Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

 

 

2019            4             11                                             2019/ДШМ/327                                              

 

         Ө.Т- холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

прокурор А.Мөнхзул,

            шүүгдэгч Ө.Т- , түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Т- ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1808012940562 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Ч  овгийн Ө-ын Т- , .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Ө.Т-  нь 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын өрөөнд хоорондын таарамжгүй харилцааны улмаас нягтлан бодогч ажилтай, иргэн Ц.Дэлгэрэхтэй маргаан үүсгэн, ширээн дээр нь байсан шаазан аяга чулуудаж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Т- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Т- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Т- оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Т-  нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шаазан, бариултай аяга 1 ширхгийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.Т-  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Т-  би Ц.Дэлгэрэх рүү аягаар шидэж цохиогүй гэдгээ удаа дараа мэдүүлсээр байхад шүүхээс нэг талыг барьж шийдсэн. Энэ хэргийг харсан хүн байхгүй, Ц.Дэлгэрэхийн үгээр энэ асуудлыг шийдсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд цэцэрлэгийн эмч Дорждэрэмийг оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээж аваагүй. Цэцэрлэгийн эмчид Ц.Дэлгэрэх “Т-  миний гарыг цохичихлоо” гэж хэлж үзүүлэхэд тухайн үед гарын тохойнд хөхрөлт няцралт байгаагүй. Эд мөрийн баримтаар хураагдсан том шаазан аягаар хэрвээ би босоо, зогсоо байдлаар цохисон бол Ц.Дэлгэрэхийн нүүрэнд буюу бусад газар руу онох байсан.

Мөн шинжээч эмчийг шүүх хуралдаанд оруулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Мөрдөн байцаагчид “ажил дээрээ туршилт хийлгэх” тухай хүсэлт гаргахад, Ц.Дэлгэрэх нь ирээгүй. Ингэхдээ “би 1 метрийн зайтай сууж байсан, ажил төрлийн  маргаан үүсгэсэн” гэж хэлэхэд Ц.Дэлгэрэх түүнтэй танилцаад гарын үсэг зурсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй “намайг зогсоо байдалтай байхад цохисон” гэж мэдүүлсэн.

Мөн шүүх эмнэлгийн 3407 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Тохойд 3,5x3 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэнийлгэх нугалах хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдмал, өвчин эмзэглэлтэй...” гэсэн байсан тул шүүх эмнэлгийн шинжээч эмчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй. Тэнийлгэх, нугалах хөдөлгөөн хийж чадахгүй хүн бүтэн 2 цагийн дотор ажилчдын цалин бодсон, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл бичсэн гэсэн хөдөлгөөнийг хийж чадах эсэх талаар эмчээс тодруулах шаардлагатай байсныг анхаарч үзээгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан том шаазан аягаар хэрвээ би босоо, зогсоо байдлаар чулуудаж шидсэн бол Ц.Дэлгэрэхийн мэдүүлснээр түүний нүүр, толгой, бие рүү хүчтэй шидэгдэж хүнд гэмтэл учрах магадлалтай баймаар. Гэтэл зөвхөн тохойд нь гэмтэл учирсан нь бодит байдалтай нийцэхгүй үнэмшилгүй байхад шүүх “хохирогч нь Ө.Т- зодуулсан талаараа хүмүүст хэлсэн, ярьсан, харьцуулсан” үндэслэлээр нотлогдсон гэснийг зөвшөөрөхгүй байна.

Хавтас хэргийн 71 дүгээр хуудсанд байгаа гэрэл зурагт хэний тохойны зураг байгаа нь тодорхойгүй, мөрдөгч нь тэмдэглэл хөтөлж аваагүй, хавтас хэргийн 4-6 дугаар хуудсанд байгаа гар утсаар авсан тохойны зурагт хөхөрсөн, улайсан зүйл байхгүй байсан. Ц.Дэлгэрэх болохоор би 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн гэдэг. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд 2018 оны 3 дугаар сарын 9-нд үзлэг хийсэн гэдэг. Ц.Дэлгэрэх 10 хоног гар нь сойлттой байсан гэж мэдүүлж байсан. Ц.Дэлгэрэхийн мэдүүлэг зөрүүтэй байгааг шүүхээс анхаараагүй. Шүүх хуралд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар туршилт хийлгэх хүсэлтийг гаргахад хүлээж аваагүй. Учир нь, хавтас хэргийн 180 дугаар хуудсанд байгаа мэдүүлгийг газар дээр нь шалгаж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийхэд хохирогч Ц.Дэлгэрэх оролцоогүй, хэрэг болох үед ямар байдалтай сууж байсныг зургаар харуулж тэмдэглэл хөтөлсөн. Ц.Дэлгэрэх уг тэмдэглэл зургийг хараад хүлээн зөвшөөрч танилцсан байсан. Гэтэл шүүх хурал дээр Ц.Дэлгэрэх нь “Ө.Т-  намайг цохихдоо сууж байгаагүй” гэдэг.

Иймд туршилт хийлгэх хүсэлт гаргахад хүлээж аваагүйд гомдолтой байна. Энэ гэрэл зургийг “Ц.Дэлгэрэхийн зураг биш байна” гэж хэлэхэд мөн хүлээж аваагүй. Анхан шатны шүүх энэ хэргийг шударгаар шийдээгүй, хохирогчийн гаргасан гомдлоор буюу хэт нэг талыг барьсан. Шүүхээс хэргийг шударгаар шийдээгүй, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хурал хийх болоход хохирогч Ц.Дэлгэрэхийг шүүгч н.Ганбатын туслах Ханджав нь өрөөндөө дуудаж оруулан өмгөөлөгч авахыг зөвлөж байсан. Энэ талаар шүүгчээс татгалзах хүсэлт өгсөн боловч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй. Энэ байдал нь нэг талыг барьж шийдвэрлэсэн тул хэргийг дахин хянан үзэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. Мөн гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Ажил төрлийн холбоотой, намайг 127 дугаар цэцэрлэгээс явуулахын тулд намайг гүтгэсэн асуудал гарсан. Энэ хэргийн дараа би ажлаа өгсөн. ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Т- ын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан, гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Ө.Т- зодуулсан талаар хохирогч ажлын хамт олондоо мэдэгдсэн, ярьсан, харуулсан, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн үйл баримт нь удаа дараа тогтвортой мэдүүлсэн, мэдүүлгийнхээ эх сурвалжаа тодорхой заасан гэх зэрэг үндэслэлээр хохирогчийн мэдүүлэг үнэн зөв гэж үзэж, шүүх шүүгдэгчид ял оногдуулж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн үед шүүгдэгч, хохирогч хоёр байсан. Тухайн үеийг харсан үзсэн гэрч байхгүй. Цэцэрлэгийн эмч н.Дорждэрэмийн мэдүүлэгт “хохирогч Ц.Дэлгэрэх гараа үзүүлсэн үзлэгт; ямар нэгэн улайлт тогтоогдоогүй” гэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд эмч н.Дорждэрэмийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийн хангаж шийдвэрлээгүй.

Мөн шинжээчийн дүгнэлтэд цус хуралттай, нугалах, тэнийлгэхэд хязгаарлагдмал, орчин бага зэрэг өвчин эмзэглэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Энэ үндэслэлээр шинжээч эмчийг мөн оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй. Хангах боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргах болсон учир нь “хохирогч 10 хоног гараа хөдөлгөж чадахгүй сойлттой явж байсан” гэж хэлдэг. Хавтас хэргийн 16 дугаар талд байгаа тохойны зураг нь хөхөрсөн зүйл байхгүй байсан. Харин хавтас хэргийн 71 дүгээр талд, хэний зураг болох нь мэдэгдэхгүй, тохойны том хөхөрсөн зураг байсан талаар мөрдөн байцаагч хөтөлж байцаалт авсан баримт хавтас хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд ямар нэгэн үйл явдал, үйлдэл, бусад байдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байвал  шүүх талуудын хүсэлтээр туршилт хийж болно” гэж зааснаар туршилт хийх хүсэлт гаргасан боловч мөн шүүхээс хангаж шийдвэрлээгүй.

Хэргийн газрын үзлэг хийхдээ зөвхөн шүүгдэгчийг оролцуулж, хохирогчийг оролцуулаагүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “би сууж байсан” гэж хохирогч хэлдэг, гэтэл шүүх хуралдааны үеэр хохирогч Ө.Т-  “зогсоогоороо над руу аяга аваад шидсэн” гэж мэдүүлдэг. Эдгээр байдлууд нь хоорондоо зөрүүтэй байсан учраас анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх хохирогч ажлын хамт олондоо мэдэгдсэн, харуулсан гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэн хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан учраас шүүгдэгч Ө.Т- ын гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Албан тушаал өөрчлөх бодлого зорилготойгоор энэ гэмт хэргийг холбогдуулж байна. Гол маргалдсан асуудал нь цалин, тооцооны асуудал байдаг боловч цэцэрлэгт ажиллаж байсан, ажиллаж байгаад гарсан хүмүүсийн нэр дээр цалин бодож гаргасан. Энэ нь аудитын шалгалтаар тогтоогдож, 3,000,000 гаруй төгрөгийн актыг төлөх талаар Ц.Дэлгэрэхэд Б.Т-  хэлснээр маргалдаж, зөрчил үүссэн. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр харагддаг.

Тухайн маргаан нь даамжирч, Ө.Т-  нь бусдын эсрэг чиглэсэн буюу Ц.Дэлгэрэхийн эрх, эрх чөлөөнд халдах үйлдэл хийсэн. Тухай үйлдлийг хийхдээ нягтлан бодогчийн өрөөний ширээн дээр байсан аягыг чулуудах байдлаар тухай аягыг ашигласан. Мөрдөн байцаалтын шатанд туршилт хийлгэх хүсэлтийг Ө.Т-  гаргаж байсан. Туршилт хийх асуудлыг хэн нэгнийг хаалганы ойролцоо зогсоож байгаад дахин аяга шидэх нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохоор асуудал учраас хүсэлтийг хангах боломжгүй шийдвэр гаргаж байсан.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар цэцэрлэгийн алба хаагчдаас мэдүүлэг авахад, Ө.Т-  цэцэрлэгийн хаалгаар гараад явахдаа “намайг хараагүй юм чинь” гэж хэлээд хаалга саваад гарч байсан гэдгийг хэлдэг. Тухайн үед Ц.Дэлгэрэх “Т-  намайг зодоод гар ийм болчихлоо” гэснийг хүмүүс харсан байдаг. Аяга нь шалан дээр байсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Эмч цэцэрлэгийн багшид үзлэг хийж байх үед Ц.Дэлгэрэх гаднаас орж ирсэн байдаг. Эмч “та нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Эдгээрээс үзэхэд тухай үед 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Ө.Т-  нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Сейфний урд зогсож байсан хүн рүү аягыг зогсож байгаад шидсэн бол өөр байдалтай онох байсан гэх асуудал ярьж байна. Тухайн үед чиглүүлж үйлдэх боломж байхгүй. Хоёр эмэгтэй хүний хооронд маргаан үүсч, ямар ч байдлаар аяга шидэгдсэн байх боломжтой. Үүнийг тогтоох боломжгүй гэдгийг удаа дараа тайлбарласан. Гэрэл зургийн асуудалд нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан, ямар ч тайлбар байхгүй. Мөрдөн байцаалтаар хураан авсан тогтоол байхгүй тул нотлох баримтад тооцоогүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхой, гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдал тодорхой байгаа.

Иймд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ө.Т- холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Уг хэрэг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн, хөнгөн гэмт хэрэг. Өнөөдрийн байдлаар уг хэргийн хөөн хэлэлцэх дууссан байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн өрөөнд тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Т-  нь нягтлан бодогч Ц.Дэлгэрэхтэй  маргалдаж, улмаар ширээн дээр нь байсан шаазан аягыг шидэж, Ц.Дэлгэрэхийн биед “...баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. ...” бүхий хөнгөн гэмтлийг учруулсан болох нь:

 

хохирогч Ц.Дэлгэрэхийн “...2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эрхлэгч Т-  бид хоёрын хооронд, эрхлэгчийн ажлын өрөөнд ...санал зөрөлдөн, маргаан гарсан. Тэгээд Т-  миний өрөөнд орж ирээд дээрх асуудлаар мөн хэрүүл хийгээд байхаар нь “өнөөдөр чамтай хэрүүл хиймээргүй байна, манай өрөөнөөс гар” гэж хэлтэл Т-  ширээн дээр байсан багц түлхүүр шидсэн боловч оноогүй газар унасан. Дараа нь компьютерийн маузны дэвсгэрийг шидсэн, тэр нь баруун мөр орчим оносон. Тэгээд Т-  хаалгаар гарах гэж байснаа буцаж эргээд ширээн дээр байсан миний цай ууж байсан шаазан аягыг над руу чулуудсан. Би баруун гарын тохойгоо зүүн гараараа бариад “хүүе чи миний гарыг гэмтээчихлээ” гэж хэлэхэд Т-  “намайг цохисон гэж хэн мэддэг юм бэ” гээд гараад явсан. ...Жижүүр Энхтуяа нь Ө.Т-  бид хоёрыг хэрүүл хийгээд явж байхыг харсан, “цагдаа дууд” гэсэн чинь “надад утас байхгүй” гэж хэлсэн. ...Т-  аяга шидээд миний гарыг гэмтээчихлээ гээд ажлынхаа хамт олон болох Отгонсүрэн, Даваажав, Түвшинжаргал, Ариунжаргал, эмч Дорждэрэм нарт хэлсэн, тэд мэдсэн. ...” /1 хх 12-15/,

гэрч Г.Энхтуяагийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр жижүүртэй байж байхад эрхлэгч Ө.Т-  нягтлан бодогч Дэлгэрэх хоёр Дэлгэрэхийн өрөөнд маргалдаж байгаад, эрхлэгч Т-  өрөөнөөс гарч иртэл араас нь Дэлгэрэх гарч ирээд “цагдаа дууд, гар хугалчихлаа” гэж хэлтэл, Ө.Т-  шууд гараад явчихсан. Надад утас байхгүй байсан болохоор “утас байхгүй” гэж тухайн үед Дэлгэрэхэд хэлж байсан. ...Дэлгэрэх өрөөнөөс гарч ирэхдээ баруун тохойгоо зүүн гараараа барьчихсан гарч ирсэн. ...” /1 хх 29-30/,

гэрч Х.Отгонсүрэнгийн “...коридорт хүмүүс чанга дуугараад хэрүүл хийж байхаар нь хоёр давхраас буугаад очсон чинь Дэлгэрэх чи миний гар руу аягаар цохичихлоо ш дээ гээд Т- тай маргалдаад зогсож байсан. Т-  Дэлгэрэхийг шоронгийн авгай, шорон царайлчихаад гэж үг хэлээр доромжилж байгаад гараад явчихсан. ...Хэсэг байж байгаад Дэлгэрэхийн өрөө рүү орж юу болсон талаар асуусан чинь Дэлгэрэх хэлэхдээ “Т-  над руу түлхүүр, компьютерийн маузны дэвсгэр, шаазан аяга шидчихлээ, аяга миний баруун гарын тохойн дээр цохичихлоо” гэхээр нь би цагдаад хэлээч, цагдаа дуудахгүй юу гэсэн. Эмчид үзүүлсэн юм уу гэсэн чинь үзүүлсэн, гэмтлийн эмнэлэг орж үзүүл гэсэн. Наад тохойг чинь үзье гээд Дэлгэрэхийн баруун гарын тохойг үзтэл улайчихсан, хөхөрчихсөн харагдсан. Наадах чинь хөхөрчихсөн байна, хэрэг болно, баримт болгоод зургийг нь дараад өгье гээд Дэлгэрэхийн гар утсаар тохойн хэсгийг харуулсан нэг зураг, дараа нь нүүр цээжин хэсгийг тал оруулж хоёр зураг дарж өгсөн. ...” /1 хх 19-20/,

гэрч Л.Ариунжаргалын “...2018 оны 3 дугаар сарын 7-ны өглөө ажил дээрээ байж байхад 1 давхарт 2 хүн маргалдаад байх шиг чанга дуу гараад байхаар нь өрөөнөөсөө гараад нэг давхарт очтол эрхлэгч Т-  гараад явж байсан. Нягтлан Дэлгэрэх араас нь “цагдаа дууд” гэж орилоод байсан. ...Дэлгэрэх утсаар “манай өрөөнд ороод ир” гэж дуудахаар нь ортол “Т-  намайг аягаар цохичихлоо, баруун гараа хөдөлгөж болохгүй байна” гэж шаазан бариултай аягыг заахаар нь би шалан дээрээс авч Дэлгэрэхийн өмнө ширээн дээр тавьсан. ...Дэлгэрэх гараа ширээн дээр тавьчихсан, баруун гарын тохойгоо зүүн гараараа барьчихсан байсан. Дэлгэрэх манай цэцэрлэгт ажилд орсноос хойш эрхлэгч Т- тай таарч тохирдоггүй. ...” /1 хх 21-22/,

гэрч С.Түвшинжаргалын “...Би 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ажил дээрээ хүүхдүүд унтаж байхад, 14 цагийн үед миний толгой өвдөөд байхаар нь эмч Дорждэрэмийн өрөөнд орж толгойгоо бариулаад сууж байтал, гаднаас нягтлан орж ирээд “миний тохойг хар даа, над руу Ө.Т-  аяга шидчихлээ, зодчихлоо” гэж тохойгоо Дорждэрэм эмчид үзүүлсэн. Дорждэрэм “та хүйтэн жин тавиад зургийг нь авахуул” гэж хэлсэн. ...” /1 хх 25-26/,

гэрч Т.Дорждэрэмийн “...Би өрөөндөө багш Түвшинжаргалын толгойг бариад сууж байсан чинь Дэлгэрэх орж ирээд “эрхлэгч Т-  миний баруун гарын тохой руу аягаар цохичихлоо” гэхээр нь “үзье” гэтэл Дэлгэрэх цамцныхаа баруун гарын ханцуйг дээш шууж үзүүлсэн. Бага зэргийн зайдуу газраас үзүүлсэн, гараараа барьж, нүдээр тулж үзээгүй. ...Миний нүдээр харахад тохой нь улайж хөхөрчихсөн юм харагдаагүй. Би гэмтэл явж үзүүл, зөөлөн эд гэмтсэн, эсхүл яс гэмтсэн эсэх нь зургаар гарна гэж хэлсэн. ...” /1 хх 27-28/,

гэрч Г.Даваажавын “...Би 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эрхлэгч Т- аас чөлөө авах гээд өрөөнд нь ортол байгаагүй. 1 давхарт очтол шатны хажууд нягтлан бодогч Дэлгэрэх, эрхлэгч Т-  2 маргалдаж, Дэлгэрэх нь “дарга миний гарыг аягаар цохичихлоо” гэж зүүн гараараа баруун гарынхаа тохойг барьчихсан зогсож байсан. Т-  болохоор “би чамайг цохиогүй ш дээ, ямар аймаар хүүхэн бэ” гэж байсан. ...” /1 хх 31-32/,

гэрч Э.Энхсаруулын “...Тохой нь хөх болчихсон харагдсан. ...” /1 хх 33-34/,

шинжээч эмч Ц.Бадралын “...Дэлгэрэхийн биед хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл. Толгой өвдөнө, баруун тохойгоор өвдөнө, аяга шидсэн гэж байсан. ...” /хх 35/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3407 дугаартай “...Хэсэг газрын үзлэг: Баруун тохойд 3,5х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, нугалах, тэнийлгэх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдмал, өвчин эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ...2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал. ...2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн баруун тохойн үений 2 байрлалын рентген зургаар: Ясанд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй. Үений зай жигд, үений гадаргуу тэгш. ...Дүгнэлт: “...Ц.Дэлгэрэхийн биед баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 42/ зэрэг хэрэгт бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

 

Хохирогч Ц.Дэлгэрэх рүү шаазан аяга шидэж, түүний биед “...баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан Ө.Т- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Ө.Т- ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Т-  нь “...Ц.Дэлгэрэхийн биед гэмтэл учруулаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Ө.Т-  давж заалдах гомдолдоо “...цэцэрлэгийн эмч Дорждэрэмд Ц.Дэлгэрэх “Т-  миний гарыг цохичихлоо” гэж хэлж үзүүлэхэд тухайн үед гарын тохойнд хөхрөлт няцралт байгаагүй...” гэсэн байх боловч гэрч Т.Дорждэрэм нь “...би үзье гэтэл Дэлгэрэх баруун гарынхаа цамцны ханцуйг дээш шууж үзүүлсэн, бага зэргийн зайдуу газраас үзүүлсэн. Би яг гараараа барьж, нүдээр тулж үзээгүй. Би тухайн үед хүний толгой барьж байсан болохоор гараараа барьж үзэлгүй та цохиулсан бол гэмтлийн эмнэлэг дээр очиж зургаа авахуул гэсэн. Миний нүдээр харахад тохой нь улайж хөхөрчихсөн юм харагдаагүй. Би гэмтэл явж үзүүл, зөөлөн эд гэмтсэн, эсхүл яс гэмтсэн эсэх нь зургаар гарна гэж хэлсэн. ...” /1 хх 27-28/ гэж ойртож барьж үзээгүй талаараа мэдүүлсэн байна.

 

Харин:

Хохирогч Ц.Дэлгэрэх нь баруун тохой өвдсөн гээд тохойгоо бариад явсан талаар цэцэрлэгийн жижүүр Г.Энхтуяа гэрчээр “...эрхлэгч Ө.Т-  , нягтлан бодогч Дэлгэрэх хоёр маргалдаж байгаад эрхлэгч Ө.Т-  өрөөнөөс нь гарч иртэл араас нь Дэлгэрэх гарч ирээд цагдаа дууд, гар хугалчихлаа гэж хэлсэн чинь Ө.Т-  шууд гараад явчихсан. ...Дэлгэрэх өрөөнөөс гарч ирэхэд гарын тохойг нь хараагүй, зүүн гараараа баруун тохойгоо барьчихсан байсан...” /хх 29-30/ гэж, гэрч Л.Ариунжаргал “...нэг давхарт өрөөнөөсөө гараад очтол эрхлэгч Ө.Т-  гарч явж байсан, нягтлан Дэлгэрэх араас нь цагдаа дууд гэж орилоод байсан. ...Дэлгэрэхийн өрөө рүү орсон чинь энэ аягаар намайг цохичихлоо, баруун гар хөдөлж болохгүй байна гээд газар байсан шаазан бариултай аяга заахаар нь би шалан дээрээс авч Дэлгэрэхийн өмнө ширээн дээр тавьсан. ...” /хх 21-22/ гэж, гэрч С.Түвшинжаргал “...эмч Дорждэрэмийн өрөөнд толгойгоо бариулаад сууж байтал гаднаас нягтлан орж ирээд миний тохойг хараадахаач, над руу эрхлэгч Т-  аяга шидчихлээ, зодлоо гээд тохойгоо Дорждэрэмд үзүүлсэн. Дорждэрэм та хүйтэн жин тавиад тохойныхоо зургийг авахуулахгүй юу даа, Баянхошууны эцэст байдаг эмнэлэг дээр гэж хэлсэн. Би Дэлгэрэхээс хэн шидсэн гэнээ гэж асуусан чинь эрхлэгч Ө.Т-  аяга шидчихлээ, тохой ийм болгочихлоо гээд тохойгоо бариад өрөөнөөс гарсан. ...” /хх 25-26/ гэж,

Ц.Дэлгэрэхийн тохой нь хөхөрсөн байдалтай байсан талаар гэрч Х.Отгонсүрэн “...Дэлгэрэхийн өрөө рүү орж, юу болсон талаар асуусан чинь Дэлгэрэх хэлэхдээ “Т-  над руу түлхүүр, компьютерийн маузны дэвсгэр, шаазан аяга шидчихлээ, аяга миний баруун гарын тохойн дээр цохичихлоо” гэхээр нь би цагдаад хэлээч, цагдаа дуудахгүй юу гэсэн. Эмчид үзүүлсэн юм уу гэсэн чинь үзүүлсэн, гэмтлийн эмнэлэг орж үзүүл гэж хэлсэн гэсэн. Наад тохойг чинь үзье гээд Дэлгэрэхийн баруун гарын тохойг үзтэл улайчихсан, хөхөрчихсөн харагдсан.  Наадах чинь хөхөрчихсөн байна, хэрэг болно, баримт болгоод зургийг нь дараад өгье гээд Дэлгэрэхийн гар утсаар тохойн хэсгийг харуулсан нэг зураг, дараа нь нүүр цээжин хэсгийг тал оруулж хоёр зураг дарж өгсөн. ...” /1 хх 19-20/ гэж, гэрч Э.Энхсаруулын “...Тохой нь хөх болчихсон харагдсан. ...” /1 хх 33-34/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Иймд 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай байсан Ө.Т-  нь нягтлан бодогч Ц.Дэлгэрэхийн ажлын өрөөнд Ц.Дэлгэрэхтэй маргалдаж, Ө.Т-  нь Ц.Дэлгэрэх рүү аяга шидэж, уг аяга нь Ц.Дэлгэрэхийн баруун тохой орчим оносноос Ц.Дэлгэрэхийн баруун тохойд гэмтэл учирсан үйл явдал болсон нь хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Ө.Т- ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж зааснаар Ө.Т- ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр дууссан байна.

 

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ө.Т- холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө.Т- ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсэгт “...Өсөхбаярын Т- ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ө.Т- ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Т- ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ