Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Г.Энхмөрөн

Улсын яллагч                                                    Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Э.Батбаяр

Шүүгдэгч                                                          Ц.Сансархүү    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон  овогт Цогтбаатарын Сансархүүд холбогдох эрүүгийн 201610010194 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 35 дугаар байр 25 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогтбаатарын Сансархүү. РД:/ЖЬ81032978/

Яллагдагчаар татах тогтоолоор: Шүүгдэгч Ц.Сансархүү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 03-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны 25 тоотод иргэн Б.Дүүрэнбаяртай зээлсэн мөнгөнөөс болж маргалдан улмаар гуян тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Сансархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Хохирогчтой эвлэрч, одоо найзууд хэвээр байгаа гэв.

Хохирогч Б.Дүүрэнбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...Байгаль овогтой Дүүрэнбаяр миний бие 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Сансархүүд хутгалуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Сансархүүтэй ярилцаж ойлголцсон. Надад ямар нэг санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-р тал/

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 354 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 тал/

-Хохирогч Б.Дүүрэнбаярын хүсэлт /хх-ийн 3-р тал/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Сансархүү нь согтуурсан үедээ 2016 оны 09 дүгээр сарын 03-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны 25 тоотод хохирогч Б.Дүүрэнбаяртай зээлсэн мөнгөнөөс болж маргалдан улмаар гуян тус газар нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Сансархүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэвч шүүгдэгч Ц.Сансархүү хохирогч Б.Дүүрэнбаяр нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 см урттай шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтбаатарын Сансархүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Ц.Сансархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ц.Сансархүү нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй бөгөөд  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28 см урттай шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.1-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Сансархүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ