Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2020/0013/З |
Дугаар | 123/ШШ2020/0014 |
Огноо | 2020-05-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 123/ШШ2020/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Т хэлтэст холбогдох,
“А.Т” ХХК-ийн 2006 онд үүссэн татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахгүй байгаа Төв аймгийн Т хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2006 оны татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахыг Төв аймгийн Т хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Төв аймгийн Т хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Т ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төв аймгийн Ц сумын харъяалалтай тавар төлөгч, 2052911 регситрийн дугаартай, 1197 онд үүсгэн байгуулагдсан А.Т ХХК нь газар тариалан, худалдаа үйлчилгээ, төмс хүнсний ногоо тариалах чиглэлээр орон нутагтаа 2006 оныг хүртэл үйл ажиллагаа эрхэлж байгаад олон жил дараалсан ган, гачигийн улмаас ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж санхүүгийн хүндрэлд орсон, одоогоор цаашид ч үйл ажиллагаа явуулах эсэх нь тодорхойгүй, хөрөнгө орлогогүй, төлбөрийн чадваргүй болоод байна. Компани нь хамгийн сүүлийн ажилласан жил болох 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар үүссэн 525300 төгрөгийн татвар, түүнд тооцсон 169073 төгрөгийн хүү, торгууль, нийт 694373 төгрөгийг татварын өрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Монгол Улсын Их хурлаас 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталж, батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа “Татварын өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны батлагаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг өршөөлд хамруулж хүчингүй болгохоор заасан байх тул тайлангаар ногдсон 580600 төгрөгийн татварын өрөөс дансаар 53,300 төгрөгийг төлсөн тул төлөгдөөгүй үлдсэн 525,300 төгрөгийн татварын өрийг хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлтэй байна. ... Энэ талаар Төв аймгийн Т хэлтэст хандсан боловч 2020.02.11-ний өдрийн 05/63 дугаар албан бичгээр “...өршөөлд хамрагдах боломжгүй...” гэсэн хариуг ирүүлээд байна. Манай компанийн 2006 онд үүссэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахгүй байгаа Төв аймгийн Т хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2006 оны 525,300 төгрөгийн албан татварын өрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах шийдвэр гаргахыг Төв аймгийн Т хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Т ХХК нь 2006 оны ААН-ийн албан татварт өөрийн компаний үйл ажиллагааны орлогыг татвар төлөгч өөрөө үнэн зөвөөр хуулийн дагуу тайлагнаж 587.400 төгрөгийн татвар оногдож байсан. 2005 онд 9.300 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байсан. 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй учир татвараа төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Татварын өршөөлийн тухай хууль үйлчилж байгаа учир энэ хуулийн үйлчлэлд хамрагдах бүрэн боломжтой гэж үзээд татварын албанд хандсан. Татварын албанаас 2006 оны ААН-ийн албан татварын өрийн төлөгдөөгүй үлдэгдэл 525.300 төгрөг нь татварын өршөөлийн тухай хуульд хамрагдах үндэслэлгүй гэж маргасан байгаа. А.Т ХХК-ийн 2006 оны ААН-ийн албан татварын өр нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт хамрагдах боломжтой юм. 1992 оны Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан, иймд 2006 онд татварын өр үүсэн байх үед үйлчилж байсан хууль нь 1992 оны Татварын ерөнхий хууль үйлчилж байсан. Тухайн үед үйлчилж байсан хуулиар татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байгаад тухайн хугацаа дууссан бол өршөөлийн хуульд хамрагдах боломжтой гэсэн утга агуулагатай юм. 525.300 төгрөгийг өршөөлийн тухай хуульд үндэслэлтэй болохыг тогтоож, татварын өрийг Татварын өршөөлийн хуульд хамруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Татварын өршөөлийн хуульд хамруулахыг Төв аймгийн Т хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Төв аймгийн Т хэлтсийн дарга З.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Т ХХК нь шүүхэд хандан тус компанийн 2006 оны татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгөх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг” өршөөхөөр заасан. Гэвч тус хуулийн дээр дурдсан хуулийн хугацаанд татварын үндсэн өрийн 10 хувийг төлөөгүй байх тул үлдсэн 90 хувийг нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах боломжгүй байна. Иймд А.Т ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, Төв аймгийн Т хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Т ХХК нь 2006 онд үүссэн татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгөх тухай нэхэмжлэл гаргасан. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт “...2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг” гэж заасан байдаг. Үүний дагуу А.Т ХХК нь 2006 онд үүссэн татварын өрийн 10 хувийг нь 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн бол үлдэл 90 хувь нь чөлөөгдөх байсан гэдэг нь тухайн заалтаас харагдаж байна. Гэтэл тус компани нь 10 хувиа төлөөгүй. А.Т ХХК-ийн ААН-ийн орлогын албан татварын тооцоо болох 2006 оноос 2020 он хүртэл гарсан нотлох баримт байгаа. Үүнд 2009 онд 10 хувь төлсөн гэх баримт байхгүй. 2017 онд 10 хувь байж болохуйц 55.000 төгрөгийг төлсөн байгаа. Тухайн баримтуудыг үндэслээд 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор 10 хувийг төлөөгүй учир үлдсэн 90 хувийг өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд Татварын өршөөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт хамрагдах боломжтой гэж байна. Энэ тал дээр 1992 оны Татварын ерөнхий хуулиар хөөн хэлэлцэх 5 жил дууссан гэж үзээд 100 хувь өршөөлийн хуульд хамрагдана гэж тайлбар гарсан байна. Т хэлтсийн хяналт шалгалтын актаас харахад 2008 оны Татварын ерөнхий хуулийг баримталсан байгаа. 1992 оны Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэзээнээс эхэлж тоологдсон талаар тайлбар өгсөнгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж хэллээ. Татварын хэлтсээс 1992 оны хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тооцоолоогүй, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн заалтыг баримталж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Т ХХК-иас Төв аймгийн Т хэлтэст холбогдуулан “А.Т” ХХК-ийн 2006 онд үүссэн татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахгүй байгаа Төв аймгийн Т хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2006 оны татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахыг Төв аймгийн Т хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1.-т “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өөссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Т ХХК нь 2006 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа гарган, орлогын албан татвараа 580,600 төгрөгөөр тодорхойлсон[1] уг тайланг Төв аймгийн татварын алба баталгаажуулж, нэхэмжлэгч 2010, 2017, 2018 онуудад нийт 56,300 төгрөгийн албан татвар төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчээс 2006 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар үүссэн 580,600 төгрөгийн албан татвараас төлөгдөөгүй үлдсэн татварыг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах хүсэлтээ Төв аймгийн Т хэлтэст гаргасан. Тус хэлтсээс 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 05/63 тоот албан бичгээр “...580,600 төгрөгийн ногдлоос 56,300 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах боломжгүй” гэсэн хариу өгчээ. Иймд нэхэмжлэгчийн албан татварын өрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй бус, харин түүний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан байна гэж дүгнэлээ.
Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3-т “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг чөлөөлнө” гэж заажээ
Нэхэмжлэгч нь А.Т ХХК нь 2006 оны албан татварын өрийн 10 хувийг хуульд заасан хугацаанд буюу 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй ч, дээр дурьдсанаар нийт 56,300 төгрөгийн албан татварыг төлсөн байна.
Татварын өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж зааснаар Татварын өршөөл үзүүлэх тухай хууль татвар төлөгчдөд адил тэгш үйлчлэх, мөн татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчийг татвараас чөлөөлөх” гэж, Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3-т “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд ... шударга байх... зарчим баримтална” гэж тус тус зааснаар хуульд заасан журмаар албан татвараас чөлөөлөгдөх эрхтэй байна.
Нэхэмжлэгч 2006-2019 онуудад үйл ажиллагаа явуулаагүй болох нь татварын тооцооллын жагсаалтаар тогтоогдож байх бөгөөд тэрээр 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрийн чадваргүй болж санхүүгийн хүндрэлд орсон гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 15.1.2-т Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчид тусалж, татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөхтэй холбогдсон заавар аргачлал гарын авлага маягтаар хангах, сургалт зохион байгуулж үйлчилнэ гэж зааснаар татварын алба болон татварын улсын байцаагчаас санхүүгийн хүндрэлд орсон татвар төлөгч А.Т ХХК-д Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг тайлбарлан таниулах үйлчилгээг үзүүлээгүй, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хандаагүйгээс нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд буюу 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор албан татварын өрийн 10 хувийг төлөх, улмаар албан татварын өрөөс чөлөөлөгдөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзлээ.
Иймд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3-т заасныг үндэслэн “Айргийн тав ХХК-ийн 2006 онд үүссэн татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаас татгалзсан Төв аймгийн Т хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2006 оны татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Т хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин Монгол улсын Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 13 дугаар зүйлийн 2-т “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн 2006 оны албан татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа 2011 онд дуусахаар байгаа ч Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.2-т Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Монгол улсын Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 13 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгчийн 2006 оны албан татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн татварын өрийг 100 хувь чөлөөлнө” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1, Татварын өршөөл үзүүлэх тухай 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Т ХХК-ийн 2006 онд үүссэн албан татварын өрийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаас татгалзсан Төв аймгийн Т хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, А.Т ХХК-ийн 2006 оны албан татварын өрийг Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Т хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчааси 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хавтас хэргийн 41-р хуудас,