Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар ШЦТ/2017/49

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   

 

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ү.Н-д холбогдох 201701070054  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

                   Нарийн бичгийн дарга                        Ц.Б

                   Улсын яллагч                                      Х.Э

                   Хохирогч                                              Э.Г

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ц

                   Шүүгдэгч                                              Ү.Н нар оролцов. 

                                   

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр Төгөлдөр, 3 настай хүүхдийн Багануур дүүргийн  1 дүгээр хороо Хуцаагийн 16 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Ү-н Н /РД:/

              Яллах дүгнэлтэд тогтоосноор: Ү.Н нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соронз бааранд буюу олон нийтийн газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан бусдын нүүрэн тус газарт гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан  догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9шэ/094 тоот дүгнэлтэд

  1. О.Г-ний биед дээд үүдэн 3 шүдний эмтрэлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтооглоо.
  2. Тухайн гэмтэл шинэ гэмтэл байна.
  3. Уг гэмтэл нь мохоо хатуу зүйлийн нэг удаагийн /тухайлбал мөргөгдөх, цохигдох үед/  үүссэн байх боломжтой.
  4. Дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 22 хуудас/,

 

Шүүгдэгч Ү.Н-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

 “Соронз бааранд эхнэр Т болон найзуудтайгаа сууж, бүжиглэж байсан. Нэг харахад бүжгийн талбайд үл таних нэг залуу манай эхнэрийн зүүн мөр рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр залууг /Г-ийг/ баруун гараараа нүүрэнд нь цохисон. Эхнэр Т-ийн гарын бугалаг хэсэгт тухайн үед бага зэрэг хөхөрсөн байсан. Хохирогчид 225 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.     /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Э.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

 2017 оны 3 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Соронз бааранд эхнэр С, найз М эхнэрийн хамт, найз Б эхнэрийн хамт нийт 6 хүн орсон юм...Би бүжгийн талбайд бүжиглэж байтал хэн нэг нь нүүр лүү цохисон. Хэн цохисныг мэдээгүй. Хамраас цус гарсан. Намайг хэн цохисон бэ гэхэд эхнэр С “хэн цохисныг харсан, хэнийг ч эндээс гаргахгүй” гэж хэлсэн. Гэвч хүмүүс гарсан байсан ба гадаа байсан хүмүүс дотор цохисон хүн байгаагүй. Харин дараа өдөр нь эхнэр маань цагдаатай явж цохисон хүнийг олсон. Би тухайн үед хэнтэй ч маргаагүй юм. Нүүрэндээ цохиулснаас болж дээд талын үүдэн 3 шүд эмтэрсэн ба нэг нь мэдрэлийн судал нь гарсан байсан. Шүүгдэгч надад 225 000 төгрөг өгсөн. Би Багануур дүүргийн 1-р хороо 5-р байранд байх шүдний эмчээс лавлагаа авахад 700 000-850 000 төгрөгөөр 3 шүдийг эмчилж бүтэн болгоно гэж тодорхойлсон. Н-тэй 800 000 төгрөг өгнө авна гэж гэрээ байгуулсан ба тэр сар сард хувааж өгнө гэсэн. Гомдол саналгүй гэв

Гэрч О.С-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

“..би өөрийн нөхөр Г болон найзуудтайгаа 2017 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цаг өнгөрч байхад цэргийн баяр тэмдэглэхээр бааранд орсон. ..ариун цэвэрийн өрөөнөөс гараад иртэл бүжгийн талбай дээр нөхөр Г нэг залуутай маргаад зогсож байхаар нь очиж нөхөрөө салгаж цааш нь түлхчихээд эргээд харах хооронд нөгөө залуу Г-г цохисон...гэжээ. /хх13/ 

Гэрч О.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлэгт

“би 2017 оны 3 дугаар сарын 18-ны орой нөхөр Н болон найзуудтайгаа бааранд орсон. ..бүжгийн талбай дээр бүжиглэж байтал найз Н-ийг танихгүй шар царайтай залуу араас нь татаад бүжиглүүлэхгүй байсан. Б болиоч гэж хэлээд Н-с гарыг нь татаж салгасан. Тэгтэл нөгөө залуу цааш яваад буцаж ирэхдээ өөр нэг залуу дагуулаад ирсэн. Тэр хоёр залуу Б муудалцах гээд дайраад байхаар нь би тэд нарыг “адилхан баярлах гэж байж маргалдаад яах вэ” гээд салгатал Н-ийг оролдсон залуутай хамт ирсэн залуу нь “чи манай авгайг барах уу” гэж хэлээд миний зүүн мөр рүү гараараа нэг удаа цохьсон. Гэтэл манай нөхөр Н тэрийг хараад хүрч ирээд яаж байгаа юм бэ гээд гараараа нэг удаа нөгөө залуу цохиод авсан гэжээ. /хх 15/

Гэрч Д.С-ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлэгт

“тэр орой 20 цаг өнгөрч байхад найз Н, Б, Н, А, Т, Т нарын хамт бааранд орсон. Бүжгийн талбайд бүжиглэж байтал Батболдын эхнэр Н нэг залуу дуудаад байсан. Тэгээд Б яах гээд байгаа юм бэ гээд эхнэрээ дагуулаад явсан. Тэгтэл нөгөө залуу цаашаа яваад удалгүй найзыгаа дагуулж ирээд Б руу чи яагаад байгаа юм бэ гээд дайраад байсан. Тэгтэл Т голоор нь ороод салгахад нэг залуу хэл амаар доромжлоод далайгаад цохих гээд байсан. Гэтэл Т-ийн нөхөр Н тэр залууг цохиод авсан. Тэгээд бид нар Н баарнаас аваад гарсан. Цохиулсан залуугийн хамарнаас нь цус гарчихсан доошоо тонгойгоод “ёо ёо шүд шүд” гээд байсан гэжээ /хх 16/

Гэрч Э.А-рын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлэгт

“...Бүжгийн талбайд бүжиглэж байтал Батболдын эхнэр Н-г нэг залуу дуудаад чангаагаад байсан. Н-г нойлын өрөөнөөс гарч ирэхэд гараас нь татчихаад явуулахгүй байсан. Тэгээд Б яах гээд байгаа юм бэ гээд эхнэрээ дагуулаад явсан. Тэгтэл нөгөө залуу цаашаа яваад удалгүй найзыгаа дагуулж ирээд Б руу чи яагаад байгаа юм бэ гээд дайраад байсан. Тэгтэл Т голоор нь ороод салгахад нэг залуу хэл амаар доромжлоод далайгаад цохих гээд байсан. Гэтэл Т-ийн нөхөр Н тэр залууг цохиод авсан. Тэгээд бид нар Н-г баарнаас аваад гарсан гэжээ /хх -17/

Гэрч Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

“2017 оны 3 дугаар сарын 18-ны орой би найзуудтайгаа цэргийн баяр тэмдэглээд Соронз бааранд бүжиглэж байсан юм. Тэр үед хажуугийн ширээнд хэсэг согтуу залуучууд сууж байсан. Биднийг бүжиглэж байтал нэг согтуу залуу ирээд манай эхнэрийн гарнаас нь татаад байхаар нь би “чи яах гээд байгаа юм бэ” гээд эхнэрийнхээ гарыг татаад авсан. Тэр залуу цаашаа яваад нэг найзыгаа дагуулаад ирсэн, хамт ирсэн залуу нь “хэн яагаад байгаа юм бэ” гээд ирсэн. тэгтэл Н-н  эхнэр Т дундуур орж “адилхан баярлаж байж муудаж сайдахгүй шүү” гээд хорьсон. Тэр залуу Т-г бараг зодчих гээд хэл амаар доромжлоод байсан, тэгээд гараа далайгаад мөр рүү нь цохитол Н хажуугаас нь тэр залуугийн хамар орчимд цохиод авсан гэжээ. /хх19/

 

Шүүгдэгч Ү.Н-г сэжигтнээр, яллагдагчаар тус тус байцааж авсан тэмдэглэлүүд //хх- 28-29, 31/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

           Ү.Н нь  2017 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соронз бааранд буюу олон нийтийн газар эхнэр Т-тэй маргаж, цохиж авлаа гэсэн шалтгаанаар О.Г-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж бие махбодид нь дээд үүдэн 3 шүдний эмтрэлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зэрэг гэмтлүүд учруулсан нь шинжээчийн “О.Г-ийн биед дээд үүдэн 3 шүдний эмтрэлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учирсныг” тодорхойлсон дүгнэлт /хх-22/, хохирогч О.Г-ийн “Бүжгийн талбайд бүжиглэж байтал хэн нэг нь нүүр лүү нь цохисон, доошоо тонгойгоод босоход амнаас нь цус гарч аман дотор шүд үйрчихсэн нь мэдрэгдээд шүд сийгээд байсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/, Гэрч О.С-ийн  “нөхөр Г нэг залуутай маргаж байхаар нь нөхрөө салгаж цааш нь түлхчихээд эргээд харах хооронд нөгөө залуу Г-ийг цохисон” гэсэн мэдүүлэг /хх-13/,  гэрч  Т-ийн “...манай нөхөр Нэргүй намайг цохиод авсан залууг хараад яаж байгаа юм бэ гээд гараараа нэг удаа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-15/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хэдийгээр гэрч С-ээс бусад гэрчүүд шүүгдэгч Н-гийн эхнэр болон найзууд боловч Н нь Г-г  гараараа нүүр лүү нь цохисон талаархи мэдүүлгүүд зөрүүгүй байна. Хохирогчийн эхнэр С, шүүгдэгчийн эхнэр Т нарт гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байцаалтын тэмдэглэлд тусгагджээ.

Шинжээчийн дүгнэлтийг нарийн мэргэжлийн шинжээч эмч тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн, талууд дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, үндэслэл нь ойлгомжтой тайлбарлагджээ. Шүүгдэгч Нэргүйн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдлаа. Мөн шүүгдэгч нь “төрөлхийн уруул, тагнайн хавсарсан сэтэрхий” оношоор хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдагдалтай боловч шүүх хуралдаанд гаргаж байгаа мэдүүлэг тайлбар нь сонсогдож ойлгогдож байсан нь /шүүх хуралдааны тэмдэглэл болон дүрс дууны бичлэгт тусгагдсан/ мөрдөн байцаалтын шатанд хэлмэрчгүйгээр байцаалтыг явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэл мөн.  

 Дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай төдийгүй гэмт үйлдлийг хангалттай, бүрэн нотолжээ.  Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хохирогч болон шүүгдэгч нар Багануур дүүрэг дэх шүдний хувийн эмнэлгийн эмч нараас эмчилгээний төлбөрийн талаархи баримтыг тус тусдаа авч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн ба тэдгээр баримтуудын үнийн дүн хоорондоо хэт их зөрүүтэй, уг баримтуудыг шалгах боломжгүй байсан тул нотлох баримтаар үнэлээгүйг тэмдэглэе.

 

Хэрэг гарах үед хохирогч шүүгдэгч нарын хэн хэн нь “Монгол цэргийн баяр”ыг тэмдэглэн найз нартайгаа бааранд наргисны улмаас шүүгдэгчээс бусад нь согтууруулах ундаа хэрэглэсэн, тэдний дунд маргаан болсон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх боловч хохирогчид хүч хэрэглэн гэмтэл учруулсан Ү.Н-н үйлдэл нь бааранд үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж үйлчилгээний газрын хэвийн үйл ажиллагааг түр зуур алдагдуулжээ. Энэ байдлыг үндэслэн “Н-г олон нийтийн газар үл ялих зүйлээр шалтаглан бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг зөрчсөн” гэж дүгнэсэн  прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв.

О.Г-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн “О.Г-ийн биед учирсан дээд үүдэн 3 шүдний эмтрэлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.  МУ-ын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын29-ны өдрийн “танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар тайлбарлах тухай 41 дугаартай тогтоолд “Танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ” гэж тайлбарлажээ. Эндээс дүгнэхэд прокурорын яллах дүгнэлтэд Ү.Нэргүйг догшин авирлан танхайрсан гэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Ү.Н нь дээрх үйлдлийг хийх  үедээ болон дараа нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан болон хэрэг хариуцах бүрэн чадвартайд нь эргэлзээ үүсээгүй болно.

Иймд Ү.Н-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. 

Ү.Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй нь Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны баримтаар /хх-33/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол буюу эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт үйлдэл гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Ү.Нэргүйг хуульд заасан хорих ялын доод хэмжээг сонгож ял шийтгэх, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлбэл зохино.

Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад зааснаар хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа болон хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалт бүхий эрүүл мэндийн байдалтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнээд шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж ялын хугацаагаар хянан харгалзах нь зохистой.

            Хохирогчийн эмчилгээний зардлын талаар ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч эмчилгээг бодитойгоор хийлгээгүй болох нь тайлбараар нь нотлогдсон.

Шүүгдэгч Ү.Н нь хохирогчид эмчилгээний зардалд зориулан 225 000 төгрөгийг сайн дураар төлсөн баримт /хх-51/ хэрэгт авагдсан ба яллах болон өмгөөлөх талууд эмчилгээний зардалд зориулан шүүгдэгчийн төлсөн 225 000 төгрөгийг хохирол төлсөнд тооцно гэж  дүгнэсэн тул  шүүгдэгчийг хохирогчид учирсан эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн гэж  дүгнэсэн болно.               

                  Хохирогч эмчилгээг бодитой хийлгэж төлбөрийн зөрүү гарсан тохиолдолд баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэх нь зүйтэй.

                 Ү.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б овгийн Ү-ын Н-г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 хэсэгт зааснаар Б овгийн Ү-ын Н-г гурван /3/ жил арван /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ү.Н-н эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Н-д оногдуулсан гурван /3/ жил арав /10/ хоногийн хорих ялыг тэнсэж, гурван /3/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад  даалгасугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Н нь хохирогч О.Г-д 225 000 /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийг төлснийг дурдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар эмчилгээний зардлын зөрүүний талаархи нэхэмжлэлийг иргэний шүүхэд жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэйг О.Г-д мэдэгдсүгэй.
  5. Ү.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  6. Ү.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг дурдсугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Н-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ү.Н-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                      

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ