Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/380

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......................... овогт Нд холбогдох 2021005500397 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...........................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...................... овогт Н /РД: ......................./.

 

Шүүгдэгч Н нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Талын шилтгээн” хотхоны хойд талд байсан иргэн Ш.Ш-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн 06-49 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун, зүүн хаалга, зүүн хойд арк, урд капод зэргийг өшиглөж гэмтээн бусдад 440,800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед нохойг маань буудаад яг явж байхтай таарсан. Тэгээд шууд зугтахаар нь араас нь хөөгөөд очиход машинаасаа гарахгүй байхаар нь уурандаа юмыг нь эвдсэн. Энэ бол миний буруу” гэв. 

Хохирогч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт нохой устгалын хүмүүс миний машиныг аваад нохой устгаж байсан. Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээрээс 33-08 ДОР улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай хүн манай Портерийг хөөгөөд Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр рүү явсан. Талын шилтгээн хотхоны хойд талд зогсоход нь бид араас нь очиход миний эзэмшлийн 06-49 УАЕ улсын дугаартай автомашиныг тэр 33-08 ДОР улсын дугаартай автомашинаас бууж ирсэн залуу хэдэн талаас нь өшиглөөд нохой буудчихлаа гээд уурлаад байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 16-17/

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...11 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр хороолол дундуур явж байсан чинь цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин араас хөөгөөд байхаар нь би машинаа зогсоогоод машинаасаа буулгүй цонх хаалгаа дотроос нь түгжсэн чинь нөгөө машинаас өндөр бор ах бууж ирээд манай машины хоёр талын хаалга, урд хамарыг хөлөөрөө өшиглөөд салхины шил болон хаалганы шилийг гараараа цохиод бид нарыг буугаад ир ална гээд газраас чулуу хайгаад байсан. Тэгээд захирал Ш араас ирээд цагдаа дуудна гэсэн нөгөө хүн машиндаа суугаад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...машинаас өндөр бор ах бууж ирээд манай машины хоёр талын хаалга, урд хамарыг хөлөөрөө өшиглөөд салхины шил болон хаалганы шилийг гараараа цохиод бид нарыг буугаад ир ална гээд газраас чулуу хайгаад байхаар нь жолооч бид 2 машиндаа суугаад байсан. Тэгээд захирал Ш нөгөө залууд хандан машин өшиглөлөө гэсэн чинь нөгөө залуу нохой аллаа муусайн нохойн алуурчид гэх зэргээр маргаж байгаад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 23-24/

Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай хашаанд байх дэлгүүрийн хүн танай нохойг буудаад аваад явчихлаа гэхээр нь гэртээ ирсэн таксигаараа нохой буудсан машины араас хөөсөн. Тэгээд тэр машин Талын шилтгээн хотхоны хойд талд зогсохоор нь машин дотор байсан хүмүүсийг буугаад ир гэхэд буухгүй машинаа дотроос нь түгжээд гарч ирэхгүй байхаар нь уур хүрээд машиных нь хоёр талын хаалга, кабины урд хэсгийг нь өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 33-34/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 27-28/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 38/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

ХААН банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 41/

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын захирамж, хавсралт /хх-ийн 43-44/  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Нд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ................. овогт Н нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Талын шилтгээн” хотхоны хойд талд хохирогч Ш.Ш-ийн эзэмшлийн Hyundai Porter маркийн 06-49 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун, зүүн хаалга, зүүн хойд арк, капод зэргийг өшиглөж гэмтээсний улмаас бусдад 440,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...машин дотор байсан хүмүүсийг буугаад ир гэхэд буухгүй машинаа дотроос нь түгжээд гарч ирэхгүй байхаар нь уур хүрээд машиных нь хоёр талын хаалга, кабины урд хэсгийг нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ш.Ш-ийн “....миний эзэмшлийн 06-49 УАЕ улсын дугаартай автомашиныг тэр 33-08 ДОР улсын дугаартай автомашинаас бууж ирсэн залуу хэдэн талаас нь өшиглөөд нохой буудчихлаа гээд уурлаад байсан...” гэх, гэрч О.Т-ийн “...нөгөө машинаас өндөр бор ах бууж ирээд манай машины хоёр талын хаалга, урд хамарыг хөлөөрөө өшиглөөд салхины шил болон хаалганы шилийг гараараа цохиод байсан...” гэх, гэрч Д.Б-ийн “...манай машины хоёр талын хаалга, урд хамарыг хөлөөрөө өшиглөөд салхины шил болон хаалганы шилийг гараараа цохиод бид нарыг буугаад ир ална гээд газраас чулуу хайгаад байхаар нь жолооч бид 2 машиндаа суугаад байсан...” гэх мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, Нгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Н нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Нд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 440,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Нгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан 440,800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ш-т 440,800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 27-28/, ХААН банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 41/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Ш-т 440,800 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................... овогт Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 440,800 /дөрвөн зуун дөчин мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Ш-т 440,800 /дөрвөн зуун дөчин мянга найман зуу/ төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ......................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА