Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 72

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Далт гэх газарт оршин суух, Баргууд овогт Цэдэнбалжирын Баттулга /МЬ-62030816/-гийн нэхэмжлэлтэй:

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг 25 айлын 02 тоотод оршин суух, Хэмчигийнхэн овогт Батдэлгэрийн Ганхуяг /ВМ-78091813 ХХХХ/-нд холбогдох

 

“2.610.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ... Б.Ганхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр надаас 2.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлэн энэ хугацаанд хүүнд 900.000 төгрөг нэмж төлөхөөр хэлцэл хийсэн. Улмаар дээрх мөнгийг 14 хоногийн хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцон өгөхөөр тохиролцсон. Өнгөрсөн 1 жил 6 сарын хугацаанд дансанд болон бэлнээр 1.090.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Би түүнээс 2.000.000 төгрөг хүүгийн хамт 2.900.000 төгрөг, алданги үндсэн зээл /үндсэн үүргийн/-ийн 50 хувиар бодоод 1.000.000 төгрөг нийт 3.900.000 төгрөгнөөс өөрийн эргүүлэн авсан 1.090.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.810.000 төгрөг анх нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэл гаргах үед техникийн /тоон/ алдаа гарч 2.810.000 төгрөг нэхэмжилж байгаагаа 1.810.000 төгрөг гэж ташаа бичиж тэмдэглэсэн байна.

Иймд энэ нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж байна. Үүнээс нэхэмжлэл гаргасны дараа дансаар шилжүүлсэн тодруулбал 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 200.000 төгрөгийг хасч одоо 2.610.000 төгрөгийг нэхэмжилж байна.

 Б.Ганхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр надаас 14 хоногт 900.000 төгрөгний хүү төлөхөөр харилцан тохиролцож түүний хүсэлт гаргаснаар 2.000.000 төгрөгийг зээлж авсантай холбоотой бөгөөд хугацаа өнгөрсөн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр Б.Ганхуяг нь өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан бичгээр хийсэн гэрээтэй.

Иймд түүнээс бэлэн болон бэлэн бусаар авсан нийт 1.290.000 /нэг сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг хасч үлдэх 2.610.000 төгрөг нэхэмжилж байна! гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Б.Ганхуягийн шүүхэд гаргасан тайлбараас:

 ... Миний бие иргэн Ц.Баттулгаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөгийг зээлж хүүнд нь 900.000 төгрөг өгөхөөр тохиролцсон.

Уг зээлсэн мөнгөнөөс дансаар: 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 150.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг өгсөн.

Зээлсэн мөнгөнөөс бэлнээр 2016 оны 10 дугаар сард 250.000 төгрөг бэлнээр гэртээ байхад өгсөн. 2016 оны 11 дүгээр сард 440.000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 дугаар багийн иргэн Баярдалайгийн хашаанд Шунхлай клонкийн түгээгч Адъяахүүгийн хамт аваачиж өгсөн. 2016 оны 12 дугаар сард 160.000 төгрөгийг эхнэр Г.Сугар бэлнээр өгсөн, 2016 оны 11 дүгээр сард Шунхлай шатахуун түгээх станцаас 83.000 төгрөгөөр дизель түлш авахуулсан. 2016 оны 10 дугаар сард мөн бэлэн мөнгө 40.000 төгрөгөөр нэг удаа, 20.000 төгрөгөөр нэг удаа тус тус өгсөн. 2016 оны 09 дүгээр сард хөдөө аж ахуйн техникийн сэлбэг Улаанбаатар хотоос 30.000 төгрөгөөр авахуулсан. Нийт 1.250.000 төгрөгийг дансаар, 1.023.000 төгрөг нийт 2.273.000 төгрөг өгсөн.

Гэтэл Ц.Баттулга нь 1.090.000 төгрөг авсан гэж бичсэн байна. Миний бие анх тохирч зээлж авсан мөнгөө харилцан тохиролцсон хүүгийн хамт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Үүргийн гүйцэтгэлийн алданги 50 хувиар тооцож 1 сая төгрөг нэхэмжилсэн байна. Би анх тохиролцсон 2.900.000 төгрөгнөөс өгсөн бэлэн болон дансаар өгсөн 2.273.000 төгрөгийг хасч 627.000 төгрөг өгөхөд ямар нэг татгалзах зүйл маргаангүй! гэжээ.

 

                Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь Б.Ганхуягт холбогдуулан 2.610.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Баттулга нь  хариуцагч Б.Ганхуягт 2016 оны 6 сарын 06-ны өдөр, 14 хоногийн хугацаатай, сарын 900.000 төгрөг нэмж авахаар 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгө авсан хэлцэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлэн энэ хугацаанд хүүнд 900.000 төгрөг нэмж төлөхөөр хэлцэл хийсэн. Улмаар дээрх мөнгийг 14 хоногийн хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцон өгөхөөр тохиролцсоны дагуу 2.000.000 төгрөгөө хүүгийн хамт 2.900.000 төгрөг, алданги үндсэн зээл 2.000.000 төгрөг /үндсэн үүргийн/-ийн 50 хувиар бодоод 1.000.000 төгрөг нийт 3.900.000 төгрөгнөөс 1.090.000 төгрөгийг бэлнээр, шүүхийн шатанд 200.000 төгрөг өгснийг хасаад 2.610.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь түүний шүүх хуралдаанд өгсөн “... Б.Ганхуяг надад 1.250.000 төгрөгийг дансаар бэлнээр 877.000 төгрөг өгсөн” гэх тайлбараар үгүйсгэгдэж байх ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг тайлбар зэрэг нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлож чадаагүй.

Мөн зохигчид зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хугацаа хэтэрвэл хоногийн 15.000 төгрөг байхаар хэдийгээр тохиролцсон гэх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэгч хүү авах эрхээ алдах тул 2.610.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 886.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1.440.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.470 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.826 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд зохигчдын тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.460 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.826 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ганхуягаас 886.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баттулгад олгож, үлдэх 1.440.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.470 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.826 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ