Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2505

 

 

С.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.П-д холбогдох

 

Хохиролд 3 084 777 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н,

Хариуцагч Ж.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 00244 дугаартай тогтоолоор Ж.П-с 51 000 000 төгрөгийг гаргуулан С.О-д олгож шийдвэрлэсэн. Хариуцагч Ж.П нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 13923 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1504 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагааны тэмдэглэл гарч Ж.П-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 40 тоот 3 өрөө орон сууцыг зөрүү төлбөрийг төлж авахыг надад санал болгосны дагуу зөрүү төлбөрийг төлсөн. Мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заагдсан төлбөр болох 6 хувь буюу 3 084 777 төгрөгийг төлсөн. Хариуцагч Ж.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар заавал биелүүлэх үүрэгтэй байсан боловч сайн дураар биелүүлээгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч Ж.П-г шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэх, хэрэв биелүүлэхгүй бол холбогдох зардлыг гаргуулахыг мэдэгдсэн байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийнх нь өмчлөлийн орон сууцыг зөрүү төлбөрийг төлж авахыг санал болгосны дагуу намайг зөрүү төлбөр төлсний дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Төлбөр авагч миний шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн төлбөр нь төлбөр төлөгч Ж.П-н шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой, албадан гүйцэтгүүлэх ажиллагааны улмаас нэмэгдэл зардал гарсныг түүнээс нөхөн төлүүлэх ёстой гэж үзэж байна. Хариуцагч Ж.П нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх тухай хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар буюу нэмэгдэл зардал бөгөөд үүнийг нөхөн төлөх үндэслэлтэй юм. Ж.П шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бол валютын ханшийн зөрүү болон банкны хүүнээс орлого олох боломжтой байсан боловч энэ бүгдийг тооцож нэхэмжлээгүй болно. Ж.П 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 51 884 950 төгрөг шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Иймд хохиролд 3 084 777 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заагдсан төлбөр болох 6 хувь буюу 3 084 777 төгрөгийг төлсөн нь үнэн. Энэ төлбөрийг төлбөр төлөгч Ж.П-н шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байхтай холбоотойгоор өөрт үүссэн нэмэгдэл зардлыг нөхөн төлүүлэхээр шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дугаартай шүүхийн шийдвэрээр 65 сая төгрөгийг надаас гаргуулж С.О-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Ш.Алтантуул, түүний дүү Ш.Алтанзагас нар дээрх төлбөрөөс 49 896 010 төгрөгийг С.О-д төлсөн баримт гарч ирсэн тул энэхүү С.О-д тушаасан төлбөрийг гаргуулах буюу С.О-д төлөх төлбөрөөс хасуулах зорилгоор шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүхэд дахин хянуулсан. Ийнхүү хэрэг Улсын Дээд шүүхэд хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байдаг. Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд насанд хүрээгүй охиноо харж хамгаалах зорилгоор гадаадад амьдарч байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй бөгөөд надад мэдэгдэлгүй миний өмчлөлд байх 3 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, мөн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 25, 36, 37 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/1149 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7 дугаар догол мөрөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүйг тодорхой дурдсан байдаг. Гагцхүү бид шүүхэд гомдол гаргах хугацааг 2 хоногоор хоцорч гаргасан нь бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон байдаг. С.О-с би мөнгө аваагүй, Ш.Алтантуулын мөнгө авсан гэх баримтад би баталгаа гаргаж өгснөөрөө хариуцагч болсон. Түүнээс биш би мөнгө аваагүй, оргон зайлаагүй учир энэ нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл энэ төлбөр буюу хоёр талын хүсэл зорилгоор хийгдсэн гэрээний дагуу төлөгдсөн 3 084 777 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 51 884 950 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Миний бие төлбөр төлөхөөр 2016 оны 01 сараас эхлэн хөөцөлдөж зар өгч байсан, энэ баримтыг шүүхэд өгөөгүй. Иймд С.О-ын 3 084 777 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.П-с 3 084 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Ж.П-с улсын тэмдэгтийн хураамжид 64.306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 400 төгрөгөөс илүү төлөгдсөн 94 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 64 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/12472 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн үед болон одоо мөрдөгдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг хэрэглэж Ж.П-с 3 084 777 төгрөг гаргуулж С.О-д олгуулахааар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.О-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд, тухайн үед мөрдөгдөж байсан болон өнөөгийн мөрдөгдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд урамшууллын гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан шаардах эрх огт заагдаагүй болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтууд нь нэр төр, эрүүл мэнд, эд хөрөнгөнд зөрчлийн улмаас учирсан хохирол гэж бүрэн ойлгогдохоор байхад энэ заалтуудыг хэрэглэж нэхэмжлэгч С.О-ын өөрийн сайн дурын үндсэн дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулж, тухайн үеийн хуулийн дагуу төлсөн төлбөрийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьж хуулийг буруу утгаар хэрэглэж намайг хохироож байна. Нэхэмжлэгч С.О-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 3 084 777 төгрөг нь төлбөр авагчийн өөрийн сайн дураар, тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу хүлээх эрсдэл буюу буцаан шаардах эрхгүй зардал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.О хариуцагч Ж.П-д холбогдуулан хохиролд 3 084 777 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00244 дүгээр тогтоолоор Ж.П-с 51 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 412 950 төгрөгийн хамт гаргуулж С.О-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.                                                                                                                /хх6-14 дүгээр тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч Ж.П сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2016/13923 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1504 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч С.О Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр16/411 тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг 6 хувиар тооцон төлбөрийн үнийн дүнгээс гаргуулахаар харилцан тохиролцсон байна. Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу С.О 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд 3 084 777 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан Улаанбаатар хотын банкны баримтаар тогтоогджээ.                                                                                  /хх-19 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан байна. Иргэн болон хуулийн этгээд бусдад мөнгө төлөх үүрэг хүлээсэн бол үүргээ хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлбэл нөгөө тал хохирол шаардах эрхтэй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу шүүхийн шийдвэрээр хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр тогтоосон 51 412 950 төгрөгийн 6 хувиар тооцож шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд төлсөн 3 084 777 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь хохирлыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх талаар, зайлшгүй зардал гарсан бол түүнийг хохиролд тооцож болохоор заажээ.

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “зайлшгүй зардал”-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж тодорхойлсон ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор “зайлшгүй зардал” гарсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцон төлбөр төлөгчөөс гаргуулах талаар хуулиар тодорхойлон хуваарилсан байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлж бичгээр хийжээ. Уг гэрээнд шийдвэр бодитой биелэгдсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид хэдий хэмжээний урамшууллыг олгох талаар талууд хуулиар тогтоосон хүрээнд тохиролцон тодорхойлсон байна. Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох гэрээ байгуулах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригт үндэслэсэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын асуудал тул хариуцагчийн төлбөр төлөөгүйтэй холбоотой үүссэн зайлшгүй зардал, бодит хохирол гэж үзэхгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 3 084 777 төгрөг төлсөн нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч Ж.П-с 3 084 777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хохиролд 3 084 777 төгрөг гаргуулах тухай С.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хохиролд 3 084 777 төгрөг гаргуулах тухай С.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.П-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ