Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Орсоогийн Мөнхнасан, Зээрд адуун овогт Батсүхийн Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2021005010351 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио камандын офицер мэргэжилтэй, агаарын цэргийн 085 дугаар ангид оператор ажилтай, ам бүл 7, эцэг, эх, өвөө, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 5-12 тоотод оршин суух, 2015 онд Дайчин алдар-3, 2016 онд Эх орны төлөө-2 медалиар шагнагдаж байсан, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 637 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Орсоогийн Мөнхнасан /РД: ЖЙ 88040770/.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 23-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зээрд адуун овогт Батсүхийн Эрдэнэ /РД: ЖИ 85060613/.

Шүүгдэгч О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 64 дүгээр байрны хажууд хохирогч Б.Золбаяртай маргалдан улмаар зодож “...Б.Золбаярын биед баруун нүдний доод зовхи, хацар, шанаа, дээд уруул, ууц нурууны зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, хүзүүний цус хуралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Орсоогийн Мөнхнасан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Шүүгдэгч Батсүхийн Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хохирогч Б.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баар хаах үеэр найз Даньхүрэлийг гэрт нь хүргэж өгөх гээд “Хас” банктай ногоон байр буюу 64 дүгээр байрны урд талаар зүүн тийш СМУ-ын хороолол орох гээд явж байхад Зэвсэгт хүчний 085 дугаар ангид ажилладаг Мөнхнасан, Эрдэнэ гэх залуучууд өөдөөс ирж байгаа харагдсан. Тухайн үед Даньхүрэл бид хоёр хоорондоо тоглож “Пизда минь зүгээр байгаарай” гэж Даньхүрэл чангаар инээсэн. Тэгэхэд Мөнхнасан, Эрдэнэ хоёр “Яасан гээд байгаа юм бэ, муу хоёр банди минь” гэж хэлэхэд нь би “Та хоёртой яриагүй байна” гэхэд “Та муу хоёр банди ахыгаа өдөөд байгаа юм уу” гээд бид хоёртой маргалдсан. Тэгтэл Мөнхнасан намайг заамдаж боогоод ухаан алдуулсан. Би хэсэг ухаангүй байж байгаад босоход Эрдэнэ намайг хавирч газарт унагахаар нь босох гэж байтал Мөнхнасан намайг үсдэж нүүр рүү гараараа цохиж толгойгоор минь газарт мөргүүлж чирээд байсан. Энэ үед Эрдэнэ миний толгой, нүүр рүү өшиглөөд байсан ба намайг нийлж зодсон. ...Эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-13 тал/

Гэрч Б.Даньхүрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Золбаяр намайг хүргэж өгөх гээд ... СМУ-гийн хороолол руу орж байхад Мөнхнасан, Эрдэнэ гэх хоёр залуутай Золбаяр маргалдсан. ...Мөнхнасан Золбаярыг заамдаж унагаасан. Харин Эрдэнэ тоосго барьж намайг зодохоор хөөсөн. Би тэд нарт зодуулаагүй. Эрдэнэ намайг хөөхөө болиод Золбаяр, Мөнхнасан хоёр дээр очоод Мөнхнасантай нийлж Золбаярыг зодож байгаад явсан. ...Мөнхнасан Золбаярын нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Мөн үсдэж газарт чирч байсан. Эрдэнэ нь Мөнхнасанг зодож байхад хажуугаар нь толгой, нүүр рүү 2-3 удаа өшиглөж байсан...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 634 тоот дүгнэлтэд:

1. Б.Золбаярын биед  баруун нүдний доод зовхи, хацар, шанаа, дээд уруул, ууц нурууны зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон баруун нүдний доод зовхи, хацар, шанаа, дээд уруул, ууц нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эрүүний зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24-25 тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 тал/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23 тал/

О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20, 33-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт Орсоогийн Мөнхнасан, Зээрд адуун овогт Батсүхийн Эрдэнэ нар нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 64 дүгээр байрны хажууд хохирогч Б.Золбаяртай маргалдан улмаар зодож түүний биед баруун нүдний доод зовхи, хацар, шанаа, дээд уруул, ууц нурууны зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Золбаяр, Б.Даньхүрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 634 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Орсоогийн Мөнхнасан, Батсүхийн Эрдэнэ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Орсоогийн Мөнхнасан, Батсүхийн Эрдэнэ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Хохирогч Б.Золбаяр нь шүүгдэгч О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нартай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Орсоогийн Мөнхнасан, Зээрд адуун овогт Батсүхийн Эрдэнэ нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Орсоогийн Мөнхнасан, Батсүхийн Эрдэнэ нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч О.Мөнхнасангийн ЖЙ 88040770 регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Эрдэнийн ЖИ 85060613 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Мөнхнасан, Б.Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ПАГМА