| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0011/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/10 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.В.М- даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг
Шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- холбогдох эрүүгийн 19220034400001 тоот хэргийг 2020 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 02 сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, 174-р байрны 1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Ч овгийн Б Б.Б- /РД:ххххххххххххх/
Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 11 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд иргэн В.М-зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Б-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ‘Би В.М-ыг эхнэртэйгээ хардаж маргалдсан, бид 2 заамдалцсан байхад намайг боогоод, тэгэхээр нь би цохисон. Энэ үйлдэлдээ гэмшиж, өөрийгөө их буруутгаж байгаа гэв.
2. Хохирогч В.М-: ‘’...2019.11.15-ны өдөр би Дундговь аймгийн төвд ирээд Мандал худалдааны төвийн гадаа байж байхад тус худалдааны төвийн гадаа надтай Оргио гэдэг хүн тааралдаад намайг харангуутаа мэнд усгүй намайг ална хядна гэж заналхийлсэн. Тухайн үед би яагаад байгааг нь асуусан, юу болоод байгааг мэдээгүй. Би тэр хүнийг хамт цагдаагийн газар очиж учраа олъё гээд Оргио гэдэг хүний 07-75 дуа улсын дугаартай автомашинд суусан чинь тэр хүн цагдаагийн газрын чигтээ явж байгаад цагдаагийн гадаа зогсолгүй шууд чигээрээ яваад аймгийн төвөөс урд зүгт байдаг хогийн цэг дээр очсон. Машинаасаа буухдаа намайг ална гээд гартаа сэрээ барьсан байсан. ...Би тэр хүнд хандаж намайг ямар шалтгаанаар алах гээд байгааг асуухад тэр хүн надад хандаж чи надтай тэтгэврийн хөгшин авгай булаацалдлаа гэж хэлээд намайг өмсөж явсан хувцаснаас заамдаж аваад нэг удаа миний зүүн шанаанд гараа зангидаж байгаад цохисон. Ахиад намайг цохих гэхээр нь гараараа барьж аваад тэр хүнд хандаж би өвгөн хүн зодохгүй, би хэлдэг газар чинь хэлнэ, чи надад гай болно, би ийм тэнэг хүнтэй юу ярих юм бэ нэж хэлээд салаад машинд нь суулгүйгээр явган алхаад явсан. Оргио гэдэг хүн утсаараа ямар нэг хүн рүү залгаад нөгөө хулгайчийг чинь барьчихлаа, хүрээд ир, хоёулаа алъя гээд байсан. Би явган зугатааж байтал миний араас Оргио гэдэг хүн машинаараа дайрах оролдлого 5-6 удаа хийсэн. Миний зүүн дээд 4-р шүд хөдөлсөн. ... би энэ хүний эхнэрийг танихгүй, мэдэхгүй. Сүүлийн үед тэр хүний эхнэр 89895113 дугаарын утсаар залгаад та цагдаад гомдлоо гарга. Оргио сүүлийн үед тантай намайг хардаад өөрийг чинь ална, намайг ч бас ална гэж заналхийлээд байна. Та цагдаагийн газарт гомдлоо гаргаж О-г шалгуул гээд байгаа. Энэ шалтгаанаар би амь насаа бодоод цагдаагийн газар ирж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-07-08/
3. Гэрч Ц.У-. “...Би В.В.М- гэх хүнийг танихгүй ба 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манайд ирж шүдээ үзүүлсэн үйлчлүүлэгч юм. Тухайн үед өвчтөнөөс зовиур асуухад шүд хөдөлсөн гэж хэлж байсан. Өнөөдөр буюу 2019 оны 11 сарын 15-ны өглөө 11 цагийн үед танихгүй хүнд цохиулсан. Одоо хөдөлж байгаа шүд маань урд өмнө нь огт хөдөлгөөнгүй байсан гэж хэлсэн. В.В.М-ад үзлэг хийхэд нүүрний тэгш хэм хэвийн, нүүрний гадна талд ил харагдах шарх сорвигүй, амны хөндий өнгөр ихтэй, дээд зүүн талын 4-р шүд хөдөлгөөнд орсон, уруулын дотор тал бага зэрэг урагдсан, цус гараагүй байсан... ” гэх мэдүүлэг /хх-14-15
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 306 дугаартай: ‘’ 1.2. В.М- биед зүүн дээд 4-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан байх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4 Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 6.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-22-23/
5. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, тэдний эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 11 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд иргэн В.В.М-ыг зодож түүний эрх чөлөөнд халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-нь хохирогч В.М- эрх чөлөөнд халдаж түүнийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-нь хохирогч В.В.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзээд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ
Шүүгдэгч Б.Б- шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирогч В.В.М- нь ‘’шүүгдэгч Б.Б.Б-оос хохирол төлбөрөө бүрэн авсан гэсэн баримт хэргийн 59-рт авагдсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.
Иймд шүүгдэгч Б.Б-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-нь хохирогч В.В.М-ад хохирол 1000000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч овгийн Б Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овгийн Б Б.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-нь хохирогч В.В.М-ад хохирол 1000000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.М-