Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 70

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                               

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Б.Бархасбадь, түүний өмгөөлөгч С.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Баярбатын Бархасбадид холбогдох эрүүгийн 2014 2500 00034 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр     Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-467а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 02 сарын 03-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж  Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2747 дугаар тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 1 жил 17 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж  5 жил 6 сар хорих ял дээр 6 сарыг нэмж нэгтгэн 6 жил хорих ял шийтгэгдэн 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Бат овогт Баярбатын Бархасбадь /РД: ХА83012012/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Бархасбадь урьд нь залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Энхманлайг хуурч мэхлэн Айфон 5 эс маркийн гар утсыг авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төв дотор хохирогч Б.Очхүүгийн Самсунг маркийн Нөт-3 маркийн гар утсыг хуурч мэхлэн авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

дээрхи гэмт хэргүүдэд шалгагдаж байхдаа Баянзүрх дүүргийн Цадаагийн 2 дугаар хэлтэст 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Бархасбадь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би урьд нь ял шийтгүүлээд шоронгоос гарч ирэхдээ ухамсар суугаагүй байсан байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд би эхнэр хүүхэдтэй болоод одоо шал өөр хүн болсон. Хөлс хүчээрээ олсон мөнгөний үнэ цэнийг би одоо ойлгосон. Эхнэр маань хүнд өвчтэй учир хөдөлмөрийн үнэ цэнийг ч мөн ойлгосон. Би одоо ял шийтгэл авлаа ч гэсэн энэхүү ухаарч ойлгосон хүмүүжлээ хэзээ ч алдахгүй цаашид зөвөөр амьдрана. Миний хүсэх зүйл бол хэрэв надад боломж олговол өвчтэй эхнэртээ хань болж, амьдралын төлөө зүтгэх учир аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Бархасбадь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 02 дугаар сарын  05-ны орой Энхманлайгийн гэрийн гадаа 18 цагийн үед Энхманлайгийн найз Оогийтой очиход найз нь түүнийг дуудсан. Тэгээд тэр хоёртой хамт Криссталл таун руу хүнтэй уулзах гээд явсан. Тэнд тэр хүнтэй хамт уулзчихаад эргээд гарч ирээд Лайф мюзик гэдэг студид очсон. Студийн гадаа Энхманлайгаас гар утсаа өгчих ах нь яриатхая гээд аваад өөрийн гар утсаа орхиод тэр студи руу орсон. Тэгээд ортол тэнд үүдэнд Алтантуяа гэдэг эмэгтэй наад утсаа өгөөч ярьчихаад өгье гэсэн. Тэгээд алга болчихсон. Яагаад эргэж очоогүй гэвэл гар утас нь байхгүй бас 30-40 минутын дараа очсон болохоор тэд нар явсан байсан. Тухайн үед өөрийнхөө үлдээсэн гар утас руу залгах талаар бодоогүй. Iphone-4s маркийн гар утас хар өнгөтэй, хуучивтар гар утас байсан /хх-44х/, 

2014 оны 03 дугаар сарын 3-ны өдөр байсан. Би Гэмтлийн эмнэлэгийн хавсарсан гэмтлийн тасаг буюу хоёр давхарт хэвтэн эмчлүүлж байсан Очхүүгийн гар утсаар нь ярьчихаад өгье гэж хэлээд авсан. Тэгээд буцааж өгөлгүй тэр чигээр нь гар утсыг нь авч яваад Тэнгис кино театрын хажууд байдаг “Теди” гар утас худалдааны төвд гар утас зардаг лангууны эмэгтэй хүнд 650,000 төгрөгөөр зарсан. Худалдагч авахгүй гээд байхаар нь гуйж байгаад зарсан. Очхүүгийн утас нь Самсунг нөт-3 маркийн цагаан өнгийн гар утас байсан. Би энэ гар утас зарсан 650,000 төгрөгөөр хоол унд, унааны мөнгө зэрэг өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Гэрийнхэндээ энэ мөнгөнөөс огт өгөөгүй. Би угаасаа гэртээ ээж дээр очдоггүй. Ээж хойд эцэгтэй хамт амьдардаг. Би хойд эцэгтэйгээ таардаггүй хамт амьдрахаараа хэрэлдээд маргалдаад байдаг юм. Би гэртээ очихгүй гадуур хонож явахдаа Гэмтлийн эмнэлэг дээр сар гаруй болсон. Амралтын өрөөнд нь орж амарч цагийг өнгөрөөдөг байсан. Гэмтлийн эмнэлэг дээр явж байгаад Очхүүтэй танилцсан. Очхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би уг нь шоронгоос суллагдаж гарч ирснээсээ хойш гэмт хэрэг үйлдээгүй байсан. 2014 оны 3 сард би хойд аавтайгаа хэрэлдээд гэртээ хонохгүй хэд хоносон. Тэгээд мөнгөгүй болчихсон байсан юм. Би 2007 онд Баянгол дүүргийн шүүхээр 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялыг Чойрт байрлах хорих ангид ял эдэлж байгаад 2013 оны 01 сард суллагдсан. Өөр гэмт хэрэг үйлдээгүй. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулах болно. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэрт очихоор хойд эцэгтэй таарамжгүй байгаа болхоор хэцүү байна. Амьдрах газар байхгүй. Гадуур байрлах гэхээр мөнгө хэрэгтэй болох юм. Яах ч аргагүй шалтгаанаас болоод л дахин гэмт хэрэг үйлдчихлээ. Би энэ үйлдэлээ хүлээн зөвшөөрч харамсаж гэмшиж байна. Би одоо эрхэлсэн ажилгүй байгаа. Намайг урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан гээд ажил олдохгүй байна /хх-83-86х/ гэжээ.  

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Энхманлай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гитар зааж өгөх хүнтэй уулзуулах нэрээр намайг дагуулж яваад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Кристал таун байрны гадаа ирээд утсаар яриад өгий гэж хэлээд утас аваад 801 дүгээр байрны 2 дугаар орц руу орчихоод цагийн дараа гарч ирээд цуг Сансар орсон. Тэр үед миний утсыг өгсөн. Тэгээд сансар ороод миний утсыг дахиж аваад хүнтэй яриад өгий гэж хэлээд Оргилууны хажуу талын саарал 5 давхар байр орсон. Тэгээд гарч ирээд Чингис зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах 5 давхар байрны 2 дугаар орцонд ороод эргэж гарч ирээгүй. 2013 оны 03 дугаар сард 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан iphone 4S маркийн хар өнгийн гар утас байсан юм. 99983008 гэсэн дугаар руу залгаад хаана байна одоо очлоо гэж ярьж байсан. Хар куртик, цагаан цамц, хар өмд, хар гуталтай 30-36 орчим насны хүн байсан. Залилуулсан утасныхаа хохирлыг барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй /хх-14, 146х/ гэжээ.

Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Оргил мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш харанхуй болж байхад Энхманлайгийн гэрт очсон. Тэднийд очихдоо би өөрийгөө Харанга хамтлагийн  бөмбөрчин гэх ахыг дагуулаад очсон. Энхманлай бид хоёр өмнө нь гитар тоглож суръя гэж ярилцаад хамт секцэнд явдаг байсан бөгөөд Бархас гэдэг ах өөрийгөө бараг л номер нэг гитарчин ахаараа заалгах уу гээд байсан. Тэгээд би тэр өдөр Энхманлайд тэр ахаар гитар заалгая гээд гэрт нь очсон. Би Энхманлайгийнд очихын өмнөх өдөр буюу 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 дүгээр хорооллын Хөгжим бүжгийн дунд сургуулийн баруун талд Бэйд Центр гэдэг РС  тоглоомын газар танилцсан. Тэр өглөө би уг тоглоомын газар руу ортол  арай онгоогоогүй манай найз унтаж байсан. Тэгээд би тэр хавиар цэвэрлэгээ хийгээд байж байтал гаднаас нэг ах орж ирэхээр нь онгойгоогүй байна гэж хэлтэл за ах нь хүлээж байна, чи жаахан юм шивээд өгөөчээ гэхээр нь би чадахгүй манай найз шивэх байхаа гэж хэлсэн. Тэгээд гараад байж байсанаа манай найзад өөрийгөө бөмбөрчин гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдөр өнгөрсөн. Маргааш өглөө нь буюу 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би нөгөө РС тоглоомын газар дахиад орсон. Тэгэхэд тэр ах сууж байхаар нь та сайн уу гэхэд сайн гээд ярьж байсанаа өөрийгөө бөмбөрчин гээд манай эмэгтэй шавь одоогоор маш амжилттай явж байгаа, би сайн гитар заадаг хүн олж өгч болно гэх зэргээр яриад фейсбүүкээрээ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнтэй хамт авхуулсан зургаа үзүүлээд байхаар нь надад итгэл үнэмшил төрсөн. Тэгээд би Энхманлайд харанга хамтлагийн бөмбөрчин ах байна чи хамт сурах уу сурахгүй гэвэл би ганцаараа явлаа шүү гэсэн. Тэгээд Энхманлайгийн сургууль дээр Бархас ахыг дагуулаад очтол Энхманлай сургууль дээрээ байхгүй, гэр рүүгээ явсан байсан. Тэгээд гэрт нь очоод Энхманлайг дагуулаад хөгжмийн студи руу явсан. Тэгтэл  Бархас нь нэг ахтай утсаар ярьж байгаад бид хоёроос та хоёр энд үлдэх үү ахтайгаа хамт Кристалл таун явах уу гэхэд Энхманлай таньтай хамт  явж байсан нь дээр  байхаа гээд хамт Кристалл таун руу  явсан. Тэгээд тэнд очоод Бархас нь нэг айл руу ороод ирье гээд таксинаас буухдаа Энхманлайгийн гар утсыг ах нь ганц яриадахъя гээд аваад буусан. Тэгээд Бархас нь нилээд удахаар нь таксины ах өөрийнхөө гар утсаар Энхманлайгийн дугаар руу залгахад одоохон гарлаа гээд удалгүй гарч ирсэн. Гарч ирээд  машинд суусанаа Сансарын тийшээ нэг айлд очье гээд нэг байрны гадаа ирээд машинаас буусан. Тэгтэл тэр машины жолооч ах араас нь буугаад дагаад яв гэсэн. Тэгэхээр нь би буугаад Бархас ахын орсон тэр байр руу ороод хамгийн дээд давхарт гартал урдаас Бархас ах буугаад ирсэн. Тэгээд тэр байрнаас хамт буугаад гадаа гарч ирээд Бархас ахтай таксинд суугаад анхны очдог студи дээр очсон. Тэгэхдээ Энхманлайгаас дахин утсыг нь гуйж аваад студи руу орсон. Тэгээд таксины ах дахиад  намайг араас нь дагаад ор гэсэн. Тэгээд би дагаад ортол мөн л урдаас гараад ирсэн. Тэгсэнээ машиндаа очоод байж бай араас чинь очъё гэсэн. Тэгээд уг таксин дээр дахин ирээгүй тэр чигтээ алга болчихсон. Тэр үед Бархас ах нь уг таксины суудал дээр өөрийнхөө  барьж байсан хар өнгийн гар утсаа орхиод буусан байсан. Бархас нь өөрийгөө бөмбөрчин гэхээс өөр зүйл хэлээгүй. Бархас нь Энхманлайгаас гар утсаар чинь нэг яриадахъя гэж хэлээд авсан. Студийн нэрийг мэдэхгүй байна /хх-16-17х/ гэжээ.

Хохирогч Б.Очхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гэмтлийн эмнэлгээс гарах гээд сүүлийн боолтоо хийлгүүлээд байж байтал Бархасбадь гэдэг залуу утсаа өгөөч утсаар чинь нэг яриад өгий гэсэн юм. Тэгээд л би хөлийнхөө боолтыг хийлгэчихээд Бархасбадийг хайгаад олоогүй юм.  Тэгээд л хоёр хоног хайгаад өргөдөл гаргасан юм. Нэг яриад өгье гээд аваад явсан юм. Миний гар утас Самсунг галакси нөт-3 гэдэг утас байгаа юм. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1400000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэмтэлийн эмнэлэгт намайг хэвтэж байхад танилцсан юм. Хүн сахиж байгаа гээд Гэмтэлийн эмнэлэгт байсан юм. Тэгээд л таньж мэддэг болсон юм. Надад нэрээ Бархасбадь л гэж хэлсэн өөр юм мэдэхгүй, би гар утсаа хүлээн авсан учраас одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй байна /хх-69-71х/ гэжээ.

Гэрч Г.Ундралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр 10 цагийн орчимд лангуун дээрээ байхад Галакси нөт-3 гар утас зарна гээд 30 орчим настай жижиг биетэй залуу ирээд яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна аа манай дүү Дарханы зам дээр аваарт ороод хагалгааны 2,8 сая төгрөг хэрэг болоод байна аа та гайгүй авчих би 2-3 хоногийн дараа эргээд авна байлгаж байгаарай гээд миний хажууд утсаар яриад мөнгө олоод очино гээд яриад байсан. Би авахгүй гэж хэлсэн чинь тэр залуу гараад явсан. Буцаж орж ирээд та авчих яаралтай мөнгө хэрэг болоод байна. Хайрцаг сав нь байгаа дараа авчираад  өгнө. Мөнгө олчих юм бол би гар утсаа буцаагаад авна байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь утасны дугаараа үлдээ гэсэн чинь надад 91232321 гэсэн дугаар өгсөн намайг залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд намайг авчих гээд байхаар нь 650000 төгрөгөөр тохироод би худалдан авсан. Гар дээрээс худалдаа хийхийг зөвшөөрдөггүй юм. Тэр залуу мөнгө хэрэг болоод байна гээд уйлан дуугараад байсан юм. Та туслаач гээд байхаар нь худалдан авсан юм. Тэр залуу хажууд байхдаа дахин дахин утсаар яриад эмнэлэгт байгаа хүнтэй яриад байгаа юм шиг л аппаратны мөнгө олоод очно эмчтэйгээ уулзаад байж бай гээд яриад байсан. Тэр залуу өөрөө буцаж ирээд авна гээд байсан болохоор би зараагүй байлгаж байсан /хх-73х/ гэжээ.

 

Гэрч О.Цэрэнжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний төрсөн хүү одоо 31 настай. Одоогоор эрхэлсэн ажилгүй надтай хамт амьдарч байгаа. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийг төгссөн.  Бүрэн дунд боловсролтой. Эхнэр хүүхэдгүй. Зан байдлын хувьд хүнтэй маргалдаж муудалцдаггүй, эвсэг харилцаатай. Ерөнхийдөө хөнгөн зантай хүн. Архи дарс ууж хэрэглээд байдаггүй. Тамхи татдаг. Урьд нь гэмт хэрэгт холбогдож шоронд 2007 оноос эхлэн хоригдож байгаад 2013 оны 1 сард суллагдсан. Суллагдаад нэг жил болж байна. Энэ хугацаанд миний мэдэхээр гэмт хэрэгт холбогдоогүй. Энэ асуудлыг таниас сонссон. Хохирогчийн мөнгө төгрөгийг төлж барагдуулах болно /хх-72х/ гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Б.Бархасбадийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-43-44, 82-86, 154-157х/, насанд хүрээгүй хохирогч Г.Энхманлай /хх-14-17х/, хохирогч Б.Очхүү /хх-69-71х/, иргэний нэхэмжлэгч Г.Ундрал /хх-73х/, гэрч Г.Бат-Оргил /хх-16-17х/, гэрч О.Цэрэнжав /хх-72х/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-13, 74х/ эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-68х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35, 45,89х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34, 129, 161х/,  Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 02 сарын 03-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-48-52х/, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-94-97х/, мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэлүүд /хх-111-113, 164-165х/,  зэрэг нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай  гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Бархасбадь урьд нь залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Энхманлайг хуурч мэхлэн Айфон 5 эс маркийн гар утсыг авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хохирогч Б.Очхүүгийн Самсунг маркийн Нөт-3 маркийн гар утсыг хуурч мэхлэн авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бархасбадид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бархасбадийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бархасбадийг дээрхи гэмт хэргүүдэд шалгагдаж байхдаа Баянзүрх дүүрэг дэх Цадаагийн 2 дугаар хэлтэст 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Учир нь Б.Бархасбадид мөрдөн байцаалтад таслан сэргийлэх арга хэмжээ авсан, тухайн шийдвэртэй Бархасбадь танилцсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд Б.Бархасбадийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Очхүү, Г.Энхманлай нар нь хохирлоо бүрэн авч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүх шүүгдэгч Б.Бархасбадид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь өөрийн гэх эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бархасбадийн урьд цагдан хоригдсон 162 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт: "… шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна" гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Бархасбадид холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1  дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Бат овогт Баярбатын Бархасбадийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бархасбадид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бархасбадь 162 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5 Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бархасбадид батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгчид, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бархасбадид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ