Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

  2019          4              4                                              2019/ДШМ/300                                              

 

                                                          Ө.О- холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Амгаланбаатар,

хохирогч “Транскапитал ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.О- өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.О- гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809039851095 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн Ө-ийн О, ............................тоотод түр оршин суух, /РД:......................./;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

Ө.О- нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын цахим хуудсанд хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж засварлан цахим хуудсыг ажиллагаагүй болгож, байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ө.О- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.О-  цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг нь өөрчилж, засварлан цахим хуудсыг ажиллагаагүй болгож байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.О-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.О- оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ө.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.О- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.О- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ө.О- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил нээлттэй хорих байгууллагад ял эдлэхээр шийтгүүлсэн боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “нэмж” 1809051401249 дугаартай яллах дүгнэлт ирүүлсэн болно.

Иймээс Ө.О- миний бие анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг болон дээрх прокурорын газраас ирүүлсэн 1809051401249 дугаартай хэргийг нэмж нэгтгэн өөрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн улмаас тус хэргийг нэмж нэгтгэн хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ө.О- өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.О- гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн үйл баримтын хувьд н.Дэлгэрцэцэгийн фэйсбүүк, аккаунтыг 2018 оны 7 дугаар сард олж авсан. Үргэлжлүүлэн 2018 оны 8 дугаар сард “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн пэйж группийг олж аван н.Дэлгэрцэцэгийн фэйсбүүк, аккаунтыг ашиглан админаар нь бүртгүүлсэн. Дэлгэрцэцэгийн нэрийг нь “Nyamkhuu Nyamkhuu” болгон өөрчилж, “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн пэйж хуудсыг зарсан. Энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж буй хэргийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 920 дугаартай яллах дүгнэлт болон шийдэгдээгүй байгаа хэргийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай яллах дүгнэлтийг үзэхэд, нэг мөрдөгч буюу цагдаагийн ахлах дэслэгч А.Дэлгэрбаяр хоёуланг шалгасан атлаа мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нэмж нэгтгэхгүй, тус тусад нь шалгасан нь манай үйлчлүүлэгч Ө.О- эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг гэж шийдвэрлэгдэх ёстой. ...” гэв.

 

Хохирогч “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ө.О- гаргасан давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас талуудаас энэ баримтыг гаргаж байгаа учир давж заалдах гомдлыг дэмжиж байна.

Нөгөөтэйгүүр, хохирлын талаар шүүгдэгч Ө.О- ар гэрийнхэнтэй нь ярилцаж байгаа тул хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.О- Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, тус хэрэг хэлэлцээгүй байгаа учир энэ хэрэгтэй нэгтгэж шийдвэрлүүлэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.  

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоохоор зохицуулсан. Дээрх хуулийн заалтыг баримтлан гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр шийтгэх тогтоол гаргахдаа “Ө.О- урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялыг хүчингүй болгохгүйгээр нэмж нэгтгэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх зүйлийг зөвтгөх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.О-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд уг хугацааг дуусаагүй байхад буюу 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах үндэслэл үүсчээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жил тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг тогтоолоор О.О-  гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн тэнссэн хугацааг нэмж нэгтгэн ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Түүнчлэн, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдаг бол тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан байдаг атал тэнссэн хугацааг, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял мэтээр анхан шатны шүүх ойлгож хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээс оногдуулаагүй ялыг нөхөн оногдуулж, хянан шийдвэрлэх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ...нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ...” гэж заасан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Ө.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдэн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 920 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэгдэж давж заалдах шатаар хянагдаж буй энэ 1809039851095 дугаартай эрүүгийн хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай яллах дүгнэлт үйлдэгдсэн 1809051401249 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдсон байгаа болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч, прокуророос тус тус давж заалдах шатны шүүх хуралдаанд гарган өгсөн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай яллах дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Дээрх үйлдлүүдэд хоёр буюу тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байх боловч нэг гэмт хэргийн шинжтэй Ө.О- хэд хэдэн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилсан байх тул Ө.О- холбогдох 1809039851095 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.О- холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Ө.О- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                   Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ