Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0000/З

 

2014 оны 01 сарын 28 өдөр                    Дугаар 54                        Улаанбаатар хот

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Н нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр Д.Г-т газар эзэмшүүлэх эрх олгосон 1998 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/132 дугаар шийдвэрийг үндэслэн 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “М” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, мөн тус шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/132 тоот захирамжаар иргэн Д.Г-т Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Төв шуудангийн баруун талд 3515 м.кв талбай бүхий газрыг 12-15 давхар таван одтой дээд зэрэглэлийн зочид буудлын барилга барих зориулалтаар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон. Гэтэл иргэн Д.Г нь захирамж гарснаас хойш бүтэн 14 жилийн хугацаанд ямар ч барилга болон захирамжид заасан зориулалтын дагуу ажиллагаа хийгээгүй учир нийслэлийн Засаг даргын 2012 оны А/754 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

Иймд НЗД-ын 2012 оны А/754 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр болно.

  1. “М” ХХК-ний эрх ашиг дээрх захирамж гарснаар эрх зүйн хувьд огт хөндөгдөөгүй бөгөөд уг газар эзэмших болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжид “М” ХХК болон иргэн Д.Г, Д.Цнарын нэр байхгүй болно.

Гэтэл шүүх “М” ХХК-ний эрх ашгийг хэт хамгаалж, хамааруулж улмаар нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэн Д.Г-т холбогдох Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/754 тоот захирамжийн эрх зүйн үндэслэлийг хангаж шийдвэрлэн нэхэмжлэлийн хүрээнээс хэт хальж зөвхөн “М” ХХК-д холбогдуулан дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

  1. Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн иргэн Д.С-ийн гарын үсэгтэй өргөдлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн, “М” ХХК болон иргэн Д.Г, Д.Ц нараас Д.С-д шүүхэд төлөөлөх итгэмжлэл өгөөгүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан, үндсэн нэхэмжлэгч иргэн Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 282 тоот шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанд /хариуцагч нараас Д.С-ийн итгэмжлэлийг шаардуулж, бүрдүүлж байж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-г оролцуулж уг иргэн Д.Г-т холбогдох эрх зүйн актыг хянан хэрэглэсэн нь хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 19, 22, 26, 32, 33 дугаар зүйл зэрэг хуулийн заалтыг тус тус зөрчсөн.

Иймд дээр дурьдсан үндэслэлийг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Иргэн Д.Г болон “М" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/132 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн орон сууц гудамжны 1 дүгээр хороо, төв шуудангийн баруун талд, 3515 мкв газрыг Д.Г-т эзэмшүүлсэн байх ба энэхүү захирамжийг захиргааны байгууллагаас “дулаан, цэвэр усны магистраль, түүний хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж Д.Г-ийн нэрээр, харин газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ “М” ХХК-ийн нэрээр гарсан байх бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 605 дугаар захирамжаар маргаан бүхий газарт “М” ХХК-д 192 мкв газарт барилга барих зөвшөөрлийг олгож байжээ.

Эндээс үзэхэд тухайн маргаан бүхий газрыг бодит байдалд иргэн Д.Г эзэмшдэггүй, харин “М” ХХК эзэмшдэг болох нь 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1/0016 тоот газар эзэмших гэрчилгээ, гэрээ, 2007 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн техникийн нөхцөл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Д.Г нь 1998 оны 5 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийг “М” ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас “М” ХХК-д газар шилжүүлсэн захирамж гараагүй учир маргаан бүхий газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжсэн гэж үзэхгүй” маргаж байна.

Газрын тухай хуулийн /1994 оны/ 23 дугаар зүйлийн 2-ийн 5-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн захиргааны байгууллага нь газар эзэмшүүлэх, эсхүл татгалзах захирамжийг гаргах үүрэгтэй ба энэ тохиолдолд захиргааны байгууллага дээрх захирамжийн аль нэгийг гаргаагүй, харин газар шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, “М” ХХК-тай гэрээ байгуулснаас үзэхэд “М” ХХК-д газар эзэмшүүлэхийг захиргааны байгууллага зөвшөөрч байжээ.

Захиргааны байгууллага нь нэг газрын газар эзэмших гэрээ, захирамж, гэрчилгээг нэг маягаар үйлдэх ёстой атал энэ тохиолдолд газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээг өөр өөр этгээдийн нэрээр гаргаж, Газрын тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1-д заасан гэрээний үндсэн дээр газар эзэмшүүлэх заалтыг зөрчжээ.

Захиргааны байгууллага маргаан бүхий газрыг Д.Г-т эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэр нь ямар учраас газар эзэмших гэрээ, гэрчилгээгээр “М” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь тодорхойгүй, үндэслэл бүхий тайлбар хийж чадахгүй байна.

Хариуцагчийн “газар эзэмшүүлэх захирамж Д.Г-ийн нэр дээр гараагүй байхад Д.Г нь “М” ХХК-д газар шилжүүлж байгаа нь хууль бус” гэх гомдлын тухайд: Д.Ганпүрэв, “М” ХХК нь дуудлага худалдаанд оролцож, маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон болох нь 1998 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Нийслэл хотод шинээр барилга байгууламж барих газар эзэмших, ашиглах эрхийг худалдан авах тухай гэрээгээр тогтоогджээ.

Гэтэл энэхүү гэрээний нэг тал нь захиргааны байгууллага байх бөгөөд захиргааны байгууллага өөрөө газар шилжүүлэх захирамж гараагүй байхад маргаан бүхий газрыг “М” ХХК эзэмших, ашиглуулж, гэрээ байгуулж байсан атлаа нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Хариуцагчаас “өмнөх захиргааны байгууллагын алдаатай шийдвэр байсан” гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар төрийн албаны үндсэн болох мэргэшсэн, тогтвортой байх, залгамж холбоотой байх зарчмын хүрээнд захиргааны байгууллагын шийдвэр нь нэгдмэл байх бөгөөд захиргааны байгууллагын алдаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Дээрх нөхцөлүүдээс үзэхэд захиргааны байгууллага нь маргаан бүхий газрыг “М” ХХК эзэмшдэг болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй Д.Г-ийг “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, дулаан, цэвэр усны шугамд газар эзэмшсэн” гэж буруутгаж, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,1-д заасан агуулгын илэрхий алдаатай акт мөн байна.

Энэхүү шүүхийн шийдвэрээр зөвхөн Нийслэлийн Засаг даргын А/754 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн асуудал буюу Д.Г-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлийг хянаж байгаа тул захирамжид нэр заагдаагүй, талуудын маргаагүй зүйл болох “М” ХХК-ийн газар эзэмшлийн асуудал тухайлбал газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх, дулааны шугамын асуудал

зэргийг шалгах нь хэрэгт хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

Хариуцагчийн “Д.Г-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болохоос “М” ХХК-д холбоогүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй, үндсэн нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь хууль бус” гэх гомдлын тухайд:

Нийслэлийн Засаг даргын А/754 дүгээр захирамжийг “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эрх зүйн үр дагавар учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий газрыг бодит байдалд “М” ХХК ашигладаг байхаас гадна уг захирамжийн 2 дахь заалтаар маргаан бүхий газрыг төрийн өмчид бүртгэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байгаа нь маргаан бүхий газрыг газрын гэрээ, гэрчилгээ, барилга барих зөвшөөрлийн дагуу эзэмшдэг “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа тул “М” ХХК-ийг “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.Г “маргаан бүхий газрыг эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байхгүй учир А/754 дүгээр захирамж нь миний эрхийг зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байх ба энэ байдал нь “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш юм.

Хариуцагчийн “шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад шүүх хуралдаанд Д.С-г оролцуулсан” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Д.С-д “М” ХХК-ийн ерөнхий захирал Д.Г, захирал Д.Ц нараас итгэмжлэл олгосон байгаа нь хуулийн шаардлагад нийцсэн.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай

                Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.