Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/09

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

       

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан Дундговь  аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1922003430147 тоот  хэргийг 2020 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг, “Таван худаг” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Б-/РД:ххххххххххххх/

 

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 11 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Таван худаг” гэх газарт иргэн Б.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн иргэн Б.Б-ийн эд хөрөнгийг гэмтээж 490000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019.11.28-ны өдөр Баатархүүгийн гэрт 1 шил архи аваад очсон юм. Тэгээд архиа ууж дуусчихаад явах гэж байсан чинь А-, Б- хоёр ирээд хонь сурахаар нь би хонь үзэгдээгүй гэж хэлээд гэр лүүгээ  явсан, тэр хоёр ч гараад явсан. Би гэртээ ороод байж байтал тэр хоёр гадаа манай айлын хүнтэй уулзаж байсан. Манай гэрт Б- орж ирэхээр нь идээ өгсөн. Би Б-өөс зун адуу сурж байсан юм, тэгэхдээ би “хасын сур гэдэг тамгатай адуу сурсан чинь Б- намайг “тэнэг минь наад тамгыг чинь хагас хас гэдэг юм” гэж хэлж байсан юм... би Б-өд “чи намайг зун мал сурж байхад тэнэг мангар гэдэг нь яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь намайг цохисон. Тэгээд миний дээр суугаад 2-3 удаа цохисон. Би нүдээ аниад нээсэн чинь цуг явж байсан А- орж ирчихсэн намайг бас цохичихлоо гэж харсан. Тэгээд би босоод түмпэнтэй махнаас хутга аваад дээшээ өргөсөн чинь тэр хоёр гараад зугтсан. Би хутгаа тавьчихаад араас нь гараад бургас бариад А-, Б- хоёрыг хөөсөн. Тэгээд хөөж байхдаа унахдаа машиных нь гэрлийг хагалсан тийм зүйл болсон... гэв.

2. Хохирогч Б.Б-ийн: ‘’...Би 2019 оны 11 сарын 28-ны өдөр эзгүй байж байгаад иртэл манай мал дутуу юм шиг санагдаад тоолоод үзтэл 400 гаруй мал дутсан...А-ынд орж малаа сурчихаад харанхуй болсон байсан болохоор нь А-ыг хоёулаа урд айлаар ханиндаа орж мал сурчихаад ирье  гээд Б-ынд иртэл эзгүй байхаар нь зүүн урд талд нь байсан отрын айлаар ортол тэр айлд Б- сууж байсан. Тэгээд малаа суртал Б- өөдөөс үзэгдээгүй, гадаа хонь хурааж байгаа залуугаас сур гэхээр нь А- бид хоёр хөдлөөд Б-ын гадаа ирээд нөгөө залуугаас малаа сураад байж байтал Б- араас давхиж ирээд манайхаар ороод ир гэхээр нь А- бид хоёр орох гэтэл А-ыг чи байж бай, Б- ганцаараа ороод ир гэсэн. Би ганцаараа яваад ортол араас орж ирээд идээ авч өгөөд хоймортоо гарч суугаад “чи яасан олон хонь тасдаж  алддаг баян пизда вэ” гэхээр нь би хариуд нь “би алдсан малаа  сурж байна, ямар тоог нь дарж хэлэлтэй биш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Б- өөдөөс “чи ер нь надтай ярьж чадахгүй их зэвүү хүргээд байгаа дурак шүү” гээд баруун гараараа заамдаад зүүн гараа гутлынхаа түрий рүү явуулахаар нь би хутга авах нь гэж  бодоод өвдөг дээрээ өндийгөөд Б-ыг цааш нь түлхтэл дээлний энгэрээс заамдсан чигээрээ хажуу тийшээ унахдаа миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Тэгээд заамдсан чигээрээ байж байтал А-  гаднаас орж ирээд салгахаар нь би А-т “явья, наадах чинь согтуурхаж байна ” гэж хэлчихээд гарч ирээд машиндаа суух гэж байтал Б- араас нэг гартаа хутга, нэг гартаа ширээ барьчихсан ална аа гээд гараад ирсэн. Би машиндаа сууж амжилгүй, машинаа тойрч зугатаагаад машиныхаа урд талд гартал машин дээгүүр төмөр ширээгээ шидээд намайг баруун гар талын мөрөнд оносон. Тэгээд машин тойруулж хөөхөөр нь би зугатаж байгаад сэмхэн А-ын хажуугаар гарахдаа түлхүүрээ өгсөн... Б- намайг машинаар малд явдаг яасан баян хулгайч вэ... чи гээд машин тойруулж хөөх явцдаа нэг том чулуу 2 бургас авч шидэхээр нь тэрэнд нь оногдоогүй. А- жолооч талын хаалгаар суугаад машин асаах гэтэл Б- жолооч талын хаалгыг нээчихээд А-ын өвөр дээгүүр түлхүүр хайгаад түлхүүрээ өг, түлхүүр нь хаана байдаг юм, би Б-ийг хутгалж байж явуулна гээд байхаар нь А- түлхүүр өгөлгүй нуугаад буугаад ирэх шиг болсон. ...А- голоор орж ирээд одоо боль гээд хорьтол Б- А-ыг түлхээд би энэнээс заавал цус гаргамаар байна, холд гэж түлхээд намайг хөөхөөр нь машинаа тойрч гүйгээд урд талд нь гартал Б- цаашаа тонгойгоод урт бургас барьж аваад машины дээгүүр эргүүлээд миний толгойн зүүн гар талд оносон. Толгой янгинаж өвдөөд толгойгоо барьтал нөгөө бургасаараа толгойны баруун талд 2 удаа цохисон. Баруун талын шанаан тус газраас цус гарахаар нь би одоо боль, ажлаа бодьё, явья гэхэд Б- өөдөөс үгүй  чамайг хутгаар цус гаргаж байж явуулна гээд машин тойруулж хөөсөн. Б- намайг хөөж байгаад машины ар талын гэрэл хага цохичихоод би энэ машиныг чинь ажиллахгүй болгоно гэж оролдож байснаа ...машин дээр гараараа хэд хэдэн удаа цохьсон...Тэгтэл А- машинаа барьчихсан ойрхон ирж зогсоод А-ын эхнэр буруу талынхаа цонхыг нээгээд зугатаагаад машинд ороод ир гэхээр нь би Б-ын хөдөлгөөнийг харж байгаад цаашаа тонгойхоор нь эргэж гүйгээд А-ын машинд суугаад сумын төв дээр ирж цагдаад мэдэгдсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн   18-19-рт/

3. Гэрч А.А-ын: “...Б- бид хоёр манай саахалт айл болох Б-ынд яваад очтол гэр нь эзэнгүй байхаар нь зүүн урд талд нь байсан отрын айлд очтол Б- нэлээн халамцуу сууж байсан. Б- хонио суртал мэдэхгүй, гадаа байгаа залуу мэдэх байх, мал тууж яваад урдаас ирсэн гэхээр нь Б-ын гэрийн гадаа очоод Сэргэлэн гэх залуутай уулзаад зогсож байтал Б- давхиж ирсэн. Б-ийг уулзая гэхээр нь бид хоёр орох гэтэл Б- надад хандаж “чи байж бай” гэхээр нь би гадаа үлдсэн. Төд удалгүй тэр хоёр хэрэлдээд дуу нь чангараад явчихаар нь ортол багананыхаа хойд талд бие биенээ заамдчихсан маргалдаж байсан.сБи очоод больцгоо гээд салгатал Б- гэрээс гарахаар нь би дагаж гарч ирээд машиндаа суух гэтэл Б- араас нэг гартаа хутга, нэг гартаа ширээ барьчихсан Б-өө чамайг ална гээд гарч ирээд барьж байсан ширээгээ машин давуулаад шидсэн. Тэр хооронд Б- гартаа хутга барьчихаад Б-ийг машин тойруулж хөөж байхаар нь нэг голоор нь ороод Б-аа боль гээд хорьтол дийлдэхгүй Б-ийг ална гээд дайраад байсан. Тэгэхээр нь хажуу талын богончиктой айл руу нь орж эхнэр лүү утсаар  яриад Б- агсан тавиад байна, ирж авахгүй бол болохгүй нь гэж хэлчихээд гараад очтол Б- гартаа бургас барьчихсан Б-ийг цохих гээд машины дээгүүр нь саваад байсан. Би эхнэрийг ирж байхаар нь тосч очоод машиндаа суугаад Б-ын гэрлүү дөхөд очоод Б-өө зугатаарай гээд дуудтал Б- гүйж хүрч ирээд шууд сум явсан. ..Б- анх гэрээс гарч ирээд Б-ийг  машин тойрууулж элдэж байхдаа машиных нь ар талын гэрлийг нь хага цохисон. Намайг Б-ийн машинд суугаад асаах гэж  байхад Б- жолооч талын хаалгыг онгойлгоод хөдөлгөхгүй гээд ноцолдож байхдаа тохойгоороо тохойлдсон. Өшөө машиных нь энд тэнд гэмтэл учруулсаныг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/

4. Гэрч С.Сэргэлэнгийн “2019 оны 11 сарын 28-ны өдөр харуй бүрий болж байхад хонио Б- гуайн өвөлжөө рүү хотлуулчихаад гэртээ орох гээд явж байтал приус 20 маркийн машинтай хоёр хүн ирээд 400 гаран хонь сурахаар нь харагдаагүй гэж хэлчихээд Б- гуайн зүүн хойд талд байрлуулсан байсан  богончикондоо орсон Тэгээд байж байтал гэнэт чанга чанга дуугараад хүн хэрэлдээд байхаар нь цонхоор хартал Б- мал сурсан хүнтэй машины наана, цаана зогсчихсон байсан. ..Галаа түлээд байж байсан чинь  мал сурж байсан  хүнтэй цуг явсан А- гэх хүн орж ирээд утас чинь ажиллаж байна уу нэг ярья гэхээр нь суурин жи-ийн утас байна гэтэл нэг хүн рүү залгаад энэ хоёр маргалдаад байна, ирээд аваач гэж хэлчихээд буцаад гарсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 29-30-рт/

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 310 дугаартай: ‘’ 1. Б.Б-ийн биед хуйханд шарх, чамархай, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-40-41/

6. Үнэлгээний комиссын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192200343 дугаартай: “...Приус-20 маркийн автомашины баруун гар талын толь 1 ширхэг 110000 төгрөг, Приус-20 маркийн автомашины баруун гар талын арын гэрэл 1 ширхэг, 130000 төгрөг, Приус-20 маркийн автомашины дээвэр 1 ширхэг, 250.000 төгрөг гэсэн үнэлгээ /хх-42/

7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / хх-ийн 7-10/

8. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 11 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт иргэн Б.Б-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, мөн эд хөрөнгийг нь гэмтээж 490000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-хохирогч Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, эд хөрөнгийг нь гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нь “...хохирогч Б- эхэлж намайг цохисон. Тэгээд миний дээр суугаад 2-3 удаа цохисон...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Гэвч хохирогч Б.Б- шүүгдэгч Б.Б-ын эрх чөлөөнд халдсан талаархи баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Шүүгдэгч Б.Б-нь хохирогч Б.Б-өд 1.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн болох нь хэргийн  65-рт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг, 88-рт авагдсан хохирогч Б.Б-ийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

           Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Б.Б-ын хувийн байдал, хохирлоо нөхөн  төлсөн зэргийг харгалзан прокурорын саналыг дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Б.Б-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-нь хохирогч Б.Б-өд хохирол 1.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Б- Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж овгийн Б Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 950 /есөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б-энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-нь хохирогч Б.Б-өд хохирол 1000000 төгрөг төлсөн, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан модон бариултай, нийт урт нь 24 см, бариулын урт 13 см, ажлын хэсгийн урт нь 11 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Г.МӨНХБАТ