Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Айбек,

Өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2213000640075 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар баг, Партизанд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овгийн Бн А /БЛ04262910/,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч К.Тйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч Б.А нь “даага замаас нь нийлүүлж уралдуулсан” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч К.Тйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна гэв.

2. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”...Өсвөр насны шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул түүнийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Харин Б.А нь ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч бөгөөд удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тул шүүхээс түүнд аль болох хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

3. Өсвөр насны шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү”гэв.

4. Өсвөр насны шүүгдэгч Б.Аы хууль ёсны төлөөлөгч Ө.Сулушаш шүүхийн хэлэлцүүлэгт:”Хүү маань бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийн буруу гэдгийг ухамсарлан ойлгож байгаа. Удахгүй элсэлтийн шалгалт өгөх тул шүүхээс хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.

Б.Эрүүгийн 2213000640075 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-с 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

2.Насанд хүрээгүй хохирогч К.Тйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Цэнгэл сумын 9 дүгээр багт түр оршин сууж амьдарч байгаа. Би ээж Х.Гаукарын хамт амьдардаг. Тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 10 дугаар ангид сурдаг. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хичээл амарсан байсан болохоор хашаанд тэжээж байсан даагануудыг сургахаар гарсан байсан. Тэгэхэд сумын төвийн дээд дэнжид тус сумын баахан даага сургаж явсан хүүхдүүд харагдсан. Тэгээд тэр газарт даага сургаж байсан хүүхдүүд хоорондоо сургаж байсан даагануудыг уралдуулах уу гэж хэлээд нийт 10 гаруй даага уралдуулсан. Тэгэхэд миний сургаж байсан хул даага  маань түрүүлсэн юм. Тэгэхэд аман хүзүүдсэн дааганы хүүхэд болох Б.А гэгч надад хүрч ирээд “чи даагыг замаас нийлүүлж уралдуулсан гэж хэлээд миний араас нэг удаа өшиглөсөн ба, эргэж хараад юм хэлэх гэхэд миний аман тус газарт нударгаар нэг удаа хүчтэй цохиж унагаасан. Тухайн үед миний үүдэн шүд унаж, амнаас цус гарч, миний толгой эргээд жаахан ухаан алдаж боссон. Тэгээд намайг Х.Салдат гэдэг хүн машинаар сумын эрүүл мэндийн төвд авч ирж миний амнаас гарсан цусыг болон хугарч унасан шүдэнд боолт хийж, амаа зайлуулдаг эмчилгээ хийсэн. Тэгээд Х.Салдат ах намайг гэртээ хүргэж ирэхэд би болсон явдлыг ээжид хэлсэн. Ээж маань цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба 2022 оны 02 дугаар 08-нд аймагт эмнэлэгт ирж шүдээ үзүүлсэн ба баруун талаас нь 1 дүгээр үүдэн шүд хугарсан байна гэж хэлсэн. Болсон асуудал энэ байна. Маш их гомдолтой байна...Би Б.Аыг уучилсан ба цаашид бидний хооронд ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд миний ээж Х.Гаукар болон бид хоёрыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 29 дэх тал/,

3.Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Цэнгэл суманд гэртээ байсан. Тэр үед Цагаан сарын баярын амралтын өдрүүд байсан ба хөдөө явах ажил гараад нэг таньдаг найзруугаа залгасан. Тэр сумын дээд дэнжид хүүхдүүдэд даага унуулж сургаж явна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа уг газарт машинаар яваад очсон юм. Тэгэхэд даага сургаж явсан хүүхдүүд хоорондоо даага уралдуулсан байна лээ. Гэтэл К.Т гэдэг хүүхдийн уралдуулсан хул даага түрүүлсэн гэж хэлж байсан ба, аман хүзүүдсэн дааганы хүүхэд болох Б.А нь түрүүлсэн дааганы хүүхэд болох К.Тилеубердтэй “чи даага замаас нийлүүлж уралдууллаа” гээд К.Тйн аман тус газарт гараараа цохиж нэг шүд нь газар дээр нь хугарсан байна лээ. Тэгээд би К.Тйг сумын эрүүл мэндийн төвд авч ирж эмчид үзүүлсэн чинь нэг шүд нь унасан, нэг шүд нь хөдөлсөн байдалтай байна гэж эмч нар хэлээд үзэж, эмчилгээ хийж, эм бичиж өгсөн. Тэгээд эмнэлгээс К.Тйг дагуулж гараад гэрт нь хүргэж ээж нь Х.Гаукарт хүлээлгэж өгчихөөд яваад өгсөн. Болсон асуудал энэ юм”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

4.Насанд хүрээгүй гэрч А.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хичээл амарч байсан үе байх, бид бүгдээрээ даага сургаад сумын дээд гудамжинд 10 гаруй даага сургасан хүүхдүүд явж байсан. Тэгэхэд даага уралдуулахаар болоод мөнгө цуглуулж тэгээд уралдуулсан юм. Гэтэл К.Тйн сургаж байсан даага хамгийн сүүлд очоод нийлсэн бөгөөд К.Тйн даага тэр чигтээ түрүүлж ирсэн юм. Тэгэхэд аман хүзүүдэж ирсэн дааганы хүүхэд болох Б.А шууд К.Тйг очиж “чи даага замаас нь тавьсан” гэх шалтгаанаар гараараа К.Тйн аман тус газарт цохиж унагааж шүдийг нь гэмтээчихээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/

5.Насанд хүрээгүй гэрч Ө.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хичээл амарсан, сурагч нарын амралттай хугацаа байсан. Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт бид бүгдээрээ даага сургаад сумын дээд гудамжинд явсан ба хүүхдүүд хоорондоо сургаж байсан даагануудыг уралдуулахаар болсон. Гэтэл К.Тйн сургаж байсан даага түрүүлж ирэхэд аман хүзүүдэж ирсэн дааганы хүүхэд болох Б.А нь К.Тд хандаж “чи даагыг замаас нийлүүлж тавьсан” гэх шалтгаанаар К.Тйг гараараа аман тус газарт цохиж унагааж шүдийг гэмтээчхээд яваад өгсөн. Тэгэхэд би хажууд нь зогсож байсан юм. Тэгээд К.Тйг Х.С гэдэг хүний машинаар Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвд авч ирж боолт хийлгэсэн ба К.Тйн үүдэн 1 дүгээр шүд нь унаж гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/

6.Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 164 дугаартай “...Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №164 дугаартай “...К.Тйн биед дээд урууланд шарх, үүдэн дээд баруун 1-р шүд унасан, үүдэн дээд баруун 2-р шүд нь хөдөлгөөнтэй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагиййн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

7.Өсвөр насны шүүгдэгч Б.Аы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...Бид нарын дунд уралдуулсан дааганаас болж маргаан үүссэн ба К.Тйн уралдуулсан даага нь түрүүлж, миний уралдуулсан даага аман хүзүүдсэн юм. Учир нь К.Тйн даага хамгийн сүүлд очиж нийлсэн ба эргэх гараанд очихгүй дутуу эргэсэн гэх шалтгаанаар К.Тйг гараараа нэг удаа ам руу нь хүчтэй нэг удаа цохиж унагааж, үүдэн нэг шүдийг нь унагааж гэмтэл учруулсан юм. Тухайн үед К.Тйн амнаас цус гарчихсан ба шүд маань уначихлаа гэж газар хэвтэж байсан. Би айж сандраад гэрлүүгээ зугатаачихсан юм. ...Дараа нь би К.Тгээс уучлалт гуйж, бид хоорондоо сайн дураараа эвлэрч, К.Тд учирсан хохирлыг төлж өгсөн. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

            8.Өсвөр насны шүүгдэгч Б.Аы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дахь  тал/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

10.Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч Б.Аы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2.Өсвөр насны шүүгдэгч  Б.А нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч К.Тйг “замаас даага нийлүүлэн, уралдуулж, түрүүлсэн” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч К.Тйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.С, насанд хүрээгүй гэрч А.Т, Ө.Е нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон өсвөр насны шүүгдэгч Б.Аы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

Эрх зүйн дүгнэлт:

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     2.Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3.Өсвөр насны шүүгдэгч Б.А нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг хувийн маргааны улмаас буюу замаас даага нийлүүлж, уралдуулсан гэх шалтгаанаар түүний ам тус газарт гараараа нэг удаа цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн байх ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.Өсвөр насны шүүгдэгч Б.Аы үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч К.Тйн биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.Өсвөр насны шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг гарахад насанд хүрээгүй хохирогч, болон өсвөр насны шүүгдэгч нарын эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүдийн хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцаа нөлөөлсөн байна.

            -Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1.Өсвөр насны шүүгдэгч Б.Аы үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч К.Тйн дээд урууланд шарх, үүдэн дээд баруун 1-р шүд унасан, үүдэн дээд баруун 2-р шүд нь хөдөлсөн зэргээр түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба өсвөр насны шүүгдэгч Б.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Сулушаш нар нь насанд хүрээгүй хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг бүрэн төлж барагдуулснаар насанд хүрээгүй хохирогч К.Т болон түүний хууль ёсны төлөөлөгч К.Гаухар нар цаашид гаргуулах хохирол, төлбөргүй, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэж мэдүүлсэн байна.

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Өсвөр насны шүүгдэгч Б.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь хувийн байдлын хувьд 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, гэмт хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрээгүй байсан байх ба тэрээр ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт амьдардаг, тус сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

3.Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаанаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, гэмт хэрэгт холбогдох үедээ буюу 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 18 насанд хүрээгүй, өсвөр насны хүүхэд  болох нь тогтоогдож байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж тус тус заасан байна.

5.Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

6.Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Аы нас, бие, эрүүл мэнд, сэтгэцийн онцлогийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж заасан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Аыг элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, их дээд сургуульд элсэн суралцах, тодорхой мэргэжил эзэмшин ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах зорилгоор түүнд өсвөр насны хүнд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ болох 120 /нэг зуун хорь/-н  цаг нийтэд тустай ажил ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

8. Өсвөр насны шүүгдэгч Б.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхдээ түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд хийлгэж эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан нийтэд тустай ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

10.Өсвөр насны шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2, 8.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Ж овогт Бн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад 120 /нэг зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад оногдуулсан нэг зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд өдөрт гурваас дээшгүй цагаар Б.Аы нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.Б