Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2013/0632/З |
Дугаар | 221/МА2015/0530 |
Огноо | 2015-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2015/0530
2015 оны 11 сарын 25 өдөр Дугаар 221/МА2015/0530
БХТНТЗ ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-О, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор БХТНТЗ ТББ-ын нэхэмжлэлтэй,ТӨХ-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатар илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...БХТН-ийн Техникийн спортын төвийн эмч, хөрөнгийг төрийн өмчид авахаар *******ноос 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоол гарсан ба уг тогтоол нь хууль зөрчсөн гэж үзээд энэхүү асуудлаа бид шүүхээр шийдвэрлүүлсэн юм. Гэтэл 2013 оны 07 сарын 05-ны өдөр БХТН-ийн Техникийн спортын төвийн өмчлөлтэй холбоотой асуудлаар ТӨХ-ны хурлаар дахин хэлэлцэж шийдвэрлэн ТӨХ-ны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 435 тоот тогтоолыг гаргасан байна. Энэхүү тогтоол нь 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар тогтоолыг хуулбарласан, Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэж байна. БХТН-ийн өмчлөлийн талаарх үнэн бодит хангалттай нотлох баримтууд байгаа тул дээрх 435 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...БХТН-ийн харьяа гэсэн тодотголтой Техникийн спортын төвийн санхүү эдийн засаг, хөрөнгийн бүртгэл, тооллого тооцоо, төсвийн санхүүжилтийн зарцуулалтын үйл ажиллагаанд *******, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 311/187 тоот хамтарсан тушаалаар батлагдсан ажлын хэсэг батлагдсан удирдамж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгалт хийсэн. Тус нийгэмлэг нь Техникийн спортын төв-ийн барилгыг ямар ч үндэслэлгүйгээр өөрийн хөрөнгөд давхардуулан бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн татварын тооцоог будлиантуулж ирсэн байна. Техникийн спортын төв нь 2000-2011 онд 1,4 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилт авсан байна. Шүүх ТӨХ-ны 2012 оны 07 сарын 05-ны өдрийн 232-р тогтоолын үндэслэлийг хууль зөрчсөн захиргааны акт гэж үзсэн бөгөөд өмчлөлийн асуудлаар шүүхийн шийдвэр гаргаагүй байна. Иймд ТӨХ-ны 2013 оны 07 сарын 05-ны өдрийн Төрийн өмчид бүртгэх тухай 435-р тогтоолоор Техник спортын төв-ийн хөрөнгийг Соёл спорт аялал жуулчлалын яамны хөрөнгөд бүртгэн авч, эд хөрөнгийг хүлээн авах комисс томилж яамны нэгдсэн тайлан бүртгэлд хамруулах зэрэг ажлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн ТӨХ-ны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн өмчид эд хөрөнгө бүртгэх тухай 435-р тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн БХТНТЗ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд хариу тайлбартаа: Техник спортын төв нь Сангийн яамны Төв төрийн санд 900020030 тоот харилцах данстай, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, үйл ажиллагааны тайлангаа манай яаманд нэгтгүүлдэг улсын төсөвт байгууллага болно. Монгол улсын ТӨХ-ны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 435-р тогтоолыг үндэслэн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгийг төрийн өмчид бүртгэн хүлээн авах ажлын хэсэг ажиллан Техник спортын төвийн өмч хөрөнгийг хүлээн аваад байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БХТНТЗ ТББ-ын нэхэмжлэлийг хангаж, ТӨХ-ны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 435 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс тус шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлээгүй болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д "Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.
Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол..." гэж заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд эрх, хууль ёсны ашиг сонирхол бий болсон байх тэр нь хөндөгдөх урьдч нөхцөлийг хангахыг шаардаж байна.
Тус хэргийн хүрээнд нэхэмжлэгч "БХТНТЗ "-д ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол бий болсон байсан түүнийг маргаан бүхий захиргааны акт хэрхэн хөндсөн болоход анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
Шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн байна гэх хийсвэр дүгнэлтийг хийжээ. Тус маргаан бүхий эд хөрөнгөнүүд нэхэмжлэгчийн эд хөрөнгө гэдгийг нотлох баримт, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "БХТНТЗ " ТББ нь маргаан бүхий актад дурдагдаж буй эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Нэгэнт хууль ёсны өмчлөгч болох талаар баримт байхгүй тул "Эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрх" бий болохгүй нь тодорхой асуудал юм.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн "эрх, хууль ёсны ашиг сонирхол" хөндөгдөөгүй байхад маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчжээ.
2. Үйлчлэлгүй болсон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тодорхой асуудлыг зохицуулж, шийдвэрлэж буй захиргааны акт нь өөрийн үйлчлэх цаг хугацаа, орон зайн хамааралтай байдаг нь зүй ёсны асуудал. Тухайн харилцааг зохицуулсан шинэ захиргааны акт гарснаар өмнөх захиргааны актын үйлчлэл дуусгавар болж шинэ захиргааны актаар харилцаа, асуудлыг шийдвэрлэж үйлчлэж эхэлдэг нь төрийн захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим болно. Маргааны хүрээнд хөндөгдөж буй харилцаа болох "Техник спортын төвийн 1.224.266.650,16 төгрөгийн эд хөрөнгийн" асуудлыг 2013 онд маргаан бүхий захиргааны акт болох ТӨХ-ны 435 тоот тогтоолоор "Соёл спорт аялал жуулчлалын яамны хөрөнгөнд бүртгэж авах"-аар шийдвэрлэж байсан бол Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ны өдрийн 55 тоот тогтоолд үндэслэн ТӨХ-ны 2015 оны 7 сарын 08-ны өдрийн 506 тоот тогтоол гарч тус эд хөрөнгийг "Техник спортын төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын эд хөрөнгөнд бүртгэж хүлээн авахаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "маргаан бүхий захиргааны акт" байхгүй болж түүгээр зохицуулсан харилцааг зохицуулсан шинэ захиргааны акт гарсан болохыг хариуцагчийн зүгээс мэдэгдэж шүүхэд гаргаж өгсөн болно.
Иймд шинэ захиргааны акт болох Засгийн газрын 2015 оны 55 тоот тогтоол, ТӨХ-ны 506 тоот тогтоолууд гарч хүчин төгөлдөр үйлчлэж эхэлснээрээ нэхэмжлэгч байгууллагад өөрийн үр нөлөөгөө үзүүлж эхлэх бөгөөд түүнийг өөрийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзвэл нэхэмжлэгчийн зүгээс тус захиргааны актуудтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломж бололцоо байсан. Нэхэмжлэгчийн зүгээс шинээр гарсан захиргааны актуудтай холбогдох маргаагүй учраас тэдгээрийн маргаан бүхий захиргааны актын хэмжээнд үнэлж дүгнэх бололцоо шүүхэд байхгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 "хүчин төгөлдөр үйлчлэж байгаа эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болохоос үл хамааран" гэж зааснаар зөвхөн хүчин төгөлдөр үйлчлэж буй болон ирээдүйд хүчин төгөлдөр үйлчлэх захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх боломж бололцоотой болох нь тодорхой байна. Нэгэнт шүүхээр маргааныг шийдвэрлэх үед маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр үйлчлэлгүй болсон тул түүнийг хүчингүй болгох боломж бололцоо, эрх шүүхэд байхгүй болно.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 09 сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 529 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
БХТНТЗ-өөс ТӨХ-ны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн өмчид эд хөрөнгө хүлээн авч бүртгэх тухай 435 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Дээрх захиргааны актаар БХТН-ийн харьяа Техникийн спортын төвийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн байдлаарх 1.224.266 төгрөгийн үнэ бүхий хавсралтанд заасан хөрөнгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөрөнгөд бүртгэж авахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч талаас дээрх тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль зөрчсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн гэж, хариуцагч талаас Монгол улсын Засгийн газраас 55 дугаартай тогтоол гарсанаар энэхүү захиргааны акт үйлчлэлгүй болсон гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа ТӨХ-ны 435 дугаар тогтоол нь захиргааны актад тавигддаг 1. Захиргааны байгууллагаас гаргасан, 2. Нийтийн эрх зүйн хүрээнд гарсан, 3. Тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэсэн, 4. Эрх зүйн үр дагавар бүхий, 5. Заавал биелэгдэх шинжийг агуулсан байжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлаар /Техникийн спортын төвийн хөрөнгийн талаар/ 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолыг Монгол улсын Засгийн газраас гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор тухайн асуудлыг шийдвэрлэж Эрүүл мэнд, спортын яамны харьяа Техник спортын төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Монгол улсын Засгийн газрын тогтоол нь ТӨХ-ны тогтоолоос эрх зүйн хүчин чадлын хувьд дээгүүр бөгөөд Засгийн газрын тогтоолоос давж ТӨХ-ны тогтоол үйлчлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Техникийн спортын төвийг төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, үүний дагуу ТӨХ-ны 2015 оны 506 дугаар тогтоол гарсан байх ба уг тогтоолоор Техник спортын төв-ийн хөрөнгийн асуудлыг шинээр шийдвэрлэсэн байна.
Ингэснээр өмнө гарсан ТӨХ-ны 2013 оны 435 дугаар тогтоолын дагуу тухайн хөрөнгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хөрөнгөд бүртгэж авах боломжгүй болсон бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ТӨХ-ны 2013 оны 435 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй, тодруулбал захиргааны актад тавигдах гол шалгуур эрх зүйн үр дагавар бүхий байх, заавал биелэгдэх шинжгүй болсон байна.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... хянан шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй, өөрчлөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.
Энэ хэргийн тохиолдолд ТӨХ-ны 2013 оны 435 дугаар тогтоол бус харин Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн гарсан ТӨХ-ны 2015 оны 506 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж болзошгүй байна.
Харин нь нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55, ТӨХ-ны 506 дугаар тогтоолд холбогдуулан хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч БХТНТЗ ТББ-ын ТӨХ-ны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 435 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР