Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Ц.Сүхбат, шүүгдэгч Ч.Чинзориг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД:0931/, хохирогч Х.Эрдэнэболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн оператор албан хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 56 дугаар гудамж 778 тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УХ90032455/ Боржигин овогт Чулуунбатын Чинзоригт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021698 дугаар 185/2016/0098/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Чинзориг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гал унтраах 34 дүгээр ангийн урд талд иргэн Х.Эрдэнэболдтой “ээжийг нь доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож биед нь зүүн хамар хацар ясны заадсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чинзоригийн: 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын үед би ээжтэй хамт гэр рүүгээ харьж явсан. Хохирогч Эрдэнэболдыг гар өргөхөд аваад явсан. Эрдэнэболд “тамхи байна уу, хоёр оо” гэж асуусан. Би “тамхи байхгүй” гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэболд “замаараа дэлгүүр байвал зогсоорой, тамхи авна” гэж хэлсэн. Би “7 буудлаас тамхи авчих, энэ хавьд дэлгүүр байдаггүй юм” гэж хэлсэн. Замд нэг дэлгүүр өнгөрөхөд Эрдэнэболд “наанаа зогсчих” гэхэд нь “энд тамхи байдаггүй юм” гэсэн. Тэгэхэд Эрдэнэболд их зэвүүн үг хэлсэн. Тэгтэл ээж “та яагаад хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ, машинаас буу” гэж хэлсэн. Түүнээс болж Эрдэнэболд ээжийг хэл амаар доромжлоод байхаар нь би Эрдэнэболдыг зодсон. Би хохирогч Эрдэнэболдыг зодсондоо харамсаж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Эрдэнэболдын: 2016 оны 6 сарын 5-ны өдөр би ахынхаа 50 насны ойн баярт очиж үйлчилж байгаад харьж явсан. Тэр үед би нилээд халамцуу байсан. Уг нь би үргэлж архи уудаггүй. Архи уухаараа шууд гэр рүүгээ харьдаг. Би хэдий согтуу байсан ч хэлсэн үгээ мэдэж байгаа. Би машинд хоёр залуу байна гэж бодсон. Жолоочийг эмэгтэй хүн байсан гэдгийг мэдээгүй сул үг хэрэглэсэн байсан. Чинзориг намайг зодож байхад эргүүлийн хүн таарч салгасан. Чинзориг одоо болно ахын дүү гээд байхад л зодоод байсан. Одоо өглөө, оройдоо хамар битүүрч амьсгалахад хүндрэлтэй болсон. Би цаашид эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,

                                                                                             

хавтаст хэргээс: мөрдөн байцаалтад гэрч Л.Чулуунбатын: ...Би 2016 оны 06 дугаар сарын 05-ны орой 23:30 минутын үед өөрийн 71-61 УНЛ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй “хонда фит” маркийн машинтайгаа өөрийн хүү Чинзоригийн хамт гэр лүүгээ харих гээд Дарь-Эхээр ...явж байтал... …хүн такси барих гээд хүн гараа өргөсөн. Тэгэхээр нь би тэр хүнийг хүргээд өгье гээд зогсоод авсан. Тэр үед миний хүү хажуугийн сандалд сууж байсан. Нөгөө хүнийг хойд талдаа суулгасан.  ...хөдлөөд явж байтал нөгөө хүн чинь тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн. Тэгтэл тэр залуу дэлгүүр байвал зогсчихоорой гэсэн. Тэгээд явж байтал 58 дугаар сургуулийн хойд талын дэлгүүр онгорхой байтал нөгөө хүн энд зогс, тамхи авъя гэсэн. Тэгэхээр нь би энд тамхи зарахгүй байх сургуулийн ойрхон юм чинь гээд цаашаа тэр чигээрээ явсан. Тэгтэл нөгөө залуу чинь “яадаг муу авгай вэ, пизда чинь дэлгүүр байсаар байтал зогсчихгүй, мөнгийг чинь өгнө ш дээ, 20.000 төгрөг өгчихье, 32 хүргэж өг, 5-6 км хангалттай мөнгө биз дээ гуйлгачин авгай минь” гэх зэргээр элдвээр хараагаад байсан. Тэгэхээр нь би доошоо уруудаж байгаад Гал команд яг өнгөрөөд зогссон. Тэгээд би “чи өөр машин аваад яв, би чамайг хүргэж өгөхөө болилоо” гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу чинь дахиад л хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд манай хүү Чинзориг “та буучих, хүргэж өгөхгүй гэж байна”гэж хэлсэн.Тэгэхэд тэр залуу буухгүй л доромжлоод байсан.Тэгэхээр нь манай хүү бууж ирээд тэр хүнийг буулгах гээд очтол нөгөө хүн чинь зэрэгцээд бууж очоод манай хүүг заамдаад авсан.Тэгсэн чинь манай хүү Чинзориг тэр залууг “чи миний ээжийг пизда гэлээ,арай дэндэж байгаа юм бишүү,мөнгөтэй нь чи юм уу,мөнгөөрөө хүн зодчихов чи, өөр машин аваад яв гэж байна ш дээ”гэж хэлтэл нөгөө залуу манай хүүг эхлээд цохиод …  …манай хүү зөрүүлээд тэр хүнийг 2-3 удаа цохиосон. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганхуягийн: ...2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би Бэлх-114 чиглэлд машинт эргүүлийн офицероор үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23:30 минутын үед Бэлх-10-аас ирсэн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо гал унтраах 34 дүгээр ангийн урд зодоон болоод байна гэх дуудлагын дагуу цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Батсайханы хамтаар очиход Эрдэнэболд гэх хүн зодуулсан байдалтай нүд нь хавдсан, хамраас нь цус гарчихсан байсан бөгөөд түүний хажууд түүнийг зодсон Чинзориг гэх залуу ээж Чулуунбатын хамт байж байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэгмидийн: ...Тэр орой би 23 цагийн үед гэрээт байцаагчийн үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Бэлхийн гүүрний хажууд эзэнгүй машин байхаар нь үзэж, шалгачихаад буцаад 7-н буудлын замын цагдаагийн пост руу явж байтал Гал унтраах 034 дүгээр ангийн урд талд зам дээр нэг залуу нэг хүнийг машинаасаа буулгачихсан зодож байсан. Тэгэхээр нь би машинаа тэр машины урд зогсоогоод буугаад очтол зодож байгаа залуу нь эрүүл, зодуулж байгаа хүн нь согтуу байсан. ... Мөн зодож байсан залуу нь тэр хүнийг зодож байхдаа “чи яахаараа миний ээжийг пизда гэдэг юм бэ” гээд зодож байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №7880 тоот:

  1. Х.Эрдэнэболдын биед зүүн хамар хацар ясны заадсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Энхтайван гэсэн дүгнэлт /хх-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №7856 тоот:

  1. Чинзоригийн биед баруун эгэмэнд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат /хх-23/,

 

хохирлын баримтууд /хх-53-54/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-40/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, гэрч Э.Ариундалайн мэдүүлэг /хх-43/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-47/, мэргэжлийн боловсролын хүү Ч.Анар, Ч.Маргад нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-48-49/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Ч.Чинзориг 2016 оны 6 сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гал унтраах 34 дүгээр ангийн урд талд иргэн Х.Эрдэнэболдтой “ээжийг нь доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож биед нь зүүн хамар хацар ясны заадсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чинзоригийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Эрдэнэболдын мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжилсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 7880 тоот актын дүгнэлт, мөрдөн байцаалтад гэрч Л.Чулуунбат, Д.Цэгмид нарын мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Ч.Чинзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                        

            Шүүгдэгч Ч.Чинзоригийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, шийтгэх тогтоолын хуулбараар /хх-45-46/ тогтоогдож байгаа боловч ялтайд тооцох хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Ч.Чинзориг хохирогч Х.Эрдэнэболдод бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд 350.000 төгрөг нөхөн төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдов. Хохирогч Х.Эрдэнэболд бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэй болно.

 

Шүүгдэгч Ч.Чинзориг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, эмчилгээний зардал нөхөн төлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чулуунбатын Чинзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Чулуунбатын Чинзоригийг 450 /дөрвөн зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Ч.Чинзориг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Чинзориг цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Х.Эрдэнэболд энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ч.Чинзоригт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Чинзоригт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ