Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2213000500057 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1994 оны 03 дугаар сарын 01-ний Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт  амьдардаг, Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И ургийн М-ын Б, РД:БК94030133

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 4 дүгээр тасгаас хохирогч Б.Огийн Samsung-А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:        

            1. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Огаас гаргасан “...тус аймгийн Өлгий сумын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 4 дүгээр тасгаас гар утсаа алдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-16 дахь тал/,

3. Хохирогч Б.Огаас гаргаж өгсөн Samsung-А12 загварын гар утсыг худалдаж авах үедээ байгуулсан 41143015 дугаартай гэрээ, баталгааны хуудасны хуулбарууд /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4. “Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4/1593 дугаартай албан бичиг / хавтаст хэргийн 23 дахь тал/,

5. М.Баас гаргаж өгсөн Samsung-А12 загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

6. Хураан авсан Samsung-А12 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-57 дахь тал/,

7. Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Samsung-А12 загварын гар утсыг би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Мобиком” ХХК-иас 499.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас цэнхэр өнгийн ямар нэгэн сэв зураасгүй гар утас байсан..., ...уг гар утсыг би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нөхөртөө өгсөн байсан бөгөөд нөхөр маань хүүгээ аваад эмнэлэгт хэвтэж байхдаа 2022 оны 1 сарын 19-ний өдөр хулгайд алдсан байсан. Миний утсыг авсан М.Б надад утсыг минь буцааж өгсөн тул энэ хэрэгтэй холбогдуулан надад ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66, 68 дахь тал/

8. Гэрч М.Алын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би хүүхдийн тасагт өөрийн хүү А.Дүүрэнжаргалын сахиураар хамт хэвтэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 цаг орчимд эхнэр Б.О тус эмнэлэгт цай хоол авч ирсэн. Тухайн үед миний ашиглаж байсан Samsung-А12 загварын утасны цэнэг дууссан байсныг хүүхдийн хэвтэж байсан орны дэрний хажуу талд тавиад эргэлт хэсэгт очиж эхнэртэйгээ уулзан түүнээс цэнэглэгч аваад өрөөндөө орж ирээд утсаа цэнэглэх гэтэл гар утас байхгүй байсан. Тэгээд эхнэр Б.Од хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 70-71 дэх тал/,

9. Насанд хүрээгүй гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би 94448467 дугаарыг ашиглаж байгаад 2019 онд өөрийн төрсөн ах М.Бы эхнэр М.Сулушашид өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,

10. Гэрч М.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Б.Муслим нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 2 дугаар давхрын 8 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед миний хүүг манай нөхөр М.Б сахин хамтдаа эмнэлэгт байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

11. Гэрч С.Млийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүүхэд болох Жансейлийн бие өвдөөд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 2 давхрын 8 тоот төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн.., ...тус 8 дугаартай өрөө нь 2 ортой бөгөөд манай хүүхдийн хамт хүүхдийн тасгийн сувилагч М.Сулушаш хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед М.Сулушаш хүүхдийн тасгийн 3 дугаар давхарт ажиллаж байсан болохоор түүний хүүхдийг нөхөр нь сахиж байсан. Тус өрөөнд манай хүүхэд болон би, М.Сын хүүхэд болон нөхөр нь бид 4 л байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,

12. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-44 дугаартай “...Samsung-А12 маркийн гар утас 2022 оны 1 дүгээр сарын байдлаар 450,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-102 дахь тал/,

13. Шүүгдэгч М.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би үнэнээ хэлье, тухайн өдрийн өглөө би 00 орчихоод өрөөндөө орох гэж явж байхад 4 тоот өрөөний хаалга онгорхой байсан. Уг өрөөнд 3 ор харагдсан ба нэг талын орон дээр нэг хүн унтаж байсан, харин хоёр ор нь сул байсан бөгөөд нэг орны дээр гар утас харагдахаар нь хүнд мэдэгдэхгүйгээр авч гараад өөрийнхөө хэвтэж байсан өрөөнийхөө цонхонд аваачаад тавьсан. Тэгээд утасны эзэн нь хайгаад ирвэл буцаагаад өгчихье гэж бодоод байлгаад байсан, эзэн нь ирэхгүй байхаар нь эмнэлгээс гарахдаа аваад гарсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал, шүүх хуралдаан тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

            14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэг: Шүүгдэгч М.Быг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           2. Шүүгдэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 8 дугаартай өрөөнд хүү Б.Муслимийн сахиураар хамт хэвтэн эмчлүүлж байх үедээ 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед хажуугийн 4 дугаартай өрөөнөөс хохирогч Б.Огийн Samsung-А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.О, гэрч М.Амаржаргал, М.Аманбол, С.Маржангүл, М.Сулушаш нарын мэдүүлэг болон шүүгдэгч М.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

4. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул түүнийг гэм буруугийн  санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

5. Шүүгдэгч М.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

6. Шүүгдэгч М.Бы дээрх үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинж тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь М.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэгт хүүхдээ эмчлүүлэхээр ердийн аргаар нэвтрэн орж, эмчилгээ хийлгэх явцдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж дүгнэв.

7. Тиймээс шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, М.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

8. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч М.Б амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт нөлөөлсөн байна.

9. Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Б.Од Samsung-А12 загварын гар утсыг буцаан өгснөөр хохирогч Б.О нь гэмт хэргийн хор уршиг бүрэн арилсан, М.Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул яллах дүгнэлтэд дурдсан 450000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Иймд  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Баас гаргуулж, хохирогчид олгох хохирол, төлбөргүй гэж үзэв.

                 Хоёр: Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Бд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3.Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

4.Шүүхээс шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд  7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

5. Шүүгдэгч М.Бд оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            6.Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

7. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

8. Шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч    Ш овогтой М-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5.Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Б.Б