| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00610/И |
| Дугаар | 130/ШШ2017/00683 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2017/00683
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У сумын ***дугаар багт оршин суух, Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Томилолтын зардал 920000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн У сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 1994 оноос эхлэн тасралтгүй сургалтын менежер, багшаар ажиллаж байна. Би тус сургуульд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа буюу 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай ОХУ-ын Новосибирск хотын Удирдлагын академийн урилгаар сургалтад хамаарагдаж ирсэн юм. Уг сургалтад манай аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежерүүд бүгд 14 хүн явж оролцоод ирсэн юм.
Сургалтад менежерүүдээ хамааруулах талаар аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь аймгийн Боловсрол, соёлын газарт 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 4-03/948 тоот бичгийг хүргүүлж улмаар Боловсрол, соёлын газрын дарга И нь сургуулийн захиралд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 93 тоот албан бичгийг хүргүүлсэн юм.
Уг бичгүүдийг үндэслэн тухайн үеийн манай сургуулийн захирлаар ажиллаж байсан Т.А нь сургалтын менежер Б намайг 10 хоногийн хугацаатай томилолтоор явуулсны дагуу ОХУ-ын Новосибирск хотод батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад амжилттай хамаарагдаж ирсэн юм.
Уг сургалтад явж ирэхэд ирж очих замын зардалд 200000 төгрөг, 1 өдрийн зардалд /байр, хоолны мөнгө/ 1800 рубль х 40 төгрөгөөр тооцож 720000 төгрөг бүгд 920000 төгрөг болж байгаа юм.
Тухайн үед сургалтад явахдаа сургуулийн захирал Л нь “ОХУ-д сургалтад хамаарагдаж ирсний дараа замын зардал, томилолтын мөнгийг чинь буцааж өгьө, одоохондоо сургуулиас танд гаргаад өгчихөөр бэлэн мөнгө алга байна” гэж хэлсэн юм. Анх явахаас өмнө сургуулийн захиралд “'зардал мөнгийг нь сургуулиас гаргаж өгөх боломжгүй бол заавал явмааргүй байна” гэж хэлэхэд “яваад ир, мөнгийг чинь найдвартай гаргаж өгнө” гэж хэлсэн юм.
Тэгээд сургалтад явж ирсний дараа 6 дугаар сарын сүүлээр бүх материалаа бүрдүүлээд сургуулийн захиралд танилцуулж, цохолт хийлгэн сургуулийн санхүүд тушаасан юм. Тэр хооронд намар сургуулийн захирал солигдсон. Тэгээд шинээр томилогдсон захиралд энэ талаар удаа дараа танилцуулахад “одоохондоо мөнгө байхгүй байна, хүлээж бай” гэсний дагуу нэлээд хүлээсэн ба бүр сүүлд сургуулийн захирал “таны тэр томилолтын мөнгийг өгч чадахгүй” гэж шууд хариу өгсөн. Гэтэл надтай хамт сургалтад яваад ирсэн бусад бүх менежерүүд томилолтын болон замын зардлаа сургуулиас бүрэн гаргаж авсан болно. Тэгээд одоо би сүүлд аргаа барахдаа хохирлоо гаргуулахаар шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм.
Иймд миний У сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас авах ёстой томилолт, замын задралын мөнгө болох 920000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие өнөөдрийн шүүх хуралдааны Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б нь одоо Баян-Өлгий аймгийн У сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль бага ангийн багшаар ажилладаг. Урьд Баян-Өлгий аймгийн У сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа тус сургуулиас томилолтын зардал болох 720000 төгрөг, замын зардал 200000 төгрөг, нийт 920000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Баян-Өлгий аймгийн У сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 10 хоногийн хугацаатай Оросын холбооны улсын Новосибирск хотод удирдлагын академийн урилгаар сургалтад хамрагдаж ирсэн. Томилолтыг аймгийн Боловсрол, соёлын газрын дарга И гэдэг хүн олгосон. Уг сургалтад аймгийн төвийн болон сумдын сургуулиудын сургалтын менежерүүд гээд бүгд 10 хэдэн хүн оролцож ирсэн байна. Тухайн үед менежерүүдийг хамруулах талаар аймгийн Засаг даргын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь аймгийн Боловсрол, соёлын газрын даргад 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 948 тоот бичгийг хүргүүлж, улмаар аймгийн Боловсрол, соёлын газрын дарга И нь сургуулийн захиралд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 93 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.
Б нь сургалтад хамрагдаж ирэхэд гарах зардлыг гаргуулахаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн захиргаа болон санхүүд хүсэлт гаргасны дагуу тухайн үеийн захирлаар ажиллаж байсан А нь Б-ийн замын зардал болон томилолтын зардлыг олгохыг зөвшөөрч, санхүүд цохолт хийж, гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Мөн сургалтад хамрагдаж ирснийхээ дараа гүйцэтгэсэн ажлын товч тайланг бичиж танилцуулсны дагуу сургуулийн захирал А нь албан томилолтын ажлыг дүгнэж тооцоо хийхийг санхүүд зөвшөөрсөн. Гэтэл уг томилолтын зардлыг сургуулиас одоо хүртэл олгоогүй. Сургуулийн хичээлийн жил дуусаж амраад ирсний дараа 9 дүгээр сард сургуулийн захирал солигдсон. Урьд ажиллаж байсан болон шинэ захиралд удаа дараа амаар танилцуулж, хүсэлт тавьж байсан боловч боломж гарах үед өгье гэж чирэгдүүлж байсан гэдгийг гэдэг.
Аймгийн Засаг даргын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М нь 2016 оны 4 дүгээр 28-ны өдрийн аймгийн Боловсролын соёлын газарт хүргүүлсэн албан бичигт сургалтад хамрагдах хүний нэг өдрийн зардал 1800 рубль байх ба үүнд байр, гурван удаагийн хоолны мөнгө орсон болохыг дурджээ. Албан бичигт сургалтын хөтөлбөрийг хавсаргасан. Мөн Б нь хоёр талын зардалд 200000 төгрөг төлсөн болохыг сургалтын менежерүүдийн ахлагч В нь бичгээр тодорхойлсон байна. Иймд цохолт хийгдсэн, олгох ёстой мөнгийг одоо хүртэл сургуулиас олгоогүй байдаг. Гэтэл Оросын холбооны улсын Новосибирск хотод удирдлагын академийн урилгаар сургалтад хамрагдаж ирсэн байдаг. Бичиг баримтаа бүрдүүлээд одоогийн болон урьд ажиллаж байсан сургуулийн захиралд танилцуулж шаардаж байсан боловч одоо хүртэл мөнгөө гаргуулж авч чадалгүй хохирогч байна. Хоёрдугаарт Б нь Оросын холбооны улсын Новосибирск хотод удирдлагын академийн хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж ирсэн нь аймгийн Боловсрол, соёлын газрын даргын албан томилолтын үнэмлэх, түүнийг дүгнэсэн талаарх тэмдэглэл, У сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан А-ийн тодорхойлолт, Б-ийн сургуулийн захиргаа болон санхүүд гаргасан өргөдөл, үүнийг зөвшөөрч цохолт хийсэн тэмдэглэл, сургалтын менежерүүдийн ахлагч Вгийн гаргасан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байгаа.
Гуравдугаарт нэхэмжлэгч Б нь У сумын бүрэн дунд сургуульд сургалтын менежерээр ажилладаг. Төрийн албаны тухай хуулийн 9.1.2- т заасан төрийн албан хаагч мөн тул уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.2.1-т төрийн албан хаагчид албан томилолтын зардлыг олгоно гэж заасан байдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албан хаагчид нөхөх олговор олгох тухай Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт албан томилолтын зардлыг олгох талаар тусгажээ. Уг журмын 5-Төрийн албан хаагчийг гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор нийтийн тээврийн тогтмол үйлчлээгүйн улмаас өглөө ажилд очих, орой буцах боломжгүй газарт тухайн байгууллага болон дээд шатны удирдах байгууллагаас баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаагаар зохих шийдвэр гарган явуулж ажиллуулсан нөхцөлд албан томилолтын зардал олгоно, мөн журмын 6-д Албан томилолтын зардалд уналгын зардал, байрны зардал, зам хоногийн зардал тус тус орно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Б анх нэхэмжлэл гаргахдаа томилолтын хоногийн 10 хоногоор тооцож 720000 төгрөг, унааны зардалд 200000 төгрөг, нийт 920000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг доорх шалтгаанаар багасгаж байна.
Б нь нийт 10 хоногийн хугацаатай томилолтоор ажилласан бөгөөд Төрийн албан хаагчид нөхөх олговор олгох тухай Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэгт Албан томилолтоор ажилласан хоногийн тоог томилолтын үнэмлэхэд тэмдэглэсэн календарийн бүх хоногоор тооцож гаргана. Тэгэхдээ явсан, буцаж ирсэн өдрийг нэг хоногт тооцно гэснийг үндэслэн 9 хоногоор тооцож байгаа ба нэхэмжлэл гаргах үед Оросын холбооны улсын рублийн ханшийг 40 төгрөгөөр тооцож байсан юм байна. Гэтэл Монгол банкнаас рублийн ханшийн талаарх тодорхойлолтыг гаргуулахад 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 30 төгрөг, 72 мөнгө байсан гэж тодорхойлсон тул эг хоногийн зардал болох 1800 рублийг 30 төгрөг 72 мөнгөөр үржүүлэхэд 55296 төгрөг гарч байгаа ба үүнийг 9 хоногоор үржүүлэхэд 497664 төгрөг гарч байна. Иймд замын зардалтайгаа нийлж 697664 төгрөгийг У сумын бүрэн дунд сургуулиас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус аймгийн У сумын бүрэн дунд сургуулийн багш Заханы овогтой Бердибекийн 2016 онд ОХУ-д албан ажлаар явж ирсэн томилолтын зардлыг тус сумын сургуулийн төсвөөс гаргуулж өгөх тухай нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.
Б нь 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 10 хоногийн хугацаагаар ОХУ-ын Новосибирск хотод сургалтад хамрагдаж ирсний гадаад томилолтын зардал болох 920000 төгрөгийг сургуулийн төсвөөс гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Сумын бүрэн дунд сургуулийн 2016, 2017 оны төсөвт гадаад томилолтын зардал огт батлагдаагүй. Ер нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас бусад төсөвт байгууллагад гадаад томилолтын зардал төсөвт батлагдаагүй юм байна. Гадаад томилолтын зардлыг улсын хэмжээнд 2016 оноос эхлэн зогсоосон нь Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-1/6795 чиглэл хүргүүлэх тоот албан бичгийн нэгдүгээр хавсралтаар өгсөн чиглэлийн дөрөвдүгээр заалтын 2-ын “а” хэсэгт тодорхой зааж өгсөн байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 1-д зааснаар зайлшгүй шаардлага гарч дэд шатны удирдах байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад томилолтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байхаар заасан байна.
Б-ийн нэхэмжлэлд дурдсан аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь дэд шатны удирдах байгууллага, албан тушаалтан гэсэн шаардлагыг хангахгүй байна.
Яагаад гэвэл аймгийн Засаг дарга Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар энэ чиглэлийн чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх эрхтэй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.37-д заасан этгээд, 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2 дахь заалтуудын дагуу төсвийг боловсруулах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах эрхтэй гэж заасан байна. Иймд аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга ямар нэгэн шийдвэр гаргах хууль ёсны этгээд бус, дээрх томилолтын зардлыг аймгийн Засаг дарга зөвшөөрсөн шийдвэр гаргаагүй, төсвийг төсвийн шууд захирагч батлагдсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулах (хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5) гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр байдлыг харгалзан үзэхэд Бийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь 2016 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс 10 хоногийн хугацаагаар Новосибирск хотод удирдлагын академийн урилгаар сургалтад хамрагдаж ирсний гадаад томилолтын зардал болох 920000 төгрөгийг сургуулийн төсвөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
У сумын бүрэн дунд сургуулийн 2016, 2017 оны төсөвт гадаад томилолтын зардал огт батлагдаагүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргын тамгын газраас бусад төсөвт байгууллагуудад гадаад томилолтын зардлыг баталдаггүй юм байна. Гадаад томилолтын зардлыг улсын хэмжээнд 2016 оноос зогсоосон нь Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-1/6795 чиглэл хүргүүлэх албан тоотын 1 дүгээр хавсралтаар өгсөн чиглэлийн 4 дүгээр заалтын 2.а хэсэгт тодорхой заасан. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай тогтоолын 2.1-т зааснаар албан ажлын зайлшгүй шаардлага гарч, дээд шатны удирдах байгууллага, албан тушаалтны албан ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад томилолтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байхаар гэжээ.
Тийм болохоор би сургуулийн 2016, 2017 оны төсвийн хуваарилалтыг авч ирсэн. Тэрэн дээр ямар ч гадаад томилолтын зардал байхгүй. Сургуулийн өмнөх захирал ямар зардлаас яаж гаргаж өгөх гэж байсныг ойлгохгүй байна. 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр орлого хуваарилах, бүртгэх албан тоот ирсэн. Энэ дээр зардал хооронд ерөөсөө гүйлгээ хийж болохгүй гэсэн. Тийм болохоор батлагдсан гадаад томилолт байхгүй учраас бусад зардлаас гаргах боломж байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б нь ОХУ-ын Новосибирск хотын Удирдлагын академийн урилгаар сургалтад хамаарагдаж ирэх үеийн томилолтын зардал болох 920000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн У сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас гаргуулж өгөхийг хүсжээ.
Хариулагчаас 2016, 2017 оны төсөвт гадаад томилолтын зардал огт батлагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд Сибирийн удирдлагын институт, Оросын ардын аж ахуйн академи ба Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх төрийн албаны салбараас ирүүлсэн Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Боловсролын байгууллагын төлөөлөгчдийн сургалтын хөтөлбөр ирүүлсний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас Боловсрол Соёлын газарт тухайн сургалтад хамрагдах хүмүүст мэдэгдэж бэлтгэл хангуулахыг мэдэгдсэн байна. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газраас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Удирдлагын академийн урилгаар сургалтад хамаарагдаж буй сургалтын менежерийн замын зардал болон байр, хоолны зардлыг сургуулиас гарган туслахыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад мэдэгджээ.
Боловсрол соёлын газраас 2016 оны 5 дугаар сарын 29-нээс эхлэн сургалтын менежер Б нь ОХУ-ын Новосибирск хотын Удирдлагын академид мэргэжил дээшлүүлэх сургалтад 10 хоног ажиллуулахаар томилолт олгосон бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр албан томилолтын ажлыг дүгнэж тооцоо хийхийг зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Б нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр У сумын бүрэн дунд сургуулийн захиргаанд сургалтад оролцсон 10 хоногийн томилолтын мөнгө болон замын зардал 200000 төгрөгийг олгох талаар өргөдөл гаргасан бөгөөд сургуулийн захирал нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сургалтын менежер Бийн замын зардал болон албан томилолтын мөнгийг олгохыг санхүүд зөвшөөрчээ. Мөн тухайн үед У сумын захирлаар ажиллаж байсан А нь тухайн үед сургуулийн санхүү мөнгөний асуудлаас болж Бийн замын зардал болон томилолтын мөнгийг ирсний дараа гаргаж өгөхөөр болсон ба замын зардалд болон томилолтын материалыг дүгнэж журмын дагуу зөвшөөрч санхүүд хүлээлгэж өгсөн талаар тодорхойлсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.2.1, 29.2.3-т Төрийн албан хаагчид албан томилолтын зардал, 29.2.3-т гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардал зэрэг нөхөх төлбөр олгоно гэж заасан байх бөгөөд дээрх нотлох баримтуудаас үзэхэд ажил олгогч нь тухайн үед замын зардал болон албан томилолтын мөнгийг олгохыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээс үзэхэд 1 өдрийн зардал 1800 рубль байхаар тусгасан байх ба Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас ОХУлсын рублийн монгол төгрөгтэй тэнцэх албан ханш 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 30.72 төгрөгтэй тэнцүү болохыг тодорхойлсон байгаагаас үзэхэд нэг өдрийн томилолтын зардал 55296 /1800х30.72=55296/ төгрөг байна.
Сургалтын менежерүүдийн ахлагч В-гаас У сумын сургалтын менежер Б нь ОХУ-ын Новосибирск хотын удирдлагын академийн урилгаар мэргэжил дээшлүүлэх ажлаар явж ирсэн 2 талын замын зардалд 200000 төгрөг төлсөн болохыг тодорхойлсон байна.
Хариуцагч дээрх нотлох баримтуудыг няцаах нотлох баримт ирүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зардлуудын хэмжээний хувьд маргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгчээс нийтдээ 920000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж томилолтын мөнгийг 9 хоногоор тооцож 497664 төгрөг, замын зардал 200000 төгрөг, бүгд 697664 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 697664 төгрөгийг гаргуулан Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 29.2, 29.2.1, 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн У сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 697664 төгрөгийг гаргуулан Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26630 төгрөгийг улсын орлого болгож, Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 21294 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М