Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00113

 

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00113

Орхон аймаг

                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д.У нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Д.Ч холбогдох,

 

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, хариуцагч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Чтай 1994 онд танилцаж гэр бүл болж 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1994 онд Ч.Б, 2007 онд хүү Ч.А нар төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй 2 жил гаран тусдаа амьдарч байна. Д.Чыг өөр хүнтэй болсон гэж бодож байгаа. Өмнө нь ийм асуудал олон удаа гарч байсан. Тэр болгоныг нь тэвчдэг байсан. Би ч гэсэн өөрөө буруу зүйл хийсэн. Тэр зүйлээс болоод таарч тохирохгүй болсон. Хүүхдээ бодоод эргээд нийлье гэж бодсон боловч болохгүй байсан. Иймд хүү Ч.Аыг өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэмж тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.

 

 

Хариуцагч Д.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1994 онд охин Бадамгарав гарсан. Тэгээд 2007 онд Ч.А хүү маань гарсан. Охин маань одоо хүнтэй суугаад тусдаа амьдарч байгаа. Бид хоёр 2 жилийн өмнөөс таарч тохирохгүй болсон. Шалтгаан нь Д.У нь өөр хүнтэй явсан, би өөрөө архи уудаг, өөр хүнтэй явсан асуудал байгаа учраас тусдаа амьдарсан. Хүү маань ирж очин байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хүү Ч.Аыг ээж Д.Уы асрамжид байлгахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Д.Чад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Ч зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.У, Д.Ч нар нь 1998 оны 12 дугаар сарын 29-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, хүү Ч.Аыг 2004 оны 04 дүгээр сарын 22-нд төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн ФД07242278 тоот регистртэй 004269 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн Г-463 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагч Д.У, Д.Ч нарын гэрлэлт цуцлах маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санал, санаачилга гаргалгүй 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Одоо эвлэрэх боломжгүй, хамт амьдрах хүсэл зорилгогүй байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хүү Ч.Аыг өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч хүү Ч.Аыг  нэхэмжлэгч Д.Уы асрамжинд үлдээхийг зөвшөөрч байх тул хүү Ч.Аыг эх Д.Уы асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.У, Д.Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ч.Аыг  нэхэмжлэгч Д.Уы асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ