Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00121

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2018/00121

                        Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум М.З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Б.Д-т холбогдох,

“52 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М.З миний “Samsung galaxy grand” утсыг хүү З.Тэмүүжингийн найз Б.Д нь 2017.11.28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5-1 дүгээр байранд байрлах Цэцэгмаа 99360622 дугаартай эмэгтэйн ломбарданд 50 000 төгрөгөнд тавьж надад хохирол учруулсан. М.З би 2017 оны 12 сарын 04-ний өдөр 52 000 төгрөг төлж авсан. Утсыг нээгээд миний зарагнууд утсан дээр байсан учраас, зургийг үзээд ломбардны хүн надад утсыг өгсөн. М.З би утас авсан баталгааны хуудас болон ломбарданд тавьсан бичгийн зургийг хавсаргаж байна. Иймд Б.Доос миний утасны үнэ болох 52 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.З нь Б.Дт холбогдуулан “52 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Б.Дт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... миний хүү З.Т-н найз Б.Д нь 2017.11.28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 5-1 дүгээр байранд байрлах ломбарданд миний “Samsung galaxy grand” утсыг 50 000 төгрөгөнд тавьсан байсан. Би утсаа 2017 оны 12 сарын 04-ний өдөр 52 000 төгрөг төлж ломбарднаас авсан. Утсыг нээгээд миний зарагнууд утсан дээр байсан учраас, зургийг үзээд ломбардны хүн надад утсыг өгсөн. Иймд Б.Доос ломбарданд төлсөн 52 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн тайлбар гаргасан.

            Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч, хариу тайлбараа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэг этгээд өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд М.З нь Б.Доос 52 000 төгрөгийг шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч М.З нь Б.Дийн ломбарданд тавьсан гэх “grand” утсыг 2017.08.20-ны өдөр худалдаж авсан гэж баталгааны хуудсыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээгээр “grand” утсыг Б.Д нь 2017.11.28-ны өдрөөс 2017.12.12 хүртлэх хугацаанд 50 000 төгрөгөнд барьцаанд тавьж 53 500 төгрөг төлж буцааж авахаар гэрээ хийгдсэн болох нь нотлогдсон байна.

            Иймд Б.Доос 52 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Зд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Доос 52 000 төгрөг гаргуулан М.Зд олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА