Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/1004

 

Д.Тгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.МөнхТ даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Тгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захиралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай алба 2009 онд Шүүхийи шинжилгээний хүрээлэнгийн харьяа болж тусдаа бие даасан алба болж удирдлага нь өөрчлөгдсөн бөгөөд энэ үеэс албаны даргаар Цагдаагийн хурандаа Ө.Б томилогдсон юм. Ө.Б дарга 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 16 тоот тушаалаар Д.Т миний биеийг 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхдээ 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр жижүүрийн шинжээч эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Шарын гол суманд гарсан хүн амь учралын дуудлагад туслах ажилтан авч яваагүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шалтгаангүй ажил тасалсан гэсэн үндэслэл гаргасан бөгөөд тухайн өдөр миний Шарын гол сум руу хэргийн газрын үзлэгт Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Сүхбаатарын хамт явж хэргийн газрын үзлэгт оролцож тэмдэглэл хөтөлсөн бөгөөд тухайн өдөр манай албаны туслах ажилтан ээлжийн амралттай байсан учир туслах ажилтан авч явах боломж байгаагүй, харин Нэгдсэнэмнэлгийн туслах ажилтантай гэрээ хийсэн байсан боловч Нэгдсэн эмнэлгийн туслах ажилтан танай алба цалин хөлсөө өгдөггүй гэсэн шалтгаанаар үзлэгт яваагүй. Туслах ажилтан авч яваагүй нь надаас шалтгаалаагүй бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр найз хүүхний бие нь гэнэт муудаад эмнэлэгт хэвтүүлэх гэсэн юм гэдгээ албаны дарга Ө.Бд өглөө нь утсаар хэлж чөлөө гуйсан байсан үүнийг шалтгаангүй тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Албаны дарга Ө.Б 23 тоот тушаал гарган Д.Т миний биеийг үндсэн цалингийн 10 хүвиар хассан сахилгын шийтгэл ногдуулсанбөгөөд уг тушаалын үндэслэл нь Цагдаагийн газраас ирүүлсэн гомдлын дагуу эрүүгийн 20130900453, 201309000455 тоот хэргүүдийн задлан шинжилгээний 68, 69 тоот дүгнэлтүүдийг удаан хугацаагаар хожимдуулж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан" гэсэн бөгөөд уг дүгнэлтүүд нь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цогцост хийсэн задлан шинжилгээний тэмдэглэл, манай албаны шинжээч цогцосны гэрэл зургийг надад хугацаанд нь өгөөгүй олон удаа шаардуулсны эцэст өгсөн тул угдүгнэлтүүд нь 9 хоног хугацаа хэтэрч гарсан юм. Энэ дүгнэлтүүд хугацаа хэтэрсэн нь надаас шалтгаалаагүй, уг задлан шинжилгээнд оролцсон мөрдөн байцаагч, шинжээч нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалсан байхад энэ байдлыг судлаж үзэлгүй миний буруугаас сахилгын зөрчил гаргасан гэж үзэж арга хэмжээ авсныг үндэслэлгүй арга хэмжээ авсан гэж үзэж байгаа болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Б/775 тоот тушаалынхаа үндэслэлд: "Албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ёс суртахууны дутагдал гаргасан тул дутагдлаар халсугай" гэж заасан нь ямар зөрчил хэзээ гаргасныг тодорхой заагаагүй, ёс суртахууны дутагдал гаргасан гэсэн боловч хэзээ ямар дутагдал гаргасан талаар мөн тодорхой зүйл дурдаагүй байгаа нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга Ө.Бын тушаалаар 2 удаа сахилгын арга хэмжээ авсан үндэслэлгүй баримтыг иш үндэс болгосон нь тодорхой байна.

Миний бие ёс суртахууны ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй тул энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо өөрийн зүгээс хангалттай биелүүлж байсан гэж үзэж байгаа бөгөөд урьд нь үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан тушаалыг үндэслэн ажлаас халсан Б/775 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул тус шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/775 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Т миний биеийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн харъяа Дархан-Уул аймгийн Засаг дарын дэргэдэх шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг Шүүхийншинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулах гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 21 дүгээр хороолол, 15 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Бу овогт Бн Х-агийн Хууль зүйн сайд Х.Тн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийнхурандаа Х.Өр нарын нэр дээр удаа дараа гаргасан гомдлыг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын зөвлөлд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Т тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанд албаны шалгалт хийж, иргэн Хгийн гаргасан "гомдолд хариу хүргүүлэх шаардлагатай байгаа тухай танилцуулж, хэлэлцүүлсний дагуу тус албанд албаны шалгалт хийж, захирлын зөвлөлд танилцуулах шийдвэр гаргасан болно. Энэхүү шийдвэрийн дагуу тус хүрээлэнгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Бр ахлуулж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн санхүүгийн аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Ж.Бд, Криминалистикийн шинжилгээний тасгийн Гарын мөрийн тасгийн ахлахшинжээч, цагдаагийн ахмад Б, Шүүх эмнэлгийн чанрын ахлах менежер, цагдаагийн дэслэгч Т. нарын бүрэлдэхүүнтэйгээр 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанд албан томилолтоор ажиллаж, албаны захиргаа, үндсэн үйл ажиллагаа, санхүү, аж ахуй, хангалт, шинжилгээ, криминалистикийн болон шүүх эмнэлгийн чиглэлээрх ажилтай газар дээр нь танилцаж, албаны шалгалт хийсэн болно.

Албаны шалгалтын удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Затай тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тгийн ашиг сонирхлын зөрчилтэй шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан тухай тодруулахад "Авто ослын хэрэгт холбогдогч Б.Эрт ослын буруу тавигдаагүй, ослын улмаас амь хохирогчТ.Ойн төрсөн хүү нь осол болох ээжийгээ үзүүлэхээр автомашинтай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хамт явж байсан бөгөөд 19 настай, жолооны курс төгсөөд 6 хонож байсан бага хүү нь Хюндай Соната-2 маркийн автомашиныг жолоодон явж байсан, ослын актад авто ослын нөгөө талын жолоочид тавигдсан учраас өмгөөлөгч Л. дахин манай Цагдаагийн газарт гомдол гаргаагүй, буруутай жолооч ослын акттай танилцсан, одоогоор гомдол, санал гаргаагүй байгаа" гэсэн болно.

Өмгөөлөгч Л.Цтай биечлэн уулзаж, ашиг сонирхлын зөрчилтэй шинэжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тд холбогдуулан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Зд гаргасан гомдлын талаар тодруулахад "Миний нөхөр Б.Эб нь өмнө нь шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Ттай гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлэн амьдарч байсан, гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхөр Б.Эб зам тээврийн осолд холбогдох үед Д.Т хэргийн газар ирсэн байсан нь надад их хачин санагдсан, яагаад гэвэл Д.Т, Б.Эб нар бие биеэ үздэггүй, байнга муудалцаж байдаг учраас хэргийн газар Д.Т байгаа нь аливаа асуудалд манай хүнд сөргөөр хандах вий гэсэн болгоомжлол төрөөд, би Д.Тгийн утас руу залгаад "Чи энд юу хийж байгаа юм бэ" гэж асуухад би жижүүртэй хүн нас барсан гээд дуудлагаар ирсэн юм гэж хариулсан, тэгэхэд нь би "Манай хүний машин уначихаад" гэхэд харин тийм л байна, энд муухай царайлчихаад зогсож л байна гэж хариулсан, тэгэхэд нь би мөн л гайхаад өнгөрсөн.

Гэтэл 1, 2 хоногийн дараа Д.Т над руу залгаад нөгөө хүнийх нь 1 талынх нь хавирга нилээн хугараад, цус алдаад нас барсан байна лээ гэж хэлэхэд нь би "Чи шинжилгээнд нь орж болж байгаа юм уу" гэж асуухад яадын гэж хариулсан, тэгээд би энэ шинжээчийн дүгнэлтийг татгалзаж байгаа талаараа мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Зд гомдол, хүсэлт бичиж өгсөн, одоо надад гомдол санал байхгүй, ослын буруу нь нөгөө талд тавигдсан байна лээ" гэсэн тайлбарыг өгсөн.

Өмгөөлөгч Л.Цгийн энэ талаар бичиж өгсөн тайлбарыг албаны шалгалтын материалд хавсаргасан болно. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Т нь гэр бүлийн харьцаатай байсан гэх Эб авто ослын хэрэгт холбогдох үед ослоос шалтгаалан нас барсан Т.Оийн цогцост задлан шинжилгээ хийсэн талаар судлахад шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Т нь авто осолд холбогдсон жолооч Б.Эбтай 1984-1994 оны хооронд 10 жил хамтран амьдарч гэр бүлийн харьцаатай, 2 хүүхэд төрүүлэн 1 гэр бүлд амьдарч байсан байдал тогтоогдсон. Б.Эб 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн шинэ дархан хороолол, консулын уулзварт авто осол гаргасны улмаас Т.О нас барсан хэрэгт шинжээч эмч,цагдаагийн ахмад Д.Т Оийн цогцост задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан нь тогтоогдож байсан. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Т нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаарзүйлийн 13.1 дэхь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт заасан "Шинжээч шинжилгээ хийхээс татгалзах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Болдбаатар миний бие Хүрээлэнгийн захирлын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэн холбогдох шалгалтыг хийж Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн Д.Т нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлж, удаа дараа сахилгын зөрчил гаргасан, албаны дүрэмт хувцастай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг зөрчиж гэр бүлийн харьцаатай байсан Б.Эбын холбогдсон авто ослын хэрэгт задлан шинжилгээ хийн "Шинжээчийн дүгнэлт" гаргасан нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5-д заасныг тус тус үндэслэн шүүхийн шинжилгээний байгууллагаас дутагдлаар халах сахилгын шийтгэл ногдуулах саналтай байгаа тухай танилцуулгыг хүрээлэнгийн захирлын нэр дээр бичиж, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Ал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д. нарт танилцуулан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн б/775 дугаартайДутагдлаар халж, цагдаагийн цол хураах тухай" тушаалаар Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тг Шүүхийн шинжилгээний байгууллагаас дутагдлаар халсан болно.

Иймд Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчээр ажиллаж байсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн 5 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн Дашийн Тгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны шүүхийн 10 дугаар сарын 03-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44дүгээр зүйлийн 44.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/775 дугаар тушаалыг хүчингүй болгон, Д.Тг Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох

хүртэл хугацаагаар тооцож Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулж нэхэмжлэгчид олгожшийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Иргэн Д.Т нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанд 2009 оноос шинжээч эмчээр томилогдон, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлххугацаанд шинжээч эмчээр ажиллажээ. Шинжээч эмчээр ажиллаж байсан иргэн Д.Т нь 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шарын гол суманд гарсан хүн амь учралын хэрэгт дуудлаганд туслах ажилтнаа авч яваагүй, хэргийн газарт очоод үзлэг хийлгүй буцаж ирсэн. Аймгийн Цагдаагийн газраас энэ тухай гомдол мэдүүлж, тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас дахин өөр эмч явуулсан, мөн оны 6 дугаар сарын 6-нд шалтгаангүйгээр ажил тасалсан тул Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 16 дугаар тушаалаар шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тгийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай, 20 /Хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2013 оны 8 дугаар сард иргэн Б. нарын цогцост хийсэн магадлан шинжилгээний дүгнэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүй удааж, хугацаа хэтрүүлсэи болон сахилга, ёс зүйн үзүүлэлт хангалтгүй дүгнэгдсэн тул 2013 оны 9 дүгээр сэрын ажил дугнэх хамт олны хурлаас үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн ундэслэлээр Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тушаалаар мөн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай, 10 /Арав/ хувиар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тд зургаан сарын дотор /2013 оны 6, 9 дүгээр саруудад/ 2 удаа Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан уүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Төрийн жинхэнэ алба хаагчийг төрийн албанаас халах үндэслэл болсон.

Иргэн Д.Т нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албанд Албаны шалгалт хийсэн танилцуулга, Шүүхийн шинжилгээиий үндэсний хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/11 дугаартай Прокурорын шаардлага зэргээр давхар нотлогдож байгаа нь шинжээч эмчээр ажиллаж байсан Д.Т нь Төрийн алба хаагчийн Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байсан нь нотлогдох хангалттай баримт болсон гэж үзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч иргэн Д.Тгийн өмгөөлөгч Ц.Г нь тайлбар гаргахдаа Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт одоо шинжээч эмчгүй, дандаа түр хүмүүс ажиллаж байгаа, шинжээчийн дүгнэлт удаж гардаг, орон нутагт энэ ажил хангалтгүй, хуулийн байгууллагад хүндрэлтэй асуудлын нэг болсон гэсэн тайлбарыг өгч байсан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа билээ.

Гэтэл Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн даргын 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 178 дугаар тушаалаар Төрийн алба хаагчийг төрийн албаны ажлын шаардлагаар Төв, орон нутагт сэлгэн ажиллуулж болохоор зөвшөөрсөн заалттай тул 2014 оны 1 дүгээр сараас хүний нөөц дутагдалтай байгаа орон нутагт /Дархан-Уул, Сэлэнгэ/ хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсээс шинжээч эмч нарыг 1 сарын /30 хоног/ хугацаатай сэлгэн ажиллуулж байсан нь төрийн албыг тасралтгүй явуулах, албаны шуурхай бэлэн байдлыг ханган ажиллаж байсныг нотлож байна.

...Иргэн Д.Т нь 2013 оны 09 дүгээр сарын 28-ны оройн 20 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг ОХУ-ын консулын хажуугийн 4 замын уулзвар дээр гарсан авто ослын хэргийн газрын үзлэгт шинжээч эмчээр оролцсон. Авто ослын хзрэгт 2 автомашин мөргөлдөж, 08-96 ДАХ улсын дугаартай, Соната-2 маркийн автомашины урд суудалд сууж явсан 56 настай, эмэгтэй Т.О гэгч эмэгтэй нас барсан хэрэг гарсан бөгөөд хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Згийн 9 дүгээр сарын 30-ны өдрийн "Шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тухай" тогтоолоор хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийгдсэн, авто ослын хэрэгт холбогдсон автомашины жолооч Б.Эб нь шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Ттай гэр бүлийн харьцаатай байсан нь баримтаар нотлогдсоны зэрэгцээ цогцост задлан шинжилгээ хийхдээ албаны дарга, цагдаагийн хурандаа Ө.Бд мэдэгдээгүй, тоггоолыг танилцуулаагүй задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

Энэхүү зөрчлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын зөвлөлийн шийдвэрээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэн, "Иргэн Д.Тд ажлаас халах сахилгын арга хэмжээ авахад нөлөөлсөн хүчин зүйл болсон" гэсэн тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээрх тайлбартаа дурдсан боловч харамсалтай нь шүүгч энэхүү тайлбарыг шийдвэртээ огт тусгаагүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчин захиргааны зөрчил гаргасан, сахилга, ёс зүйн хувьд удаа дараа алдаа гарган, ажлын хариуцлага алдаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан төрийн алба хаагчийн энэхүү үйлдлийг "... Тогтоогдохгүй байна" гэж үзсэн нь хариуцлага алдсан алба хаагчийг зевтгөсөн, төрийн албанд буруу жишиг тогтоосон шийдвэр боллоо.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсэгт "... Хуулийг буруу ойлгон хариуцлага тооцжээ" гэж дүгнэсэн нь шинжээч змч харин ч энэхүү шинжилгээ явуулж, дүгнэлт гаргахаас татгалзах ёстой байсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т хуульчилсан заалттай атал анхан шатны шүүхийн шүүгч хуулийн заалтыг үндэслэлгүй, "... Д.Т албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй" гэж үзсэн нь захиргааны хэрэгт хэт нэг талыг барьж, 437 дугаартай шийдвэрийг гаргажээ гэж үзлээ. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 437 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Д.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдбаатарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал нь Д.Тг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх 2 үндэслэлээр халжээ.

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа" албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заажээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны даргын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тушаалаар үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай, 10 хувь бууруулахаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед Д.Т нь уг тушаалын талаар маргаагүйгээс үзэхэд албан үүргээ 1 удаа хангалтгүй биелүүлж, түүндээ арга хэмжээ авагдаж байсан байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, тайлбарт дурдсан иргэн Б.Х удаа дараа холбогдох албан тушаалтанд гаргасан гомдлыг шалгахад Д.Т нь шинжээчийн дүгнэлтийг загварын дагуу бичээгүй, гэмтлийн зэрэг тогтоох журам зөрчсөн байсан, Дархан-Уул аймгийн Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/11 дугаартай Прокурорын шаардлагаар албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь нотлогдоно гэх зэрэг албан үүргээ дахин хангалтгүй биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь иргэн Б.Хгийн гомдлыг шалгахад тогтоогдсон гэх дээрх асуудал нь Д.Тгийн мэргэшлийн түвшинтэй холбоотой, Прокурорын шаардлага нь маргаан бүхий захиргааны актаас хойно гарсан байх тул уг шаардлагад дурдсан Д.Тд холбогдох асуудал нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй байна.

2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэл ногдуулна: гэж сахилгын шийтгэлийн 5 төрлийг зааснаас үзвэл шинжилгээний байгууллагын ажилтны сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан эсэхээс үл хамааран харин гаргасан зөрчлийн шинж байдалд тохируулж сахилгын шийтгэлийн төрлийг сонгохоор байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны даргын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тушаалаар Д.Тд 1 сар, цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан нь түүнээс хойно гаргасан сахилгын зөрчилд ногдуулах шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болохооргүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо ... Д.Т нь хувийн харьцаатай Б.Эбт холбогдох хэрэгт шинжилгээ хийхээс татгалзалгүй шинжээчээр ажилласан нь ноцтой зөрчил болсон бөгөөд ажлаас халахад энэ нь нөлөөлсөн гэж анхан шатны шүүхэд тайлбарласаар байхад шүүгч шийдвэртээ огт тусгаагүй ... гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т нь урьд нь гэр бүлийн харьцаатай байсан Б.Эбт холбогдох авто ослын хэрэгт шинжээчээр ажиллахаас татгалзах үүргээ биелүүлэлгүй Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т шинжээч нь хэргийн оролцогчтой хувийн харилцаатай ... бол дүгнэлт гаргахаас татгалзана гэж заасныг зөрчсөн байна.

Гэвч дахин шинжилгээ хийсэн дүгнэлтээр Д.Тгийн гаргасан дүгнэлтийг хэвээр үлдээснээс үзвэл Д.Тгийн дээрх зөрчлийн улмаас үүссэн ноцтой үр дагавар гараагүй байх тул уг зөрчлийг ноцтой гэж үзэж сахилгын хариуцлагын хамгийн хүнд ажлаас халах төрлийг сонгосон нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байна.

Анхан шатны шүүх Д.Тг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзээгүй бөгөөд гагцхүү зөрчлийн шинж байдалд тохируулж сахилгын шийтгэл ногдуулах тухай хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байх тул хариуцагчийн төлөөлөгчийн төрийн албан хаагчийн алдааг зөвтгөсөн, төрийн албанд буруу жишиг тогтоосон шийдвэр болсон гэх гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ