Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 64

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Жи-мобайл” ХХК-ийн /РД:5055873, итгэмжлэгдсэн төлөөлөгч “Жимобайл” ХХК-ийн Сэлэнгэ салбарын эрхлэгч ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 2 дугаар 60-14 тоот  Боржигон овогт Бадамдоржийн Энхномин, /РД: ТЕ-92090828/ /Жи-мобайл ХХК-ийн/ нэхэмжлэлтэй 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ Авто тээврийн төвд тээвэр зохицуулагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэг, 162 тоотод оршин суух Жамъяан овогт Дархжавын Бямбасүрэн, /ЦА-63032311/ /Сэлэнгэ Авто тээврийн төвд /холбогдох

“Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 4,392,150 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхномин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                          

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Жимобайл” ХХК нь  2016 оны 09 дүгээр сарын  02-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв”-тэй ЖМ16/733 тоот “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч тус төвийн дарга Б.Батболд, нягтлан  Д.Ганчимэг нар гарын үсэг зурж, тэмдэг дарсан. Гэрээний дагуу 7,240,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдан авсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ гүйцэтгээгүй, төлбөрөө бүрэн гүйцэтгээгүйн улмаас 2,928,100 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв”-өөс ЖМ16/733 тоот “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үндсэн төлбөр болох 2,928,100 төгрөгийг, гэрээний 3.3-т заасан “...төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-ийн алданги төлнө” гэсний дагуу алданги 1,464,050 төгрөг, нийт 4,392,150 төгрөгийг гаргуулж, компанид учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхномин 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ айгмийн Авто тээврийн газарт холбогдох хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Авто тээврийн газарт холбогдуулан 2,928,100 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 800,900 төгрөгийг төлсөн ба үлдэх 2,127,200 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрөө төлөөгүй тул Авто тээврийн газраас гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 2,127,200 төгрөг алданги 1,464,050 төгрөг, нийт 3,591,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.  

 

 Сэлэнгэ Авто тээврийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: шүүхэд гаргасан тайлбартаа:

...“Жи мобайл” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбараас манай байгууллагад ирүүлсэн төлбөр барагдуулах нэхэмжлэл нь хувь хүмүүсийн хариуцлагын асуудал тул буруутай албан хаагчдаас төлбөрийг барагдуулах болно...” гэх.

Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:

... “Жи мобайл” ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс үндсэн төлбөр 2,127,200 төгрөг, алданги 1,063,600 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд хариуцагч нь уг төлбөр нийт 3,190,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 800,900 төгрөгийн үндсэн төлбөр, 400,450 төгрөгийн алдангиас татгалзаж эвлэрсэн болно. Хэрэглэгчийн төлбөр төлөх графикийг гэрээний хавсралтаар тохиролцов.

Эвлэрэлийн гэрээний хавсралт:

Нэрс

Үндсэн төлбөр

Алданги

 

Тэмдэгтийн хураамж

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

1

Буяндалай

521600

250000

16293

144893

128600

128600

128600

128600

128600

2

Мөнхтогтох

326000

165000

4550

127300

122750

122750

122750

   

3

Мөнгөнсүх

461800

225000

14342

186042

171700

171700

171700

   

4

Энхтуяа

410400

205000

12962

166812

153850

153850

153850

   

5

Эрхэмбаяр

306400

153000

9842

124692

114850

114850

114850

   

6

Батжаргал

65500

35000

4550

29675

25125

25125

25125

   

7

Отгонтөгс

35500

15000

4550

17175

12625

12625

12625

   

 

Нийт дүн

2127200

1048000

67089

796589

729500

729500

729500

128600

128600

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Сэлэнгэ Авто тээврийн төвд холбогдуулан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 4,392,150 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн төлбөр 800,900 төгрөг, алданги 400,450 төгрөг, нийт 1,201,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,190,800 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ Авто тээврийн төв төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан “Эвлэрэлийн гэрээ”-гээр нотлогдож байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,224 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3,190,800 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 67,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тохиролцсон байна. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдв эрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 угаар  зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Жи-Мобайл” ХХК нэхэмжлэлтэй “Сэлэнгэ Авто тээврийн төв”-д холбогдох “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 4,392,150 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 3,190,800 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,224 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,190,800 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 67,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                    Л.СОЁЛМАА