирхолгүй гэж үзэж өөрчлөлт оруулснаар үргэлжилж болох гэрээний харилцааг цуцлах буюу тус гэрээний үндсэн дээрх харилцаа болох газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуульд зааснаар хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага болох “Төв аймгийн Ж сумын З.Д-н 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагын тухайд:

Төв аймгийн Ж сумын З.Днь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Ө.Ө ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тус нэгж талбар бүхий газарт Н.М, Ж.Б, Т.Б, А.Б, Д.Б, Д.Э, Д.Б, Ш.А, Г.Н, Д.Ө, Д.У, Г.Т зэрэг 12 иргэнд хуваан эзэмшүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. [6]

Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ “давуу эрхээр газар эзэмшүүлэн олгосон үйлдэл нь хууль бус гэж маргасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч этгээд энэ шаардлагаар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар дүгнэлт өгөх үндэслэлтэй байх боловч гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газар нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эзэмшил газартай давхцалтай гэсэн үндэслэлийг гарган маргасан. Энэ тохиолдолд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн эсэхэд холбогдуулан дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь эдгээр актуудын улмаас шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдсон тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “... бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болгосон маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж, тус газартай нэгж талбараар давхцал бүхий газар эзэмшүүлсэн захирамжийг нэг мөр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэсэнд холбогдуулан үзвэл, өмнөх дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайн газрын эзэмших эрхий хүрээнд дүгнэхэд, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болсон байх тул гуравдагч этгээд нарын газартай ямар нэгэн давхцалтай гэж үзэх үндэслэлгүй болох нь нотлогдож,  улмаар энэхүү гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шууд зөрчигдөхгүй болох нь тогтоогдож байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлд дурьдснаар  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаар нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлж олгосон сумын З.Д-н 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар захирамжийг  8 жилийн дараа хүчингүй болгосон гэх үндэслэлээр тухайн маргаан бүхий актыг хууль бус гэж тайлбарлажээ. Үүнд холбогдуулан үзвэл, Маргаан бүхий акт, түүний үндэслэл зорилго нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...сум, дүүргийн З.Ддараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тухайн нэгж талбар бүхий 57 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох байсан байх бөгөөд тус актад уг газрыг эзэмшүүлсэн сумын З.Д-н 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар захирамжийг мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь энэхүү маргааны хувьд ямар нэгэн үр дагавар бий болохгүй байхаас гадна энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь улмаар нэхэмжлэлийг хангах, маргаан бүхий актыг хүчингүй болгох  үндэслэл болохооргүй байна. Харин шүүхийн зүгээс тус З.Д-н 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн сумын З.Д-н 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар захирамжийг мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн актын зорилго, үндэслэлд хамаарахгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрхээс үзвэл хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Өгөөмөр 2 дугаар багийн Тээлийн 176/53 га-д төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар 57 га газар эзэмшиж байсан нэхэмжлэгч Ө.Ө ХХК –ийг газар эзэмших гэрээгээ /2013 онд байгуулсан/ дүгнүүлээгүй, 2015 оноос хойш шинээр гэрээ байгуулаагүй, 2013 оноос хойш 2018 оныг хүртэл газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үйлдэлд нь холбогдуулж, тус газрыг эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, улмаар тухайн газрыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ө ХХК-иас Төв аймгийн Ж сумын З.Д-д холбогдуулан гаргасан  “Төв аймгийн Ж сумын З.Д-н 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/232, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/701, А/702, А/703, А/704, А/705, А/706, А/708, А/709, А/710, А/711, А/714, А/715 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР.

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 22-25 дахь тал

[2] Хавтаст хэргийн 21 дэх тал

[3] Хавтаст хэргийн 27 дахь тал

[4] Хавтаст хэргийн 55 дахь тал

[5] Хавтаст хэргийн 28 дахь тал

[6] Хавтаст хэргийн 221 дэх тал