Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Энхбаатар /онлайн/,

шүүгдэгч Ү.Ууганпүрэв нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Ууганпүрэвт холбогдох эрүүгийн 2215000590070 дугаартай, 163/2021/0113/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Рэгцэг овогт Үнэнбилэгийн Ууганпүрэв, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 дүгээр багийн Сэлэнгэ 4-419 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Баатарван амралтын газарт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 29 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ГН93032513.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн нутагт эсрэг урсгалд явсан 55-75 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Prius-20  загварын тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Э.Амин-Эрдэний эрүүл мэндэд хүнд, А.Энхбаатар, Э.Хүслэн, Б.Уранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ууганпүрэв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Энхбаатар нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000590070 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгсэл жолоодон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт буюу Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлийн асфалтан замаас зүүн эргэж Шунхлай шатахуун түгээх газар луу эргэхдээ эсрэг урсгалаас ирж буй 55-75 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Prius-20  загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас түүний зүүн урд талаас мөргөж зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Амин-Эрдэний биед хүнд, А.Энхбаатар, Э.Хүслэн, Б.Уранчимэг нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарын өгсөн: Би эхнэр хүүхдийн хамт гэрлүүгээ буцаж яваад зам тээврийн осолд орсон. Тухайн үед Ууганпүрэв ирж мөргөсөн. Үүний улмаас охин Амин-Эрдэнэд хүнд гэмтэл учирч тархины хагалгаанд орсон. Хэмжээ нь 10 сантиметр орчим хагархайтай буюу бөөрөнхий нүхтэй болсон, нүх нь төлждөггүй гэсэн. Хохирлын хувьд эмчилгээний зардлаас гадна машинд хохирол учирсан. Миний машины оронд машин авч өгнө гээд машиныг авсан. Тэгээд миний машиныг ченжид зараад 3,500,000 төгрөгийг надад хохирол гэж өгсөн. Тэр хүн нь намайг бичиг баримтаа шилжүүлж өг гээд байгаа. Машин авч өгнө гэж худлаа хэлж машин авч үлдчихээд машиныг маань зараад миний хохирлыг барагдуулж байгаа нь сонин санагдаад байна. Осолд орсноос хойш сар гаруй хугацааны дараа 3,500,000 төгрөг өгсөн, сая 5,000,000 төгрөг өгсөн. Осол гарах үеэр эхлээд хар өнгийн Prius загварын машиныг мөргөхөө алдаад зогссон. Тэгээд намайг ирж байхад над руу дараад би тоормоз гишгэж амжилгүй жалга руу ниссэн. Эхнэрийн хамар муруйсан, их ачаалал авахаар миний бие өвддөг болсон. Би 13,500,000  төгрөг нэхэмжилсэнээс 8,500,000 төгрөг өгсөн. Миний машиныг зараад өгсөн 3,500,000 төгрөгийг хохиролд тооцохгүй, одоо 8,500,000 төгрөг авах саналтай байна гэх мэдүүлэг,

3.  Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн нутаг буюу сумын төвийн хойд талд байрлах асфалтан зам дээр Шунхлай шатахуун түгээх газрын уулзвар хэсэгт болсон байв. Уг газарт 55-75 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Prius загварын тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ эд зүйл мөргөсөн, ...замаас гарч далан хэсэг рүү унасан байдалтай байв. ...Зам дээр саарал өнгийн 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгсэл баруун урд хэсгээр эд зүйл мөргөсөн байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: 55-75 УНТ улсын дугаартай, Prius загварын тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ эд зүйл мөргөж, хэлбэр дүрсээ алдаж салхины шил хагарч бутарсан, хойд гупер өргөгдсөн, хажуу хэсгээрээ ангайсан, гол хэсгээрээ хонхойсон байдалтай байв. ...85-02 БУЛ улсын дугаартай Adwan  загварын тээврийн хэрэгсэл байх ба баруун урд хэсгээрээ мөргөлдсөн, машины эд анги эвдэрч хэлбэр дүрсээ алдсан, урд гүпер хагарсан, салхины шил нь жолоочийн хэсэгтээ хагарсан байв. ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарын өгсөн:  Би 2022 оны 02 сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Хөвсгөл аймгийн Ханх сумаас өөрийн эзэмшлийн 55-75 УНТ улсын дугаартай, Prius-20 загварын тээврийн хэрэгсэлтэй эхнэр Уранчимэг, том охин Хүслэн, дунд охин Амин-Эрдэнэ, том хүү Оджаргал нарын хамт Төв аймгийн Баянчандмань сум орохоор хөдөлсөн. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд байрлах шатахуун түгээх станцын хажуу талаас 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгсэл гарч ирээд асфалтан замын эсрэг урсгалд ороод ирэхээр нь хажуугаар зөрөх гэж байна гэж бодоод явж байтал гэнэт миний зорчиж байсан эгнээ хэсэг рүү урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөсөн. Тэгээд асфалтан замын хажуу талын усны хаялага руу машин онхолдсон. Ослын дараа манай бага хүү Оджаргал ухаан алдаж, том охин Хүслэн, Амин-Эрдэнэ нар маш их айж уйлсан байсан ба мөн эхнэр Уранчимэгийн толгой хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Урсгал сөрж орж ирсэн 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгслийн жолооч архи согтрууруулах ундааны зүйл хэрэглэсэн ганцаараа зорчиж явсан. Тэгээд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв рүү яаралтай хүргэгдэж удаагүй цагдаа ирсэн. Хохирлын хувьд 55-75 УНТ улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 8,500,000 төгрөг, эмчилгээний зардал 5,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

6. Иргэний нэхэмжлэгч Б.Уранчимэгийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Хөвсгөл аймгийн Ханх сумаас манай нөхөр Энхбаатар 55-75 УНТ улсын дугаартай Prius-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож том охин Хүслэн, дунд охин Амин-Эрдэнэ, том хүү Оджаргал нарын хамтаар Төв аймгийн Баянчандмань сум орохоор хөдөлсөн. Орой 22 цагийн үед Булган аймгийн Хутаг- Өндөр сумын төвд байрлах бензин клонкын хажуу талаас 85-02 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирээд асфалтан замын эсрэг урсгалд ороод ирэхээр нь хажуугаар зөрөх гэж байна гэж бодоод явж байтал гэнэт манай зорчиж байсан эгнээ хэсэг рүү урсгал сөрж орж ирээд манай нөхрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөсөн ба манай машин замын хажуу талын усны хаялага руу онхолдсон. Ослын дараа манай бага хүү Оджаргал ухаан алдаж, том охин Хүслэн, Амин-Эрдэнэ нар айж уйлсан. Урсгал сөрж явсан машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа зорчиж явсан. ...Ослын улмаас миний хамар зүүн тийшээ муруйсан хэдий ч жирэмсэн учир хагалгаанд орж болохгүй гэсэн. Томографикийн зураг авахуулах гэсэн боловч мөн урагт хортой учир зураг авахуулж чадаагүй. Би тээврийн хэрэгслийн үнэ 8,500,000 төгрөг, эмчилгээний зардал 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Холбогдох баримтууд нь байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

7. Гэрч Д.Энхтүвшингийн өгсөн: Тухайн өдөр би ажил дээрээ буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хойд талд байрлах Шунхлай шатахуун түгээх газарт байж байтал гадаа түс тас гэх чимээ гарсан. Тэгэхээр нь гараад хартал зам дээр цагаан өнгийн Prius, саарал өнгийн Adwan загварын тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан. Тэр осолд орсон хүмүүс намайг эмч дуудаарай гэхээр нь би сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Би цааш очиж нэг бүрчлэн хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

8. Гэрч Б.Мандухайгийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд Ууганпүрэвийнд нөхөр хүүхдүүдийн хамтаар очиход Ууганпүрэв эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар байсан. Тэнд цагаан сар тэмдэглэж 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи гаргаж ирээд Булгансүх, Жавзанпагма, Идэрбаасан нар хамт уусан. Тухайн үед Ууганпүрэв архи хундагалаж байсан учир тийм ч их уугаагүй. Мөн 2.5 литрийн савлагаатай Боргио нэртэй пиво уусан. Ингээд 15 цагийн орчимд манайх руу бүгд явсан. Тэгээд бид нар манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал оройн 21 цаг өнгөрч байхад Ууганпүрэвийн аав нь түүн лүү залгаад машин аваад ир зөрүүлээд миний унаж яваа машиныг аваад яв гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би чи архи уучихаад машин барьж явж яах гээд байгаа юм бэ гэхэд аав хүмүүстэй явж байгаа гэнээ, хол явахгүй Шунхлай шатахуун түгээх газар орно гэхээр нь гайгүй ойрхон юм байна гэж бодоод явуулсан. Тэгээд Ууганпүрэв ганцаараа саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл унаад явсан. Хэсэг хугацааны дараа Жавзанпагма Ууганпүрэвтэй ярихад машинтай мөргөлдчихлөө гэж хэлсэн гэсэн. ...Ууганпүрэв эхнэр, 2 хүүхдийн хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт оршин суудаг. Баатарван амралтын газарт галч, жолооч ажилтай гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

9. Гэрч С.Пүрэв-Очирын өгсөн: 2022 оны 02 сарын 04-ний өдрийн 21 цаг өнгөрч байх үед би өөрийнхөө 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн эгчийн хүүхэд Ууганпүрэвт өгчихсөн байж байгаад аав Үнэнбилэгийнх нь хамтаар Хутаг-Өндөр сумын Шунхлай шатахуун түгээх газрын ойролцоо машинаа авахаар дуудсан. Тухайн үед би аав Үнэнбилэг, ээж Оюу-Отгон нарын хамтаар асфалтан замын хойд талд осол болсон газраас ойролцоогоор 150 орчим метр зайд машинд сууж байсан. Тэгээд зам руу хараад байж байтал асфалтан замын урд талаас буюу туслах замаас миний 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгсэл зүүн эргэх дохиогоо өгөөд асфальтан замаар явж байсан нэг тээврийн хэрэгсэлд зам тавьж өгчихөөд зүүн эргээд асфалтан замд орж эгнээндээ орсон. Тэгээд ирж байна даа гэж бодоод анзаараагүй байж байтал түс тас хийх чимээ гараад осол болсон. Тэгэхээр нь би осол болсон газарт очиход Хөвсгөл аймгаас ирж байсан цагаан өнгийн Prius загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан ба тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь хүүхдээ тэвэрчихсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд эхнэр, нөхөр гурван хүүхдийнхээ хамтаар явж байсан. Харин би өөрийнхөө тээврийн хэрэгсэл дээр яваад очиход миний машиныг Ууганпүрэв ганцаараа жолоодсон байдалтай байж байсан. Удалгүй эмч болон цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

10. Гэрч Б.Жавзанпагмын өгсөн: Манай нөхөр Ууганпүрэв эхээс хоёулаа бөгөөд айлын том хүүхэд байгаа юм. Бид хоёр 2016 онд гэр бүл болж тусдаа гарсан. Манай нөхөр Баатарван амралтын газарт жолооч ажилтай. Сардаа 400,000 төгрөгийн цалин авдаг. Ууганпүрэв нь архи, согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, хааяа нэг баяр ёслолоор л уудаг. Тухайн үед унаж явсан тээврийн хэрэгсэл нь манай нөхрийн ээжийнх нь төрсөн дүү Пүрэв-Очирын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

11. Арвижих-эстимейт хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны  өдрийн №22593450 дугаартай: 55-75 УНТ улсын дугаартай Toyota Prius-20 загварын автомашинд учирсан шууд хохирол 4,800,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон 6,030,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-111 дэх тал/,

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2732 дугаартай Э.Амин-Эрдэний биед дух ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2733 дугаартай А.Энхбаатарын биед духанд зулгаралт, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2734 дугаартай Э.Хүслэнгийн биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2731 дугаартай Б.Уранчимэгийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

13. Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай: Жолооч Үнэнбилэг овогтой Ууганпүрэв /РД:ГН93032513/ нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд B, C  ангилалын хүчинтэй төлөвтэй байна. Тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч Үнэнбилэг овогтой Ууганпүрэв /РД:ГН93032513/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Уг зам тээврийн осол Үнэнбилэг овогтой Ууганпүрэв /РД:ГН93032513/ нь эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас осол гарсан байна гэх магадлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/,

14. Шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд Булгансүх гэх найзындаа цагаан сар хийх гээд эхнэр хүүхдүүдийн хамтаар очсон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэхдээ ухаанаа алдталаа согтооогүй. Тэгтэл орой 23 цагийн орчимд манай аав Үнэнбилэг утсаар залгаад намайг сумын төвийн ард талд байдаг Шунхлай шатахуун түгээх газарт хүрээд ир Пүрэв-Очирын машиныг авах гэсэн юм гээд дуудсан. Тэгэхээр нь би Пүрэв-Очир ахын эзэмшлийн 85-02 БУЛ улсын дугаартай саарал өнгийн Adwan загварын тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа хөдөлсөн. Тэгээд машинаа жолоодоод явж байгаад Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд асфалтан зам дээр ирээд эхлээд Хөвсгөл аймгийн зүгээс ирж байсан нэг машинд зам тавьж өгсөн. Тэгээд зүүн эргэх үйлдэл хийгээд улмаар асфалтан зам дээр гараад өөрийн зорчих хэсэг рүү бүрэн гүйцэт орсон. Тэгээд өөрийн эгнээгээр явж байгаад Шунхлай шатахуун түгээх газар луу эргэхээр жолооны хүрдийг зүүн дараад явж байх үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би тухайн үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийг харахад жаахан зайтай юм шиг харагдаж байсан. Тэгэхээр нь толиндоо араас машин ирж байж магадгүй гэж харахад байхгүй болохоор нь зүүн эргэх дохиогоо өгөөд зүүн эргэх үйлдэл хийж байх үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийг ирж байхыг нь би харсан гэхдээ би амжчих байх гэж бодоод зүүн эргэх үйлдэл хийсэн боловч амжаагүй. Иймд миний буруу гэж бодож байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Энхбаатар /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Уранчимэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ нарын өгсөн “2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн гишүүн болох эхнэр Б.Уранчимэг, охин Э.Хүслэн, Э.Амин-Эрдэнэ, хүү Э.Оджаргал нарын хамтаар Хөвсгөл аймгийн Ханх сумаас Төв аймгийн Баянчандмань сум чиглэлд 55-75 УНТ улсын дугаартай Prius-20 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба оройн 22 цагийн орчимд Булган аймгийн Хутаг- Өндөр сумын төвд байрлах бензин клонкын хажуу талаас 85-02 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирээд асфалтан замын эсрэг урсгалд ороод ирэхээр нь хажуугаар зөрөх гэж байна гэж бодоод явж байтал гэнэт манай зорчиж байсан эгнээ хэсэг рүү урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөсөн ба манай машин замын хажуу талын усны хаялага руу онхолдсон гэх адил агуулга бүхий мэдүүлэг, “ажил дээрээ буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хойд талд байрлах Шунхлай шатахуун түгээх газарт байж байтал гадаа түс тас гэх чимээ гарсан ба гараад хартал зам дээр цагаан өнгийн Prius, саарал өнгийн Adwan загварын тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан” гэх агуулга бүхий гэрч Д.Энхтүвшингийн мэдүүлэг, “2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд Булгансүх гэх найзындаа цагаан сар хийх гээд эхнэр хүүхдүүдийн хамтаар очсон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Оройн 23 цагийн орчимд манай аав Үнэнбилэг утсаар намайг сумын төвийн ард талд байдаг Шунхлай шатахуун түгээх газарт хүрээд ир Пүрэв-Очирын машиныг авах гэсэн юм гээд дуудсан. Тэгэхээр нь би Пүрэв-Очир ахын эзэмшлийн 85-02 БУЛ улсын дугаартай саарал өнгийн Adwan загварын тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа хөдөлсөн. Машинаа жолоодоод явж байгаад Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд асфалтан зам дээр ирээд эхлээд Хөвсгөл аймгийн зүгээс ирж байсан нэг машинд зам тавьж өгөөд зүүн эргэх үйлдэл хийгээд улмаар асфалтан зам дээр гараад өөрийн зорчих хэсэг рүү бүрэн гүйцэт орсон. Тэгээд өөрийн эгнээгээр явж байгаад Шунхлай шатахуун түгээх газар луу эргэхээр жолооны хүрдийг зүүн дараад явж байх үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би тухайн үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийг харахад жаахан зайтай юм шиг харагдаж байсан. Тэгэхээр нь толиндоо араас машин ирж байж магадгүй гэж харахад байхгүй болохоор нь зүүн эргэх дохиогоо өгөөд зүүн эргэх үйлдэл хийж байх үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийг ирж байхыг нь би харсан гэхдээ би амжчих байх гэж бодоод зүүн эргэх үйлдэл хийсэн боловч амжаагүй” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогч Э.Амин-Эрдэний биед хүнд, А.Энхбаатар, Э.Хүслэн, Б.Уранчимэг нарын биед хөнгөн гэмтэл тус тус учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2732, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2733, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2734, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2731 дугаартай дүгнэлтүүд, Ү.Ууганпүрэв нь замын хөдөлгөөний дүрмэнд тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол гарах шалтгаан болсоныг тогтоосон Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08  дугаартай магадлагаа, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн талаарх Арвижих-эстимейт хязгаарлагдмал хувьцаат компаны шинжээчийн  2022 оны 02 дугаар сарын 28-ны  өдрийн №22593450 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.3 дугаар зүйл: “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд явж байсан 55-75 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Prius-20  загварын тээврийн хэрэгслийг зүүн урд талаас нь мөргөсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Э.Амин-Эрдэний эрүүл мэндэд хүнд, А.Энхбаатар, Э.Хүслэн, Б.Уранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Э.Амин-Эрдэний эрүүл мэндэд учирсан хүнд, насанд хүрээгүй хохирогч Э.Хүслэн, хохирогч А.Энхбаатар, Б.Уранчимэг нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд тээврийн хэрэгсэл тэнцвэрээ алдан замаас гарах, унах үед хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ү.Ууганпүрэв жолоодож явсан нь нотлогдсон, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол тус тус учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

       Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ү.Ууганпүрэвийг 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 85-02 БУЛ улсын дугаартай Adwan загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй Э.Амин-Эрдэний эрүүл мэндэд хүнд, Э.Хүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн, мөн А.Энхбаатар, Б.Уранчимэг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Амин-Эрдэний биед хүнд, А.Энхбаатар, Э.Хүслэн, Б.Уранчимэг нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2732, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2733, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2734, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2731 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.

Мөн уг зам тээврийн осолд өртсөн иргэний нэхэмжлэгч Б.Уранчимэгийн эзэмшлийн 55-75 УНТ улсын дугаартай цагаан өнгийн Prius-20  загварын тээврийн хэрэгсэлд 6,030,000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан болох нь Арвижих-эстимейт хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 28-ны  өдрийн №22593450 дугаартай тайлангаар нотлогдсон байна.

Иргэний нэхэмжлэгч А.Энхбаатар, Б.Уранчимэг нарын хувьд нэг гэр бүлийн гишүүд байх тул тэдний гаргасан иргэний нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Энхбаатар нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг, ослын улмаас эвдрэл, гэмтэл учирсан машины үнэ 8,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардлын талаарх баримт хавтаст хэргийн 162-179 дэх талуудад авагдсан байх ба шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянавал хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,454,523 төгрөгийг хангах нь хууль зүйн үндэслэлтэй байна, харин хавтаст хэргийн 105-119 дэх талд авагдсан Арвижих-эстимейт хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №22593450 дугаартай дүгнэлтээр 55-75 УНТ улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг 8,500,000 төгрөгөөр, учирсан эвдрэл, гэмтлийн хохирлын үнэлгээг 6,030,000 төгрөгөөр тус тус тогтоосон байх ба иргэний нэхэмжлэгч А.Энхбаатар нь 55-75 УНТ улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо түүний үнэлгээгээр гаргуулахаар шүүгдэгч Ү.Ууганпүрэвтэй тохиролцож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ү.Ууганпүрэвт хүлээлгэн өгсөн байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг болон тээврийн хэрэгслийн үнэ 8,500,000 төгрөг болон  цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Ү.Ууганпүрэвээс нийт 13,500,000 төгрөг гаргуулахаас түүний төлсөн 8,500,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарт олгож, насанд хүрээгүй хохирогч Э.Амин-Эрдэнийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ү.Ууганпүрэвийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ү.Ууганпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэргийн 31-139 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын засаг даргын тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, Хутаг-Өндөр сум, нэгдүгээр багийн Сэлэнгэ 4-419 тоотод оршин суудаг, тус суманд үйл ажиллагаа явуулдаг Баатарван амралтын газарт галч, жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Ү.Ууганпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон энэ хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Рэгцэг овогт Үнэнбилэгийн Ууганпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ү.Ууганпүрэвийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ү.Ууганпүрэвт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ү.Ууганпүрэвт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Уганпүрэвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ууганпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ууганпүрэвээс 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань нэгдүгээр багийн Хананы 10-05 тоотод оршин суух бүртгэлтэй, Сартуул овогт Алтанхуягийн Энхбаатар /РД: РО88072573/-т олгож, А.Энхбаатар нь насанд хүрээгүй хохирогч Э.Амин-Эрдэнийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч Ү.Ууганпүрэв нь хохирлыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ү.Ууганпүрэв цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ү.Ууганпүрэвийн “B, С” ангилалын 1279382 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД